Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 52

 

М.Т-д холбогдох эрүүгийн
        хэргийн тухай


           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд


                        Прокурор                                                          С.Б

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.П

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 932 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.Тд холбогдох 1912005400136 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 08-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Т

Шүүгдэгч М.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хот хоорондын засмал зам дээр 40-06 АРА улсын дугаартай Тоёото харьер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж, Г.Дгийн жолоодож явсан 21-05 УБР улсын дугаартай Тоёото приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар зорчигч Д.Ю, Э.Л, Д.Э нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 932 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар М.Тд холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 40-06 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.З болох нь тогтоогджээ. Гэтэл түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг аваагүй байна. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 40-06 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг 3.945.000 /гурван сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөг гэж тодорхойлсон байх тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай юм. Мөн Д.Згийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй байна.
Г.Дгийн жолоодож явсан гэх 21-05 УБЛ улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэл нь “Энхүүд” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байгаа болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна. Иймд дээрх байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож санал хүсэлт байгаа эсэх, мөн Г.Д нь машины төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаа эсэх талаар мэдүүлэг авах шаардлагатай байна. /хх-ийн 93 ху/
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Д.Ю, Э.Л, Д.Э, П.А нар нь эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэгч Г.Дгийн зүгээс 1.998.503 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирол нөхөн төлөгдөөгүй, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “хохирол хор уршгийн талаарх мэдээллийг тусгана” гэж тус тус хуульчилсан байгааг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Г.Дгийн эд хөрөнгөд 9.863.600 төгрөгийн хохирол учирсан, мөн хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргийг дурдаагүй байна.

4. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байх тул дахин гаргуулах шаардлагатай байна. Учир нь замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, шинжээч, цагдаагийн хошууч Д.Э-оос гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг аваагүй бөгөөд түүний гаргасан дүгнэлт нь тодорхойгүй, зам тээврийн осол хэний буруутай үйлдлийн улмаас үүссэн гэдгийг тодорхой заагаагүй байна.

Иймд шүүгдэгч М.Тд холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагааны зөрчлүүдийг засуулах, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж дээрх зөрчлийг арилгах, дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв гээд

              Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч М.Т-д холбогдох эрүүгийн 1912005400136 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор, шүүгдэгч түүний өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/932 дугаартай захирамжийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч М.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 23 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хот хоорондын засмал зам дээр 40-06 АРА улсын дугаартай Тоёото харьер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж, Г.Дгийн жолоодож явсан 21-05 УБР улсын дугаартай Тоёото приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар зорчигч Д.Ю, Э.Л, Д.Э нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас М.Тд холбогдох эрүүгийн 1912005400136 дугаартай хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 147 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Тд холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 40-06 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.З болох нь тогтоогджээ. Гэтэл түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг аваагүй байна. ... Мөн Д.Згийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй байна.

2. Г.Дгийн жолоодож явсан гэх 21-05 УБЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь “Энхүүд” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байгаа болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна. Иймд дээрх байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, санал хүсэлт байгаа эсэх, мөн Г.Д нь машины төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан эсэх талаар мэдүүлэг авах шаардлагатай.

3. Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад иргэний нэхэмжлэгч Г.Дгийн эд хөрөнгөд учирсан 9.863.600 төгрөгийн хохирол, мөн хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргийг дурдаагүй байна.

4. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай. Учир нь замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Э-оос гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг аваагүй бөгөөд түүний гаргасан дүгнэлт нь тодорхойгүй, зам тээврийн осол хэний буруутай үйлдлийн улмаас үүссэн гэдгийг тодорхой заагаагүй байна гэж үндэслэлүүдийг дурдаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг  иргэний нэхэмжлэгч” гэж заасан. Гэрч Д.З нь мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “...Миний нэр дээр байдаг автомашин байгаа юм. Надад автомашинтай холбоотой гомдол, санал байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснээс үзэхэд түүнийг эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн гэж үзэхээргүй буюу түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлгүй байна.

2. 21-05 УБЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд “Энхүүд” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшигчээр бүртгэгдсэн байх боловч уг автомашиныг Г.Д нь ““Энхүүд” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч худалдан авсан бөгөөд уг автомашин нь уг зээлийн барьцаа хөрөнгө буюу Г.Дгийн эд хөрөнгө гэж үзэх боломжтой юм. Г.Д нь машины төлбөрийг цаг тухайд нь төлж байсан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хэрэв зээлийн төлбөрийг төлөөгүй байсан ч энэ нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудал байна.

3. Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Ю, Э.Л, П.А, Д.Э нарын нэхэмжилсэн хохирол нөхөн төлөгдсөн эсэх талаар заасан бөгөөд тухайн төрлийн гэмт хэргийн шинжид хамаарахгүй Г.Дд учирсан эд хөрөнгийн хохирол, бусдын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн хохирол зэргийг яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл Г.Дгийн эд хөрөнгөд их хэмжээний хохирол учраагүй, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул энэ талаар заавал яллах дүгнэлтийн хавсралтад бичих шаардлагагүй юм.

4. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай дүгнэлт нь эргэлзээ төрөхөөргүй байх бөгөөд уг дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь шинжээчийн яллагдагч М.Т нь “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл яллагдагч М.Т нь урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан болохыг шинжээч дүгнэлтдээ тодорхой дурдаж, энэ нь бусад нотлох баримтуудаар батлагджээ.

Мөн шүүгч замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Э-оос гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг аваагүй нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болж байгаа талаар захирамждаа заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан заавал мэдүүлэг авах талаар заагаагүй байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/932 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэн буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь илт үндэслэлгүй гарсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 932 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний тайлбарласан зүйлүүд гарцаагүй хэрэг цагдаагийн байгууллагад очсоны дараа хийгдэх ажиллагаанууд тул хувь хүний эрх ашигтай холбоотой, мөн хэргийн бодит байдлыг тогтоохтой холбоотой асуудал учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 932 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ...гэж хуульчилжээ.          

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинж судлахад Д.З нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ...надад гомдол санал байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй...гэсэн нь тэрээр эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага гаргаагүй гэж үзэхээр байх тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын шатанд тогтоох үндэслэлгүй юм.

             Харин анхан шатны шүүхийн шатанд Д.З шаардлага гаргавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт...Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно...гэж шүүхэд хуулиар эрх хэмжээ олгогдсон байх тул шүүх хуульд заасан эрх хэмжээний дагуу шийдвэрлэх боломжтой.

              Хэдийгээр 21-05 УБЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл “Энхүүд” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшигчээр бүртгэгдсэн байх боловч уг автомашины өмчлөгч, эзэмшигч нь Г.Д юм. Г.Д нь машины төлбөрийг цаг тухайд нь төлж байсан эсэхийг шалгах,  Прокурорын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай яллах дүгнэлтэд хөнгөн гэмтэл учирсан этгээд болон хохирлын талаар тусгаагүй зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт...  Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...гэж хуулиар шүүхэд эрх олгогдсон байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн уг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

  Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 932 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хэрэг шүүхэд очтол шүүгдэгч М.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. AnchorАрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 932 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд очтол шүүгдэгч М.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

                ШҮҮГЧИД                                      Д.Б

                                                                       В.Ц