Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2022/01254

 

 

 

 

 

 

 

     2022          04         20                                    184/ШШ2022/01254

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт болон алдангид 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Б-тай 2013 оны 4 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэтэл А.Б нь зээлийн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул миний бие зээлээ буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө хүлээж бай, гэх зэрэг шалтаг хэлж сүүлдээ алга болсон. Миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.Б нь хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05118 шийдвэрээр А.Бг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоосон.

Би 2010 онд Солонгос улсаас нөхөртэйгээ хамт тодорхой хэмжээний  мөнгөтэй ирээд 2 дэлгүүр ажиллуулж  байсан. Хариуцагч  манай  дэлгүүрийн  үүдэнд  цайны газар түрээсэлж ажиллуулдаг байсан. Тэр үед мөнгө зээлээч гэхэд нь би  боломжтой байсан болохоор өгдөг байсан. Энэ хүн ч өдөр болгон гоё хоол оруулж  өгдөг байсан. А.Бгийн нөхөр гадагшаа сар гаруй явж ирсэн, Өвөр монголд   хоолны газар ажиллуулбал ашигтай байна, та 2 мөнгийг нь гаргачих, эгч очиж  тохижуулж ажиллана ашгаа хуваана гэж ярьсан. Би Бд хар цүнхэндээ   дүүрэн мөнгө хийгээд өгч байсан. Надаас мөнгө авсныхаа дараа миний хашаа  байшингийн  гэрчилгээ ББСБ-д байгаа чи 1,400,000 төгрөг төлчих гээд төлүүлээд  гэрчилгээгээ авч байсан. Чингэлтэй дүүрэг дэх нотариат дээр очиж байсан. Мөнгөө  өгөхгүй болохоор нөхөж гэрээ байгуулсан. Нөхөр нь заналхийлээд харьцах  боломжгүй хэцүү байсан.         

Иймд Ж.А миний бие зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 6 дэх хэсэгт заасны дагуу 0.5 хувийн алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Уншиж танилцлаа хүлээн  зөвшөөрөхгүй, би тухайн үед Солонгос улсад ажил хийгээд мөнгөтэй байсан. Мөнгөөрөө хэд хэдэн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан. Үйлчилгээ  эрхлэх гэрээ, аж ахуй нэгж байгууллагын тооллогод хамрагдсан баримт зэрэг бичгийн  баримтаар нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А.Б нь 2011 онд Анхтуяатай ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хоолны газар ажиллуулж ашиг орлогоо хуваалцахаар харилцан ярилцаж хамтран ажиллахаар мөн Ж.А нь давхар орифлеймийн бараа зарна гэж тохирч явсан. ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт очоод өвөр монгол Батчулуун гэх   танил хүнтэй уулзаж, ... 3 өрөө байр, хоёр давхар хоолны газрыг жилээр нь түрээсэлж хагас жилээр нь мөнгийг Ж. Анхтуяа  надад  хэлэхгүйгээр өгсөн байсан.

Би хоол хийх тогоо шанагаа Өвөр монголчуудаас зээлээр авч олсон мөнгөөрөө дараагийн түрээсийн төлбөрөө төлөөд 5 жилийн хугацаанд амьдраад  ажиллаж байтал нөхөр маань бие нь муудсан тул ажлаа орхиж Монгол руугаа буцаж ирсэн. Ж.А  Шилийн гол аймагт очоод  миний гар дээр мөнгө  өгөөгүй. Харин   8,000,000  төгрөгийг гаргаж тоног төхөөрөмжид зарлагдсан талаар мэдэж байгаа  тул ийм хэмжээний мөнгө өгнө гэж бодож байгаа юм. Тухайн үед хадмынхаа хашаа  байшинг барьцаанд тавиад 4,0 сая төгрөгийн зээл авсан байсан. Тэр зээлээ зарах гээд ганцаараа хөдөлмөрлөсөн юм.

Ж.А Монгол руу яваад мөнгө явуулна гэсэн боловч өгөөгүй.  Ж.Агийн дутуу өгөөд явсан өрийг гүйцээж төлж дуусгасан. Монголд ирээд 2 жилийн дараа Ж.А над руу залгаж ...  Зээл авах  боломж  байна.  “Хорин сая төгрөгийн өглөгтэй гэж харагдахын тулд хоёулаа зээлийн гэрээ байгуулж  нотариатаар батлуулчихья” зээл авах боломж байна. Зээл бүтэхээр та 12.000.000 төгрөгийг нь ав би 8.000.000 төгрөгийг нь авъя гэхээр нь зөвшөөрч 2013.04.16-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хийснээс хойш Ж.А алга болсон. Энэ зээлийн гэрээнд заасан 20.000.000 төгрөгийг би огт аваагүй. Олон жилийн дараа энэ зээлийн гэрээг ашиглаж  нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна.  Харин ч би хүний нутагт Ж.Агийн тавьсан өрийг төлсөн. 2013 оны 4 сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 1-д 2011 оны 8 сарын 14-нөөс 2013 оны 5 сарын 14-нийг хүртэл 9 сар хүртэл хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиров гэжээ. Ж.А энэ их мөнгийг барьцаа, хүүгүйгээр надад зээлдүүлэх ямар ч үндэслэлгүй бөгөөд бид тийм бие биеэ мэдэх дотно хүмүүс биш. 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие А.Б нь Ж.Атай байгуулсан 2013 оны 4 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээл аваагүй. Ж.А нь намайг хууран мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээнд зааснаар Ж.А нь 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж хүлээлгэн өгөөгүй. ...Зээлийн гэрээний 2-д Ж.А нь 20,000,000 төгрөгийг А.Бд 2011 оны 8 сарын 14-ний өдрийн дотор шилжүүлэх үүрэгтэй гэжээ. Ж.А нь 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж өгөөгүй. Гэрээний 12-д “2011.08.14 өгсөн” гэсэн бичвэр байгаа боловч юу өгсөн нь тодорхой бус бичвэр байна. Иймд энэхүү А.Б, Ж.А нарын байгуулсан 2013 оны 4 сарын 16-ны өдрийн “зээлийн гэрээ” нь Ж.А нь бусдаас зээл авахын тулд баталгаа болгон харагдуулахаар хийсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь Ж.Ад холбогдуулан 2013 оны 4 сарын 16-ны өдрийн 613 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ: “...Ж.А нь бусдаас авлагатай харагдаж зээл авах зорилгоор надтай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар Ж.А нь 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж хүлээлгэн өгөөгүй, би хүлээж аваагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, харин нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийг гаргаж хоолны гэр тохижуулахад тоног төхөөрөмжид зарлагдсан талаар мэдэж байгаа тул ийм хэмжээний мөнгө өгнө гэж  бодож байсан гэж тайлбарлаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар,    хэргийн үйл баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Зохигчид анх харилцан ярилцаж Өвөр Монголын Шилийн богд явах, тэнд очиж хоолны газар хамтарч ажиллуулахаар тохиролцож 2011 оны 8 сарын 16-нд  хамт явсан, нэхэмжлэгчээс 20,0 сая төгрөг гаргаж хоолны газрыг тохижуулан  хариуцагч А.Б хариуцан ажилласан, нэхэмжлэгч нь буцаж ирсэн зэрэг үйл явдал болсон болох нь тэдний өөрсдийн тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа 2011 онд үүссэн байна.  

Улмаар нэхэмжлэгч Ж.А хариуцагч А.Б нар нь 2013 оны 4 сарын 16-нд 613 дугаар зээлийн гэрээг байгуулсан ба тус гэрээнд зээлдүүлэгч Анхтуяа нь зээлдэгч Байгалмаад 20,000,000 төгрөгийг 2011 оны 8 сарын 14-нөөс 2013 оны 5 сарын 14-нийг хүртэл 1 жил 9 сарын хугацаагаар хүүгүй зээлдүүлэх  нөхцөлтэй гэрээг нөхөж байгуулсан байна.

Зээлийн гэрээний 3-т ... Ж.А нь 20,000,000 төгрөгийг ... А.Бд 2011 оны 8 сарын 14-ний дотор шилжүүлэх үүрэгтэй,

Зээлийн гэрээний 6-д зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд тусгасан  байна.

Гэрээнд тохирсны дагуу нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Бд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх, хариуцагч  нь хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тухай нэхэмжлэгч Ж.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38,1-д  “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нотолж чадаагүй байна.

 Хариуцагчаас: шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “нэхэмжлэгч хоолны гэр тохижуулахад 8,000,000 төгрөгийг гаргаж тоног төхөөрөмжид зарлагдаж байсан   талаар би мэдэж байгаа тул зөвшөөрөх боломжтой” гэж тайлбарласан байна.

      Иймд талуудын хооронд 2011 онд болсон зээлийн гэрээний харилцаа үүссэн    үйл явдлаа 2013 онд бичгийн гэрээний хэлбэрт оруулсан ба өмнөх гэрээний  үүргийн  хариуцлагыг тодруулж нөхөж гэрээ  хийсэн  гэж  үзэх үндэслэлтэй ба гэрч  нотариатч  Энхээ “... гэрээг баталсан мөнгө өгсөн эсэхийг санахгүй байна”  гэх мэдүүлэг давхар  нотолж байна гэж үзэв. / хавтаст хэргийн 43-45 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч 2013 оны 4 сарын 16-нд үүссэн зээлийн гэрээний үүргийг 2016 оны 4 сард шүүхэд хандан шаардсан байна. Шүүхээс мөн оны 5 сарын 12-нд     хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2016 оны 07 сарын 07-нд А.Бг эрэн сурвалжилсан тухай хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шийдвэр зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7-10 дугаар тал/ 

Тэрээр 2021 оны 9 сарын 06-нд хариуцагч А.Бгийн оршин байгаа газрыг олж тогтоогоод эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай БЗД-ийн цагдаагийн газрын 2-р хэлтсийн албан тоот зэргээр тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж  заасан хуулийн хугацаанд нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

     Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон, нэхэмжлэлийн татгалзах үндэслэлээ баримтаар нотлоогүй болно. Харин түүний зөвшөөрсөн хэмжээгээр буюу 8,0 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Бгаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,000,000 төгрөгийг, мөн Ж.Ад холбогдох, “2013 оны 4 сарын 16-ны өдрийн 613 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” А.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 142,950 төгрөгийг хариуцагч А.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ