Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01210

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01210

 

Ж.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/01254 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Агийн, хариуцагч А.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон алдангид 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Байгалмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие А.Байгалмаатай 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэтэл А.Байгалмаа нь зээлийн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул миний бие зээлээ буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө хүлээж бай, гэх зэрэг шалтаг хэлж сүүлдээ алга болсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05118 шийдвэрээр А.Байгалмааг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоосон. А.Байгалмаагийн нөхөр гадагшаа сар гаруй явж ирсэн, Өвөр монголд хоолны газар ажиллуулбал ашигтай байна, та 2 мөнгийг нь гаргачих, эгч очиж тохижуулж ажиллана ашгаа хуваана гэж ярьсан. Би Байгалмаад хар цүнхэндээ дүүрэн мөнгө хийгээд өгч байсан. Надаас мөнгө авсныхаа дараа миний хашаа байшингийн гэрчилгээ ББСБ-д байгаа чи 1,400,000 төгрөг төлчих гээд төлүүлээд гэрчилгээгээ авч байсан. Чингэлтэй дүүрэг дэх нотариат дээр очиж байсан. Мөнгөө өгөхгүй болохоор нөхөж гэрээ байгуулсан. Нөхөр нь заналхийлээд харьцах боломжгүй хэцүү байсан. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, мөн алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие А.Байгалмаа нь 2011 онд Анхтуяатай ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хоолны газар ажиллуулж ашиг орлогоо хуваалцахаар харилцан ярилцаж хамтран ажиллахаар мөн Ж.А нь давхар орифлеймийн бараа зарна гэж тохирч явсан. ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт очоод өвөр монгол Батчулуун гэх танил хүнтэй уулзаж, 3 өрөө байр, хоёр давхар хоолны газрыг жилээр нь түрээсэлж хагас жилээр нь мөнгийг Ж. Анхтуяа надад хэлэхгүйгээр өгсөн байсан. Би хоол хийх тогоо шанагаа Өвөр монголчуудаас зээлээр авч олсон мөнгөөрөө дараагийн түрээсийн төлбөрөө төлөөд 5 жилийн хугацаанд амьдраад ажиллаж байтал нөхөр маань бие нь муудсан тул ажлаа орхиж Монгол руугаа буцаж ирсэн. Ж.А Шилийн гол аймагт очоод миний гар дээр мөнгө өгөөгүй. Харин 8,000,000 төгрөгийг гаргаж тоног төхөөрөмжид зарлагдсан талаар мэдэж байгаа тул ийм хэмжээний мөнгө өгнө гэж бодож байгаа юм. Тухайн үед хадмынхаа хашаа байшинг барьцаанд тавиад 4,0 сая төгрөгийн зээл авсан байсан. Тэр зээлээ зарах гээд ганцаараа хөдөлмөрлөсөн юм. Ж.А Монгол руу яваад мөнгө явуулна гэсэн боловч өгөөгүй. Ж.Агийн дутуу өгөөд явсан өрийг гүйцээж төлж дуусгасан. Монголд ирээд 2 жилийн дараа Ж.А над руу залгаж Зээл авах боломж байна. Хорин сая төгрөгийн өглөгтэй гэж харагдахын тулд хоёулаа зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулчихья зээл авах боломж байна. Зээл бүтэхээр та 12.000.000 төгрөгийг нь ав би 8.000.000 төгрөгийг нь авъя гэхээр нь зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хийснээс хойш Ж.А алга болсон. Энэ зээлийн гэрээнд заасан 20.000.000 төгрөгийг би огт аваагүй. Олон жилийн дараа энэ зээлийн гэрээг ашиглаж нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Харин ч би хүний нутагт Ж.Агийн тавьсан өрийг төлсөн. Зээлийн гэрээний 1-д 2011 оны 8 сарын 14-нөөс 2013 оны 5 сарын 14-нийг хүртэл 9 сар хүртэл хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиров гэжээ. Ж.А энэ их мөнгийг барьцаа, хүүгүйгээр надад зээлдүүлэх ямар ч үндэслэлгүй бөгөөд бид тийм бие биеэ мэдэх дотно хүмүүс биш. 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие А.Байгалмаа нь Ж.Атай байгуулсан зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээл аваагүй. Ж.А нь намайг хууран мэхэлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээнд зааснаар Ж.А нь 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж хүлээлгэн өгөөгүй. ...Зээлийн гэрээний 2-д Ж.А нь 20,000,000 төгрөгийг А.Б 2011 оны 8 сарын 14-ний өдрийн дотор шилжүүлэх үүрэгтэй гэжээ. Ж.А нь 20,000,000 төгрөгийг надад шилжүүлж өгөөгүй. Гэрээний 12-д 2011 оны 08 дугаар сарын 14-нд өгсөн гэсэн бичвэр байгаа боловч юу өгсөн нь тодорхой бус бичвэр байна. Иймд уг зээлийн гэрээ нь Ж.А нь бусдаас зээл авахын тулд баталгаа болгон харагдуулахаар хийсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Би тухайн үед Солонгос улсад ажил хийсэн учраас нада мөнгө байсан. Мөнгөөрөө хэд хэдэн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан. Үйлчилгээ эрхлэх гэрээ, аж ахуй нэгж байгууллагын тооллогод хамрагдсан баримт зэрэг бичгийн баримтаар нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Байгалмаагаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,000,000 төгрөгийг, мөн Ж.Ад холбогдох, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 613 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай А.Байгалмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, 142,950 төгрөгийг хариуцагч А.Байгалмаагаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Гэрээнд тохирсоны дагуу нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Б 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх, хариуцагч нь хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. А.Байгалмааг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч хоолны гэр тохижуулахад 8,000,000 төгрөгийг гаргаж тоног төхөөрөмжид зарлагадаж байсан талаар би мэдэж байгаа тул зөвшөөрөх боломжтой гэж огт яригдаагүй зүйлийг үндэслэл болгож хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хариуцагч нь А.Байгалмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 8,000,000 төгрөг зөвшөөрөх боломжтой талаар огт мэдээгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх, хариуцагч хүлээн авсан гэх баримт авагдаагүй, зээлийн гэрээгээр зээлдэгчид мөнгө өгөөгүй байна гэж дүгнэчихээд 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.

6.б. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: А.Байгалмаа нь Ж.Атай байгуулсан зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээл аваагүй юм. Ж.А нь ийм их хэмжээний мөнгийг барьцаа, хүүгүйгээр баримт үйлдэхгүйгээр А.Б зээлдүүлэх ямар үндэслэлгүй бөгөөд бие биеэ сайн мэдэх дотно харилцаатай хүмүүс биш юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгзүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл болон алдангид 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 6 дахь хэсэгт заасан 0.5 хувийн алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Ж.А над руу залгаж зээл авах боломж байна, 20,000,000 төгрөгийн өглөгтэй гэж харагдахын тулд хоёулаа зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулчихъя, зээл бүтэхээр та 12,000,000 төгрөгийг нь ав, би 8,000,000 төгрөгийг авъя гэхээр нь зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан, би 20,000,000 төгрөг огт аваагүй... гэж тус тус тайлбарлажээ. /хх 1, 47-48/

Зохигчдын хооронд нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 613-623 дугаар бүхий зээлийн гэрээг хариуцагчтай байгуулж 20,000,000 төгрөгийг 1 жил 9 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Зээлийн гэрээний 3-т Зээлдүүлэгч Ж.А нь 20,000,000 төгрөгийг зээлдэгч А.Б 2011 оны 08 дугаар сарын 14-ний дотор шилжүүлэх үүрэгтэй. Зээлдэгч гэрээний 1-д заасан мөнгийг бүрэн хүлээж авснаар гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байхаас гадна гэрээний 12-т нэмэлт заалт 2011.08.14 өгсөн гэсэн байна.

Хариуцагч А.Байгалмаа 20,000,000 төгрөгийг аваагүй гэж маргасан байна.

Хэрэгт 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн талаарх нотлох баримт авагдаагүй, зээлийн гэрээнд 2011.08.14 өгсөн гэж тэмдэглэснийг мөнгө шилжүүлэн өгсөн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 20,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн гэрээ маргааны зүйл болж, зохигчид энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Гэтэл шүүх зохигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хоолны газар ажиллуулж ашиг орлогоо хуваалцаж хамтран ажиллахдаа нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийг тоног төхөөрөмжид зарлагадсан гэж хариуцагч тайлбарласан гэж дээрх зээлийн гэрээтэй хамааралгүй асуудлаар дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байх ба харин хамтран ажиллах, эсхүл өөр бусад гэрээний үүрэг шаардаагүй, тоног төхөөрөмжид зарцуулсан мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй байх тул хариуцагчаас 8,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байна.

6. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/01254 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай Ж.Агийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ж.Ад холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай А.Байгалмаагийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.