Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,      

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Энхболд, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт Хотгойд овогт Батбаярын Энхболдод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014437 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Хотгойд овогт Батбаярын Энхболд, 1989 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, арьсан эдлэлийн дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Хужирбулангийн 10-406 тоотод оршин суух хаягтай,

-Урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, УК89060413 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Энхболд нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бишрэлт гүн бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Л.Хулангийн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай талийгаач эгчийн охин нь алга болсон бөгөөд дүүгээ Халдвартын эмнэлгийн тэндээс олж авсан. Тэгээд манай 2 ах бид гурав дүүгээ олчихоод нэг нэг пиво уучихаад харъя гээд пабад орсон. Тэгтэл нэг эгч ирээд насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар пабад дагуулж орж ирлээ гээд хэрүүл хийгээд байсан. Манай дунд ах тооцоо хийчихээд бид нар гарах гэж байтал миний хүзүүн дэх гинжнээс нэг эмэгтэй зулгаагаад нүүр маажсан. Пабаас гарах гэхэд хаалга цоожилсон байсан. Миний гинжнээс зулгаасан эгч хаалганы шилийг өшиглөөд хагалсан. Би гинж булаасан эгчийг “гинж өгчих” гэж хэлэхэд өгөхгүй байсан. Гинж булаасан эгчийн наана байсан эгчийг санаандгүй цохьсон.” гэв.

 

Хохирогч Л.Хулан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “....2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, "Бишрэлт" бааранд арван жилийн ангийн хүүхдүүд Дуламсүрэн, Цэрэннадмид, Цэнгэлмаа нарын хамтаар шинэ жил болж байгаатай холбогдуулан ангийн хүүхдүүдийн уулзалт, зохион байгуулалтын талаар яриад пиво уугаад сууж байхад гаднаас үл таних гурван залуу, 10-11 орчим насны охинтой хамт орж ирсэн юм. Тэгээд хажуугийн ширээнд суух шиг болсон. Ингээд 20 минутын дараа манай Цэнгэлмаа ширээн дээрээсээ босоод тэр гурван залуу, охины ширээ рүү яваад очоод юм яриад байсан. Юу ярьж байгаа нь сонсогдоогүй. Эргээд Цэнгэлмаа ирээд ширээн дээрээ суусан. Нэг залуу араас ирээд бид нарт эгч буруугаар ойлгоод байна. Би энэ охины аав нь байгаа юм. Хүүхдээ аваад явж байна гэж хэлээд явсан. Тэгсэн араас нь Цэнгэлмаа нөгөө ширээ рүү очоод хэрүүл хийсэн. Бид нар Цэнгэлмааг ширээн дээрээ авчирсан. Араас хоёр залуу ирээд үсээ хойш нь самнасан залуу нь Цэнгэлмаатай маргаад Цэнгэлмаагийн хүзүүн дэх гинжийг тасалсан. Тэгсэн би доошоо газарт унасан гинжийг аваад өндийсөн чинь намайг үсээ хойшоо самнасан залуу түлхэж сандал дээр унагаад нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон, хамарнаас цус гараад би нойлын өрөө орж цусаа цэвэрлээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх12-13/,

 

Хохирогч Л.Хулан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Энхболдын мөнгөн гинжийг Цэнгэлмаагаас аваад Энхболдод өөрт нь өгсөн. Миний хувьд Энхболдоос эмчилгээний зардалд 600.000 төгрөг аваад эмчилгээ хийлгэж байгаа болно...Энхболдтой эвлэрсэн, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлэг. /хх-14/,

 

Гэрч Д.Цэнгэлмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед 10 жилийн ангийн хүүхдүүд болох Дуламсүрэн, Хулан, Цэрэннадмид бид дөрөв тунелийн замын эсрэг тал, нэрийг нь хараагүй бааранд орж, нэг нэг пиво уугаад сууж байсан. Үл таних 27-28 орчим насны залуу хүүхдийн цүнх үүрээд 12 орчим насны охинтой бидний ширээний цаад эгнээнд 2 залуу дээр очиж суусан...12 орчим насны нөгөө жаахан охиныг ширээний цаана буланд суулгаад ширээн дээр өмнө нь пакальтай пиво тавиад сууж байхаар нь би та нар ийм жаахан хүүхдэд яагаад пиво өгөөд байгаа юм гэж хэлсэн. Охины өөдөөс харж суусан залуу авгай минь чамд хамаагүй зайл гэсэн, охины хажууд байгаа залуу би аав нь байгаа юм гэж хэлсэн. Би пиво өгөөгүй гэж хэлсэн. Ингээд цагдаад хэлээч гээд барменд хэлээд би ширээн дээрээ ирээд суусан. Тэгсэн хамгийн настай 30 гаран насны залуу ирээд та нарт хамаагүй гэсэн. Тэгээд араас нь хүүхдийн хажууд байсан залуу ирээд би ах нь байгаа юм. Санаа зоволтгүй гэхээр нь цагдаа нар ирээд шалгана биз гээд суух гэсэн үсээ хойшоо самнасан залуу над руу дайраад далайхдаа миний гинжийг тасалсан. Чи миний гинжийг тасалдаг хэн бэ гээд зөрүүлээд өөрийн зүүж явсан гинжийг тасалчихсан. Тэгсэн Хулан миний гинжийг энд байна гэж хэлээд тонгойсон чинь миний гинжийг тасалсан залуу Хуланг мангасдаж хойш нь буйдан дээр унагаад дээрээс нь гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон...Хулангийн хамар нь хавдаж, хамарнаас цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

 

Гэрч А.Цэрэннадмид мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо "Бишрэлт" бааранд арван жилийн ангийн хүүхнүүд Хулан, Цэнгэлмаа, Дуламсүрэн нарын хамтаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 дугаар ангийн төгсөгчдийн шинэ жилийн талаар яриад 1 шил нэрийг нь мэдэхгүй 0.5 литрийн пиво уугаад яриад сууж байсан. Тэгсэн Цэнгэлмаа стакан авахаар тек рүү яваад ирэхдээ замдаа нэг ширээн дээр сууж байсан үл таних гурван залуу, нэг жаахан охин дээр очиод юм яриад чанга, чанга яриад муудалцаад байсан. Би босож очоод яах юм бэ гээд тэр залуусаас та нар яагаад ийм жаахан хүүхэд дагуулаад явж байгаа юм гэж хэлсэн. Охины хажууд сууж байсан залуу би асран хамгаалагч нь байгаа юм аа хичээл нь тараад аваад явж байна гэж хэлэхээр нь би Цэнгэлмааг дагуулаад ширээн дээр ирээд Цэнгэлмааг суулгаад би нойлын өрөө рүү биеэ засаад ирэхэд манай ширээн дээр нөгөө залуус ирчихсэн нэг залуу нь Хулангийн улаан нүүрэн дээр нь нэг удаа баруун гараараа цохьсон. Би цохьсон залууг араас нь татаж салгаад Хуланг босгосон. Хулангийн хамарны хэсгээр битүү хавдаад ирсэн. Хамар нь муруй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

 

Гэрч Б.Дуламсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед 10 жилийн ангийн хүүхдүүд болох Цэнгэлмаа, Хулан, Цэрэннадмид нартай уулзахаар тунелийн эсрэг талд нэрийг нь мэдэхгүй автобусны буудлын зүүн урд талд доошоо подваль руу орсон бааранд орсон. Тэд нар пиво, архи уугаад сууж байсан. Би ороод пиво захиалаад арван жилийн хүүхдүүдийн талаар ярьсан. Тэгсэн Цэнгэлмаа босоод явсан...Эсрэг талын цаана байсан ширээн дээрх хүмүүстэй маргаад байсан. Хулан, Цэрэннадмид хоёр босоод очсон. Тэгээд удаагүй эргээд ирсэнээ насанд хүрээгүй хүнд пиво өгөөд байна гээд хэлсэн. Цэнгэлмаа цаана үлдсэн. Би наад хүмүүсээ орхио нийллэгийн талаараа яръя гэсэн...Цаанаас нэг залуу ирээд энэ балай хүүхнээ аваачээ гэсэн Цэнгэлмаа харагдаж байсан. Би Хуланг очоод ав гэсэн, удаагүй эргээд ирсэн хамар нь хавдаад цус гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-20/,

 

Гэрч П.Энхсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед нөхөр Баттулгын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Бишрэлт гүн” пааб, баарыг түрээслэн ажиллуулж байхад гаднаас 50 орчим насны дөрвөн эмэгтэй 2 дугаар ширээн дээр сууж архи, пиво аваад суусан. Ингээд 2-3 цаг сууж байхад гаднаас 25-30 орчим насны гурван залуу, 13 орчим насны охины хамт орж ирээд 4 дүгээр ширээн дээр суусан. Ингээд 3-н пиво, 1 липтон цай захиалсан. Ингээд 4-н шилэн пакалийн хамт өгөөд тэр охин липтон цай уугаад сууж байхад 2 дугаар ширээнээс нэг хар өнгийн хувцастай эмэгтэй 4 дүгээр ширээн дээр очоод та нар боль, би ийм насны охинтой, охин хүүхэд барьцаалсан гэж хэлсэн. Тэгсэн залуучууд чамд ямар хамаатай юм гэсэн утгатай маргаан үүсээд байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгөөд нөхөр Баттулгыг баараа түр хаагаад цагдаа ирэхээр нь орж ир гэсэн гараад явсан...Нэг мэдсэн хүмүүс баруун хойд талын ширээний орчим бөөгнөрөл үүсгээд байхаар нь очиход нэг эмэгтэйн хамарнаас нь цус гарчихсан байхаар нь гүйж текэн дээрээс салфетка авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-21-22/,

 

Яллагдагч Б.Энхболдын хохирогч Л.Хулангийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон үйлдлийн улмаас бие махбодид нь “хамар яс, таславчийн далд хугарал, мурийлт, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи. хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл үүссэн болохыг, мөн гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болохыг тогтоосон” Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гаргасан №141 дугаартай дүгнэлт. /хх-26/,

 

Яллагдагч Б.Энхболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Баруун гараараа нэг удаа миний гинжийг тасалсан эгчийн хажууд байсан эгчийн нүүрэн тус газарт цохьсон…Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-23-30, 32-33/,

 

Ял шалгах хуудас /хх-36/, 66-76 дугаар хуудас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, гэрч Н.Ариунболдын мэдүүлэг /хх-15/, хэргийн материалтай танилцсан баримт /хх-52/, эд зүйлийн үнэлгээ /хх-72/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Энхболд нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бишрэлт гүн бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, шалтгаангүйгээр хохирогч Л.Хулангийн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Энхболдыг урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Л.Хулан нь шүүгдэгч Б.Энхболдоос хохирол төлбөрт 600.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Энхболд нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийлгүүлж байсан нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Энхболд нь урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасны дагуу ял шийтгэл оногдуулсан болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан дэглэмд эдлүүлэхээр гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хотгойд овогт Батбаярын Энхболдыг урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Энхболдод 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ял дээр урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэж Б.Энхболдын бүгд биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.       

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Энхболдод  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ШИНЭБАЯР