Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 31

 

 

Б.Ц-Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 08-06 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ76041970, С ургийн овогтой Б-гийн Ц-Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 08-06 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ76021269, Тайжууд ургийн овогтой Төвжаргалын Бт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Ц-О болон хариуцагч Т.Б нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц-О, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 55.400.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлтэй.

            Нэхэмжлэгч Б.Ц-О нэхэмжлэл болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Ц-О нь 1997 онд Т.Бтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн. Гэтэл эхнэр маань 2007 оноос хойш гадуур хонох, архи дарс ихээр хэрэглэх, янз бүрийн хүмүүстэй нийлэх зэргээр гэр бүлийн дотор таагүй харилцааг бий болгосон.

            Мөн гэр бүлээс гадуур харилцаатай болж, худал хэлж, хууран мэхэлж, гэр бүлийн хөрөнгийг үр бүтээлгүй зүйлд зарцуулж, шамшигдуулж, удаа дараа худал хэлж банкнаас зээл авахуулсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Т.Бээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүдээ эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй, мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

            Одоо бид эвлэрэх боломжгүй, 2012 онд анх усны үйлдвэрээ байгуулсан ба 2017 оны 12 дугаар сард гэнэт компанийн данс улайсан байсан. Тэгээд шалгаж үзэхэд 160.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан компани дансандаа нэг ч төгрөггүй болтлоо санхүүгийн байдлыг доройтуулсан байсан. Би Т.Бийг яриад байгаа шиг нь хараат байлгаагүй, өөрийнх нь хэлсэн, гаргасан санал болгоныг дэмждэг, хөрөнгө санхүүгийн хувьд хангалт сайтай байлгасан. Ахдаа хүртэл надаар зээл авахуулсан, мөн олон хүнээс зээл авч, санхүүгийн дарамтад оруулсан.

            Т.Б-ийн дундын өмч гээд маргаад байгаа хашаа, байшин миний эцэг, эхийн өөрийн гараар босгосон хөрөнгө тул түүнийг манай гэр бүлийн дундын хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

            Гэхдээ дахин шүүх хуралдааныг хойшлуулмааргүй байгаа тул энэ хэмжээнд хэргээ шийдвэрлүүлэхийг хүсч байна. Манай бага хүү харааны бэрхшээлтэй, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа тул энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн компани санхүүгийн хүндрэлтэй байгаа тул цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх гэж бодож байна” гэжээ.

            Хариуцагч Т.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид гэр бүл болоод 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 2 охин, 1 хүү төрүүлсэн ба өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ бүрэн зориулж хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амьдарч ирсэн.

            Б.Ц-О үүнийг юу ч биш мэтээр, мөн худал үндэслэл гаргаж гэрлэлт цуцлуулахаар хандсанд маш их гомдолтой байна. Миний бие нэхэмжлэлд дурдсан шиг амьдарч ирээгүй, харин ч би их дарамт, зодуур, хардалтыг тэвчиж байсан. Намайг ажилгүй, энэ амьдралд ямар ч нэмэргүй, ажил хийдэггүй гэсэн байдаг. Гэтэл би 1999 оноос 2006 оны хооронд 4 сартай хүүхдээ орхиод, нөхөр ажилгүй байсан тул амьдарлын эрхээр Увс хүнс ХХК-д ажиллаж байсан. Би нөхрийн хамтаар ноолуурт явж, гарсан ашгаараа хашааны газар худалдан авч, Хартолгойгоос палк ачуулж ирээд энэ байшинг бариулсан. Нөхөр бид хоёр тухайн байшингийн суурь тавихаас эхлээд ажилласан байхад одоо түүний эцэг, эхийн байшин болж таарлаа.  2006 оны хавар би ажлаасаа гарч, тухайн компаниас авсан мэдлэгээ ашиглан байр барьж, тоног төхөөрөмж аваад чацаргана боловсруулж, цэвэр ус үйлдвэрлэдэг болсон.

            Би ганцаараа шөнөжин ажиллаж, өдөрт нь бүтээгдэхүүнээ өөрийн аавынхаа дэлгүүрийг ашиглан зарж байсан. Б.Ц-Ооор нэг ч удаа туслуулж үзээгүй. Түүнээр зодуулахдаа хүртэл нүүрэндээ гэмтэл авчихгүй юмсан гээд боддог байсан. Анх Тоёота харриер /Toyota Harrier/ маркийн автомашиныг ахаасаа 6.000.000 төгрөгөөр аваад 12.000.000 төгрөгөөр зарж, Тоёота Вокси маркийн машиныг авч байсан. Газ-53 маркийн автомашиныг хөнгөн цагаан ёнкостой байсныг байхгүй болгоод 1.400.000 төгрөгөөр үнэлүүлсэн байна.

            Манай компани миний хөдөлмөрийн үр шимээр 2012 оноос эхлэн өргөжиж 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, цэвэр ус түгээдэг болсон. 2014 онд 2 төрлийн саваар цэвэр ус түгээдэг болсон. Би ганцаараа “Эрчис баялаг” ХХК-ийн үйл ажиллагааг гардан явуулдаг байсан, шөнө, орой гэлтгүй захиалга ирвэл өөрөө түгээлтээ хийдэг байсан. 2017 оны 4 дүгээр сард гэрээсээ гарснаас хойш одоо хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Хүүхдүүдтэйгээ утсаар, фейсбүүкээр харьцах гэхээр аавынхаа дарамтаас болоод надтай харьцахгүй, хариу өгөхгүй байгаа. Хааяа ч гэсэн хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Б.Ц-О-ын дарамтаас болоод надтай харьцахгүй байгаа, мөн шүүхэд өгсөн саналтай нь танилцаад ч гэсэн би хүүхдүүддээ гомдохгүй байгаа.

            Б.Ц-О-ын зодуураас болж надад тархины наалдац үүссэн, удсан гэмтэл байгаа болохыг 2017 оны 11 сараас хойш мэдсэн. Одоо хааяа ухаан санаа самуурдаг, бие эвгүй болж, ухаан балартдаг болсон. Би маш их хохирсон, надад өөрийнхөө амийг егүүтгэх санаа олон удаа төрж байсан боловч нас өндөр гарсан эцэг, эх, хүүхдүүдээ бодоод өдий хүртэл тэвчиж ирсэн. Эхнэрийн нэр дээр юу ч байх ёсгүй гээд миний нэр дээр байсан Мобикомын 2 дугаарыг хүртэл Б.Ц-О өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Үүнийг одоо би өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахыг хүсч байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Салдангууд овогтой Батцэрэнгийн Ц-О, Тайжууд овогтой Төвжаргалын Б нарын гэрлэлтийг цуцалж, 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С овогтой Ц-О-ын Э-ийг эцэг Б.Ц-О-ын асрамжид үлдээж,

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 129.8, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-Ооос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хөрөнгө буюу 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Т.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.900.000 /арван найман сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Бийн “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг Т.Б-ийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-Ооос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450.950 /дөрвөн зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-О-т, нэхэмжлэгч Б.Ц-О-оос 340.450 /гурван зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж хариуцагч Т.Бт тус тус олгож, 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц-О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргаж дундын өмчийг хуваахдаа хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх дундын өмчийг хуваахдаа гэр бүлийн гишүүдийн тоогоор биш, зөвхөн хоёр хуваасан нь үндэслэлгүй байна. Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж миний гурван хүүхдэд хөрөнгө хуваариалаагүй нь хууль зөрчсөн. Манай хоёр охин хэдий насанд хүрсэн гэсэн ч том охин Ц.Хулан дээд сургууль төгсөж ирээд одоогоор ажилд ороогүй байгаа, дунд охин Ц.Үенч ОХУ-ын Москва хотод суралцдаг бөгөөд жилд ойролцоогоор 7-8 сая төгрөг хэрэглээндээ зарцуулдаг ба үүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Ц.Үенч цаашид 3 жил суралцана. Бага хүү Ц.Эрхэмбилэг нь нүдний харааны асуудалтай бөгөөд энэ онд лазер хагалгаанд орсон боловч сайн үр дүнд хүрээгүй тул дахин өндөр өртөгтэй хагалгаанд орох шаардлагатай байна.

...Т.Б бид нарын хамтран зээлдсэн банкны зээл болон зайлшгүй байдалд ороод зээлээ төлж чадахгүй явсаар шүүхийн шийдвэр гаргасан өр ч байгаа. Бидний дундын өмчийг тооцохдоо өр авлагыг нь тооцох, нийт хөрөнгийн үнэлгээг гаргаад түүнээс өр авлагыг нь тооцоод үлдэх хөрөнгийг нь гэр бүлийн нийт гишүүдэд адил тэнцүү хуваах нь шударга болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Би Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 55.400.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219. 9905X128 дугааруудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлт" 14.1-д зааснаар бидний гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14.6-д зааснаар хүү Ц.Эрхэмбилэгийг эцэг Б.Ц-О-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн гухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 129.8, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-Ооос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хөрөнгөө буюу 36.500.000 төгрөгийг гаргуулж, Т.Б-г олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18.900.000 төгрөг гаргуулах тухай хэсгииг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

..Бидний дундын өмч болох “Эрчис баялаг” ХХК-ийг нэхэмжлэгч Б.Ц-Оын хуваарьт өмч гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишгүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн" гэжээ. Мөн хуулийн 126.2.4 дэх хэсэгт “Гэрэлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон болон бусад хөрөнгийг гэр бүлийн гиншүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл “Эрчис баялаг” ХХК-нийг биднийг гэрлэснээс хойш бий болсон, гэр бүлийн дундын өмч бөгөөд уг компанийг бид 2012 оны 6 дугаар сард гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтын хүчээр бүтээн босгож, хөлс хүчээ урсган байж өдий зэрэгтэй болгосон компани юм.

Тэрнээс биш тус комиани нь нэхэмжлэгч Б.Ц-О-ын гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, эсхүл өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан хөрөнгө зөвхөн өөрийнхөн амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан хөрөнгө, өөрийн хуваарьт хөрөнгөөр бий болгосон зөвхөн Б.Ц-О-ын хөрөнгө биш.

...Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн манай гэр бүлийн дундын өмч болох “Эрчис баялаг” ХХК-ийг Б.Ц-.О-ын хуваарьт өмч гэж үзсэнд гомдолтой байна. Хуулинд зааснаар тус хөрөнгө нь Б.Ц-О-ын хуваарьт хөрөнгөд хамаарахгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж. сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц-О нь хариуцагч Т.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Б.Ц-О-т холбогдуулан нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 55.400.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  гаргажээ.

Анхан шатны шүүх Б.Ц-О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Бийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагааас дундын эд хөрөнгөөс Т.Б-т 36.500.000 төгрөгийг олгож, үлдэх  шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Ц-О Шүүх Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д заасан “ гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг зөрчиж насанд хүрсэн болон хүрээгүй хүүхэдүүдэд эд хөрөнгө хувиарлаагүй нь буруу байна “ гэх үндэслэлээр, хариуцагч Т.Б “гэр бүлийн дундын эд хөрөнгийг буруу тодорхойлсон” гэх үндэслэлээр тус тус гомдлыг гаргасан байх бөгөөд зохигчдоос гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжтой байна. Учир нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.Ц-О, Т.Б нарын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг тодорхойлох боломжгүй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/892 дугаар албан бичигт “Б.Ц-О /ОЮ 76041970/-ын нэр дээр Улаангом сум 11-р баг 8-6 тоотод байрлалтай Ү-1520-3687 улсын бүртгэлийн дугаартай 204м2, 180,1мк2 хэмжээтэй Үйлдвэрлэл, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүд бүртгэлтэй байна” гэсэн бол 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар хуудаст авагдсан Улсын бүртгэлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт “ Эрхийн Улсын бүртгэлийн Ү-1520000926 дугаартай Увс аймгийн 5-р баг 8 гудамж, 6 тоот хувийн орон сууц, граш, гүний худаг өмчлөгчөөр иргэн Түдэв Долгормаа, Дамбий Батцэрэн бүртгэлтэй” гэсэн нотлох баримтууд тус тус авагдсан байна. Эдгээр нотлох баримтуудаас үзвэл дээрхи  үл хөдлөх хөрөнгүүд нь хэзээ хэний хөрөнгөөр  бий болсон, өмч вэ гэдэг нь тодорхойгүй  байна.Тодруулбал:

Увс аймгийн 5-р баг, 8-6 тоотод  буй хувийн сууц нь гэрлэгчдийн хэн нэгний өмч мөн эсэх, эсхүл гэрлэснээс хойш бий болсон эсэх зэргийг тодруулахаар үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагааг гаргуулсаны дараа шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.

 Мөн түүнчлэн Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т “ Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1-т “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 129 дугаар зүйлийн 129.2-т “ гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх Б.Ц-О, Т.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа насанд хүрсэн болон хүрээгүй хүүхдүүдэд ямар үндэслэлээр хөрөнгө хуваагаагүй талаараа дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Б.Ц-О, Т.Б нарт хувиарласан нь  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдсан гомдол хангагдсан тул тэдгээрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн Б.Ц-Оын 340450 төгрөг, Т.Бийн 252450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 340.450 /гурван зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Т.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 252.450 / хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч, хариуцагч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН