Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 308

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 08-06 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ76041970, Салдангууд овогтой Батцэрэнгийн Цог-Очирын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 08-06 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ76021269, Тайжууд овогтой Төвжаргалын Батхишигт холбогдох, 

    Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 138.500.000 төгрөг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгө болох 5.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас, эд зүйл гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цог-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Г.Батхишиг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Хулан, Ц.Үенч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Б.Цог-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Цог-Очир нь 1997 онд Т.Батхишигтэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн. Гэтэл эхнэр маань 2007 оноос хойш гадуур хонох, архи дарс ихээр хэрэглэх, янз бүрийн хүмүүстэй нийлэх зэргээр гэр бүлийн дотор таагүй харилцааг бий болгосон. Мөн гэр бүлээс гадуур харилцаатай болж, худал хэлж, хууран мэхэлж, гэр бүлийн хөрөнгийг үр бүтээлгүй зүйлд зарцуулж, шамшигдуулж, удаа дараа худал хэлж банкнаас зээл авахуулсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Т.Батхишигээс гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүүдээ эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй, мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. ... Одоо бид эвлэрэн хэлэлцэх боломжгүй. 2012 онд анх усны үйлдвэрээ байгуулсан ба 2017 оны 12 дугаар сард гэнэт компанийн данс улаасан байсан. Тэгээд шалгаж үзэхэд 160.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байсан компани дансандаа нэг ч төгрөггүй болтлоо санхүүгийн байдлыг доройтуулсан байсан. Би Т.Батхишигийг яриад байгаа шиг нь хараат байлгаагүй, өөрийнх нь хэлсэн, гаргасан санал болгоныг дэмждэг, хөрөнгө санхүүгийн хувьд хангалт сайтай байлгасан. Ахдаа хүртэл надаар зээл авахуулсан, мөн олон хүнээс зээл авч, санхүүгийн дарамтад оруулсан байсан. Т.Батхишигийн дундын өмч гээд маргаад байгаа хашаа, байшин миний эцэг, эхийн өөрийн гараар босгосон хөрөнгө тул түүнийг манай гэр бүлийн дундын хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ дахин шүүх хуралдааныг хойшлуулмааргүй байгаа тул энэ хэмжээнд хэргээ шийдвэрлүүлэхийг хүсч байна. Т.Батхишиг бүх хувцас, эд зүйлсээ өөрөө аваад явсан, гэрт үлдсэн малгай, дээлийг нь өнөөдөр хүлээлгэж өглөө. Манай бага хүү харааны бэрхшээлтэй, хагалгаа хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан. Мөн компани санхүүгийн хүндрэлтэй байгаа тул цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх гэж бодож байна. 2 охин маань дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

     Хариуцагч Т.Батхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид гэр бүл болоод 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 2 охин, 1 хүү төрүүлсэн ба өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ бүрэн зориулж хань ижил, үр хүүхдийнхээ төлөө амьдарч ирсэн. Гэтэл Б.Цог-Очир үүнийг юу ч биш мэтээр, мөн худал үндэслэл гаргаж гэрлэлт цуцлуулахаар хандсанд маш их гомдолтой байна. Миний бие нэхэмжлэлд дурдсан шиг амьдарч ирээгүй, харин ч би их дарамт, зодуур, хардалтыг тэвчиж байсан. Намайг ажилгүй, энэ амьдралд ямар ч нэмэргүй, ажил хийдэггүй гэсэн байдаг. Гэтэл би 1999 оноос 2006 оны хооронд 4 сартай хүүхдээ орхиод, нөхөр ажилгүй байсан тул амьдарлын эрхээр “Увс хүнс” ХХК-д ажиллаж байсан. Би нөхрийн хамтаар ноолуурт явж, гарсан ашгаараа хашааны газар худалдан авч, Хартолгойгоос палк ачуулж ирээд энэ байшинг босгуулж байсан. Нөхөр бид хоёр тухайн байшингийн суурь тавихаас эхлээд ажилласан. Гэтэл одоо түүний эцэг, эхийн байшин болж таарлаа. Намайг мөнгө идэж уусан гэх юм, гэтэл энэ хүний эхнэр, үр хүүхдүүд нь хоол унд идэж, өмсөж зүүж байгаагүй гэж үү. 2006 оны хавар би ажлаасаа гарч, тухайн компаниас авсан мэдлэгээ ашиглан байр барьж, тоног төхөөрөмж аваад чацаргана боловсруулж, цэвэр ус үйлдвэрлэдэг болсон. Би ганцаараа шөнөжин ажиллаж, өдөрт нь бүтээгдэхүүнээ өөрийн аавынхаа дэлгүүрийг ашиглан зарж байсан. Б.Цог-Очироор нэг ч удаа туслуулж үзээгүй. Түүнээр зодуулахдаа хүртэл нүүрэндээ гэмтэл авчихгүй юмсан гээд боддог байсан. Анх Тоёота харриер /Toyota Harrier/ маркийн автомашиныг ахаасаа 6.000.000 төгрөгөөр аваад 12.000.000 төгрөгөөр зарж, Тоёота Вокси маркийн машиныг авч байсан. Газ-53 маркийн автомашиныг хөнгөн цагаан ёнкстой байсныг байхгүй болгоод 1.400.000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Манай компани миний хөдөлмөрийн үр шимээр 2012 оноос эхлэн өргөжиж 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, цэвэр ус түгээдэг болсон. 2014 онд 2 төрлийн саваар цэвэр ус түгээдэг болсон. Би ганцаараа “Эрчис баялаг” ХХК-ийн үйл ажиллагааг гардан явуулдаг байсан, шөнө, орой гэлтгүй захиалга ирвэл өөрөө түгээлтээ хийдэг байсан. 2017 оны 4 дүгээр сард гэрээсээ гарснаас хойш одоо хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Хүүхдүүдтэйгээ утсаар, фейсбүүкээр харьцах гэхээр аавынхаа дарамтаас болоод надтай харьцахгүй, хариу өгөхгүй байгаа. Хааяа ч гэсэн хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Б.Цог-Очирын дарамтаас болоод надтай харьцахгүй байгаа, мөн шүүхэд өгсөн саналтай нь танилцаад ч гэсэн би хүүхдүүддээ гомдохгүй байгаа. Б.Цог-Очирын зодуураас болж надад тархины наалдац үүссэн, удсан гэмтэл байгаа болохыг 2017 оны 11 сараас хойш мэдсэн. Одоо хааяа ухаан санаа самуурдаг, бие эвгүй болж, ухаан балартдаг болсон. Би маш их хохирсон, надад өөрийнхөө амийг егүүтгэх санаа олон удаа төрж байсан боловч нас өндөр гарсан эцэг, эх, хүүхдүүдээ бодоод өдий хүртэл тэвчиж ирсэн. Эхнэрийн нэр дээр юу ч байх ёсгүй гээд миний нэр дээр байсан Мобикомын 2 дугаарыг хүртэл Б.Цог-Очир өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Үүнийг одоо би өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахыг хүсч байна” гэжээ.

     Хариуцагч Т.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие нь нэр төрөө сэргээлгэж, 277.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 55.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нийт 277.000.000 төгрөгийн хөрөнгийг 3 хүүхдээ оролцуулан 5 хувааж (277.000.000:5=55.400.000) тавны нэгийг, харин Б.Цог-Очирт тавны дөрвийг үлдээж нэхэмжилсэн. Би Б.Цог-Очирт хөөгдөн гэрээсээ явахдаа зөвхөн өмссөн хувцастайгаа гарсан ба одоо ч Б.Цог-Очироос өөрийн гэх эд хөрөнгө, эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэл, хувцас хунараа авч чадаагүй. Гэтэл Б.Цог-Очир нь миний нэхэмжилсэн 55.400.000 төгрөгийг төлөхгүйн тулд охин Ц.Үенч, Ц.Хулан нараар тус бүр 20.000.0000 төгрөгийн нэхэмжлэл гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж байгаа. Хэдийгээр Ц.Хулан, Ц.Үенч нар нэхэмжлэл гаргасан ч үүний цаана нэхэмжлэгч Б.Цог-Очирын ашиг сонирхол нэн тэргүүнд байгаа нь хэнд ч тодорхой байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох үндэслэл, журмыг зохицуулсан байх ба Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлын байдлыг харгалзан үзнэ” гэж заасан байна. Хуулийн энэ заалтаас үзэхэд шүүх бидний гэрлэлтийн маргааныг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн эрх ашгийг л харгалзан үзэх үүрэгтэйгээс биш бидний эд хөрөнгийг хүүхдүүдэд мөн адил тэнцүү хэмжээгээр хуваах үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл би 277.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг хоёр хувааж буюу 138.500.000 төгрөг гэж тодорхойлох ёстой байтал хүүхдүүдийг оролцуулан тав хуваасны нэг буюу 55.400.000 төгрөг гэж буруу тодорхойлсон байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа (277.000.000:2=138.500.000, 138.500.000- 55.400.000=83.100.000) 83.100.000 (Наян гурван сая нэг зуу) төгрөгөөр нэмэгдуүлж байна” гэжээ.

     Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Хулан шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Хулан миний бие 1996 онд Б.Цог-Очир, Т.Батхишиг нарын охин болж мэндэлсэн одоо 23 настай, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ажилгүй, 2017 он хүртэл эцэг, эх болон 2 дүүгийн хамт амьдарч байсан. Гэтэл 2017 оноос хойш эцэг эх хоорондоо таарамжгүй  харилцаатай болж улмаар гэр бүл цуцлуулах болсон. Миний бие дээд сургууль төгсөөд цааш үргэлжлүүлэн гадаад улсад үргэлжлүүлэн суралцах зорилготой байсан боловч энэ асуудлаас болоод чадаагүй, өөрөөр хэлбэл мөнгө санхүүгийн хувьд боломжгүй болсон. Цаашид залуу хүний хувьд төлөвлөсөн зүйл маш их байгаа боловч гэр бүл цуцлуулах ажиллагаа хэт удаан болж байгаагаас миний төлөвлөгөө хэрэгжих цаг хугацаа алдаж байна. Эцэг эх гэр бүлээ цуцлуулж байгаа явдалд хэн нэгний талд орох боломжгүй бөгөөд нэгэнт гэр бүл цуцлагдаж байгаа тул миний бие мөн гэр бүлийн гишүүнээс гарч өөрийн амьдралыг зохиож тусдаа амьдрах хүсэлтэй байна. Одоогоор сургууль төгсөөд ажилгүй байгаа тул өөрийн хуримтлал бий болгож чадаагүй, зайлшгүй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Иймд гэр бүлийн тухай хуульд заасан дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулан авч гадаад улсад үргэлжлүүлэн суралцах зорилготой байгаа тул гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хэсэг буюу 20.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Үенч шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Үенч миний бие 1999 онд Б.Цог-Очир, Т.Батхишиг нарын охин болж мэндэлсэн, одоо 20 настай, ОХУ-ын Москва хотноо 2 дахь жилдээ суралцаж байна. 2017 он хүртэл эцэг эх болон эгч, дүүгийн хамт амьдарч байсан. Гэтэл 2017 оноос эцэг эх хоорондоо таарамжгүй харилцаатай болж, улмаар гэр бүл цуцлуулах болсон. Энэ асуудлаас болж эгч, дүү бид 3-ын эрх ашиг маш ихээр хохирч, зөрчигдөж байна. Миний бие цаашид гурван жил үргэлжлүүлэн суралцах шаардлагатай. Мөн жилд тодорхой хэмжээний зарлага гаргадаг. Одоогоор суурь хөрөнгөгүй учир цаашид сурахын зэрэгцээ ажил хийж, өөрийгөө бие даан авч явах зорилготой байна. Тиймээс гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хэсэг буюу 20.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч Б.Цог-Очир нь хариуцагч Т.Батхишигт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан ба  хариуцагч Т.Батхишиг нь нэхэмжлэгч Б.Цог-Очирт холбогдуулан “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 138.500.000 төгрөг гаргуулах, өөрийн хуваарьт хөрөнгө болох 5.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас, эд зүйл гаргуулах, Мобикомын дараа төлбөр т 99059219, 99058128 дугааруудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

        Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

      Гэрлэгчид 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Иргэн Б.Цог-Очир, Т.Батхишиг нар 1999 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр охин Ц.Хулан, 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Ц.Үенч, 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Ц.Эрхэмбилэг нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхний хуулбараар тус тус  тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 4 дүгээр сараас хойш хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрэн хэлэлцэх хугацаа авахаас тус тус татгалзсан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо болон зохигчдын тайлбар, хүүгийн санал зэргийг харгалзан хүү Ц.Эрхэмбилэгийг эцэг Б.Цог-Очирын асрамжид үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

1. “Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “... Б.Цог-Очир нь надаас салах болсон шалтгаанаа тайлбарлахдаа намайг архи ууж, гэр орондоо тогтдоггүй, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, бусадтай явалддаг мэтээр гүтгэж, банкнаас их хэмжээний зээл авч, үрэн таран хийж, өрөнд оруулсан зэрэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн энэ яриагаа намайг таньдаг мэддэг хүмүүс, айл хөрш, нийт төгсөлтийн найз нөхдийн дунд тарааж, нэр төрийг минь гутаан доромжилж байна. Иймд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д.Анхбаяр, Т.Мөнхбаяр, Ц.Даваажав, Б.Болд, Д.Оюунтуяа, Б.Тайван, Б.Энхтуяа, Б.Отгончимэг, Д.Дүгэр, Т.Цэвэлмаа нарын мэдүүлгээс үзэхэд тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

        2. “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай” шаардлагын тухайд

      Хариуцагч “Хамт амьдрах хугацаанд Б.Цог-Очир намайг маш олон удаа зодож, миний биед гэмтэл учруулж байсан, тухайлбал, хутгалах, хазах, өшиглөх, яс цөмлөх зэргээр миний эрүүл мэндэд халдаж, хохирол учруулсан. Үүний улмаас жилдээ 2 удаа байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний бэлэг эрхтэн рүү өшиглөж, гэмтэл учруулснаас үүдэн зүсэлт хийлгэж, 300 гр нөж авахуулсан. Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

     Энэхүү нөхцөл байдлыг нотлох буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, улмаар эрх бүхий байгууллагаар шалгуулж тогтоолгож байсан тухай баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн “Гэмтлийн гаралтай тархины наалдацтай болж, эмчилгээ хийлгэсэн” хэмээн хэргийн 2 дугаар хавтасны 238-250, 3 дугаар хавтасны 1-24 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч тухайн “Тархины наалдац” гэмтлийг нэхэмжлэгч Б.Цог-Очирын гэр буруутай үйлдлийн улмаас учирсан эсэхийг шалгасан, тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрүүд хэрэгт авагдаагүй байх тул уг хариуцагчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

     Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байх, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эрүүл мэндэд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай байх гэсэн нөхцөлүүд бүрдэж, тухайн нөхцөл байдал нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсоны үндсэн дээр гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага ногдуулахаар заасан байна.

      Иймээс эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Цог-Очирын “гэм буруу” нотлогдож, тогтоогдоогүй байхад хариуцагчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

       3. “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу 138.500.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн тухайд

    Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “ “Эрчис баялаг” ХХК-ийн үндсэн хөрөнгө буюу үйлдвэрлэлийн зориулалттай байр, тоног төхөөрөмж, түгээлтийн машин, нийт 120.000.000 төгрөгийн хөрөнгөтэй” гэж тодорхойлон ирүүлсэн.

    Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулахад “Үйлдвэрлэлийн зориулалттай байр” гэдэгт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-6 тоотод байрлах, 204 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003687, гэрчилгээний 000200018 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Цог-Очир бүртгэлтэй байх бөгөөд “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар тухайн үл хөдлөх хөрөнгө нь 36.000.000 төгрөгийн үнэтэй хэмээн үнэлэгдсэн байх ба уг үл хөдлөх хөрөнгө нь “Эрчис баялаг” ХХК-ийн “үндсэн хөрөнгө”-д бүртгэлгүй байх тул гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө хэмээн үзэв.

       “Тоног төхөөрөмж” гэдэгт чацаргана боловсруулах болон усны цогц төхөөрөмж, хэв цохигч машин зэрэг багтаж байгаа талаар хэргийн 1 дүгээр хавтасны 54 дүгээр хуудаст авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, мөн 1 дүгээр хавтасны 141-142 дугаар талд авагдсан “Эрчис баялаг” ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тухай Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, “Эрчис баялаг” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн компанийн дүрэм, мөн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-аар иргэн Т.Батхишиг тухайн компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хэн алинаар бүртгэгдээгүй байх тул “Эрчис баялаг” ХХК-ийн хөрөнгөөс Т.Батхишигт ямар нэгэн эд хөрөнгө гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамааруулж, улмаар гэр бүлийн гишүүдэд ногдох хувийг хариуцагчид гаргуулж олгох үндэслэлгүй байна.

      “Түгээлтийн машин” гэдгийг тодруулахад хэргийн 2 дугаар хавтасны 229 дүгээр хуудаст авагдсан “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-нээс үзэхэд 53-47 УВХ улсын дугаартай, Бонгофронтер /Bongofrontier/ маркийн ачааны автомашин нь “Эрчис баялаг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх тул уг автомашиныг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд хамааралгүй гэж үзэв.

       Харин “Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-6 тоотод байрлах, 3 тал хашааны газар, 5 өрөө орон сууц – 80.000.000 төгрөг” хэмээн сөрөг нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг шалгаж үзэхэд хэргийн 2 дугаар хавтасны 148-150 дугаар хуудаст авагдсан “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 85-1816 дугаартай лавлагаа, Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаар тодорхойлолт, 1 дүгээр хавтасны 65 дугаар хуудаст авагдсан “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ Дугаар 000462026” гэсэн баримтуудаар тухайн газар нь иргэн Дамбий овогтой Батцэрэнгийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгүүд байх бөгөөд тухайн газрыг Б.Цог-Очир 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 145 тоот “Газрын /бусдын газар дээр барилга, байгууламж барих эрхтэй/ түрээсийн гэрээ”-ээр түрээсэлж, уг газар дээр 17х12,2 метр хэмжээтэй газарт барилга барихаар тохиролцсон байна.

      Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх хөрөнгө буюу газар, 5 өрөө хувийн орон сууцны өмчлөгч нь иргэн Д.Батцэрэн бүртгэлтэй, тэрээр газрыг эзэмшиж, хувийн орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байх тул уг үл хөдлөх хөрөнгүүдийг Б.Цог-Очир, Т.Батхишиг нарын дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

       22-88 УВА улсын дугаартай, Ланд крузер 100 /Land Cruiser 100/ маркийн автомашиныг нэхэмжлэгч, хариуцагч нар “Бид анх 20.000.000 төгрөгөөр худалдан авч байсан” хэмээн тайлбарласан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш иргэн Цог-Очирын Хулангийн нэр дээр бүртгэлтэй болсон, эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 25.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул уг автомашиныг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

      88-55 УВХ улсын дугаартай, Тоёота Вокси /Toyota Voxy/ маркийн автомашин нь хэргийн 2 дугаар хавтасны 93 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тодорхойлолт, мөн 2 дугаар хавтасны 146 дугаар хуудаст авагдсан иргэн Т.Нямаагийн тодорхойлолтуудаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.Цог-Очироос Ц.Үенчийн нэр дээр, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Үенчээс Т.Нямаагийн нэр дээр шилжсэн, хэргийн 2 дугаар хавтасны 113-124 дүгээр хуудаст авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар 10.600.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон тул уг автомашиныг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

      57-19 УВХ улсын дугаартай, ГАЗ-3507 маркийн автомашин нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш иргэн Б.Цог-Очирын нэр дээр бүртгэлтэй байдаг, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар 1.400.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд хамааруулан үзэв.

       Дээрхээс нэгтгэн дүгнэхэд Б.Цог-Очир, Т.Батхишиг нар 20-иод жилийн хугацаанд гэр бүлийн гишүүд байсан, тэдний дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө олж авах, бий болгоход хамтран үүрэг гүйцэтгэсэн байдал зэргийг харгалзан Б.Цог-Очир, Т.Батхишиг нарын гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд хамааруулж үзсэн хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан үнийн 50, 50 хувиар хувааж, хариуцагч Т.Батхишигт ногдох үнийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

     Тухайлбал, 1. Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 8-6 тоотод байрлах, 204 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003687, гэрчилгээний 000200018 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 36.000.000 төгрөг гэж тогтоогдсоноос 18.000.000 төгрөг, 2. 22-88 УВА улсын дугаартай, Ланд крузер 100 /Land Cruiser 100/ маркийн автомашины үнэлгээ 25.000.000 төгрөг гэж тогтоогдсоноос 12.500.000 төгрөг, 3. 88-55 УВХ улсын дугаартай, Тоёота Вокси 0 /Toyota Voxy 0/ маркийн автомашины үнэлгээ 10.600.000 төгрөг гэж тогтоогдсоноос 5.300.000 төгрөг, 4. 57-19 УВХ улсын дугаартай, ГАЗ-3507 маркийн автомашины үнэлгээ 1.400.000 төгрөг гэж тогтоогдсоноос 700.000 төгрөг, нийт 36.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цог-Очироос гаргуулж, хариуцагч Т.Батхишигт олгохоор шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

     4. “Өөрийн хуваарьт хөрөнгө буюу 5.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас, эд зүйл гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн тухайд

     Хариуцагчаас “Б.Цог-Очир нь миний булган шубыг зарж 2.100.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5041279534 тоот данснаас өөрийн данс болох 5800153053 тоот дансад шилжүүлсэн авсан мөн мөнгөн бүсийг зарж 700.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 5041279534 данснаас өөрийн данс болох 5800153053 тоот дансад шилжүүлсэн авсан, мөн монетан хослолыг 685.000 төгрөгөөр зарж мөнгийг 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 5032346810 тоот данснаас өөрийн данс болох 5800153053 тоот дансад шилжүүлсэн авсан болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа” хэмээн тайлбарлаж байгаа боловч тухайн шуба, ээмэг бөгж гэсэн утга бүхий гүйлгээгээр хариуцагчийн хувцас, эд зүйлийг зарсан мөнгө гэдгийг тогтоох боломжгүй.

   Харин нэхэмжлэлийн шаардлагаас үйлдвэрийн аргаар боловсруулсан, цагаан өнгийн хурган дотортой, хөх цэцэгтэй, хар торгон, 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий шинэ дээл 1 ширхэг, хар саарал өнгийн 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий үнэгний арьсан малгай 1 ширхэг гэсэн эд зүйлсийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Цог-Очир, хариуцагч Т.Батхишигт хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.480.000 төгрөгийг эд зүйл гаргуулах тухай шаардлагыг биелүүлсэн болохыг дурдаж, үлдэх 3.920.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас, эд зүйл гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      5. “Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг миний нэр дээр буцаан шилжүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн тухайд

    Хэдийгээр хэргийн 1 дүгээр хавтасны 175-187 дугаар хуудаст авагдсан баримтуудаар 99059219 дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 151-ны өдөр, 99058128 дугаарыг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Т.Батхишигээс Б.Цог-Очирын нэр дээр шилжсэн тухай лавлагаа, холбогдох гэрээний хуулбарууд хэрэгт хавсаргагдсан байх боловч иргэн Б.Цог-Очир болон “Мобиком корпораци” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үйлчилгээний гэрээ”-г шүүхээс талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй байхад гуравдагч этгээдийн хүсэлтээр гэрээг цуцлах, тухайн дугааруудыг эзэмшигч этгээдээс өөр этгээдэд шилжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

       Бие даасан шаардлагын тухайд:

    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Хулан, Ц.Үенч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрсдөд ногдох хэсэг буюу тус бүр 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

      Учир нь 22-88 УВА улсын дугаартай, Ланд крузер 100 /Land Cruiser 100/ маркийн автомашиныг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Цог-Очирын Хулангийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч тухайн автомашиныг бусдад шилжүүлсэн тухай зохигчид тайлбарладаг бөгөөд уг автомашиныг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Хулангийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй болохыг дээр дурдсан.

     Мөн 88-55 УВХ улсын дугаартай, Тоёота Вокси /Toyota Voxy/ маркийн автомашиныг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.Цог-Очироос Ц.Үенчийн нэр дээр, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Үенчээс Т.Нямаагийн нэр дээр шилжүүлсэн нь тогтоогдсон ба үүнийг мөн Ц.Үенчийн хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй болно.

     Нөгөө талаар, Ц.Хулан, Ц.Үенч нар өөрийн эцэг, эхээс ирээдүйд зарцуулахаар тус бүр 20.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг өнөөдрийн байдлаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

    Өөрөөр хэлбэл, хэдийгээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй нийт гишүүдэд адил байна” гэж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсаны дараа, ... нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж тус тус заасан боловч Ц.Хулан, Ц.Үенч нарын цаашид суралцахад гарах зардал, бие даан амьдрахад шаардагдах наад захын хэрэглээг хангахын тулд тус бүр 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тэдний эцэг, эхийн гэрлэлтийг цуцлах маргаантай хамтруулан шийдвэрлэх боломжгүй байна.

     Хэрэв бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь шаардлагатай гэж үзвэл ирээдүйд гарсан бодит зардлаа нотлох баримтаар баталгаажуулан нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргуулахаар тухайн үедээ шаардах эрхтэй болно.

     Иймд Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 129.8, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цог-Очироос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хөрөнгө буюу 36.500.000 төгрөгийг гаргуулж Т.Батхишигт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102.000.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Батхишигийн “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг Т.Батхишигийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

   Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Батхишигийн нэхэмжлэлийн шаардлагын 3.920.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас эд зүйл гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1.480.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Цог-Очир хүлэлгэн өгч биелүүлснийг баталж шийдвэрлэв.  

      Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.Хулан, Ц.Үенч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу тус бүр 20.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цог-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батхишигээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цог-Очирт олгох, хариуцагч Т.Батхишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.125.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Цог-Очироос 379.080 төгрөг гаргуулж хариуцагч Т.Батхишигт олгох, гуравдагч этгээд Ц.Хулан, Ц.Үенч нарын тус бүр төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

   Шүүх хуралдааны үеэр хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 83.100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 573.450 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот тогтоолоор тухайн тэмдэгтийн хураамжийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төрийн сангийн дансанд төлөхийг хариуцагчид даалгаж, хугацааг хойшлуулсан тул нийт 1.125.750 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн гэж тооцсон болно. 

    Иргэдийн төлөөлөгч С.Уранцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие С.Уранцэцэг нь Б.Цог-Очирын нэхэмжлэлтэй Т.Батхишигт холбогдох иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцож байна. Шүүх хурал 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшилсон боловч миний аав нас барсан тул би шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг явуулж өгнө үү” хүсэлт гаргасан ба талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хяан хэлэлцүүлэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Салдангууд овогтой Батцэрэнгийн Цог-Очир, Тайжууд овогтой Төвжаргалын Батхишиг нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Салдангууд овогтой Цог-Очирын Эрхэмбилэгийг эцэг Б.Цог-Очирын асрамжид үлдээсүгэй.

      3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 129.8, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цог-Очироос гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хөрөнгө буюу 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Т.Батхишигт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102.000.000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Батхишигийн “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг Т.Батхишигийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    6. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т заасныг баримтлан хариуцагч Т.Батхишигийн 3.920.000 /гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хувцас эд зүйл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нэхэмжлэгч Б.Цог-Очир хүлээлгэж өгч, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлснийг баталсугай.

      7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Хулан, Ц.Үенч нарын гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу тус бүр 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

     8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цог-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батхишигээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цог-Очирт олгох, хариуцагч Т.Батхишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.125.750 /нэг сая нэг зуун хорин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Цог-Очироос 379.080 /гурван зуун далан есөн мянга ная/ төгрөг гаргуулж хариуцагч Т.Батхишигт олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Хулан, Ц.Үенч нарын тус бүр төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

     10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.БОЛОР

                                                   ШҮҮГЧИД                                    Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ