Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 53

 

        Б.Өад холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж,  шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                      С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 219 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Өад холбогдох 1912002390034 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 505-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнгэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.Ө

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Оюутны байрын агуулах, гаражаас шалны хулдаас 6 боодол, цахилгааны утас 30 боодол, 1 боодол нь 200 метр, хана руу шүршдэг компрессор 1 ширхэг, цахилгаан хөрөө, монтажны гэрэл, унтраалга нийлээд 300 ширхэг, таслагч 3 ширхэг, өрөм 3 ширхэг, 380 вольтын кабелын утас 300 метр, агааржуулалтын сэнс 9 ширхэг, мөн байшингийн дээвэр дээр хийдэг агааржуулалтын сэнс 12 ширхэг, тоолуур 10 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч П.Ад 10.001.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Өад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 219 дугаартай цагаатгах тогтоолоор:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн 1912002390034 дугаартай хэргийг прокурорт буцааж, Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй оюутны байрны агуулах, гаражаас эд зүйл хулгайлж, П.Ад 10.001.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Өыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Гэтэл тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өад холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд: ... Шүүгдэгч өөрийн хашаанд байсан эвдэрсэн машины цахилгаан утсыг хогийн цэг дээр авч очиж шатаасан гэх бөгөөд энэ байдлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тодруулаагүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд Б.Өыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх боловч гэрч Э.Т, Б.О нарын мэдүүлэгт 2018 оны 10 дугаар сард болсон үйл баримтын талаар  мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгүүд Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан шүүгдэгчийг цагаатгаж, Б.Өыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1912002390034 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өыг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүх шийтгэх тогтоолд хэрэгт зайлшгүй шалгаж тогтоовол зохих зарим асуудлыг буюу шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан өөрийнхөө хашаанд байсан эвдэрсэн автомашины цахилгаан утсыг хогийн цэг дээр аваачиж шатаасан гэх асуудал, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны зөрүүтэй асуудал зэргийг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж дүгнэсэн атлаа Б.Өад холбогдох хэргийг шууд хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн мөрдөн байцаалтад гэрч Э.Т нь “...Б.Ө гэрийнхээ араас стандарт шуудайтай оёдолтой кабелийн утас гаргаж ирээд миний машинд хийсэн. Тэр утас бол их үнэтэй утас байгаа ... гэрийнх нь хажууд байх гаражнаас гаргаж ирсэн. ... 30-40 кг байсан байх ...” гэж мэдүүлсэн байгаад шүүх бодит дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолж тогтоогоогүй байна гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалгүйгээр харин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй шийдвэр болох байсан гэж дүгнэхээр байна. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 219 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 219 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Өыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Оюутны байрын агуулах, гаражаас шалны хулдаас 6 боодол, цахилгааны утас 30 боодол, 1 боодол нь 200 метр, хана руу шүршдэг компрессор 1 ширхэг, цахилгаан хөрөө, монтажны гэрэл, унтраалга нийлээд 300 ширхэг, таслагч 3 ширхэг, өрөм 3 ширхэг, 380 вольтын кабелын утас 300 метр, агааржуулалтын сэнс 9 ширхэг, мөн байшингийн дээвэр дээр хийдэг агааржуулалтын сэнс 12 ширхэг, тоолуур 10 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч П.Ад 10.001.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан шүүгдэгчийг цагаатгаж, Б.Өыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1912002390034 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 219 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 Прокурор...Шүүх шийтгэх тогтоолд хэрэгт зайлшгүй шалгаж тогтоовол зохих зарим асуудлыг буюу шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан өөрийнхөө хашаанд байсан эвдэрсэн автомашины цахилгаан утсыг хогийн цэг дээр аваачиж шатаасан гэх асуудал, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны зөрүүтэй асуудал зэргийг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж дүгнэсэн атлаа Б.Өад холбогдох хэргийг шууд хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн мөрдөн байцаалтад гэрч Э.Т нь “...Б.Ө гэрийнхээ араас стандарт шуудайтай оёдолтой кабелийн утас гаргаж ирээд миний машинд хийсэн. Тэр утас бол их үнэтэй утас байгаа ... гэрийнх нь хажууд байх гаражнаас гаргаж ирсэн. ... 30-40 кг байсан байх ...” гэж мэдүүлсэн байгаад шүүх бодит дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолж тогтоогоогүй байна гэж үзсэн тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалгүйгээр харин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй шийдвэр болох байсан гэж дүгнэхээр байна... гэж эсэргүүцэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.21 дэх хэсэгт...прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрхтэй гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт...прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ...гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.Ө тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх түүний гэмт хэрэг үйлдсэнийг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй, хэрэгт гэмт хэрэг үйлдсэн байж болох талаар баримт байхгүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж заавал нотлохыг шаардах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл прокурор хяналт тавих эрхээ эдлээгүй, шүүхийн өмнө гэм бурууг нотолж чадахгүй байхад шүүх түүний эрх, үүргийг өмнөөс нь хэрэгжүүлэх боломжгүй байна.  

 Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                  

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 219 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Т.Д

                ШҮҮГЧИД                        Д.Б

                                                         В.Ц