Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/219

 

 

 

                                   2020/ШЦТ/219

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

            Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э 

            Шүүгдэгч: Б.Ө

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын Өад холбогдох 1912002390034 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, ...................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнгэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Бын Ө/РД:ТБ.................../

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Оюутны байрын агуулах, гаршаас шалны хулдаас 6 боодол, цахилгааны утас 30 боодол, 1 боодол нь 200 метр, хана руу шүршдэг компрессор 1 ширхэг, цахилгаан хөрөө, монтажны гэрэл, унтраалга нийлээд 300 ширхэг, таслагч 3 ширхэг, өрөм 3 ширхэг, 380 вольтын кабелын утас 300 метр, агааржуулалтын сэнс 9 ширхэг, мөн байшингийн дээвэр дээр хийдэг агааржуулалтын сэнс 12 ширхэг, тоолуур 10 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч П.Ад 10.001.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 1912002390034 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч П.Аий өгсөн:

“...Би 2016 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг оюутны байр барьж эхэлсэн. Манай барилга баригдаж дуусаагүй байгаа. 2018 оны 11 дүгээр сард барилгын доод гараашаа цоожилж Улаанбаатар хотод гэртээ байж байгаад 2019 оны 04 сарын 15-ны өдөр Архангай аймагт ирсэн чинь манай барилгын гараашны жижиг цонхны хамгаалалтын төмрийн гагнаас нь салсан байсан. Тэгэхээр нь түлхсэн чинь дотор тал руугаа ойчихоор нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд гараашныхаа хаалгыг нь онгойлгоод орсон чинь барилгын материал болох шалны хулдаас 6 боодол, цахилгааны утас 30 боодол, нэг боодол нь 200 метр, хана руу шүршдэг компрессор 1 ширхэг, цахилгаан хөрөө, монтажны гэрэл унтраалга нийт 300 ширхэг, таслагч 3 ширхэг, өрөм 3 ширхэг, 300 метр 380 вольтын кабелын утас, агааржуулалтын сэнс 9 ширхэг, мөн байшингийн дээвэр дээр хийдэг агааржуулалтын сэнс 12 ширхэг, тоолуур 10 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би Улаанбаатар хот явахдаа надтай хамт ажиллаж байсан Б.Ө гэх залууд барилга эд зүйлсээ хүлээлгэж өгөөд явсан би явахдаа бүх түлхүүрээ өөрөө аваад явсан. Одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Би Б.Ө гэх хүнийг ажиллуулж байсан манай даамал байгаа юм. Б.Ө өөрөө ажиллах хүнээ олж ирдэг. Би Архангай аймгийн хүмүүсийг ажиллуулж байсан. Манай даамал Б.Ө өөрөө сайн мэдэж байгаа, ажилчдын нэрс нь байгаа, би өөрөө цалинг нь олгодог. Би барилгын материалаа Хятадаас авч байсан, данс тооцоогоо харж байж үнэлгээ хэлнэ. Би ажиллаж байгаа хүмүүстэйгээ гэрээ байгуулж ажилласан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/,

 

*Гэрч Э.Тын өгсөн:

“...2018 оны 10-р сарын дунд үеэр санагдаж байна би нэг өдөр Б.Өынд очиж ганц нэг шил архи уусан.  Тэгээд явах болж би машиндаа суугаад байж байтал Б.Ө хоёулаа хогийн цэг орох хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь юм шатаах хэрэг байна гээд гэрийнхээ араас нэг шуудайтай зүйл авч миний машинд хийсэн тэр шуудайтай зүйл цэнхэр өнгийн кабелийн утас байсан. Тэгээд тэр утсыг аваад бид хоёр хогийн цэг орж шатааж дотроос нь цэс гаргаж нөгөө цэсээ аймгийн төвд цэс гууль авдаг хүнд ирж зарсан. Тухайн үед яг хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна. Б.Ө мэдэж байгаа, ямар ч байсан 147.000 төгрөг болсон гэж байсан. Тэгээд миний машинд 15.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Тэгээд би Өлзийт сум руу явсан, явах замдаа Батцэнгэл сумаар дайрч А гэх хүний машиныг нь асааж өгсөн аймгаас гарахад Б.Ө Батцэнгэл сумаар дайрч Аий машиныг нь асааж өг гэсэн. Тухайн үед Б.Ө гэрийнхээ араас стандарт шуудайтай оёдолтойгоо кабелийн утас гаргаж ирээд миний машинд хийсэн тэр утас бол их үнэтэй утас байгаа, тухайн үед гэрийнх нь хажууд байх гараашнаас гаргаж ирсэн намайг хашааны гадаа байхад гараашны хаалга дугарч байсан, урд өдөр нь би Б.Өынд очиход тийм шуудайтай утас байгаагүй. Б.Ө эхнэртэйгээ хамт дамнаж гаргаж ирсэн ойролцоогоор 30-40 кг байсан байх. Б.Ө надаас тэр утсыг хаа нэг газраас авсан талаараа яриагүй, өмнө нь Б.Ө надад ярихдаа ах нь оюутны байр барьж байгаа том объект гэж ярьж байсан. Тэгсэн харин Б.Ө биш А гэх хүн тэр оюутны байрыг барьж байсан юм байна лээ. А гуай надад ярихдаа Б.Өыг би барилга дээрээ ажиллуулж байгаа гэж байсан. Тухайн үед Б.Ө, түүний эхнэр Сарангэрэл, бид 3 мөн хогийн хашааны манаач байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар  тал/,

 

*Гэрч П.Чийн өгсөн:

“...Би П.А гэх хүнийг танина, манай хажууд барилга барьж байсан, би тэдний барилга дээр нь 20 хоногийн хугацаанд ажилласан. Барилга барьж байсан болохоор П.А гуайд өрөм, гар дрилль таслагч зэрэг бусад багаж хэрэгсэл, материал байдаг байсан гэхдээ яг ямар ямар эд зүйлс байсныг тоочиж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/,

 

*Гэрч Ц.Оын өгсөн:

“...Б.Ө манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд. Би 2018 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хот тохижуулахад хогийн цэгт манаачаар ажиллаж байсан. Мөн манай эхнэр тэнд ажилладаг. Гэхдээ 2018 оны 10 сард эхнэр Б.Б Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан. 2018 оны 10 сард санагдаж байна, намайг хогийн цэг дээр байж байхад Б.Ө эхнэртэйгээ мөн нэг залуугийн хамт ирээд цахилгааны монтажны гэмээр утас гаргаж ирээд хог дээр шатаагаад авч явсан. Тухайн үед Б.Ө хөдөө явах гээд бензиний мөнгө хэрэг болоод байна гэж байсан. Өөр ямар нэг зүйл авч ирж шатаагаагүй. Намайг ажиллаж байхад нэг удаа ирээд явсан. Би одоо санахгүй байна, ямар ч байсан цахилгааны гэмээр утас байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

*Гэрч Б.Бын өгсөн:

“...Би 2015 оны 11-р сараас хойш Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хот тохижуулахад хогийн цэг дээр манаачаар ажиллаж байгаа. 2018 оны 10-р сард би цөсний хагалгаанд орохоор Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. 2018 оны 09-р сард санагдаж байна намайг Улаанбаатар хот явахаас өмнө хогийн цэг дээр ажил дээрээ байхад Б.Ө эхнэртэйгээ хамт ирээд дүү нь Батцэнгэл сум руу явах гэсэн юм бензиний мөнгө өгөөч гэхээр нь би хог дээрээс түүсэн байсан цэс утсаа шатааж өгөөд үүнийг мөнгө болго гэсэн. Тэр ойролцоогоор 3 кг орчим болсон түүнээс хойш Б.Ө дахин ирээгүй. Б.Ө намайг ажиллаж байхад ямар нэг зүйл авч ирээгүй эмчилгээнд явсан хойгуур ирсэн эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Өын өгсөн:

“...Би 2014 онд П.А Архангай аймагт Оюутны байр барина гээд би тэр барилгыг нь барьж өгөхөөр болж мөн тэр барилга барьж байгаа хүмүүст хоол унд хийж өгөх байр сав олдохгүй байсан тул би барилгын хашаан дотор өөрийн гэрээ барьсан. Манай эхнэр Сарангэрэл барилгын ажилчдад хоол ундыг нь хийж өгөхөөр болсон. Тэрнээс хойш барилгын хашаан дотор өөрийн гэрээ барьж одоог хүртэл амьдарч байгаа. Барилгын ажил 2017 оны намар зогсож би тэрнээс хойш өөрөө хувиараа барилга дээр ажиллаж байгаа. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 10-дын үеэр П.А Улаанбаатар хотоос ирсэн, манай гараашинд хулгай орсон байна. Чи яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би Чулуут сумаас мотоцикл унаад ирсэн. Тэр үед би Архангай аймгийн Чулуут суманд барилгын ажил хийж байсан. Архангай ирээд барилгын гараашийг харсан чинь хойд талд нь байдаг гараашны жижиг цонхны хамгаалалтыг тастаж дотроос нь барилгын материал алга болсон байсан. Гараашны хаалгыг онгойлгох гэсэн чинь П.А түлхүүрээ Улаанбаатар хотод үлдээсэн байна гэсэн. Тэгээд бид хоёр тухайн гараашны цоожийг тастагчаар тастаж гарааш дотор орсон.Тэр үед цагдаад дуудлага өгсөн байсан учир цагдаагийн байгууллага ирсэн байсан. Цагдаа нарын хамт гарааш орж алга болсон эд зүйлсийг бүртгэсэн. Би бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийгээгүй. П.А өөрөө чи миний барьж байгаа барилгын хашаан дотор гэрээ барьчих мөн барилгын ажилчдын хоолыг танай гэрт хийе гэж гуйхаар нь барилгын хашаан дотор буусан. Намайг П.А барилгыг манаж харж байгаарай гэж хашаан дотроо манай гэрийг буулгасан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаар хоорондоо тохиролцсон. Надад барилгын доторх эд зүйлсийг харж байгаарай гэж хэлээгүй. Харин гаднаас нь харж байгаарай гэж хэлж байсан. Түүнээс итгэмжлэн хариуцах хүн би биш. Би манай гэрийн хажуу талд байгаа цагаан өнгийн хуучин ашиглахгүй болчихсон машины монтаж утсыг салгаж авч хогийн цэг дээр очиж шатааж цэс утсыг нь гарган авч цэс худалдан авах газар өгсөн. Хэзээ алга болсон талаар би мэдэхгүй. Тухайн үед барилгын материал гараашинд зөөж хамт хийсэн болохоор ямар барилгын материал байсныг мэдэж байгаа...’’гэх мэдүүлэг/хх-ийн 54-60   дугаар тал/

*Мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 243 дугаартай:

“...Хулгайд алдагдсан эд зүйлсийн үнэлгээг 2019 оны 04 дүгээр сарын байдлаар шинэ тоолуур 10 ширхэг 450.000 төгрөг, 380 вольтын кабелын утас 300 метр 2.400.000 төгрөг, шинэ шалны хулдаас 6 боодол 54.000 төгрөг, 200 метрийн 30 боодол утас 5.400.000 төгрөг, шинэ шүршдэг компрессор 1 ширхэг 200.000 төгрөг, шинэ цахилгаан хөрөө 1 ширхэг 150.000 төгрөг, шинэ монтажны гэрэл 150 ширхэг 375.000 төгрөг, шинэ гэрлийн унтраалга 150 ширхэг 450.000 төгрөг, шинэ таслагч 3 ширхэг 360.000 төгрөг, шинэ өрөм 3 ширхэг 15.000 төгрөг, шинэ агааржуулалтын сэнс 21 ширхэг 147 төгрөг, нийт 10.001.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 36 дугаар тал/

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 65 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Оюутны байрын агуулахаас эд зүйл алдагдсан үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ө үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Т  “...2018 оны 10-р сарын дунд үеэр санагдаж байна би нэг өдөр Б.Өынд очиж ганц нэг шил архи уусан.  Тэгээд явах болж би машиндаа суугаад байж байтал Б.Ө хоёулаа хогийн цэг орох хэрэг байна гэсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь юм шатаах хэрэг байна гээд гэрийнхээ араас нэг шуудайтай зүйл авч миний машинд хийсэн тэр шуудайтай зүйл цэнхэр өнгийн кабелийн утас байсан. Тэгээд тэр утсыг аваад бид хоёр хогийн цэг орж шатааж дотроос нь цэс гаргаж нөгөө цэсээ аймгийн төвд цэс гууль авдаг хүнд ирж зарсан. Тухайн үед яг хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна.....” гэж, гэрч Ц.Оын мэдүүлэгт “... 2018 оны 10 сард санагдаж байна, намайг хогийн цэг дээр байж байхад Б.Ө эхнэртэйгээ мөн нэг залуугийн хамт ирээд цахилгааны монтажны гэмээр утас гаргаж ирээд хог дээр шатаагаад авч явсан. Тухайн үед Б.Ө хөдөө явах гээд бензиний мөнгө хэрэг болоод байна гэж байсан. Өөр ямар нэг зүйл авч ирж шатаагаагүй. Намайг ажиллаж байхад нэг удаа ирээд явсан. Би одоо санахгүй байна, ямар ч байсан цахилгааны гэмээр утас байсан...” гэж тус тус мэдүүлсэн, харин шүүгдэгч өөрийн хашаанд байсан эвдэрсэн машины цахилгааны утсыг хогийн цэг дээр авч очиж шатаасан гэх бөгөөд энэ байдлыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тодруулаагүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд Б.Өыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр  сарын хооронд дээрх гэмт үйлдсэн гэх боловч гэрч Э.Т, Б.О нарын мэдүүлэгт 2018 оны 10 сард болсон үйл баримтын талаар мэдүүлсэн. Эдгээр мэдүүлгээр Б.Ө нь 2018 оны 11 сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Оюутны байрын агуулахаас шалны хулдаас 6 боодол, цахилгааны утас 30 боодол, 1 боодол нь 200 метр, хана руу шүршдэг компрессор 1 ширхэг, цахилгаан хөрөө, монтажны гэрэл, унтраалга нийлээд 300 ширхэг, таслагч 3 ширхэг, өрөм 3 ширхэг, 380 вольтын кабелын утас 300 метр, агааржуулалтын сэнс 9 ширхэг, мөн байшингийн дээвэр дээр хийдэг агааржуулалтын сэнс 12 ширхэг, тоолуур 10 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч дээрх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгасан тул Б.Өыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1912002390034 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

                         

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Бын Өад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн 1912002390034 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

5. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР