Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 32

 

Ч.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 812 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40-н мянгат гудамж, 21б байрны 30 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ68030839, Т ургийн овогтой Ч-ийн Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, Элит 45 орон сууцны 803 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ65051436, Харагчууд ургийн овогтой Чулууны Чэд холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр иргэний хэргийн шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж, хариуцагч Ч.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг даалгах тухай.

Нэхэмжлэгч Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглосон байхад Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Ч нь сонгуульд хууль бус аргаар ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахын тулд Увс аймаг дахь Увс телевизээр Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хыг сонгогчдод хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тарааж, бусдын саналыг худалдан авч байна гэсэн ор үндэсгүй гүтгэлэг тараасан нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус тогтоогдож, нотлогдсон.

Ингэж ор үндэслэлгүй, мэдээ мэдээлэл телевизээр цацсан түүний эхнэр, хүүхдүүдэд ч сэтгэл санааны дарамт учруулсан.

Иймд Ч.Х-ын нэр төрийг сэргээж, тухайн мэдээ мэдээллийг тараасан хэрэгсэл болох Увс аймаг дахь Увс телевизээр няцаалт хийхийг хариуцгагч Ч.Чэд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Ч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Увс аймгийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу нэр дэвшигч С.Отгонбаярын сонгуулийн штабаас бэлтгэж өгсөн 5 минутын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Намын байранд уншсан.

Тухайн үйлдэлдээ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 50 дугаар магадлалаар тус тус хариуцлагаа хүлээж, холбогдох мөнгөн торгуулийг төлсөн.

Иймээс нэг асуудалд 2 удаа хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Тухайн үед Ч.Х нь сонгуульд нэр дэвшигч байсан бөгөөд нэр дэвшигчийнх нь хувьд мөнгө тараасан гэдэг агуулгатай мэдээллийг хийсэн, түүнээс Ч.Х гэдэг хүнийх нь хувьд гүтгэлгийн шинж чанартай тараасан зүйл байхгүй.

Би ардчилсан намаас бэлтгэж өгсөн мэдээллийг сонгуулийн менежерийн хувьд уншсан. Ийм мэдэгдэл хийснээр иргэн Ч.Х-ын нэр төрд яаж халдсан, үүний улмаас ямар хор, хохирол учирсан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 812 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х-ын нэр төрийг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Чэд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-т олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Ч.Ч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

...Энэхүү маргаан нь Улсын Дээд шүүхээс өмнө нь хянагдаад анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус хүчингүй болгосон байдаг.

Гэтэл уг асуудлыг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 812 дугаар шийдвэрээр өмнө гаргасан шийдвэрээ дахин давтсан шийдвэр гаргасанд гомдолтой байна

...Дээд шатны шүүх тодорхой асуудлыг тодруулахыг шаардсаар байхад үл тоомсорлон “дараагийн шатны шүүхээр асуудлаа шиидвэрлүүлнэ биз" гэсэн өнгө аястай хайнга хандаж шүүгч хүний гаргаж болохгүй иргэн, албан тушаалтыг зэрэг зиндаагаар ялгаварласан үйлдэл гарган шийдвэрлэсэнд маш ихээр гомдож байна.

...Харин хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч мэтгэлцээнд шударга үнэлгээ өгч хариуцагч "гэм буруугуй" гэж дүгнэсэн нь энэ шийдвэр хэр үнэн болохыг харуулж байна.

Дээрх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 812 дугаар шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй буруу, зөрчилтэй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 17-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж ...Ч.Ч нь нэр дэвшигч Ч.Х-ыг бусдын саналыг худалдан авч байна” гэсэн ор үндэсгүй гүтгэлгийг Увс аймаг дахь “Увс” телевизээр тараасан тул Ч.Хын нэр төрийг сэргээж, Увс аймаг дахь “Увс” телевизээр, мөн өөрийн facebook хаягнаас бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт няцаалт хийлгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн  Ч.Хын нэр төрийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл буюу Увс телевизээр няцаалт хийхийг даалгах тухай  шаардлага болгон өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Ч.Х нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Л.Пүрэвдоржид олгосон 392 дугаартай итгэмжлэлдээ Л.Пүрэвдоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Л.Пүрэвдоржид шүүхэд хандан нэхэмжлэл гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан бүх эрх, үүргийг эдлэж, шүүхийн бүх шатанд намайг төлөөлж оролцох эрхийг олгож байна  гэх агуулгатай итгэмжлэлийг шинээр ирүүлсэн байна.

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл мөн бөгөөд тэрээр эдийн бус баялгийн эрхээ зөрчигдсөн гэж үзэж, шүүхэд хандахаар бусдад эрхээ шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Ч.Ч нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Увс телевизээр  “Улсын их хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х сонгогчдын саналыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан” гэж бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тарааж гүтгэсэн нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Ч.Ч нь Ч.Хыг гүтгэж, хуурамч мэдээ, мэдээлэл тараасан гэх үйл баримт нь тогтоогдож, зөрчил гаргасан этгээдийн хувьд хариуцлага хүлээсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Ч.Х нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасны дагуу нэр төрөө сэргээлгэх, мэдээ тараагдсан хэлбэрээр няцаалт хийлгэхийг шаардах эрхтэй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотолсон хуулийн шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн CD  болон DVD-ийг Увс телевизээс гаргаж өгсөн, уг телевизээс авсан  талаар талууд маргаангүй байна.

Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний улсын  тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН