Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01129

 
 

   2018           07             05

           001/ХТ2018/01129

                                                                                                           

Ч.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэр,

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,                

            Ч.Х-ын нэхэмжлэлтэй,

            Ч.Ч-эд холбогдох

    Нэр төр сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хариуцагч Ч.Ч-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 06 сарын 29-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглосон байхад Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Ч- нь сонгуульд хууль бус аргаар ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахын тулд Увс аймаг дахь Увс телевизээр Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х-ыг сонгогчдод хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тарааж, бусдын саналыг худалдан авч байна гэсэн ор үндэсгүй гүтгэлэг тараасан нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус тогтоогдож, нотлогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Х-ын нэр төрийг сэргээж, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн fасеЬоок хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Ч.Ч-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Увс аймгийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу нэр дэвшигч С.Отгонбаярын сонгуулийн штабаас бэлтгэж өгсөн 5 минутын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Увс телевизээр уншсан. Тухайн үйлдэлдээ Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 43 тоот шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 50 тоот магадлалаар тус тус хариуцлагаа хүлээж, холбогдох мөнгөн торгуулийг төлсөн. Иймд нэг асуудалд 2 удаа хариуцлага хүлээх үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, тухайн үед Ч.Х- нь сонгуульд нэр дэвшигч байсан бөгөөд нэр дэвшигчийнх нь хувьд мөнгө тараасан гэдэг агуулгатай мэдээллийг хийсэн, түүнээс биш иргэн Ч.Х-, эсхүл Улсын Их Хурлын гишүүн Ч.Х- гэдэг хүнийх нь хувьд гүтгэлгийн шинж чанартай зүйл тараасан зүйл байхгүй. Гуравдугаарт, би ийм мэдэгдэл хийснээр иргэн Ч.Х-ын нэр төрд яаж халдсан, үүний улмаас ямар хор, хохирол учирсан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй гэжээ.         

               Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х-ын нэр төрийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Ч-эд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-т олгож шийдвэрлэжээ.

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.            

           Хариуцагч Ч.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 849 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн нөхцөл байдлын талаар: 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үед Увс аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн менежерээр Ч.Ч- би ажиллаж байсан бөгөөд санал авах өдрийн 16 цагийн үед Ардчилсан намын сонгуулийн штаб хуралдан УИХ-ын 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х-ын сонгуулийн штабын ажилтнууд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлэлцээд Увс ТВ-ээр сэрэмжлүүлэг мэдээ явуулахыг менежер Ч.Ч-эд даалгасан байдаг. Намын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэр дэвшигч С.Отгонбаярын штабын хуульчдын багаас бэлдэж өгсөн мэдээллийг “Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Ч-” гэсэн тодотголтойгоор Увс ТВ-ийн 17 цагийн мэдээгээр гаргасан байна. УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны дараа Ч.Х- нь нэр төрд халдсан гэж гомдол гаргасны дагуу цагдаа мэдээллийг шалгаж шүүхэд шилжүүлснийг шүүх надад мэдэгдэлгүй шүүх хурал хийж торгох шийтгэл хүлээлгэсэн. Торгох шийтгэл хүлээлгэсэн шүүгч Б.Гансүхийн 43 тоот шийтгэвэр нь шүүгчийн ёс зүй зөрчсөн шийдвэр болохыг УДШ-ийн ЗХ-ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 517 тоот тогтоолоор тогтоосон болно. Ийм алдаатай шийдвэрийг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Х- нь 2016 оны сонгуулиас хойш эрүү, иргэний шүүхүүдэд удаа дараа гомдол гаргаж байгаа нь өөрийн улс төрийн өрсөлдөгчийг намнах, өшөө авах зорилгодоо шүүхийг ашиглах гэсэн башир арга гэж үзэж байна.

Хууль зөрчсөн талаар: Ч.Х- нь сонгуулийн хуулиар гүтгэсэн нь тогтоогдсон тул сонгуульд зарцуулах бүх хөрөнгө болох 102 сая төгрөгийг Ч.Ч-ээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан боловч УДШ-ээс энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дахин нэр төр сэргээх нэхэмжлэл гаргаж байна. Энэ нь нэг удаа болж өнгөрсөн үйл явдлыг нэг удаа авч хэлэлцээд гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин маргаан үүсгэхгүй гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, анх сонгуульд зарцуулсан хөрөнгөө нэхэмжилж байхдаа нэр төр сэргээлгэх, няцаалт хийлгэх талаарх нэхэмжлэлийг хамт гаргаагүй бөгөөд гэм хорыг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн байсан. Нэгэнт гэм хор арилгах талаар гаргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин гэм хорын талаар нэхэмжлэл гаргах боломжгүй юм. Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж нь анх нэхэмжлэл гаргах үедээ Ч.Х-аас хуулийн шаардлага хангасан итгэмжлэл аваагүй байж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн нь шүүгчийн ноцтой алдаа болсон. Л.Пүрэвдорж нь өөрөө шүүх хурал дээр энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байхад шүүх “сүүлд итгэмжлэлийг хуульд нийцүүлсэн байдлаар ирүүлсэн тул” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд хэрэг үүсгэж хийсэн шүүгчийн ажиллагаа бүхэлдээ хүчин төгөлдөр биш юм. Хэрэв Ч.Х-т гэм хор учирсан буюу нэр төрд нь хохирол учирсан гэж үзвэл энэ хариуцлагыг ганцхан Ч.Ч- би хүлээх учиргүй яагаад вэ гэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасны дагуу даалгавар өгч мэдээлэл хийлгэсэн Ардчилсан нам мөн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл энэ хариуцлагыг Ч.Ч-эд хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Х-т учирсан гэм хор буюу нэр төрийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага буюу өөрийн хүсэл зоригийг зөв илэрхийлэх ёстой. Нэр төрд халдсан уу, ажил хэргийн алдар хүндэд халдсан уу гэдгийг тодорхойлсон байх учиртай. Үүнээс үүдэн иргэн Ч.Х-аас уучлал гуйх уу, нэр дэвшигчээс уучлал гуйх уу, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаас уучлал гуйх уу гэдэг нь өөр өөр асуудал юм. Гэтэл эдгээр зүйлийг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэж байгаад харамсаж байна. Иймд анхан шатны шүүхийн 849 тоот шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 04 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

        Нэхэмжлэгч Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж “...Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Ч- нь нэр дэвшигч Ч.Х-ыг бусдын саналыг худалдан авч байна гэсэн ор үндэсгүй гүтгэлэг тараасан нь шүүхээр нотлогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Х-ын нэр төрийг сэргээж, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн fасеЬоок хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

         Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...аймгийн намын хурлын шийдвэрийн дагуу сонгуулийн штабаас бэлтгэж өгсөн 5 минутын мэдээлэл, сэрэмжлүүлгийг уншсан, энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж, торгууль төлсөн, ийм мэдэгдэл хийснээр иргэн Ч.Х-ын нэр төрд яаж халдсан, үүний улмаас ямар хор, хохирол учирсан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй гэж маргажээ.

          Зохигчдын хооронд үүссэн эдийн бус баялгийн эрхтэй холбоотой маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ч.Х-ын нэр төрийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Ч-эд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэн хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

           Нэхэмжлэгч Ч.Х- нь 2017 оны 08 сарын 22-ны өдөр иргэн Л.Пүрэвдоржид олгосон 329 дугаартай итгэмжлэлд “...миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатайгаар гүтгэсэн Чулууны Чимэдээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, тараасан гүтгэлгээ няцаахыг даалгах, гүтгэлэг тараасны улмаас надад учирсан хохирлыг нэхэмжлэх иргэний хэрэгт шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ...бүх ажиллагаанд намайг төлөөлж оролцох эрхийг ...Лувсандагвын Пүрэвдоржид итгэмжлэн олгож байна” гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 сарын 07-ны өдөр 395 дугаартай итгэмжлэлийг шүүхэд шинээр ирүүлсэн ба энэ нь өмнөх итгэмжлэлтэй ижил агуулгатай байна. /хх-2,60/

          Дээрх итгэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Х- нь шүүхээр өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, Ч.Ч-ийг тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах, гүтгэлэг тараасны улмаас надад учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах  хүсэл зоригоо илэрхийлсэн байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Х-ын нэр төрийг сэргээж, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн fасеЬоок хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, зохигчдын хооронд энэ шаардлагын хэмжээнд мэтгэлцээн явагджээ.

         Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцэл мөн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тайлбарлах ёстой, тэрээр эдийн бус баялгийн эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандахаар бусдад эрхээ шилжүүлсэн байна.

            Иргэний эрх зүйн зохицуулах зүйлийн нэг онцлог обьект бол эдийн бус баялгийн харилцаа байдаг бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд эдийн бус баялгийн эрхэд хамаарах обьектуудыг тус тусад нь нэрлэн заасан ба эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй этгээд нь өөрийн нэр эсхүл нэр төрөө, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд алиныг нь хамгаалуулахаа өөрөө тодорхойлох нь хууль зүйн хувьд боломжтой.

         Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй байхад анхан шатны шүүх шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр Ч.Х-ын зөвхөн нэр төрийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Ч-эд даалгаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг зөрчсөн, шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 36 дугаар зүйлийн 36.1-д нийцээгүй гэж үзнэ.

           Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн компакт дискийн 2 минут 44 секундын бичлэгийг шинжлэн судалсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд байх боловч хариуцагч уг бичлэгийг бүрэн эхээрээ биш гэсэн тайлбар гаргажээ. /хх-118,120/

           Хэргийн хавтсанд хөх өнгийн компакт диск үдэгдэн ирсэн боловч Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 52 тоот хэргийг хянуулахаар хүргүүлсэн албан бичигт “Хэрэг хавтсаар 1, хуудсаар 163 болно” гэсэн байна. Түүнчлэн дээрх компакт дискэнд бичигдсэн бичлэгийг Увс аймгийн телевизээс хуулбарлан авсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

          Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйгээс энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Увс аймгийн телевиз, эсхүл сонгуулийн сурталчилгаа хийж байсан Ардчилсан нам, тус намын менежер Ч.Ч- нарын аль нь болохыг тодорхойлох боломжгүй юм.

         Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Ч-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН