Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 55

 

Э.Ж-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж,  шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                      Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Жт холбогдох 2012000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Ж

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт Хужиртын ам гэх газраас хохирогч С.Хгийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Э.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Э.Ж-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Хгийн нэхэмжлэлээс 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Э.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Жын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Э.Жын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 тоот шийтгэх тогтоолоор  Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газар  оршин суух Э.Ж намайг бусдын олон тооны мал хулгайлсан гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хөлөө хугалаад 2020 оны 03-04 дүгээр саруудад байнга гэртээ байсан. Энэ С.Хгийн мал хулгайд алдагдсан гэх хугацаанд би гэрээсээ хол юманд ерөөсөө яваагүй. Надад бусдын мал хулгай хийх санаа, зорилго байгаагүй. Би өөрийн малын захад ирсэн 2 адууг тамгалж, адуулан маллаж байсан нь үнэн болохоос биш, хулгай хийж авчраад адуулаад байсан зүйл биш юм. Хулгай хийгээгүй учраас хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. С.Хгийн 2020 оны 04 дүгээр сараас өмнө одоо намайг алдсан гээд шалгуулаад байгаа гүүгээ алдчихлаа гээд эрж хайж явсан. Энэ тухай н.Лхагва-Очир гэдэг хүн хэлж байна. Тэр гүүгээ хайгаад явж байхад нь үхсэн байсныг хараад очиж үзэхийг санал болгосон. Тэрнээс хойш гүүгээ сураагүй бөгөөд чимээгүй болсон гэсэн талаар шалгуулахаар хүсэлт өгөхөд шалгаагүй. Энэ нь хэргийн үнэн зөвийг олохыг хичээхгүй байна гэж үзэж байна. Миний хувьд хулгайн хэрэг огт хийгээгүй учраас хэргийн байдлыг үнэн зөвөөр нь шалгуулмаар байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газар оршин суух Э.Ж-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх  хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих  шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэр Хужиртын ам гэх газраас хохирогч С.Хгийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Гэм хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, мөн үүнийг хэн үйлдсэн, Э.Жын хулгайн гэмт хэрэг хийх сэдэл, зорилго байсан уу, үүнийг ямар нотлох баримтаар яаж тогтоосныг шүүх үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон С.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  малаа алдсан байж болох ч түүнийг Э.Ж ямар унаагаар /машин, мотоцикл, морь, явган/ яаж авсан, түүнийг яаж нотолсон, гэрчүүдийн мэдүүлгээс харахад Э.Ж, С.Х хоёрын хоорондох зай 30 орчим км байна. Үүнээс харахад ямар нэгэн унаа хөсөг хэрэглэх ёстой. Хэрвээ Э.Ж хулгайлсан бол ямар унаагаар, яаж хулгайлсан юм бэ гэдгийг хүртэл шалгах ёстой. Өөр хэн нэгэн этгээд хулгайлаад замын ая даахгүй орхигдсон байхыг үгүйсгэхгүй  нөхцөл байдал байна. Тухайн үед Э.Ж хөлөө хугалаад суга таягтай гэрээс холдож чадахгүй нөхцөлтэй байсан байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших Э.Жын маршрутыг шалгаагүй. Шүүх Э.Жын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хохирогч С.Хгийн мэдүүлгүүд, н.Б-ын мэдүүлэг, С.И-ийн мэдүүлэг, н.Г-ын мэдүүлэг, н.Г-ийн мэдүүлэг  болон н.Г-ын эх сурвалжийг баталсан малын хашааны фото зураг, хоёр адууны зураг зэрэг зүйлсээр няцаагдаж байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Эдгээр мэдүүлэгт хохирогч малаа алдсан, малыг тамгалсан, малын хашаанд хашсан байсан зэрэг үйл явдлуудыг  л нотолсон мэдүүлгүүд байдаг бөгөөд үүнд Э.Ж хулгай хийснийг нотолсон мэдүүлэг байхгүй. Э.Ж хулгай хийж ирээд түүнийг хашаанд хашсан гэсэн мэдүүлэг байдаггүйг анхаарах хэрэгтэй байна. Э.Жын адууны хажууд хоёр адуу нийлсэн байсныг Э.Жынх хуучин тамган дээр нь тамгалж, маллаж байсан нь үнэн бөгөөд бодит нөхцөлтэй маргахгүй. Хоёр адууг тамгалаад маллаж байсан нь түүнийг хулгай хийж ирснийг нотлохгүй. Э.Жын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй байдлаар нотолсон нотолгоо хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй. Хэрвээ хангагдсан, хангалттай шалгасан гэж үзэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Э.Жыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хуулийн зүйл, заалт нь түүний үйлдэлтэй тохирсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч С.Хгийн мэдүүлгээр 3 тооны адуугаа хулгайд алдсан гэсэн үйл явдал нь тогтоогдож байгаа хэдий ч гэсэн түүний адууг Э.Ж авсан гэдэг нь тогтоогдохгүй байна. С.Хгийн адуугаа алдсан үйл явдалтай хэн ч маргаагүй. Гэрчүүд мөн С.Хг адуугаа хайгаад явж байсан гэдгийг гэрчилж байдаг. Э.Жыг С.Хгийн адууг хулгай хийсэн гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй байна. Харин Э.Жыг алдуул малыг өөрийнхөө эзэмшилд авах гэж байсныг үгүйсгэхгүй. Э.Жыг хулгай хийсэн малаа авах гээд байна уу, эсхүл алдуул малыг авах гээд байна уу гэдэг хоёр асуудлын ялгааг тогтоогоогүй. Тийм учраас Э.Жыг хулгай хийсэн гэж үзэх боломжгүй юм. Э.Ж гэр бүл зохиогоод ах, дүү нараасаа ирсэн малд нэг азарга тавиад тэдгээр малыг ижилсүүлэх гэж хашаанд хашиж байсан үйл явдал байдаг. Үүнийг нарийн шалгаж тогтоогоогүй. Мөн хулгай хийсэн гэх гурван малыг хашаад байсныг нотолсон зүйл байхгүй. Харин Э.Жын гадна хоёр тооны мал байсан. Мөн нэг мал нь хээр үхсэн байсныг холбогдох хүмүүс нь үзэж харсан байдаг. Энэ талаарх хүсэлтийг миний зүгээс прокурорын байгууллагад гаргаж өгсөн боловч түүнийг шалгаагүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгах шинж чанарыг алдагдуулсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Э.Жт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Тэгэхээр Э.Ж нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, өнөөдрийн шүүх хуралдааны танхимаас суллуулах саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт Хужиртын ам гэх газраас хохирогч С.Хгийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Э.Жын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг 2  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч... Э.Жыг хулгай хийсэн малаа авах гээд байна уу, эсхүл алдуул малыг авах гээд байна уу гэдэг хоёр асуудлын ялгааг тогтоогоогүй. Тийм учраас Э.Жыг хулгай хийсэн гэж үзэх боломжгүй юм. Өмгөөлөгчийн зүгээс Э.Жт холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Тэгэхээр Э.Ж нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, өнөөдрийн шүүх хуралдааны танхимаас суллуулах саналтай байна гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Жын   үйлдэл нотлогдсон, алдуул мал болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг тул Э.Жын бусдын эд хөрөнгийг хулгайлж буй үйлдлийг хэн нэгнээр гэрчлүүлэхийг шаардах боломжгүй юм.

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Э.Ж нь 60 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                  

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жын цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Т.Д

                 ШҮҮГЧИД                    Д.Б

                                                     В.Ц