Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2022/01244

 

 

 

 

 

 

 

 

 

    2022              04           19                                              184/ШШ2022/01244

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: П.Г

Нэхэмжлэгч:Б  НҮТББ  нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Гуравдагч этгээд: Э.Д

 

Гуравдагч этгээд: “Г” ХХК

 

Дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,  2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч “Б” НҮТББ-ын төлөөлөгч П.Гангэрэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин, гуравдагч этгээд Э.Д, гуравдагч этгээд "Г" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: П.Г миний биед холбогдох иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр шүүн хэлэлцээд 323 дугаар захирамжаар “Т” ХХК, “Б” НҮТББ, П.Г, П.Гангэрэл нараас 422,075,980 төгрөг гаргуулж Гинд олгож шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Дээрх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг Ганбат миний биед мэдэгдэж байсан боловч хоёр дахь дуудлага худалдаа явуулахдаа хариуцагч миний саналыг авалгүйгээр өнгөрсөн 2019 оны тухайлбал 2 жилийн өмнөх “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгээс 50 хувиар доош бодож худалдан борлуулсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Энэ нь дээрх дуудлага худалдааг явуулахад нь 2 жилийн өмнөх үнэлгээг миний бие үл зөвшөөрч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг зөрчиж дахин үнэлгээ гаргуулах хууль ёсны эрхийг мөн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох, эвлэрэн хэлэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулсан дуудлага худалдааны үнийг хариуцагч миний саналыг авалгүйгээр өнгөрсөн 2019 оны “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгийн 50 хувиар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” НҮТББ-ийг төлөөлөн захирал П.Гангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ201800323 дугаар захирамжаар “Т” ХХК, “Б” НҮТББ, П.Г нараас 422,075,980 төгрөг гаргуулж Гинд олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тогтоол нь гаргасан юм. Дээрх тогтоолд зааснаар эд хөрөнгийн анхны дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгээс 50 хувиар доош бодож хоёр дахь дуудлага худалдаа явуулахаар заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн уг тогтоолыг ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй мөн дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулж, барьцаа хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн юм.

Шийдвэр гүйцэтгэгч н.Энхжин нь 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдэлийг төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй, огт мэдэгдэлгүй 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 44 дүгээр зүйлийн 44.2.5, 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтуудыг тусс тус зөрчин үл хөдлөх өрөнгийг албадан дуудлага хуалдаанд оруулсан нь төлбөр төлөгч болон өмчлөгч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл дээрх дуудлага худалдааг явуулах, дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсгийн “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосоноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэсэн заалтыг хэрэглэж 2 жилийн өмнөх үнэлгээг төлбөр төлөгч нараас хүлээн зөвшөөрч байгаа эсэх, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа эсэх зэргийг лавлаж, хууль ёсны эрхийг маань эдлүүлээгүйгээс үүдэлтэй юм.

 Ийм болохоор энэ зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд нарт шат дараалан гомдол гаргасан боловч зөрчигдсөн эрхийг маань сэргээхээс татгалзаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулсан дуудлага худалдааны үнийг хариуцагч манай саналыг авалгүйгээр өнгөрсөн 2019 оны буюу 2 жилийн өмнөх Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгийн 50 хувиар үнэлсэн үнэлгээ болон уг үнээр зохион байгуулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Гын нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах, Б НҮТББ нь 2 дахь албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан энэ хэрэгт Б НҮТББ нь хөрөнгөө барьцаалуулсан байгууллага, Т ХХК нь “Г” ХХК-аас зээл авсан байгууллага юм. П.Г нь Т ХХК-ийн захирал юм. Энэ асуудал намайг Б НҮТББ-ын захирал болохоос өмнө болсон үйл явдал учраас хариуцагчаар татаагүй. П.Г өөрийн хувийн 2 хөрөнгөө зээлийн барьцаанд тавьсан. П.Гын нэхэмжлэлийн шаардлага нь 11 дүгээр сарын 01-ний өдөр явагдсан гэх дуудлага худалдаанд үнийн санал авалгүйгээр тухайн дуудлага худалдаа явагдахдаа 2019 онд дуудагдсан үнээр буюу 2 жилийн өмнөх үнээр дуудлага худалдааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Тухайн үед ковидын улбар шар түвшинд бүх хүмүүс хатуу хөл хорионд байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газар шууд дуудлага худалдааг зарлаж, надад итгэмжлэл олгосон өдөр буюу 23-ны өдөр дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулсан. П.Г дуудлага худалдаанд үнийн санал өгөх ямар ч боломж байгаагүй. Б НҮТББ-ын хувьд ч гэсэн хатуу хөл хорионд орчихсон, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлээгүй байсан. Миний хувьд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дуудлага худалдааны мэдэгдлийг зайлшгүй мэдэгдэж, гардуулж өгсөн байх ёстой. Хэрэв хүний 1 ширхэг хөрөнгө худалдагдах гэж байсан бол тухайн хөрөнгөө мэдэх боломжтой. Гэтэл энэ дуудлага худалдаанд 6 хөрөнгө байсан. Хэний, ямар хөрөнгө, хэдэн төгрөгөөр дуудагдан, дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар тодорхой мэдэгдэх хэрэгтэй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Э.Энхжин намайг гэртээ байх үед шуудангаар явуулсан гэдэг. Шуудангаас надад хэлэхдээ шуудангийн баримт дээр утасны дугаар бичигдээгүй байсан учраас над руу хэлж чадаагүй гэсэн. Ийм шалтгаанаар би мэдэгдлээ хүлээж аваагүй. Үүнээс болж миний 50 гаруй жил хөдөлмөрлөж олсон хөрөнгийг борлуулах гээд байна.

Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээж аваагүй болох нотлох баримтаа шуудангаас гаргаж өгсөн. П.Г нь надад 2018 оны 11 дугаар сарын 12-ны өдөр итгэмжлэл олгосон. Үүнийг Э.Энхжин шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс сугалж авч үлдсэн. Тус итгэмжлэлээр надад үнэлгээ тогтоолгох эрх өгөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Миний хувьд шийдвэр гүйцэтгэгчийг П.Гын итгэмжлэлийг санаатайгаар дутуу өгсөн гэж үзэж байна. 2019 онд хөрөнгийг маань хэтэрхий хямд үнэлсэн гэх үндэслэлээр гомдол гаргахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзэж, зогссон байсан. Ингээд 2021 онд Э.Энхжин надаас 2 жилийн итгэмжлэлийг надаас нөхөж авсан. Гэтэл хариуцагч тал өмнөх итгэмжлэлийг өгөлгүй, зөвхөн сүүлийн итгэмжлэлийг л хэрэгт гаргаж өгсөн. Манайх хөрөнгийн үнэлгээ хийлгэж байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1969 тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх тогтоол гарсан. Гэтэл энэ хугацаанд буюу Дээд шүүхийн тогтоол гараад, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээгээгүй байхад шууд 8 дугаар сарын 17-ны өдөр дуудлага худалдааны тогтоолыг өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн талаар огт мэдэгдээгүй.

Мөн манайх “Г” ХХК, Э.Д нарыг гуравдагч этгээдээр татсан. Шийдвэр гүйцэтгэгч гуравдагч этгээд нарыг ялагчийн мөнгөө бүрэн байршуулсан гэж тайлбарлаж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцахад байршуулсан мөнгөө буцааж авсан, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс 47 хуудас материалыг хавтаст хэрэгт өгөлгүй авч үлдсэн байсан. Э.Энхжиний авч үлдсэн баримтуудыг ярих гэхээр манай хүсэлтийг хангаагүй, хавтаст хэрэгт байхгүй зүйл тайлбарлах болчихоод байна. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Улсын онцгой комиссын 1 дүгээр тогтоолоор корона вирус халдвар тархалтын улбар шар түвшинд шилжсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 259 дүгээр тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгагдсан. Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотой иргэдэд, төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн бүх байгууллага, хуулийн этгээд, иргэн бүрд таваас дээш хүн цуглуулахгүй байхыг дэглэм болон журмыг чанд мөрдөж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болгосон. 2 дахь албадан дуудлага худалдаа улбар шар түвшний үед явагдсан бөгөөд тухайн үед хөндлөнгийн гэрч 2 хүн, дуудлага худалдааны бүрэлдэхүүн 5 хүн, дуудлага худалдаанд саналаа өгсөн 75 хүн, санал өгсөн 3 хүнтэй нийлээд бүрэлдэхүүн 10 хүн байсан. Тэгэхээр энэ нь тал талын хууль, журмыг зөрчсөн байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дуудлага худалдааг хүчингүй болгох хангалттай үндэслэлтэй гэж үзэж байна

Би мэдэгдлээ гардаж аваагүй бөгөөд надад үнийн санал өгөх боломж олгоогүй. Мэдэгдлийг гардаж аваагүй гэдгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргахад таны хаягаар шуудангаар явуулсан байна гэж хэлсэн. 7 хоногийн дотор хүсэлт гаргах ёстой хугацаа нь ч олгогдоогүй. Тиймээс би шууд шүүхэд хандахаас өөр аргагүй байсан. Шүүхэд хандахад урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй байна гэсэн. Шийдвэр гүйцэтгэгч Э.Энхжиний над руу ирүүлээгүй шуудан миний үнийн санал өгөх хугацааг маш их хойш татсан. Надад мэдэгдэл ирсний дараа үнийн санал өгөх эрх үүснэ. Ингээд Монгол шуудангаас мэдэгдлийг хүлээж аваагүй гэх бичиг ирсний дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга н.Дашдаваад гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч Э.Энхжин над руу 1 минут 20 секунд утсаар ярихад мэдэгдлийн утга, агуулгыг хэлэх хангалттай хугацаа биш, надад уншиж өгсөн байсан ч мэдэгдсэн гэх хангалттай үндэслэл болохгүй. Утсаар ярихад өөрийнхөө тусгаарлагдаж байгааг хэлж, гэрийн хаягаа хэлсэн болохоос ямар хөрөнгө хэдэн төгрөгөөр дуудагдах гэж байгаа талаар хэлээгүй. Үүнийг мэдэгдсэн байх ёстой гэх заалтыг биелүүлсэн гэж үзэхгүй, намайг мэдэгдэл гардаж авсан гэж ойлгохгүй. Би мэдэгдлийг шуудангаар явуулчих гэж утсаар ярьсан боловч надад ирээгүй, би уг мэдэгдлийг авч байж уншиж танилцаад ямар учир, утгатай болохыг нь ойлгоно. Би гэртээ хөл хорионд орсон байсан учир ирж уулз гэхэд нь очиж чадаагүй. Би анхны дуудлага худалдааг хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхэд хандаад шүүхээр шийдвэрлэгдсэний дараа шууд тэр үнээр 2 дахь дуудлага худалдаанд оруулаад байгааг зөвшөөрөхгүй байгаа учир 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, дуудлага худалгааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаар захирамжаар “Т” ХХК, “Б” НҮТББ ХХК, П.Г нараас 422,075,980 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч төлбөрийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК, “Виннер Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоосон.

Төлбөр төлөгч “Б” НҮТББ ХХК-ийн захирал П.Гангэрэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээнд гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн, 3 шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон.

Иймд “Б” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт найрамдлын зам гудамж 10г байр 1 давхарт байрлах 260 м.кв талбайтай 4 өрөө цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 193,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч “Б” ХХК, “Т” ХХК, П.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэлийн 99165966 дугаарын утсанд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 89086169 дугаарын утсаар холбогдож 2 дахь албадан дуудлага худалдаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулах болсныг мэдэгдэж, тогтоол, мэдэгдэлийг гардаж авахыг мэдэгдэхэд “коронавирусын халдвар аваад гэрээр тусгаарлагдаж эмчилгээ хийлгээд очих боломжгүй тул Титэм хотхон 10в байрны 2 давхарын хаягаар баталгаат шуудангаар явуулж өгнө үү” гэсний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар 4-169/17568 мэдэгдэл, 10/17 дугаар тогтоолыг хаягаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч “Б” НҮТББ, П.Г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт хариу тайлбар гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол, мэдэгдлийг утсаар болон факсаар мэдэгдэж, баталгаажуулж болно гэж заасан. Албадан дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг гардаж авахыг П.Гангэрэлд мэдэгдэхэд “корона вирусийн халдвар аваад гэрээр тусгаарлагдан, эмчилгээ хийлгээд очих боломжгүй тул гэрийн хаягаараа шуудангаар авах хүсэлт гаргасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдэл, тогтоолыг хүргүүлсэн. Мөн П.Гангэрэлтэй утсаар ярьсан гэдгийг юнителийн 1 минут 20 гаруй секунд ярьсан ярианы биллээр нотолно. Иймд 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Мэдэгдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 1 минут 20 секунд гэдэг урт хугацаа бөгөөд хөрөнгийн анх үнэлэгдсэн үнэлгээг болон 2 дахь дуудлага худалдаанд 50 хувь буурч дуудагдах байсныг П.Гангэрэл мэдэж байсан. Албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлээ П.Гангэрэлийн хэлсний дагуу баталгаат шуудангаар өөрөө цэцэрлэгийнхээ дээд давхарт амьдардаг, энэ хаягаар хүргүүлчих гэж хэлсний дагуу хүргүүлсэн.  

Албадан дуудлага худалдааны ялагч нар дуудлага худалдааны ялагчийн үндсэн мөнгөө хуульд заасан хугацаанд шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан. Э.Д нь дуудлага худалдааны ялагч, 95,000,000 төгрөгөөр хөрөнгийг худалдан авсан, хөрөнгийн өмчлөгч мөн.

Ялагчийн хүсэлтээр дэнчингийн мөнгийг үлдээгээд ялагчийн мөнгийг буцаан өгсөн байгаа. Учир нь төлбөр төлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахгүй түдгэлзүүлсэн байгаа. Энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсоны дараа Дэлгэрсүрэн албадан дуудлага худалгааны мөнгөө буцаан байршуулж өмчлөх эрхээ эдлэх боломжтой. Гэхдээ энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрсдөө баримтаа цуглуулж бүрдүүлэх, шаардлагаа нотлох ёстой. Төлбөр төлөгч нараас хөрөнгийн үнэлгээ хийлгэснээс хойш үнэлгээг зөвшөөрөхгүй гээд шүүхэд хандаад түүнээс хойш дахин үнэлгээ хийлгэх талаар ямар ч хүсэлт санал тавьж байгаагүй. Дуудлага худалдаа зарлагдсан гэдгийг хэлсэн. Анхны дуудлага худалдаа 70 хувиар, 2 дахь албадан дуудлага худалдаа 50 хувиар орно гэдгийг мэдэж байгаа, энэ талаар л мэдэгдэл хүргүүлж байгаа. үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан учир ямар хөрөнгө дуудлага худалдаанд орох гэж байгаа нь ч тодорхой, тайлбарлан өгсөн. Нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч нарын өөрсдийн гаргасан гомдлын дагуу ажиллагаа удааширч 2 жилийн хугацаа алдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албадан дуудлага худалдааны зар болон дуудлага худалдаанд дуудагдах гэж байгаа хөрөнгийн талаар нийтэд нээлттэй мэдээлдэг учраас талууд мэдээгүй байх боломжгүй. Албадан дуудлага худалдаа цар тахлын үед хатуу сануулгатай, дэг журмынх нь дагуу зохион байгуулагдсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Энхтүшиг овогтой Дэлгэрсүрэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдаанд оролцож Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт зам гудамж 10г байр болох 120 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг л албадан дуудлага худалдаагаар ялагч болсон. Зах зээлийн үнэлгээний 50 хувь буюу 95,000,000 төгрөгөөр ялагч болж авсан. Гэтэл ялагч болох миний мөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар авчихаад өдий болтол ялагчийн хөрөнгийг миний нэр дээр шилжүүлэхгүй байгаа болно. Би нялх биетэй, нялх хүүхэдтэй байнга орж гарч чаддаггүй. Би маш их хохиролтой байна. Цаг хугацаа, сэтгэл санаа, эд материал, мөнгө санхүүгээр хохирч байна. Одоо энэ байрыг 3, 4 сар хүлээж байна. Би хэдий хүртэл хүлээж дахин цаг хугацаа мөнгө санхүүгээр хохирох вэ, би энэ байраа авчихмаар байна. Би 95,000,000 төгрөгөө хувь хүнээс зээл авч өгсөн. Гэтэл өдий болтол мөнгө байр байхгүй, хэзээ болтол цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүүгээр хохироод байх вэ, энэ хохирлыг хэн барагдуулах вэ, би байраа авмаар байна. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийг нь үнэлээд үнэлгээ тогтоогоод анхны дуудлага худалдаа 70 хувиар тогтоогдоод, дахиад 2 дахь албадан дуудлага худалдааний үнийг 50 хувиар тогтоогдож дуудлага худалдаа болох хүртэл хугацаанд яагаад тэгүл өөрөө үнэлгээний талаар гомдол гаргаад, үнэлгээ өссөн бол энэ талаараа арга хэмжээ аваагүй юм бэ.

Би дуудлага худалдааны ялагч болоод тогтоосон хугацаанд нь мөнгөө байршуулаад үл хөдлөх эд хөрөнгөө авах гэтэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан гээд мэдэгдсэн. Би мөнгөө байршуулаад 2 сар гаран хугацаа өнгөрч байхад хэрэг шийдвэрлэгдэхгүй, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байсан учир хүсэлт гаргаад дэнчингийн мөнгөө үлдээгээд үлдэгдэл мөнгөө буцааж авсан. Хувийн шалтгаанаар авсан байгаа, энэ хэрэг шийдвэрлэгдээд мөнгөө байршуул гэхэд хэзээ ч буцааж байршуулахад  бэлэн байгаа. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би хөрөнгөө авах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс П.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-169/18951 дугаартай “Т” ХХК-д ирүүлсэн мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ201800323 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, П.Гаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 4/33 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх албаны “Б” НҮТББ-н гүйцэтгэх захирал П.Гангэрэлд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдийн 01/2349 дугаартай “Гомдлын хариу өгөх тухай” албан бичиг,  Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо,толгойт, найрамдлы зам гудамж 10г байр, 4А тоот хаягт байрлах П.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн №000503157 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо,толгойт, найрамдлы зам гудамж 10г байр, 4В тоот хаягт байрлах П.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн №000503156 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ,

Нэхэмжлэгч “Б” НҮТББ-аас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шийдвэр гүйцэтгэх албаны “Б” НҮТББ-н гүйцэтгэх захирал П.Гангэрэлд хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдийн 01/2349 дугаартай “Гомдлын хариу өгөх тухай” албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 4/33 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-169/18951 дугаартай “Т” ХХК-д ирүүлсэн мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт найрамдлын зам гудамж 10г байр, 2 дугаар давхар тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн №000503154 дугаартай “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт найрамдлын зам гудамж 10г байр, зоорийн давхар в1 тоот хаягт байрлах зоорийн давхарын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн №000503152 дугаартай “Б” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт найрамдлын зам гудамж 10г байр, 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн №000503155 дугаартай “Б” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр П.Гангэрэлээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Дашдаваад гаргасан өргөдөл, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09/250 дугаартай тодорхойлолт, хавсралтаар шуудангийн хүргэлтийн дэвтэрийн хуулбар,  П.Гангэрэлийн эмнэлгийн магадалгаа, Ковид 19 шинжилгээний хариу, эмнэлгийн хуудас, Б цэцэрдэг НҮТББ-аас Нийслэлийн 228-р цэцэрлэгт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн 210920/01 дугаартай хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/871 дугаартай гомдлын хариу өгөх тухай албан бичгийг гаргаж ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ГХ2018/1093 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/10190 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүхийн шийдвэр, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18271410 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/18805 дугаар “Эрх түдгэлзүүлэх” тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2061 дугаар “Албан бичгийн хариу” –г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18271410/3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4/18459 дугаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 183 тоотод оршин суугч П.Гад гаргасан “Мэдэгдэл”, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Титэм хотхон” 10В дугаар байрны 1,2 дугаар давхарт байрлах “Б” НҮТББ-д гаргасан “Мэдэгдэл”, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Титэм хотхон” 10В байрны 1,2 дугаар давхарт байрлах “Т” ХХК-д гаргасан “Мэдэгдэл”, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, толгойт гудамж 10в байр, 8 тоотод оршин суугч Д.Гангэрэлд гаргасан “Мэдэгдэл”, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, “Б” НҮТББ-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хаягласан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 190826/01 дугаар “Үнэлгээ хүргүүлэх нь” албан бичиг, Гны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09/2904 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 281 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”, Шинжээч орчуулагч хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн “Б ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201047316 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан”, “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн Г.Отгонбаярт олгосон итгэмжлэл, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн “Б ХХК-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201047318 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан”, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэндийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Виннэр вэй” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан,”Виннэр вэй” ХХК-ийн 0000111552 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Гны 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 18/01-82 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Итгэмжлэл олгох тухай албан бичиг, “Т” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн П.Гаас П.Гангэрэлд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Гид гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20682 дугаартай Мэдэгдэл, тус өдрийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн  7 дугаар гудамж 183 тоотод оршин суугч П.Гад гаргасан 4/20658 дугаартай мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т” ХХК-д гаргасан 4/20657 дуаартай Мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Титэм хотхон” 10в байр 1,2 дугаар давхарт “Б” НҮТББ-ын захиргаанд гаргасан 4/206555 дугаартай Мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт гудамж 10в байр, 8 тоотод оршин суугч П.Гангэрэлд гаргасан 4/20656 дугаартай Мэдэгдэл, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхцэндийн Шийдвэрийн гүйцэтгэгчийн тэмдэглэл, П.Гангэрэлээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2019/11976 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00033 дугаартай шийдвэр, П.Гангэрэлээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 572 дугаар Магадлал, П.Гангэрэлийн Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гаргасан хяналтын гомдол, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2021/00797 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхон 10в байр, 1,2 дугаар давхарт байрлах “Б НҮТББ”ХХК-д гаргасан 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4-169/15312 дугаартай Мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 9/31 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгч Э.Энхжингийн тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/17 дугаар тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Өнөөдөр сонинд гарсан Албадан дуудлага худалдааны зар, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2021/11912 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай” захирамж зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Гуравдагч этгээд Г ХХК-аас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Меморалын баримт 2 хуудас гаргаж ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” НҮТББ нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 он 10 дугаар сарын 22-ны өдөр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны үнэлгээ болон уг үнээр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШЗ2021/13487 дугаартай шүүгчийн захирамжаар Б НҮТББ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн П.Гын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгтэй нэгтгэсэн байна. Шүүх дээрх нэгтгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 10/17 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 онд гаргасан үнэлгээгээр тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нь 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулж худалдан борлуулахдаа төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй, төлбөр төлөгч нараас үнийн санал аваагүй, уг дуудлага худалдаанд оролцуулаагүй явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55  дугаар зүйлийн 55.5, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5-д заасныг тус тус зөрчсөн, мөн ковидын үеийн хатуу хөл хорио тогтоосон буюу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Улсын Онцгой комиссын 01 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар тархалтын “Улбар шар  түвшин”-д шилжсэн үед зохион байгуулсан нь нэг дор 5-аас дээш хүн цуглуулахгүй байх тухай Засгийн газраас тогтоосон хөл хорионы үед баримтлах журам, тогтоол шийдвэрийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч П.Гангэрэл нь хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж улмаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн учир энэ асуудлаар хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад гомдол гаргах эрхгүй. Энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Мөн 2 дахь албадан дуудлага явуулах тухай тогтоолыг утсаар болон баталгаат шуудангаар мэдэгдсэн, 2 дахь албадан дуудлага худалдааг анхны дуудлага худалдааг явуулсаас хойш хуульд заасан хугацааны дотор явуулсан ялагчийг хууль заасан журмаар тодруулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны 184/ШШ2018/00323 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, П.Г, “Б” НҮТББ, П.Гангэрэл нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 422,075,980.76 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч “Т” ХХК 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлийн үнийн дүнгээс 60,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд ЗБ1715108400В тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ү-2201047319 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 60,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд ЗБ1715108400В тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ү-2201047317 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 30,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд ЗБ1715108400В тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ү-2201047316 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 73,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд ЗБ1715108400А тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ү-2201047321 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 62,075,980.76 төгрөгийг төлсөн нөхцөлд ЗБ1715108400Б тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ү-2201047322 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус нэхэмжлэгч “Г” ХХК нь чөлөөлж, хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр төлж барагдуулаагүй тохиолдолд 422,075,980.76 төгрөгийн үнийн дүнгээр ЗБ1715108400, ЗБ1715108400А, ЗБ1715108400Б, ЗБ1715108400В тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч П.Г, “Б” НҮТББ нар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Гангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/10190 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, түүний дагуу мөн өдөр олгогдсон  184/ГХ2018/1093 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18271410 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.

 

Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хийж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид буюу төлбөр төлөгч нарт мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан дээрх ажиллагааны талаар маргаагүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудаст дурдагдсан төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан тогтоол, уг тогтоолын талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан дээрх эд хөрөнгө хураах болон битүүмжлэх тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Талууд дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн хөрөнгийг үнэлэх хүртэлх шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар маргадаггүй.

Харин  төлбөр төлөгч П.Гангэрэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00033 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 572 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2021/00797 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэжлүүлэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 9/31 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Т ХХК, Б НҮТББ, П.Г нарын төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 10г байр, В1 давхар, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201047316 дугаарт бүртгэлтэй  үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201047319  дугаарт бүртгэлтэй, 1 дүгээр давхар,  260 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201047318 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар давхар тоот 260 м.кв талбайтай,  4 өрөө, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, Ү-2201047320 дугаарт бүртгэлтэй,  4в тоот  гурван өрөө орон сууцыг 185 573 000 төгрөг, Ү-2201047321 дугаарт бүртгэлтэй, 4а тоот, 120 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 159 063 000 төгрөг, Ү-2201047322 дугаарт бүртгэлтэй, 10 г байрны 5в тоот байрлах 103.2 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус тогтоосон хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 9/31 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч Т ХХК, Б НҮТББ, П.Г нарт 2021 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 4-169/15312 тоот мэдэгдэл гарч хүргүүлсэн болох нь мөн өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч Бийн захирал П.Гангэрэл хүлээн авч, мэдэгдлийн хувийг төлбөр төлөгч Т ХХК, П.Г нарт гардуулж өгөхөөр авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хэрэгт авагдсан  9/31 тоот тогтоолд бичигдсэн түүний хүлээн авсан тухай гарын үсэг тэмдэглэлээр тогтоогдож байна.

Түүнчлэн төлбөр төлөгч П.Гангэрэл нь төлбөр төлөгч Б НҮТББ-ийн гүйцэтгэх захирал бөгөөд төлбөр төлөгч Т ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 210820/01 дугаартай итгэмжлэлээр, төлбөр төлөгч П.Гыг түүнээс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлээр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг итгэмжлэлээр олгосоны дагуу төлөөлж байсан болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/17 дугаартай, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоол гарч анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээгээр тогтоогдсон үнэлгээний 50 хувиар тооцон дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь барьцаа хөрөнгө буюу төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах үндэслэл болох тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан анхны албадан дуудлага худалдаа болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-д “хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нар дээрх Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/17 дугаартай, “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй, гардуулаагүй гэх гомдол тайлбарыг гаргадаг.

Дээрх 10/17 дугаартай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч Т ХХК, Б НҮТББ, П.Г нарт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-169/17568 тоот мэдэгдэл гарч уг тогтоол, мэдэгдлийн талаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэлд утсаар мэдэгдэн улмаар өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний заасан хаягаар хүргүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл, шуудангийн баримтаар тогтоогдож байна. Талуур энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй боловч төлбөр төлөгч нарт уг тогтоол мэдэгдэл шуудангаар хүргэгдээгүй, улмаар буцаагдсан болох нь Монгол шуудан ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09/250 дугаартай тодорхойлолт, хүргэлтийн дэвтэрийн хуулбараар тогтоогддог. Уг тодорхойлолтод дурдсанаар “...эзэнгүй шалтгаанаар...” гэх үндэслэлээр шуудангаас баримт буцаагдсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл ковид-19 халдварт өвчиний улмаас эмчилгээ хийлгэж хөл хорионд байсан гэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Титэм хотхон 10в байрны 2 давхарт буюу Бийн дээрх өөрийн амьдарч буй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч уг хаягаар хүргүүлэхэд хаягаа байгаагүй, гардан аваагүй нь шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр төлөгчид мэдэгдэх, гардуулах ажиллагаагүй хийгээгүй гэж үзэх, улмаар түүнийг буруутгах боломжгүй байна. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагааны талаар утсаар мэдэгдсэн хугацаанаас хойш өөрөө асууж лавлах, шийдвэр гүйцэтгэгчээс шаардах, улмаар өөрийн хүрэлцэн очих боломжгүй тухайгаа мэдэгдэх хангалттай хугацаа байсан гэж үзэхээр байна. Мөн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өнөөдөр сонинд гаргасан мэдээллээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэлгээний 50 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний талаархи гомдлоо тус шүүхэд гарган шийдвэрлүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00033 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 572 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2021/00797 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлгээчний тогтоосон эд хөрөнгийн анхны үнэлгээнд үнэ ханшийн өөрчлөлтөөс шалгаалан гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдвол талууд хүсэлт гарган дахин үнэлгээ тогтоолгож болох бөгөөд үнэлгээний талаарх гаргасан гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төлбөр төлөгч нараас энэ талаарх хүсэлт санал гаргаж байгаагүй байна. Иймд энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг бэлэн байдлын зэрэгт шилжих үе шатуудад баримтлах дэглэм, ажиллах журмыг тухай бүрт гарган мөрдүүлж, хэрэгжүүлж байсан ба онцгой байдлын үед тогтоосон бэлэн байдлын 4 түвшиний аль ч зэрэг үе шатуудад /улаан, улбар шар, шар, ногоон/  тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг буюу Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, гааль, татвар, шүүх г.м 11 төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зөвшөөрч, хэвийн явагдаж байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэглэм зөрчиж дуудлага худалдаа зохион байгуулсан гэж үзэх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмыг баримтлан дэс дараалал, үе шат дараалалтайгаар явагдсан байх тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/17 дугаартай, “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоол, түүний дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, албадан дуудлага худалдааны үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г, Б НҮТББ нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г, “Б” НҮТББ-ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/17 дугаартай, “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоол, түүний дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, албадан дуудлага худалдааны үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г, Б НҮТББ нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 70,200+140,400/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН