Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01596

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Г , Б НҮТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/01244 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Г , Б НҮТББ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ т холбогдох, дуудлага худалдааны үнэлгээ болон 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Б НҮТББ-ын төлөөлөгч П.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , гуравдагч этгээд Э.Д , гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 000 дугаар захирамжаар Т ХХК, Б НҮТББ, П.Г , П.Г нараас 422,075,980 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх дуудлага худалдааг явуулах, дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг хэрэглэж 2 жилийн өмнөх үнэлгээг төлбөр төлөгч нараас хүлээн зөвшөөрч байгаа эсэх, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа эсэх зэргийг лавлаж, хууль ёсны эрхийг маань эдлүүлээгүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр НШШГГ , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Н д нарт шат дараалан гомдол гаргасан боловч зөрчигдсөн эрхийг маань сэргээхээс татгалзаж байна. Тухайлбал, 2019 оны С ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгээс 50 хувиар бага бодож худалдан борлуулсан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ тухай 2021 оны 10 сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Уг үнэлгээг П.Г ын хувьд эс зөвшөөрч байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг зөрчиж дахин үнэлгээ гаргуулах, мөн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох, эвлэрэн хэлэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 сарын 01-ний өдөр явуулсан дуудлага худалдаанд П.Г ын саналыг авалгүйгээр 2019 оны С ХХК-ийн үнэлгээний үнийн дүнгийн 50 хувиар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 000 дугаар захирамжаар Т ХХК, Б НҮТББ, П.Г нараас 422,075,980 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч төлбөрийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан хөрөнгийн үнэлгээний Х ХХК, В ХХК-ийг шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоосон. Төлбөр төлөгч Б НҮТББ-ын захирал П.Г Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 сарын 17-ны өдөр эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээнд гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн, 3 шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоосон. Иймд Б НҮТББ-ын өмчлөлийн ... давхарт байрлах 260 м.кв талбайтай 4 өрөө цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 193,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч Б НҮТББ, Т ХХК, П.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г ийн 00000000 дугаарын утсанд 2021 оны 09 сарын 21-ний өдөр 00000000 дугаарын утсаар холбогдож 2 дахь албадан дуудлага худалдаа 2021 оны 10 сарын 01-ний өдөр явуулах болсныг мэдэгдэж, тогтоол, мэдэгдлийг гардаж авахыг мэдэгдэхэд Коронавирусын халдвар аваад гэрээр тусгаарлагдаж, эмчилгээ хийлгээд очих боломжгүй тул ... давхарын хаягаар баталгаат шуудангаар явуулж өгнө үү гэсний дагуу 2021 оны 09 сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар 0-000/00000 мэдэгдэл, 00/00 дугаар тогтоолыг хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б НҮТББ, П.Г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Албадан дуудлага худалдааны зар болон дуудлага худалдаанд дуудагдах гэж байгаа хөрөнгийн талаар нийтэд нээлттэй мэдээлдэг учраас талууд мэдээгүй байх боломжгүй. Албадан дуудлага худалдаа цар тахлын үед хатуу сануулгатай, дэг журмынх нь дагуу зохион байгуулагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Д гийн хариу тайлбарын агуулга: Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 сарын 01-ний өдөр явагдсан албадан дуудлага худалдаанд оролцож ... , 120 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зах зээлийн үнэлгээний 50 хувь буюу 95,000,000 төгрөгөөр авах ялагч болж тус орон сууцыг авсан. Гэтэл ялагч болох миний мөнгийг НШШГГ авсан атлаа ялагчийн хөрөнгийг өнөөдрийг хүртэл миний нэр дээр шилжүүлэхгүй байгаа болно. Би цаг хугацаа, сэтгэл санаа, эд материал, мөнгө санхүүгээр маш их хохирч байна. Би 95,000,000 төгрөгөө хувь хүнээс зээл авч өгсөн. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийг үнэлж, үнэлгээ тогтоож анхны дуудлага худалдааны үнийг 70 хувиар, 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг 50 хувиар тус тус тогтоосон. Дуудлага худалдаа болох хүртэлх хугацаанд үнэлгээний талаар гомдол гаргаад, үнэлгээ өссөн бол энэ талаар арга хэмжээ авах боломжтой байсан. Би дуудлага худалдааны ялагч болоод тогтоосон хугацаанд мөнгөө байршуулаад үл хөдлөх эд хөрөнгөө авах гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдэгдсэн. Миний хувьд мөнгөө байршуулаад 2 сар гаран хугацаа өнгөрч байхад хэрэг шийдвэрлэгдэхгүй, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байсан тул хүсэлт гаргаж дэнчингийн мөнгөө үлдээгээд үлдэгдэл мөнгөө буцааж авсан. Хувийн шалтгаанаар авсан бөгөөд энэ хэрэг шийдвэрлэгдээд мөнгөө байршуул гэхэд буцаан байршуулахад хэзээд бэлэн байна.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г , Б НҮТББ-ын хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 00/00 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, түүний дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, албадан дуудлага худалдааны үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г , Б НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 /70,200+140,400/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6.   Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. 2021 оны 10 сарын 01-ний өдөр явагдсан 2 дахь албадан дуудлага худалдаагаар иргэн П.Г ын өмчлөлийн ... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн А-0000000000 дугаартай 2 өрөө орон сууцыг иргэн Э.Д 2021 оны 09 сарын 30-ны өдөр 7,953,150 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд дэнчингийн төлбөрт байршуулан дуудлага худалдаанд оролцох эрхээ баталгаажуулж, уг дуудлага худалдаагаар дээрх хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр худалдан авах саналаар ялагч болж 2021 оны 10 сарын 11-ний өдөр 87,046,850 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд нэмж шилжүүлэн дуудлага худалдааны ялагчийн эрхээ баталгаажуулсан. Гэтэл уг албадан дуудлага худалдаагаар борлогдсон гэх үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг хүчингүй болгуулах талаар өмчлөгч П.Г 2021 оны 10 сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн. 2021 оны 10 сарын 20-ны өдөр 184/Ш32021/11912 тоот шүүгчийн захирамжаар зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдээс П.Г ын өмчлөлийн дээрх хөрөнгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн үе болох 2021 оны 11 сарын 24-ний өдөр дуудлага худалдааны ялагч гэх Э.Д нь 87,046,850 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас буцаан авсан байхад шүүгчийн захирамжаар бүхэлд нь түдгэлзүүлсэн байсан ажиллагааны үед хуулийн заалт, дүрэм, журмыг зөрчсөн. Э.Д д дуудлага худалдааны ялагчийн эрхээ баталгаажуулсан төлбөрийн буцаалтыг хийсэн нь дуудлага худалдаа явагдаагүй гэж үзэх хэмжээнд хүрсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь 2021 оны 11 сарын 24-ний өдөр данснаас ялагчийн мөнгийг буцаан гаргасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн. Энэ талаар шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед огт мэдэгдээгүй төдийгүй шүүхэд уг баримтыг өгөлгүй зориудаар авч үлдсэн нь иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байгаа 7,953,150 төгрөг нь дуудлага худалдаа зохион байгуулах тухай журамд зааснаар дуудлага худалдаанд оролцох эрхийг л баталгаажуулахаар байршуулсан дэнчингийн мөнгө болохоос биш Э.Д г Дуудлага худалдааны ялагч гэх баталгаа болж чадахгүй. Уг хөрөнгийн дуудлага худалдаагаар борлогдсон 95,000,000 төгрөгийн дүнд хүрэхгүй байгаа нь одоогийн мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын заалтуудын дагуу түүний ялагчийн эрх байгаа эсэх, цаашлаад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц гуравдагч этгээд мөн эсэх асуудал үүснэ.

6.б. 2018 оны 11 сарын 14-ний өдөр П.Г ын П.Г д олгосон итгэмжлэлд үнийн санал өгөх, үнэлгээний мэдэгдэл тайлан хүлээж авах эрхийг олгоогүй тул 2021 оны 10 сарын 01-ний өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны хүчин төгөлдөр бус П.Г ын үнийн саналыг аваагүй байсан үнэлгээгээр дахин 2021 онд дуудлага худалдааг явуулсан. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг дутуу үнэлсэн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх явцад нөлөөлөх энэхүү нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар 2021 оны 04 сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Түүнчлэн П.Г ын шүүхэд гаргасан хөрөнгийн үнэлгээний талаарх хөрөнгийн өмчлөх эрх, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г ийн шүүхэд төлөөлөх эрхийг эдлүүлээгүй хэргийг дутуу хагас материалын хүрээнд шийдвэрлэсэн нь түүний шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх чанараа алдсан гэж үзэж байна.

6.в. Түүгээр зогсохгүй 2021 оны 10 сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон хөрөнгийн өмчлөгч хариуцагч нарт албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдэлийг гардуулаагүй, мэдэгдээгүй, бичгээр мэдэгдэл аваагүй тул энэ тухай 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхээ эдлэх ёстой. Гэтэл уг эрхээ эдлээгүй байхад П.Г тэй утсаар холбогдсон гэх тайлбараар албадан дуудлага худалдаанд оруулж, хөрөнгийг худалдан борлуулсан байна. Хэрэв нэг хөрөнгө байсан бол утсаар мэдээлэл авсан тохиолдодд тодорхой байж болох юм. Гэтэл энэ зээлийн барьцаанд 7 хөрөнгө байгаа бөгөөд бүгд өөр, өөр өмчлөгчтэй, хэний хөрөнгө, хэдэн төгрөгөөр дуудлага худалдаанд орж байгаа талаар мэдээллийг утсаар өгөх боломжгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч надад нэг бүрчлэн уншиж өгөөгүй. Харин шийдвэр гүйцэтгэгч Э.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г тэй утсаар холбогдон 2021 оны 09 сарын 21-ний өдөр НШШГГ ир, албадан дуудлага худалдааны мэдэгдлээ ирж ав гэж мэдэгдэх үед миний бие өвчтэй, хөл хорионд гэртээ байгаа гэдгээ хэлсэн. Энэ байдлаа нотлох бүх баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, явуулсан гэх шуудан нь хүлээн авагчийн утасны дугаар бичигдээгүй, мэдээлэл дутуу гэсэн шалтгаанаар хүлээн авагчид хүргэгдээгүй буцаагдсан. Үүнийг М ХК-ийн тодорхойлолт дээр тусгаагүй байсан тул ажилтны хэлсэн тайлбар үгийг нотлох зорилгоор манай гэрийн харьяа салбар болох шуудангийн 00 -р салбарын ажилтан Б.М тай ярилцсан бичлэгийг сидинд хуулбарлан шүүхэд 2021 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ тусган шүүх хурал дээр нотлох баримтаар гарган өгч шүүгчид сонсгох гэсэн боловч шүүгч татгалзсан тул мөн л шийдвэр гүйцэтгэгчийн ажлын хариуцлагаас болж шуудан хүргэгдээгүй буцаагдсан гэдгийг нотлож чадаагүй. Би арга буюу М ХК-д дахин хандаж хүсэлт гарган тодорхойлолтоо үнэн зөвөөр нь гаргуулан дахин авсан байгаа. Шүүгч хэрэв 2021 оны 04 сарын 01-ний өдрийн хүсэлт дэх сидиний яриаг сонссон бол хэрэг хянан хэлэлцэхэд нөлөөлөх баримт байсан, эсвэл тэр ажилтныг гэрчээр дуудаж тодруулж болох байтал миний энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Ийм байхад шийдвэр гүйцэтгэгч Э.Э нь төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эрхийг зөрчин дуудлага худалдааны талаар гомдол, санал хүсэлт гаргах боломжийг хааж боогдуулан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан нь тэдний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Мэдэгдэл гардаж аваагүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэл хүлээж авснаас 14 хоногийн дотор санал хүсэлт гаргах эрхтэй гэдэг атал энэ эрхийг эдлүүлээгүй, удаа дараа өөрт нь хэлж шуудангаа аваагүй, мэдэгдлээ албан ёсоор авья гээд гомдол, хүсэлт гаргахад шаардлагатай байгаа шалтгаанаа хэлж учирлахад ...хаягаар чинь явуулсан, чи авчихаад худлаа хэллээ... гэж хүнийг гүтгэх, үл итгэх байдлаар хандаж байсан.

6.г. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх "Т " ХХК, "Б " НҮТББ, П.Г , П.Г нараас 422,075,980 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож шийдвэрлэсэн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00000 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гаргасан тогтоолоос үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийн заалтыг баримталсан байна. Мөн маргааны гол үндэслэл нь дуудлага худалдааг явуулах, дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримталж, 2 жилийн өмнөх үнэлгээг төлбөр төлөгчид хүлээн зөвшөөрч байгаа эсэх, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байгаа эсэх зэргийг лавлаагүй, хууль ёсны эрхийг эдлүүлээгүйг анхан шатны шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Түүнчлэн шүүхийн шийдвэртээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасныг дурдсан. Хэргийн оролцогч бүү хэл шүүхээс ч хамаарахгүй нөхцөл байдал үүсэж, хяналтын шатны шүүх хуралдаан 2 жил гаруй хугацаагаар сунжирч, эцэслэн шийдэгдэх хүртэл 30 хоног бүү хэл хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байсан үеийн үл хөдлөх хөрөнгийн үнэ хэрхэн өссөнд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

7.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлгүй байх хугацаанд ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж байна. Дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг гардуулахад итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул 2019 онд П.Г аас итгэмжлэл шинээр олгож анхны болон хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардаж авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

8.   Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Э.Д гийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг гуравдагч этгээд биш, мөнгөө буцааж авсан гэж тайлбарлаж байна. Мөнгөний 10 хувийг НШШГГ т үлдээсэн.

 

9.   Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч П.Г , Б НҮТББ нь хариуцагч Нийслийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 00/00 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, түүний дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа, албадан дуудлага худалдааны үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Гуравдагч этгээд Г ХХК, Э.Д нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

4.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00000 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Т ХХК, П.Г , Б НҮТББ, П.Г нараас 423,212,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 77-80/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2018 оны 09 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1хх 81/

 

5. Албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

 

5.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/00033 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 572 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 001/ХТ2021/00797 дугаар тогтоолоор тус тус барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, шинжээч томилон үнэлүүлж, үнэлгээний талаар талуудад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай П.Г ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх 205-206, 208-210, 212-214/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан дээрх ажиллагааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

5.б. Нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлах боловч уг зохицуулалтад зааснаар дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаагүй байх тул тэдгээрийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хүсэлтээр хийгддэг ажиллагаанд хамаарч байна.

 

5.в. Иргэний хуульд бусдаар төлөөлүүлж байгаа этгээд болон уг хүнийг төлөөлж байгаа этгээд тэр хүнийг төлөөлөх эрхтэй гэдэг ойлголтыг төрүүлсэн бол төлөөлөх эрхийн хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлыг урвуулан ашиглахыг хориглодог.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан тул П.Г аас надад үнэлгээ тогтоолгох эрхийг олгоогүй гэх нэхэмжлэгч П.Г ийн тайлбар үндэслэлгүй.

 

5.г. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт 2 дахь дуудлага худалдааны доод үнийг ... үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан тул үнэлгээний 50 хувиар үнэлж эрх зөрчсөн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хангах үндэслэлгүй.

 

6. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 00/00 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, түүний дагуу явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.

 

6.а. Нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллага хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй, дуудлага худалдаанд оролцуулаагүй гэж дээрх шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 00/00 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 10 сарын 01-ний өдөр зохион байгуулахаар товлож, энэ талаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, 2021 оны 09 сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Б НҮТББ, П.Г , Т ХХК, төлбөр авагч Г ХХК-д тус тус баталгаат шуудангаар, төлбөр төлөгч П.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б НҮТББ-ын захирал П.Г д утсаар мэдэгдсэн байна. /1хх 238, 239, 235-237/

 

6.б. Баталгаат шуудангаар хүргүүлэхэд хаягтаа байгаагүй, мэдэгдлийг гардан аваагүй нь шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр төлөгчид мэдэгдэх, гардуулах ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

7. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагджээ. /1хх 240-250, 2хх 1-7/

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/01244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 140,400 төгрөгийг нэхэмжлэгч П.Г , Б НҮТББ-аас гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР