Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/02778

 

е

 

 

 

 


 

2021 оны 11 сарын 30 өдөр

 

Дугаар 183/ШШ2021/02778

        Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК,

 

Хариуцагч: Б.С,

 

Хариуцагч: К ГХОХХК,

 

Хариуцагч: М.Д нарт холбогдох,

 

М ХХК-тай байгуулсан FLA062/2018, IPSA013/2018 тоот гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, 9 255 786 562,62 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч М ХХК, М.Д , Б.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч М ХХК, К ХХК, Д.Б.Н  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талтай 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр №IРSА013/2018-н тоот “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”, №013/2018-1, №013/2018-3, №013/2018-4, №013/2018-05, №013/2018-6-н №013/2018-7 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд болон №ЗХХАГБГ013/2018-н тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэйгээр 1 082 100 ам.долларын үнэ бүхий түрээсийн зүйл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Түрээслэгч нь №IРSА013/2018-н тоот хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах зорилгоор №013/2018-1, №013/2018-3, №013/2018-6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд болон №ЗХХАГБГ013/2018-н тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу иргэн Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 84 тоот хаягт байрлах, 262.44 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206019979 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 501 тоот хаягт байрлах 205.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 15,16 тоотод байрлах дулаан зогсоол, Б.С ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, ХУД тоот хаягт байрлах, 95.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, иргэн Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж, 89 дүгээр байрны зоорийн давхарын 4 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий зогсоол, МХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбай, Б.С ийн эзэмшлийн нэгж талбарын №18643318579448 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 388 тоотод байрлах, 376 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газар, иргэн Д.Намхайдагвын эзэмшлийн, нэгж талбарын №18648329546337 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 193 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, иргэн Д.Намхайдагвын эзэмшлийн, нэгж талбарын №18648329539350 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 498 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, иргэн Д.Намхайдагвын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203027225 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ, 2 дугаар гудамж, 919/1 тоот хаягт байрлах, 281 м.кв талбай бүхий хувийн сууц, иргэн Д.Намхайдагвын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203027224 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ, 2 дугаар гудамж, 919/2 тоот хаягт байрлах, 281 м.кв талбай бүхий хувийн сууц, иргэн Б.С ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202018382 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 388 тоот хаягт байрлах 360 м.кв талбай бүхий граш болон хувийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж, Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлогуудыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч талтай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №FLA062/2018 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”, №CTБГ062/2018 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №FLA062/2018-1 тоот нэмэлт гэрээг тус тус байгуулан 38 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй, 1 017 900 ам.долларын үнэ бүхий түрээсийн зүйлүүд болох Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF139865 тоот арлын дугаартай, 32-99 УН улсын дугаартай трактор, Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF139809 тоот арлын дугаартай, 42-09 УН улсын дугаартай тусгай техник, New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD145862 тоот арлын дугаартай, 61-12 УН улсын дугаартай трактор, New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD146049 тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 61-14 УН улсын дугаартай трактор, Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 1411923164 тоот арлын дугаартай, 10-16 ГЧ улсын дугаартай хор цацагч, Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 141Л823165 тоот арлын дугаартай, 10-15 ГЧ улсын дугаартай хор цацагч, Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8036169 тоот арлын дугаартай, 42-04 УН улсын дугаартай подборшик, Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8036168 тоот арлын дугаартай, 10-13 ГЧ улсын дугаартай подборшик, Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 31180917 тоот арлын дугаартай, 97-29 УН улсын дугаартай өөрөө явагч, Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ҮНG015087 тоот арлын дугаартай, 97-28 УН улсын дугаартай комбайн зэрэг дээрх хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Түрээслэгч нь №FLA062/2018 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №СТБГ062/2018 тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкнууд дахь дансны орлогуудыг түрээслүүлэгч талд барьцаалсан. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь түрээслүүлэгчийн өмчлөлийн дээрх хөдлөх эд хөрөнгүүдийг газар тариалан эрхлэлтийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд заасны дагуу түрээсийн зүйлүүдийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт түрээслүүлэгчид бүрэн төлж барагдуулах, төлбөрийг барагдуулсан тохиолдолд түрээсийн зүйлүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч М.Д  болон К ГХОХХК нар нь түрээслэгч МХХК-ийн №FLА062/2018 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ болон №IPSА013/2018 тоот “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах зорилгоор №ЗХХАГБДГ013/2018-2 тоот, №ЗХХАГБДГ013/2018-1 тоот, №СТБДГ062/2018-1 тоот, №СТБДГ062/2018-2 тоот баталгааны гэрээнүүдийг нэхэмжлэгч талтай байгуулсан. Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг түрээслэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.2.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэг талын санаачилгаар, шүүхийн журмаар гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй. Хариуцагч нарын тайлбартай холбогдуулж тайлбар гаргахад талууд зээлийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээнд түрээслүүлэгч нь хөрөнгө худалдаж авах, өөрөө мөнгө төлөх бусдаар үйлдвэрлүүлэх гэж заасан байдаг бид МХХК-ийн санхүүжилт хэрэгтэй байна гэх хүсэлтийн дагуу өөрийнх нь хөрөнгийг өөрсдөөс нь худалдаж аваад, мөнгийг нь дансанд нь хийгээд МХХК мөнгөтэй болсон, уг санхүүжилтийг нь шийдэж, хөрөнгийг худалдаж авсан Т ХХК мөн хөрөнгөтэй болж, гэрээний чөлөөт байдлын дагуу авсан хөрөнгөө санхүүгийн эргэлтэд оруулах зорилгоор буцааж түрээсэлсэн. Үүний дагуу МХХК нь түрээсийн тоног төхөөрөмжүүдийг өөрсдийнхөө эзэмшил ашиглалтад авч, өнөөдрийг хүртэлх хугацаанд үр шимийг нь хүртэж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хариуцагч МХХК санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч үндсэн төлбөр, хүү, алдангийг төлж байсан тул хүчин төгөлдөр хэлцэл юм. Санхүүгийн түрээсийн лизингийн тухай хууль нь өөрөө хувийн эрх зүйд хамаарах бөгөөд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрнө, гэрээг чөлөөтэй байгуулах бүрэн боломжтой. Хувьцаа эзэмшигч нарын шийдвэрийг харахад өөрсдөө санхүүгийн түрээс олгож өгөөч гээд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах эрхийг М.Д  болон Д.Мөнхбат захиралд олгосон хурлын шийдвэр байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь 2013 оноос хойш Японы хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд Япон хөрөнгө оруулагч мөн лизингийн компани байдаг. Т ХХК нь олон улсын жишгийн дагуу тухайн нэг харилцагчаас өөрсдийнх нь хөрөнгийг худалдаж авч, өөрийн хөрөнгө болгоод, тухайн харилцагчийнхаа хүсэлтийн дагуу буцаагаад өөрт нь түрээсэлдэг. Зөвхөн олон улс ч гэхгүй Монгол Улсын дотооддоо ч гэсэн бүх санхүүгийн түрээсийн компани, жишээлбэл Хас лизинг гэх мэтчилэн компаниуд яг энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр бид ямар нэг байдлаар буруу үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Иймд хариуцагч МХХК-тай байгуулсан FLA062/2018 “Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ” болон IPSA013/2018 тоот “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М ХХК, баталгаа гаргагч М.Д , К ХХК-иудаас түрээсийн гэрээнүүдийн үндсэн 5 652 113 370,62 төгрөг, хүүгийн төлбөрт 1 163 694 974,42 төгрөг, алданги 2 439 978 217,58 төгрөг нийт 9 255 786 562,62 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч М ХХК, М.Д , Б.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК нь Т ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр FLA062/2018 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулан нийт 10 ширхэг трактор, комбайн, хор цацагч, өөрөө явагч болон тусгай зориулалтын техник зэргийг түрээслэн, түрээсийн төлбөрийг төлж дууссанаар өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр IPSА013/2018 тоот “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хуашингюүлин маркийн 1 383 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг түрээслэн төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан. М ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар суманд газар тариалангийн зориулалтаар 6 000 га газар эзэмшиж, тухайн газартаа газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг. Т ХХК-иас түрээслэн авсан техникүүд нь бүгд газар тариалангийн зориулалттай техник хэрэгслүүд бөгөөд компанийн үндсэн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай юм. Түрээслэгч М ХХК нь түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гэрээ байгуулснаас хойш хугацаандаа төлж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим төлбөрүүд хугацаа хожимдуулсан. Түрээслүүлэгч талд энэхүү байдлаа тайлбарлаж 9-10 дугаар сард ургац хураалтын ажил эхлэх үед хуваарьт төлбөрийг төлж барагдуулан гэрээний зөрчилгүй болгохоо илэрхийлсээр байтал шүүхэд ханджээ. Хариуцагчийн зүгээс түрээсийн зүйл болох техникүүдийг ашиглан 6 000 га талбай буюу 6 000 000 м.кв талбайд тарьсан ургацаа хураах зайлшгүй шаардлага үүсэж байгааг Т ХХК болон түүний төлөөлөгчид газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцан, мэдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч, түрээслүүлэгч Т ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг дангаар цуцлах нөхцөл үүсээгүй гэж үзэж байна. Мөн М.Д , Б.С  нар нь санхүүгийн түрээсийн лизингийн гэрээ байгуулсан бөгөөд бодитоор дээрх гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээ байсан уу гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэгч нар дээрх гэрээний үндсэн дээр өөрсдийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүдээ нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, барьцаалсан байдаг. Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч өөрийн бараа бүтээгдэхүүн болон гуравдагч этгээдийн бараа бүтээгдэхүүнийг манайд худалдсан уу гэвэл худалдаагүй. Хариуцагчийн эд хөрөнгийг худалдаж аваад, санхүүгийн түрээсийн лизингийн гэрээ гэдэг үндэслэлээр мөнгө шилжүүлсэн. Гэхдээ зээлийн гэрээ гэж үзэхэд өнөөдөр нэхэмжлэгч компани нь өөрөө зээлийн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй юу, зөвшөөрөлтэй юу гэдэг нь тодорхойгүй байна. Ийм учраас хүчин төгөлдөр бус байгаа шалтгаан нь хуульд заасан үндэслэл болон хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, зорилгод нийцээгүй зүйл юм. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан боловч бодитоор хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн учраас хариуцагч М.Д , Б.С  нарын хувьд л анх авсан мөнгө, түүнээс төлсөн мөнгө, үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин дээрх гэрээний дагуу нэхэмжилж байгаа хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

 

            Хариуцагч М ХХК, К ХХК, Д.Б.Н  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсантай маргадаггүй. Харин энэхүү гэрээнүүд нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 312 дугаар зүйл болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгаар өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авах гэсэн 3 нөхцөлийг зааж өгсөн байдаг. Гэтэл энэхүү санхүүгийн түрээсийн гэрээгээр талуудын хооронд бодитоор үүссэн харилцаа нь санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа биш юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 11 ширхэг тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тээврийн тоног төхөөрөмж нь 2015 оны 12 дугаар сараас хойш М ХХК-ийн өмчлөлд байсан. Т ХХК нь тухайн эд хөрөнгүүдийг харагдах байдлаасаа МХХК-иас худалдаж аваад тэдгээрийг буцаагаад өөрт нь түрээслүүлсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ хоёулаа яг нэг өдөр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж мөн тухайн өдрөө өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулж үүгээр усалгааны тоног төхөөрөмж авч, хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. МХХК-ийн хувьд гэрээний эцсийн зорилго бол мөнгөтэй болох байсан. Гэтэл 11 ширхэг техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүдийг худалдаж аваад 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр МХХК-ийн дансанд 2 432 781 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2 584 054 800 төгрөг тус компанийн дансанд орсон. Үүний дагуу нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд бодит байдал дээр талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ биш, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Ингээд нийтдээ 5 016 835 800 төгрөгийг МХХК нь Т ХХК-иас авсан бөгөөд гэрээний дагуу нийт 1 078 660 661,393 төгрөгийг шилжүүлсэн. Зөрүү төлбөрийн үлдэгдэл 5 317 611 424,55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас 3 938 175 138,7 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар гаргахад санхүүгийн түрээсийн тухай хууль болон Иргэний хуульд түрээслүүлэгч бусдаас худалдан авах эрхтэй, худалдаж авч болно гэж заасан бөгөөд үүнийг үгүйсгээгүй. Харин хэнээс худалдаж авах вэ гэдгийг хуульд нарийн заасан. Хуульд өөрөө үйлдвэрлэнэ, эсхүл гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлнэ, эсхүл түүнээс буюу гуравдагч этгээдээс худалдаж авна гэж заасан. Түрээсийн гэрээний зохицуулалтаар зөвхөн гуравдагч этгээдээс худалдаж аваад түрээслэгчид өгөх гэсэн зохицуулалт харагдаж байна. Харин талуудын хоорондын харилцаа нь түрээслэгчээс өөрөөс нь худалдаж аваад буцаагаад түрээслүүлж байгаа гэж харагдана. Үүнийг хуулиар зохицуулаагүй бөгөөд мөнгө өгч байгаа нь бодит байдал дээр зээлийн гэрээний харилцаа байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл учраас бусад барьцаа, баталгааны гэрээнүүд болон нэмэлт үүргүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь МХХК, Б.С , Д.Б.Н , К ГХОХХК, М.Д  нарт холбогдуулан МХХК-тай байгуулсан FLA062/2018, IPSA013/2018 тоот гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7 181 566 163,92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 074 220 398,53 төгрөгөөр ихэсгэж, санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 9 255 786 562,62 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

            Хавтаст хэрэгт, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд 1 017 900 ам.долларын үнэ бүхий, хавсралтад тусгасан тоног төхөөрөмжүүдийг жилийн 13 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон FLA062/2018 дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан, СТБГ 062/2018 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон К ХХК-ийн хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан СТБДГ 062/2018-2 тоот “Баталгааны гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан СТБДГ 062/2018-1 тоот “Баталгааны гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан SPA062/2018 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-нүүд,

 

           2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 1 082 100 ам.долларын үнэ бүхий, 1 383,1 га талбайг услах чадалтай бороожуулах, услалтын системийг жилийн 13 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон IРSА013/2018 дугаартай “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон Б.С  нарын хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан, нэр бүхий 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 013/2018-1, 013/2018-3, 013/2018-7 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүд,

          мөн өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан, 1 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 013/2018-4 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,  ЗХХАГБГ 013/2018 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”,      

          мөн өдөр Т ХХК болон Д.Б.Н  нарын хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан, нэр бүхий 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 013/2018-5, 013/2018-6 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон М.Д  нарын хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан ЗХХАГБГ 013/2018-1 тоот “Баталгааны гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон К ХХК-ийн хооронд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан ЗХХАГБГ 013/2018-2 тоот “Баталгааны гэрээ”,

          мөн өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан  1 383,1 га талбайг услах чадалтай бороожуулах, услалтын системийг 1 082 100 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон  IРSА013/2018 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”,

          2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр FLA062/2018 дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ний FLA062/2018-01 дугаартай “Нэмэлт гэрээ” тус тус авагдсан байна. 

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд түрээслүүлэгч нь хөрөнгө худалдаж авах гэж заасан байдаг бөгөөд бид МХХК-ийн санхүүжилт хэрэгтэй байна гэх хүсэлтийн дагуу өөрийнх нь хөрөнгийг өөрсдөөс нь худалдаж аваад, мөнгийг нь дансанд нь хийгээд МХХК мөнгөтэй болсон, уг санхүүжилтийг нь шийдэж, хөрөнгийг худалдаж авсан Т ХХК мөн хөрөнгөтэй болж, гэрээний чөлөөт байдлын дагуу авсан хөрөнгөө санхүүгийн эргэлтэд оруулах зорилгоор буцааж түрээсэлсэн. Үүний дагуу МХХК нь түрээсийн тоног төхөөрөмжүүдийг өөрсдийнхөө эзэмшил ашиглалтад авч, өнөөдрийг хүртэлх хугацаанд үр шимийг нь хүртэж, үйл ажиллагаагаа явуулж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, 3 249 240,53 ам.доллар буюу 9 255 786 562,62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тайлбарласан. 

 

Хариуцагч нар “...Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсантай маргахгүй. Иргэний хуулийн 312 дугаар зүйл болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д түрээслүүлэгч бусдаас худалдан авах эрхтэй, худалдаж авч болно гэж заасан, харин хэнээс худалдаж авах вэ гэдгийг хуульд өөрөө үйлдвэрлэнэ, эсхүл гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлнэ, эсхүл түүнээс буюу гуравдагч этгээдээс худалдаж авна гэжээ. Түрээсийн гэрээний хувьд зөвхөн гуравдагч этгээдээс худалдаж аваад түрээслэгчид өгөх гэсэн зохицуулалт харагдаж байна. Гэтэл санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 11 ширхэг тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тээврийн тоног төхөөрөмж нь 2015 оны 12 дугаар сараас хойш М ХХК-ийн өмчлөлд байсныг Т ХХК худалдаж аваад, буцаагаад өөрт нь түрээслүүлсэн, дээрх гэрээнүүд нэг өдөр байгуулагдсан. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөн худалдах, худалдан авах гэрээгээр усалгааны тоног төхөөрөмж авч, хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ мөн адилхан байгуулсан. МХХК-ийн хувьд гэрээний эцсийн зорилго бол мөнгөтэй болох байсан бөгөөд дээрх гэрээнүүдийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр МХХК-ийн дансанд 2 432 781 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2 584 054 800 төгрөг тус тус орсон нь бодит байдал дээр зээлийн гэрээний харилцаа байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад барьцаа, баталгааны гэрээнүүд болон нэмэлт үүргүүд нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагаас 3 938 175 138,7 төгрөг төлөхийг зөвшөөрнө, хүү, алданги шаардсаныг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Санхүүгийн түрээс" гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгоно гэж,

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 312.2-т “Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл лизинг олгогч нь лизинг авагчийн ашиглалтад шилжүүлэх эд хөрөнгийг борлуулагчаас худалдан авах боломжтой байхаас гадна түрээсийн гэрээний зүйл болсон тоног төхөөрөмжүүдийг М ХХК-иас худалдаж авахаар талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, мөн хариуцагч нар шүүхэд “...цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим төлбөрүүдийг хугацаа хожимдуулсан, ургац хураалтын ажил эхлэх үед хуваарьт төлбөрийг төлж барагдуулан гэрээний зөрчилгүй болгохоо илэрхийлсэн, түрээсийн зүйл болох техникүүдийг ашиглан 6 000 га талбайд тарьсан ургацаа хураах зайлшгүй шаардлага үүссэн, ...түрээслүүлэгчид гэрээг дангаар цуцлах нөхцөл үүсээгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргасан зэргээр тус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч нар гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа  2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус тус дуусах боловч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Улмаар нэхэмжлэгч талаас 2019 оны 3 дугаар сарын 04, 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хариуцагч М ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар жилийн 13 хувийн хүү төлөхөөр тохиролцсон нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ” 7.1.2. түрээсийн хүү гэж заасантай, мөн заалтаар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцэх боловч шүүх тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг тал хувиар бууруулах боломжтой гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 312 дугаар зүйлийн 312.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК, К ХХК, М.Д  нараас түрээсийн гэрээнүүдийн үндсэн төлбөрт 5 652 113 370,62 төгрөг, хүүгийн төлбөрт 1 163 694 974,42 төгрөг, алданги 1 219 989 109 төгрөг нийт 8 035 797 453,62 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 219 989 109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.

 

Талууд FLA062/2018 тоот “Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”, CTБГ062/2018 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-нүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 013/2018-1, 013/2018-3, 013/2018-4, 013/2018-5, 013/2018-6, 013/2018-7 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж тус гэрээгээр.........................................үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

Хариуцагч нар нь дээрх барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нар үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан.  

 

Т ХХК болон М ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ЗХХАГБГ 013/2018 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж, М ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлогуудыг,

Т ХХК болон М ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр СТБГ 062/2018 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр М ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкнууд дахь дансны орлогуудыг,

  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Т ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан FLA062/2018 дугаартай “Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалтаар түрээсийн гэрээний зүйл болсон тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалсан байна. 

 

Хариуцагч нар нь дээрх барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нар үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 665 042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 40 336 937 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 312 дугаар зүйлийн 312.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК, К ХХК, М.Д  нараас түрээсийн гэрээнүүдийн үндсэн төлбөрт 5 652 113 370,62 төгрөг, хүүгийн төлбөрт 1 163 694 974,42 төгрөг, алданги 1 219 989 109 төгрөг нийт 8 035 797 453,62 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 219 989 109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл .........................үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл болох, хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 665 042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 40 336 937 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНГӨНТУУЛ