Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00523

 

 

 

 

 

 

 

 

 

Т Д Б л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т Д Б л ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А ХХК, Б.С , Д.Н , К В ХХК, М.Д нарт холбогдох, гэрээний үүрэгт нийт 9,255,786,562.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдоос гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , Д.Л , М.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А , хариуцагч М.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч М.А ХХК, К В ХХК, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Түрээслэгч М.А ХХК нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талтай 2018 оны 04 сарын 06-ны өдөр №IРSА013/2018-н тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ, №013/2018-1, №013/2018-3, №013/2018-4, №013/2018-05, №013/2018-6-н №013/2018-7 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд болон №ЗХХАГБГ013/2018-н тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээтус тус байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэйгээр 1,082,100 ам.долларын үнэ бүхий түрээсийн зүйл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуаншингюлин маркийн 1,383.1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Дээрх гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор иргэн Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байрлах 262.44 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байрлах 205.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 15, 16 тоотод байрлах дулаан зогсоол, Улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн,...  хаягт байрлах 95.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоотод байрлах дулаан зогсоол, М.А ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэгдсэн, ... гэх газарт байрлах 1,500 м.кв газар тариалангийн талбай, Б.С ийн эзэмшлийн нэгж талбарын №18643318579448 дугаарт бүртгэгдсэн, ... тоотод байрлах 376 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газар, иргэн Д.Н-н эзэмшлийн, нэгж талбарын №18648329546337 дугаарт бүртгэгдсэн, ... хороонд байрлах 193 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, иргэн Д.Н-н эзэмшлийн, нэгж талбарын №18648329539350 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах 498 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, иргэн Д.Н-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байрлах 281 м.кв талбай бүхий хувийн сууц, иргэн Д.Н-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байрлах 281 м.кв талбай бүхий хувийн сууц, иргэн Б.С ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байрлах 360 м.кв талбай бүхий гарааш болон хувийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1,383.1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж, Х Х Б ХХК болон бусад арилжааны банкууд дахь дансны орлогуудыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгч талтай 2018 оны 02 сарын 09-ний өдөр №0 тоот Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ, №0 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 04 сарын 30-ны өдөр №0тоот нэмэлт гэрээг тус тус байгуулан 38 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хувийн хүүтэй, 1,017,900 ам.долларын үнэ бүхий түрээсийн зүйлүүд болох Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай трактор, Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай тусгай техник, New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0  тоот арлын дугаартай 0  УН улсын дугаартай трактор, New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0  тоот арлын дугаартай 0  УН улсын дугаартай трактор, Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 ГЧ улсын дугаартай хор цацагч, Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 ГЧ улсын дугаартай хор цацагч, Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай подборшик, Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0  тоот арлын дугаартай 0 ГЧ улсын дугаартай подборшик, Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай өөрөө явагч, Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 0тоот арлын дугаартай, 0 УН улсын дугаартай комбайн зэрэг дээрх хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Х Х Б ХХК болон бусад арилжааны банкнууд дахь дансны орлогуудыг түрээслүүлэгч талд барьцаалсан. Түрээслэгч нь түрээслүүлэгчийн өмчлөлийн дээрх хөдлөх эд хөрөнгүүдийг газар тариалан эрхлэлтийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд заасны дагуу түрээсийн зүйлүүдийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт түрээслүүлэгчид бүрэн төлж барагдуулах, төлбөрийг барагдуулсан тохиолдолд түрээсийн зүйлүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон.

Хариуцагч М.Д болон К В ХХК нар нь түрээслэгч М.А ХХК-ийн №0 тоот Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ болон №0 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах зорилгоор №0 №0 №0 №0 тоот баталгааны гэрээнүүдийг нэхэмжлэгч талтай байгуулсан.

Хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг түрээслэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.2.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэг талын санаачилгаар, шүүхийн журмаар гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

Иймд хариуцагч М.А ХХК-тай байгуулсан 0 Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ болон 0 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.А ХХК, баталгаа гаргагч М.Д , К В ХХК-уудаас түрээсийн гэрээнүүдийн үндсэн төлбөр 5,652,113,370.62 төгрөг, хүүгийн төлбөр 1,163,694,974.42 төгрөг, алданги 2,439,978,217.58 төгрөг нийт 9,255,786,562.62 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч М.А ХХК, М.Д , Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: М.А ХХК нь Т Д Б л ХХК-тай 2018 оны 02 сарын 09-ний өдөр 0 тоот Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан нийт 10 ширхэг трактор, комбайн, хор цацагч, өөрөө явагч болон тусгай зориулалтын техник зэргийг түрээслэн, түрээсийн төлбөрийг төлж дууссанаар өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Мөн 2018 оны 04 сарын 06-ны өдөр 0 тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулан БНХАУ-д үйлдвэрлэсэн Хуашингюүлин маркийн 1,383 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг түрээслэн төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан. М.А ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар суманд газар тариалангийн зориулалтаар 6,000 га газар эзэмшиж, тухайн газартаа газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг. Т Д Б л ХХК-аас түрээслэн авсан техникүүд нь бүгд газар тариалангийн зориулалттай техник хэрэгслүүд бөгөөд компанийн үндсэн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай юм.

Түрээслэгч М.А ХХК нь түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гэрээ байгуулснаас хойш хугацаандаа төлж байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим төлбөрүүдийг хугацаа хожимдуулсан. Хариуцагчийн зүгээс түрээсийн зүйл болох техникүүдийг ашиглан 6,000 га талбайд тарьсан ургацаа хураах зайлшгүй шаардлага үүсэж байгааг Т Д Б л ХХК мэдэж байгаа бөгөөд Т Д Б л ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг дангаар цуцлах нөхцөл үүсээгүй гэж үзэж байна.

Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь өөрийн бараа бүтээгдэхүүн болон гуравдагч этгээдийн бараа бүтээгдэхүүнийг манайд худалдсан уу гэвэл худалдаагүй. Хариуцагчийн эд хөрөнгийг худалдаж аваад, санхүүгийн түрээсийн лизингийн гэрээ гэдэг үндэслэлээр мөнгө шилжүүлсэн. Гэхдээ зээлийн гэрээ гэж үзэхэд өнөөдөр нэхэмжлэгч компани нь өөрөө зээлийн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй юу, зөвшөөрөлтэй юу гэдэг нь тодорхойгүй байна. Ийм учраас хүчин төгөлдөр бус байгаа шалтгаан нь хуульд заасан үндэслэл болон хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, зорилгод нийцээгүй зүйл юм. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан боловч бодитоор хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн учраас хариуцагч М.Д , Б.С нарын хувьд анх авсан мөнгө, түүнээс төлсөн мөнгө, үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин дээрх гэрээний дагуу нэхэмжилж байгаа хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Хариуцагч М.А ХХК, К В ХХК, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсантай маргадаггүй. Харин энэхүү гэрээнүүд нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 312 дугаар зүйл болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгаар өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авах гэсэн 3 нөхцөлийг зааж өгсөн байдаг. Гэтэл энэхүү санхүүгийн түрээсийн гэрээгээр талуудын хооронд бодитоор үүссэн харилцаа нь санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа биш юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 11 ширхэг тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тээврийн тоног төхөөрөмж нь 2015 оны 12 сараас хойш М.А ХХК-ийн өмчлөлд байсан. Т Д Б л ХХК нь тухайн эд хөрөнгүүдийг М.А ХХК-аас худалдаж аваад тэдгээрийг буцаагаад өөрт нь түрээслүүлсэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ хоёулаа яг нэг өдөр байгуулагдсан. Дараа нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулж үүгээр усалгааны тоног төхөөрөмж авч, хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. М.А ХХК-ийн хувьд гэрээний эцсийн зорилго бол мөнгөтэй болох байсан.

Гэтэл 11 ширхэг техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүдийг худалдаж аваад 2015 оны 02 сарын 15-ны өдөр М.А ХХК-ийн дансанд 2,432,781,000 төгрөг, 2018 оны 04 сарын 09-ний өдөр 2,584,054,800 төгрөг тус компанийн дансанд орсон. Үүний дагуу нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд бодит байдал дээр талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ биш, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Ингээд нийтдээ 5,016,835,800 төгрөгийг М.А ХХК нь Т Д Б л ХХК-аас авсан бөгөөд гэрээний дагуу нийт 1,078,660,661 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,938,175,138.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.

Санхүүгийн түрээсийн тухай хууль болон Иргэний хуульд түрээслүүлэгч бусдаас худалдан авах эрхтэй, худалдаж авч болно гэж заасан бөгөөд үүнийг үгүйсгээгүй. Харин хэнээс худалдаж авах вэ гэдгийг хуульд нарийн заасан. Хуульд өөрөө үйлдвэрлэнэ, эсхүл гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлнэ, эсхүл түүнээс буюу гуравдагч этгээдээс худалдаж авна гэж заасан. Түрээсийн гэрээний зохицуулалтаар зөвхөн гуравдагч этгээдээс худалдаж аваад түрээслэгчид өгөх гэсэн зохицуулалт харагдаж байна. Харин талуудын хоорондын харилцаа нь түрээслэгчээс өөрөөс нь худалдаж аваад буцаагаад түрээслүүлж байгаа гэж харагдана. Үүнийг хуулиар зохицуулаагүй бөгөөд мөнгө өгч байгаа нь бодит байдал дээр зээлийн гэрээний харилцаа байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл учраас бусад барьцаа, баталгааны гэрээнүүд болон нэмэлт үүргүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.А ХХК, К В ХХК, М.Д нараас түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,652,113,370.62 төгрөг, хүүгийн төлбөр 1,163,694,974.42 төгрөг, алданги 1,219,989,109 төгрөг, нийт 8,035,797,453.62 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Д Б л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,219,989,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байрлах 262.44 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ...   тоот хаягт байрлах 205.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 15, 16 тоотод байрлах дулаан зогсоол, Б.С ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ...  хаягт байрлах 95.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ...  тоотод байрлах 18 м.кв талбай бүхий дулаан зогсоол, М.А ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №0 дугаарт бүртгэгдсэн, ... гэх газарт байрлах 1,500 м.кв бүхий газар тариалангийн талбай, Б.С ийн эзэмшлийн нэгж талбарын №0 дугаарт бүртгэгдсэн, ... тоотод байрлах 376 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газар, Д.Н-н эзэмшлийн, нэгж талбарын №0 дугаарт бүртгэгдсэн, ... хороонд байрлах 193 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, Д.Н-н эзэмшлийн, нэгж талбарын №0 дугаарт бүртгэгдсэн, ... хороонд байрлах 498 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар, Д.Н-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ...  хаягт байрлах 281 м.кв талбай бүхий хувийн сууц, Д.Н-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... тоот хаягт байрлах 281 м.кв талбай бүхий хувийн сууц, Б.С ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байрлах 360 м.кв талбай бүхий гарааш болон хувийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл болох БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1,383.1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж, М.А ХХК-ийн Х Х Б ХХК болон бусад арилжааны банкууд дахь дансны орлогууд, Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай трактор, Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай тусгай техник, New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай трактор, New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн 0 УН улсын дугаартай трактор, Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 ГЧ улсын дугаартай хор цацагч, Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0тоот арлын дугаартай 0 ГЧ улсын дугаартай хор цацагч, Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай подборшик, Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 ГЧ улсын дугаартай подборшик, Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай өөрөө явагч, Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 0 тоот арлын дугаартай 0 УН улсын дугаартай комбайн зэрэг хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,665,042 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 40,336,937 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн.

 

5.   Давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

а. Анхан шатны шүүх алдангийг үндэслэлгүйгээр бууруулсан. Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн дугаар 01 зөвлөмжид ...Анзын хэмжээг багасгах нь хэргийн нөхцөл байдлаас шалтгаалахаас гадна энэ талаар талууд мэтгэлцсэн байх нь шүүхээс дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Хэргийн ямар нөхцөл байдлаас шалтгаалсан тухай үндэслэлээ шүүх шийдвэртээ тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасантай нийцнэ. Талууд мэтгэлцээгүй байхад тодорхой үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй зээлдэгчийн төлбөл зохих алдангийн хэмжээг багасгах ёсгүй... гэж тусгасан байна. Хариуцагч нь хүү, алдангийн төлбөрийн дүнтэй маргаагүй бөгөөд алдангийг багасгах хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг багасган шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

б. Шүүх анзын хэмжээ илт их эсэх, хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болох эсэхэд дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүхээс илт их гэдэгт ямар тохиолдол, нөхцөл хэмжээ хамаарах, анзын хэмжээг багасгах нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд анзын хэмжээг багасгах бол үүргээ зөрчсөн талын гэм буруу, зөрчлийн ноцтой байдал, төлбөрийн чадвар, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан зэрэгт хэргийн нөхцөл байдлыг уялдуулж хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон алданги 1,219,989,109 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

6.   Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзаад шийдвэрлэнэ гэсэн. Үүнд ямар нөхцөл байдал байгаа вэ гэхээр гэрээ анх байгуулагдахад төлбөрийг ам.доллараар тооцоод түүнийгээ буцаагаад төгрөгт шилжүүлээд төлнө гэсэн зохицуулалт байгаа. Анх гэрээ байгуулагдаад нэхэмжлэгч сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэл 1 ам.долларт 443 төгрөгөөр ханш өссөн. Тэгэхээр долларын ханшийн өсөлт хариуцагч М.А ХХК-ийн зүгээс хамаарахгүй нөхцөл байдлаар үүсэж байгаа. Ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалаад үзэх юм бол илт их гэдэг нь харагдана. М.А ХХК нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаа нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад олох ёстой байсан орлого олж чадаагүй гэдэг нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Тухайлбал давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг шүүх харгалзаад алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна.

 

7.   Давж заалдах журмаар гаргасан хариуцагч М.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга: Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

а. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2018 оны 02 сарын 09-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ болон 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэл хийлгэсэн 11 ширхэг тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник нь анхнаасаа М.А ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 0 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ-гээр Энсада трактрон ХХК-аас худалдан авсан. Харин Т Д Б л ХХК-тай гэрээ байгуулах үед хариуцагч М.А ХХК-д бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага байсан тул Т Д Б л ХХК-тай гэрээ байгуулж, 2 гэрээний дагуу нийт 5,016,835,800 төгрөг шилжүүлэн авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн дагуу бэлэн мөнгөний гүйлгээ хийгдэж, буцаан мөнгө шилжүүлснээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна.

б. Т Д Б л ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй тул бодитоор зээлийн гэрээний харилцаа үүссэнийг санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд нийцүүлэн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлснээ буцаан авахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 02 сарын 09-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ болон 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул тухайн 2 гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан барьцаа, баталгаа, батлан даалтын үүрэг хүлээлгэн байгуулсан бусад гэрээ ч мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас 3,938,175,138.07 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 5,317,611,424.55 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхээс 1,219,989,109 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул үлдэх 4,097,622,315 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

8.   Хариуцагч М.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Санхүүгийн түрээсийн гэрээ биш гэж хэлдэг. Анх санхүүгийн түрээсийн гэрээний уг тоног төхөөрөмжийг М.А ХХК-аас худалдаж авсан нь үнэн. М.А ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зохих төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдсан. Төлбөрөө төлсөн учраас энэ хөрөнгө Т Д Б л ХХК-ийн өмч болсон. М.А ХХК нь хугацаа алдсан ч гэсэн хэсэгчлэн тодорхой хэмжээний төлбөрүүд төлж байсан. Тэр төлбөрийг төлөх хүртлээ буюу шүүх дээр маргаан ирэх хүртэл нэг ч удаа санхүүгийн түрээсийн гэрээний талаар маргаж байгаагүй. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2 дахь хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авч түрээслүүлэх эрх нь хуулиар нээлттэй байгаа. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт өөрөө үйлдвэрлэх, худалдан авах эрх нь түрээслүүлэгчид байгаа. Бид худалдаж аваад түрээслүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хориглосон хэм хэмжээ байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Гэсэн хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байхаас гадна хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжтой байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

3.   Нэхэмжлэгч Т Д Б л ХХК нь хариуцагч М.А ХХК, Б.С , Д.Н , К В ХХК, М.Д нарт холбогдуулан, М.А ХХК, М.Д , К В ХХК нараас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,652,113,370.62 төгрөг, хүүгийн төлбөр 1,163,694,974.42 төгрөг, алданги 2,439,978,217.58 төгрөг, нийт 9,255,786,562.62 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч М.А ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 1,082,100 ам.долларын болон 1,017,900 ам.долларын үнэ бүхий 11 ширхэг тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн, түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1хх 1-8, 2хх 93-95/

Гэрээний талууд гэрээг байгуулах, дуусгавар болгох эрхтэй учир хугацаанаас өмнө цуцлах нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын гэрээ дуусгавар болгосон үндэслэлд шүүх дүгнэлт өгөхөөс бус шүүхээс талуудын байгуулсан гэрээг цуцлахгүй юм.

 

4.   Дээрх шаардлагаас хариуцагч М.А ХХК нь 3,938,175,138.07 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 5,317,611,424.55 төгрөгийг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ ...талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй, харин зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй учир хэлцэл хүчин төгөлдөр бус, иймээс өгсөн авснаа буцаана, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцаа, баталгаа, батлан даалтын гэрээнүүд мөн хүчин төгөлдөр бус... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /1хх 174-176, 2хх 107-109/

 

5.   Т Д Б л ХХК, М.А ХХК-иуд 2018 оны 02 сарын 09-ний өдөр Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн, мөн 2018 оны 04 сарын 06-ны өдөр Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн хэлцлийг тус тус хийж, ...Т Д Б л ХХК нь нийт 1,017,900 ам.долларын үнэ бүхий 10 ширхэг тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж болон 1,082,100 ам.долларын үнэ бүхий бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг М.А ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, М.А ХХК нь харилцан тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөрийг хүүгийн хамтаар хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий гэрээнд талууд гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулжээ. /1хх 23-35, 110-120/

 

6.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:

6а. Дээр дурдсан гэрээний зүйл болох нийт 11 ширхэг тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Т Д Б л ХХК нь хариуцагч М.А ХХК-аас худалдан авч, улмаар түүнд буцаан түрээслүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн худалдах, худалдан авах гэрээ-гээр тэдгээр эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн, харин бодит эзэмшил, ашиглалт М.А ХХК-д хэвээр үлдсэн байна. /1хх 95-97, 154-155/ Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан агуулга бүхий өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжээгүй, харин олгосон санхүүжилтийг буцаан төлөх үүргийг баталгаажуулах зорилгоор өмчлөлдөө авсан гэж үзэхээр байна.

6б. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.2, Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлтийн дагуу гэрээний зүйлийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч, гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээх агуулга тусгагдсан байдаг.

Санхүүгийн түрээс өгөгч буюу түрээслүүлэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох боловч хуулийн дээрх заалтад буй түүнээс гэсэн агуулга нь түрээслэгчээс өөрөөс нь худалдаж аваад, хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ гэж үзэхгүй.

Иймд дээрх хуулийн зохицуулалтад ...түүнээс худалдан авч... гэсэн нь гуравдагч этгээд-д хамааралтай зохицуулалт байх тул ...хариуцагчаас худалдан авч, хариуцагчид буцаан түрээслүүлсэн учир санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарна... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ бус харин зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлтэй.

6в. Нэхэмжлэгч Т Д Б л ХХК-ийн зүгээс хариуцагч М.А ХХК-д үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2018 оны 02 сарын 15-ны өдөр 2,432,781,000 төгрөг, 2018 оны 04 сарын 09-ний өдөр 2,584,054,800 төгрөг, нийт 5,016,835,800 төгрөгийг шилжүүлэн өгсөн /2хх 55, 56/, хариуцагч М.А ХХК нь гэрээний дагуу үндсэн төлбөрийг хүүгийн хамтаар буцаан төлж байсан /2хх 89-92/, үүссэн өр төлбөрийг төлж барагдуулах тухайгаа албан бичгээр илэрхийлж байсан /1хх 103/ зэрэг үйл баримт нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.

6г. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Т Д Б л ХХК нь мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаа, хүүтэйгээр хариуцагч М.А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч М.А ХХК нь өөрийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу хүүтэйгээр буцаан төлөх агуулгатай хэлцэл хийжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлсэн нь зөв гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

7.   Харин ...нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус... гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй, улмаар нэхэмжлэгч Т Д Б л ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А ХХК-д мөнгөн хөрөнгө болзолтой шилжүүлэн өгсөн тул зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй учир хариуцагчаас үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 6,815,808,345.04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /2хх 96-97/

 

8.   Талууд 2018 оны 02 сарын 09-ний өдрийн Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ, 2018 оны 04 сарын 06-ны өдрийн Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ-гээр төлбөрийн хуваарийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

8а. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан алданги 2,439,978,217.58 төгрөгийг 50 хувиар буюу 1,219,989,109 төгрөгөөр багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, ийнхүү багасгахдаа гэрээ байгуулагдсан нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдлыг харгалзсан байна.

8б. Хэрэгт М.А ХХК-д олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /2хх 57-58/, ...-гийн болон ...-ын ...М.А ХХК ургац алдсан... талаарх тодорхойлолт /2хх 59, 60/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байх тул шүүх анзыг хэргийн нөхцөл байдлыг харгалзалгүйгээр багасгасан гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.   Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд /1хх 36-40, 41-44, 45-48, 49-56, 57-59/, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-нүүд /1хх 61-63, 134-136/, Баталгааны гэрээ-нүүд /1хх 90-91, 92-93, 150-151, 152-153/ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн, хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул холбогдох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, мөн баталгаа гаргагч нараас мөнгөн хөрөнгө гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Барьцааны гэрээ, баталгааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин 2018 оны 02 сарын 09-ний өдрийн Өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3.3-т тусгасан Түрээсийн зүйл нь түрээслүүлэгчийн өмчлөлийн зүйл байх бөгөөд түрээслэгч түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид бүрэн төлсөн болон энэ гэрээнд заасан бусад шаардлага хангасан тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэсэн тохиролцоог хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбаруудаар /1хх 124-133/ гэрээний зүйл болох нийт 10 ширхэг тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж нэхэмжлэгч Т Д Б л ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн нөхцөл байдалтай харьцуулан үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрт зохих хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

Талуудын хооронд хүсэл зориг нэгдэж хийгдсэн зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Үндсэн гэрээнүүдийг хэрхэн нэрлэсэн байгаа нь уг хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй байна.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8, 312 дугаар зүйлийн 312.1-д... гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д... гэснийг ...Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч М.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 3,000,000 төгрөг болон 17,646,062 төгрөг, нийт 20,646,062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т Д Б л ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 6,257,895.55 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.НЯМБАЗАР