Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 33

 

Г.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 850 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, Улаан уулын ард оршин суух, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хараагүйчүүдийн 48-3 тоотод түр оршин суух, 1950 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ50051707, С овогт Г-гийн Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 15-9 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ85082871, Зуутраг овогт Цэвэгмэдийн Бд холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Г.Д-гийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд жил бүр чацаргана гарах үеэр ирж хүмүүсээс чацаргана худалдаж авдаг. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр чацаргана авах боломжгүй болсон учир өмнөх жилүүдэд чацаргана өгч хамтарч ажиллаж байсан Ц.Бг дуудаад миний бие 379.3 кг чацаргана, манай бэр Б.Ж 105.5 кг чацаргана өгч, бэрийнх 258.000 төгрөг, минийх 948.250 төгрөг тус тус болсон.

Түүнээс Ц.Б-тай хамт яваад өөрөө авах байсан чацарганаа түүнд авч өгөөд өдөржин хамт явсан. Орой нь гэртээ ирээд чацарганы тооцоогоо харж байгаад бэрээсээ миний чацарганы үнийг Ц.Б-гаас авсан юм уу гэж асуухад манай бэр таны мөнгийг өгөөгүй, би өөрийнхөө мөнгийг авсан гэхээр нь Ц.Б руу утсаар яриад миний мөнгийг өгөөгүй байна гэхэд мөнгө өгсөн гээд хашгирч загнаад янз бүрийн үгээр доромжилсон.

Түүнээс болж миний даралт ихсэж бие муудсан, маргааш нь амралтын өдөр байсан тул хуулийн байгууллагад хандах боломжгүй байсан тул хүлээж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Улмаар Ц.Бг дуудаж ирүүлээд бид уулзсан. Гэтэл Ц.Б нь хүлээн зөвшөөрөхгүй над руу дайрч доромжлоод гарсан. Тиймээс шүүхэд хандаж байна.

Иймд Ц.Б-гаас чацарганы үнэ 948.250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний бие Улаанбаатар хот руу буцах болсон тул бэр Б.Ж итгэмжлэлээр оролцох болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хадам ээж Г.Д хоёулаа чацарганаа Ц.Б-д өгнө гээд түүнийг дуудсан. Улмаар Ц.Б ирээд би түүнд 105.5 кг чацаргана, ээж Г.Д 379.3 кг чацаргана өгсөн бөгөөд минийх 258.000 төгрөг, ээж Г.Дгийнх 948.250 төгрөг болсон.

Ингээд Ц.Б түрийвчнээсээ 25 ширхэг 10.000-ын дэвсгэрт, 1 ширхэг 5000-ын дэвсгэрт, 3 ширхэг 1000-ын дэвсгэрт гээд нийт 258.000 төгрөг буюу миний чацарганы үнийг өгсөн. Тухайн үед найзаасаа 1000 төгрөг дутаж байна гээд авч өгч байсан. Ц.Б 1 боодол 10000-ын дэвсгэрт өгсөн гээд байгаа, эрэгтэй хүний түрийвчинд 1 боодол 10000-ын дэвсгэрт багтахгүй гэж үзэж байна.

Ингээд маргааш нь ээж чи Ц.Б-гаас миний чацарганы мөнгийг авсан уу гэхэд би аваагүй юм чинь аваагүй гэж хэлсэн. Улмаар ээж Ц.Б руу залгаад чацарганы мөнгөө авмаар байна гэхэд танай бэр Б.Ж-д өгсөн гэж хэлсэн гэсэн. Ингээд ээж Г.Д шүүх дэх эвлэрэлд хандсан боловч эвлэрээгүй тул шүүхэд хандсан.

Иймд Ц.Б-гаас чацарганы үнэ 948.250 төгрөгийг гаргуулж ээж Г.Д-д олгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Торгон жимс ХХК-ийн захирал бөгөөд түүхий эд болох чацарганаа жил бүр ард иргэдээс худалдан авч ирсэн. Энэхүү бизнесийг 10 гаруй жил хийж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч болох Г.Д эгчтэй олон жил харьцаж ирсэн.

Энэ жил миний бие өөрийн жимсэн дээрээ хүмүүсээс 10 тонн жимс авсан. Г.Д эгчээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр биш 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 379,3 кг жимс 1 килограммыг нь 2500 төгрөгөөр тооцон 948.250 төгрөг, түүний бэр болох Б.Ж-гаас 103,2 кг жимс 2500 төгрөгөөр тооцон 258.000 төгрөг, нийт 1.206.000 төгрөгийг Г.Д-гийн бэр болох Б.Ж-д өгсөн.

Харин ч намайг хүн луйвардсан мэтээр ярьж байгаад гомдолтой байна. Би олон хүнтэй харьцаж жимс авч байсан, тухай бүр нь мөнгийг нь өгдөг, ийм хэрэг огт гарч байгаагүй, хүн луйвардана гэсэн санаа бодол огт байхгүй, тийм хүмүүжил ч байхгүй. Г.Д эгчийг дайрч доромжилсон зүйл байхгүй, таны мөнгийг өгсөн гэхэд өөрөө л уурласан. Иймд нэхэмжлэгч Г.Д-д чацарганы үнэ 948.250 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 850 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-гаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гаас 27.308 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 850 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй  

Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 08 сарын 30-ны өдөр надад чацаргана худалдсан гэжээ. Миний бие 2018 оны 08 сарын 25-ны өдөр " Д болон түүний бэр Б.Ж нараас чацаргана худалдаж авсан юм. Тухайн өдрийн өглөө нь Б.Ж-гаас 200.000 гаруй мянга, төгрөгний чацаргана худалдаж аваад үдээс хойш дахин Б.Ж-гаас 103 2 кт , Г.Д эгчээс 379.3 кг чацарганы 1 кг-ыг нь 2500 төгрөгөөр тооцон нийт 1.206.000 төгрөгний чацаргана худалдаж авсан. Б.Жгаас худалдаж авсан чацарганы тооцоо 258.000 төгрөг, Г.Д эгчийн чацарганы тооцоо 948.250 төгрөг болж байсан.

Би тухайн үед задгай мөнгөгүй явж байсан ба гэрээс 4 сая төгрөгтэй гарсан. Тэр үөд надад 20.000,10.000, 5000-тын дэвсгэртүүд байсан учир 2 хүний тооцоог бүхэлтгээд 1205000 төгрөг болгоод 1000 төгрөг дутахаар нь надтай цуг явж байсан Н.Баас авч өгсөн.

Гэтэл Б. Ж нь надаас 1.206.000 төгрөг хүлээж агаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бооцоогоо бүрэн хийсэн учир эх баримтаа өөртөө үлдээгээд хуулбар буюу шар хуудсаа Б.Ж-д өгсөн.

Б Ж нь надаас 10.000-тын дэвсгэрт 25 ширхэг, 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, 1000-тын дэвсгэрт 3 ширхэг тус тус хүлээж авсан гэжээ Тухайн үед надад ямар ч задгай мөнгө байгаагүй. Тийм ч учраас би 2 тооцоог нэгтгэж 1.205.000 төгрөг болгоод Н Б-аас 1000 төгрөг нэмж авсан.

Н.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө намайг Б.Ж-тай 1.200.000 төгрөгний тооцоо хийсэн талаар мэдүүлсэн ба мөн Б.Ж-гийн ширээн дээр 20.000-тын дэвсгэртүүд тавьсан байгааг харсан" гэж мэдүүлсэн. Энэ гэрчийн мэдүүлгээс харахад би Б.Ж-тай 20.000-тын дэвсгэрт ашиглан тооцоо хийсэн болох нь нотлогдож байна. Түүнчлэн шүүх хуралдаан дээр шүүгч нь гэрч Н.Баас “чи 20.000 -тын дэвсгэртийг таньсан юм уу” гэж асуухад Н.Б надад танигдаж байсан гэж хариулсан. Гэтэл энэ нь шүүх ууралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд дутуу бичигдсэн зүйл байна бичлэгийг сонсоё гэж шүүгчийн туслахтай уулзсан боловч сонсгоогүй болно.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Г.Д шүүхэд тайлбар ирүүлсэн байх ба ямар нэгэн гарын үсэггүй байна. Эндээс тухайн тайлбарыг хариуцагч нэхэмжлэгч гаргасан гэж үзэх ямар ч боломжгүй байхад шүүх уг тайлбарыг хүлээн авсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:”Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч холбогдох ажиллагаануудыг хийж мөн талуудын гаргаж өгсөн нотлох баримтанд дүгнэлт хийж, хариуцагч Ц.Б, нэхэмжлэгч Г.Д нарын хооронд 379.3 кг чацарганыг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт байгаа нь нотлогдсон байдаг. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх чацарганы мөнгө 948.250 төгрөг өгсөн гэх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөөгүй гэдэг нь нотлогдож байгаа.

Анхан шатны шүүх хэргийг хуулийн хүрээнд тал бүрийн дүгнэлт хийж, Г.Дд дээрх чацарганы мөнгийг өгсөн гэдгээ хариуцагч нотолж чадаагүй байна гэж үзэж шийдвэрлэсэн.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Б эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч Г.Д нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 кг чацаргана жимсийг 2500 төгрөгөөр тооцож нийт 379.3  кг чацарганыг 948.250 төгрөгөөр худалдах, хариуцагч Ц.Б худалдан авахаар тохирч, уг эд хөрөнгийг худалдагч хүлээлгэн өгсөн байх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлт хийжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчинтөгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь  гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, харин худалдан авагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Худалдагч Г.Д нь гэрээний дагуу 379.3  кг чацарганыг худалдан авагч талд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд зохигчид нь килограмм болон үнийн дүн болон уг чацарганыг  өгсөн, авсан талаар маргаангүй, харин чацарганы үнийг төлсөн эсэх талаар маргаж байна. Худалдан авагч буюу хариуцагч Ц.Б нь чацарганы үнийг төлж үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Хариуцагч Ц.Б нь “ миний бие Г.Дгээс авсан чацарганы үнийг түүний бэр Б.Ж-гаас авсан чацарганы үнийн хамт нийт 1.206.000 төгрөгийг Б.Ж-д хүлээлэгэн өгсөн бөгөөд үүнийг гэрч Н.Б гэрчлэж байхад шүүх анхаарч үзээгүй” гэх гомдлыг гаргаж байгаа боловч гэрч Н.Б нь Ц.Б-г Б.Ж-д мөнгө тоолж өгч байсан талаар мэдүүлсэн байх ба яг хэдэн төгрөг өгсөн болохыг нотлоогүй, харин Б.Ж нь зөвхөн өөрийн өгсөн чацарганы үнийг авсан талаараа мэдүүлсэн ба Б.Ж-гийн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Б-гийн “Г.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ц.Б-гийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27.308 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.308 /хорин долоон мянга гурван зуун найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН