Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 850

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: С овогт Г-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: З овогт Ц-ийн Б-д холбогдох,

       Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд жил бүр чацаргана гарах үеэр ирж хүмүүсээс чацаргана худалдаж авдаг юм. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр чацаргана авах боломжгүй болсон учир өмнөх жилүүдэд чацаргана өгч хамтарч ажиллаж байсан Ц.Б-г дуудаад миний бие 379.3 кг чацаргана, манай бэр Б.Ж 105.5 кг чацаргана өгч, бэрийнх 258.000 төгрөг, минийх 948.250 төгрөг тус тус болсон. Түүнээс Ц.Б-тай хамт яваад өөрөө авах байсан чацарганаа түүнд авч өгөөд өдөржин хамт явсан. Тэгээд орой нь гэртээ ирээд чацарганы тооцоогоо харж байгаад бэрээсээ миний чацарганы үнийг Ц.Б-аас авсан юм уу гэж асуухад манай бэр “таны мөнгийг өгөөгүй, би өөрийнхөө мөнгийг авсан” гэхээр нь Ц.Б руу утсаар яриад миний мөнгийг өгөөгүй байна гэхэд мөнгө өгсөн гээд хашгирч загнаад янз бүрийн үгээр доромжилсон. Түүнээс болж миний даралт ихсэж бие муудсан, тэгээд ч маргааш нь амралтын өдөр байсан тул хуулийн байгууллагад хандах боломжгүй байсан тул хүлээж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Улмаар Ц.Б-г дуудаж ирүүлээд бид уулзсан. Гэтэл Ц.Б нь хүлээн зөвшөөрөхгүй над руу дайрч доромжлоод гарсан. Тиймээс шүүхэд хандаж байна. Иймд Ц.Б-аас чацарганы үнэ 948.250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний бие Улаанбаатар хот руу буцах болсон тул манай бэр Б.Ж итгэмжлэлээр оролцох болно” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хадам ээж Г.Д хоёулаа чацарганаа Ц.Б-д өгнө гээд түүнийг дуудсан. Улмаар Ц.Б ирээд би түүнд 105.5 кг чацаргана, ээж Г.Д 379.3 кг чацаргана өгсөн бөгөөд минийх 258.000 төгрөг, ээж Г.Дгийнх 948.250 төгрөг болсон. Ингээд Ц.Б түрийвчнээсээ 25 ширхэг 10.000-ын дэвсгэрт, 1 ширхэг 5000-ын дэвсгэрт, 3 ширхэг 1000-ын дэвсгэрт гээд нийт 258.000 төгрөг буюу миний чацарганы үнийг өгсөн. Тухайн үед найзаасаа 1000 төгрөг дутаж байна гээд авч өгч байсан. Ц.Б 1 боодол 10000-ын дэвсгэрт өгсөн гээд байгаа, эрэгтэй хүний түрийвчинд 1 боодол 10000-ын дэвсгэрт багтахгүй гэж үзэж байна. Ингээд маргааш нь ээж чи Ц.Б-аас миний чацарганы мөнгийг авсан уу гэхэд би аваагүй юм чинь аваагүй гэж хэлсэн. Улмаар ээж Ц.Б руу залгаад чацарганы мөнгөө авмаар байна гэхэд танай бэр Б.Жд өгсөн гэж хэлсэн гэсэн. Ингээд ээж Г.Д шүүх дэх эвлэрэлд хандсан боловч эвлэрээгүй тул шүүхэд хандсан. Иймд Ц.Б-аас чацарганы үнэ 948.250 төгрөгийг гаргуулж ээж Г.Д-д олгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Торгон жимс ХХК-ийн захирал бөгөөд түүхий эд болох чацарганаа жил бүр ард иргэдээс худалдан авч ирсэн. Энэхүү бизнесийг 10 гаруй жил хийж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч болох Г.Д эгчтэй олон жил харьцаж ирсэн. Энэ жил миний бие өөрийн жимсэн дээрээ хүмүүсээс 10 тонн жимс авсан. Г.Д эгчээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр биш 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 379,3 кг жимс 1 килограммыг нь 2500 төгрөгөөр тооцон 948.250 төгрөг, түүний бэр болох Б.Жгаас 103,2 кг жимс 2500 төгрөгөөр тооцон 258.000 төгрөг, нийт 1.206.000 төгрөгийг Г.Д-ийн бэр болох Б.Ж-д өгсөн. Харин ч намайг хүн луйвардсан мэтээр ярьж байгаад гомдолтой байна. Би олон хүнтэй харьцаж жимс авч байсан, тухай бүр нь мөнгийг нь өгдөг, ийм хэрэг огт гарч байгаагүй, хүн луйвардана гэсэн санаа бодол огт байхгүй, тийм хүмүүжил ч байхгүй. Г.Д эгчийг дайрч доромжилсон зүйл байхгүй, таны мөнгийг өгсөн гэхэд өөрөө л уурласан. Иймд нэхэмжлэгч Г.Д-д чацарганы үнэ 948.250 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Ц.Б холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.  

          Хариуцагч нь “Нэхэмжлэгч Г.Д-д чацарганы үнэ 948.250 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

           Зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд чацаргана худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

         Зохигчид нь чацарганы килограмм болон үнийн дүнгийн хувьд маргаагүй, харин 379,3 кг чацарганы үнэ 948.250 төгрөгийг төлсөн эсэх талаар маргаж байна.

         Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлохоор орлогын баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба мөн Н.Б-г гэрчээр шүүх хуралдаанд оролцуулжээ.

          Хариуцагчаас ирүүлсэн орлогын баримтад Г.Д, Б.Ж нарын Ц.Б-д худалдсан чацарганы үнийн дүнгийн талаар бичигдсэн байх боловч чацарганы үнийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хэсэгт талууд гарын үсэг зураагүй байх тул уг баримтаар чацарганы үнэ 948.250 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Түүнчлэн гэрч Н.Б-ын “2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр фортер машинаараа Ц.Б-ийн чацарганыг зөөж үйлчилгээнд явж байсан. Ц.Б нь чацарганыг ачиж дуусгаад авсан чацарганыхаа тооцоог нэгтгээд 1.200.000 төгрөг болж байна гээд мөнгийг нь хүн тус бүрээр нь хувааж хийж байсан ба нэг хүний тооцоо нь 900.000 төгрөг, нөгөө хүнийх нь 200.000 төгрөг орчим болсон гэж байсан. Би чацарганыг машинд ачиж байх хооронд Б.Ж, Ц.Б нар байшинд тооцоо хийж байсан. Б.Ж ганцаараа үлдээд мөнгийг хүлээж авсан ба Ц.Б тооцоог нь хийгээд мөнгийг ширээн дээр тавьж байгааг би харсан. Ц.Б тооцоо хийхдээ задгай мөнгө байхгүй байна гээд надаас 1000 төгрөг зээлсэн. Би өөрөө хамт байж дэвсгэртийг биечлэн тоолоогүй тул дэвсгэртийг нь нэг бүрчлэн санахгүй байна” гэх мэдүүлгээс үзэхэд гэрч нь хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-д чацарганы үнийг тоолж өгч байсан талаар мэдүүлснээс яг хэдэн төгрөг тоолж өгсөн болохыг нотолж чадахгүй байгаагаас гадна гэрч Н.Б-ын мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр баримтаар нотлогдсоны үндсэн дээр түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой байдаг.

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-аас шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн түүний гар ноорог гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна хэрэгт хамааралгүй байх тул уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

         Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 27.308 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгох нь зүйтэй.      

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 948.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 27.308 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ