Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 56

 

П.Ч-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                      С.Б

Яллагдагчийн өмгөөлөгч                               С.П, Г.Э

Нарийн бичгийн дарга   Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.С-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн П.Чад холбогдох 1912002260190 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн 5-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, П.Ч

 

Яллагдагч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас П.Чад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 6 дахь хэсэгт “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана: 6.1. мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол, 6.2. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, 6.3. шүүх хуралдаанд дуудаж оруулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт”, 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана”, 8 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно.” гэж тус тус хуульчилжээ. 

 Хэргийг хянахад яллагдагч П.Чын өмгөөлөгч С.Пг хавтаст хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд биш, прокурор яллах дүгнэлт үйлдсэн өдрөө буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр танилцуулан, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл П.Чад холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч С.Пг хэргийн материалтай танилцуулах, хүсэлт гаргах боломжоор хангах, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ч-д холбогдох эрүүгийн 1912002260190 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч П.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Ц.С-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/950 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц.Т, Р.У, Ш.А нарт тус бүр олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Н, Ц.М, Ц.Т, Р.У, Ш.А нарт давуу байдал бий болгож, төсөвт 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч П.Чыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Гэтэл тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Чад холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 6 дахь хэсэгт “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараах зүйлийг тусгана...”, 7 дахь хэсэгт “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана”, 8 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж тус тус хуульчилжээ. 

Хэргийг хянахад яллагдагч П.Чын өмгөөлөгч С.Пг хавтаст хэргийн материалтай мөрдөн байцаалтын шатанд биш, прокурор яллах дүгнэлт үйлдсэн өдрөө буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр танилцуулан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл П.Чад холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч С.Пг хэргийн материалтай танилцуулах, хүсэлт гаргах боломжоор хангах, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, хавтаст хэргийн материалтай танилцахыг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пд мэдэгдсэн байна. Энэ нь мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Уг тэмдэглэлд яллагдагчийн өмгөөлөгч С.Пд хэргийн материалтай танилцах талаар түүний 99339777 дугаарын утас руу нь залгаж мэдэгдэхэд “би ээлжийн амралттай байгаа, одоогоор Улаанбаатар хотод байна, би урьд нь хэргийн материалтай танилцсан гэснийг тэмдэглэл болгов” гэж бичээд түүний гар утас руу холбогдсон баримтыг хавсаргажээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч  мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзэхэд мөрдөгч оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэйгээс бус харин оролцогчдод заавал танилцуулах, хүчээр танилцуулах, эсхүл оролцогчийг сайн дураар танилцах хүртэл хэргийг прокурорт шилжүүлэлгүй өөр дээрээ байлгаж, мөрдөн байцаалтыг удаашруулах тухай ойлголт биш байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ” гэж заасан. Яллагдагчийн өмгөөлөгч С.П нь ээлжийн амралттай байсан нь хавтаст хэргийн материалтай танилцахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Өмгөөлөгч нь хуульд заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй байна. 

Мөн нэгэнт өмгөөлөгч хэргийн материалтай мөрдөн байцаалт дууссаны дараа буюу хэргийг прокурорт шилжүүлэхийн өмнө танилцаагүй боловч хэрэг прокурорт хянагдаж байх хугацаанд, мөн яллах дүгнэлт үйлдсэний дараа танилцах бүрэн боломжтой байсан бөгөөд шүүгч яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт, гомдол гаргах эрхээр хангаагүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болох бөгөөд өөрөөр хэлбэл өмгөөлөгч мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлтийг хэрэг прокурорын хяналтад хянагдаж байх явцад болон прокурорын яллах дүгнэлт үйлдсэний дараа ч гаргах эрх нь хуулиар хязгаарлагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ санаатайгаар биелүүлэлгүйгээр хэргийн мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилго бүхий хүсэлтийг үндэслэн шүүх илт үндэслэлгүйгээр шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцааж байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/950 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамжаар П.Чад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Э  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Сая прокурор анхан шатны шүүгчийн захирамжид яллагдагч П.Чын өмгөөлөгч С.Пг хавтаст хэргийн материалтай прокурор яллах дүгнэлт үйлдсэн өдрөө буюу 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр танилцуулан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан гэж заасан нь алдаатай байна гэж хэллээ. Энэ нь техникийн шинжтэй алдаа бөгөөд тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Уг хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.4 дүгээр зүйлүүдэд заасан өмгөөлөгчийн эрхийг эдлүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Яллагдагчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.Энхбаяр өмгөөлөгчийн хэлсэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэсэн нь техникийн шинжтэй алдаа байна гэдэгтэй санал нэг байна. Прокурорын зүгээс ерөөсөө байхгүй зүйлийг бичсэн алдаатай захирамж гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд хянаж, зөвтгөх үүрэгтэй ажилладаг. Тийм учраас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэснийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэж өөрчлөлт оруулж, харин захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхтэй холбоотойгоор хууль зүйн хувьд үндэслэлтэй болсон гэж үзэж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Ц.С-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад өмгөөлөгч С.П 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх ба улмаар хэрэг шүүхэд шилжиж, шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн гэсэн үндэслэлээр хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр прокурорт буцаасан байна.

Мөрдөгч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа болох  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Б-ээс мэдүүлэг авахдаа хохирогчоор мэдүүлэг авсан байсныг зөвтгөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэн, өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулахаар мэдэгдэхэд өмгөөлөгч С.П ээлжийн амралттай байгаа тул танилцах боломжгүй байгаагаа мэдэгдсэн талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэн хэргийг прокурорт шилжүүлжээ.

Хэрэг прокурорын шатанд хянагдах явцад буюу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч С.Пд хавтаст хэргийн материалтай танилцуулсан болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцах боломжгүй байсан үндэслэлээр прокурорын шатанд хэргийн материал танилцуулсан нь хууль болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Мөн шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах боломжтой юм.

 Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 950 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч П.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Т.Д

                 ШҮҮГЧИД             Д.Б

                                              В.Ц