Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/23

 

   Г.О холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Ш.Б, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/82 дугаар шүүхийн шийтгэх тогтоолтой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.О холбогдох 1917001080038 дугаартай 2 хавтас 463 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 20-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймаг дахь Нефть хангамжийн газрын салбарт ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Г О /РД:ЗФ90012015/

Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглах иргэн Ц.Ц Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр Ар зүлэгт гэх газраас иргэн Н.Б бөгтөр азрага, иргэн Ц.Ц хул хонгор морь, хар буурал байдас, зэгэл хонгор байдас, хүрэн гүү зэрэг нийт 8 тооны адуу буюу олон тооны малыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 20-оос 2018 оны 01 дүгээр сарын эхээр мотоцикль ашиглан хулгайлж 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг Сансарын 121 тоотод мал махны ченж хийдэг Л.Г 1 900 000 төгрөгөөр зарж, иргэн Н.Б 680 000 төгрөгийн, иргэн Ж.М 26 360 000 төгрөгийн, иргэн Ц.Ц 6 970 000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 34 010 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.О 6 970 000 төгрөгийг гаргуулж Дундговь аймаг Дэлгэрцогт сум 2 дугаар баг Цахиурт гэх газар нутаглах хохирогч Ц.Ц, 680 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхоны 16-161 тоотод оршин суух хохирогч Н.Б, 26 360 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Blue sky хотхон 44а-3 тоотод оршин суух хохирогч Ж.М тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.О өмчлөлийн “Fekon” маркийн 09-03 ГСЗ улсын дугаартай LDAPAK100HGD23304 арлын дугаартай, Е6058899 моторын дугаартай улаан шар өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-ыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хориж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны мал хулгайлсан гэж үзэж 4 жилийн хорих ял оногдуулсан. Мөн шүүхээс хохирол төлбөртэй холбоотой хохирогч Ж.М 26 360 000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ц 6 970 000 төгрөгийн хохирол, Б 680 000 төгрөгийн хохирол төлбөр гээд нийт 34 010 000 төгрөгийн хохирлыг Г.О гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.О нь урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Анхан шатны шүүхэд гэм буруугийн асуудалд маргаж байсан боловч давж заалдах шатны шүүхэд гэм буруугийн асуудалд маргахгүй. Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэснээс хойш Г.О ар гэрээс нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Энэ талаар хохирогч нарын гомдол санал байхгүй талаар холбогдох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Гол нь давж заалдах гомдлыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм бурууг хөнгөвчилж өгнө үү гэдэг үндэслэлээр гаргасан. Мөн шүүгдэгчийн ар гэрийн байдал хүнд. Г.О нь 0-10 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Тиймээс хуульд заасан үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх үндэслэл тогтоогдож байна. Хохирогч нарын санал хүсэлтийг харгалзан үзэж ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн санал хүсэлтийг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг ар, гэр минь төлж барагдуулсан. Эхнэр минь бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Би ачигчаар ажиллаж ар гэрээ тэжээдэг байсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас алдсан иргэн Н.Б 1 тооны адуу, иргэн Ц.Ц 4 тооны адуу, иргэн Ж.М  3 тооны адуу гээд нийт 8 тооны адуу буюу бусдын олон тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Г.О нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд гэм буруугийн асуудалд маргадаг. Би энэ хэргийг үйлдээгүй, Т гэдэг хүн надад хулгайн адуу зарсан гэдэг байдлаар мөрдөн байцаалтын шатнаас хэргийн үйл баримтыг бүдгэрүүлэх байр суурьтай байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар тухайн үйлдсэн гэмт хэрэг болон нийгмийн хор аюулд тохирсон байна гэж үзэж байна. Мөн хохирогч нар гомдол саналгүй гэдэг хүсэлтүүдийг гаргасан хэдий ч яг ямар байдлаар хохирол төлбөрийг барагдуулсан талаар тодорхойгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ :

                                 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглах иргэн Ц.Ц Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэр Ар зүлэгт гэх газраас иргэн Н.Б бөгтөр азрага, иргэн Ц.Ц хул хонгор морь, хар буурал байдас, зэгэл хонгор байдас, хүрэн гүү зэрэг нийт 8 тооны адуу буюу олон тооны малыг Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 20-оос 2018 оны 01 дүгээр сарын эхээр мотоцикль ашиглан хулгайлж 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг Сансарын 121 тоотод мал махны ченж хийдэг Л.Г 1 900 000 төгрөгөөр зарж, иргэн Н.Б 680 000 төгрөгийн, иргэн Ж.М 26 360 000 төгрөгийн, иргэн Ц.Ц 6 970 000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 34 010 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  баримтуудаар нотлогдож тогтоогдсон  байна.    

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн:  ...  хохирогч нарын санал хүсэлтийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналын заримыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Учир нь: Шүүгдэгч Г.О нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч нарт учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэх боловч хохирогч нар нь хэд хичнээн төгрөгийг хохирол төлбөр авсан талаар тодорхойгүй, нэгэн хэвийн утга найруулгатай тодорхойлолт бичсэн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

          Харин ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулинд олон тооны мал гэдгийг ‘’24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно” гэж тайлбарласан байх тул 8 бод хулгайлсан тохиолдолд олон тооны мал хулгайлсан гэж үзэхгүй бөгөөд ‘’9 бод, 25 богоос’’ эхлэн олон тооны мал хулгайлсан гэж ойлгох нь зүйтэй байна.

           Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О 8 тооны адуу хулгайлсан үйлдэлийг олон тооны мал хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгээр хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу байна.

           Иймд шүүгдэгч  Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Шүүгдэгч Г.О хувьд 2017 оны 12 дугаар сарын 20-оос  2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ‘’олон тооны мал хулгайсан’’ гэх тайлбарт хамаарахгүй юм.                 

Иймд  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Г.О бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай’’ гэж,

2. Шийтгэх тогтоолын 2 дах хэсэгт заасан ‘’Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дах хэсэгт ‘’гэснийг ‘’Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт’’ гэж,

3. Шийтгэх тогтоолын 2, 3 дах хэсэгт заасан тус тус “4 /дөрвөн/ жилийн “ гэснийг тус тус “1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын “гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                             Х.БАЙГАЛМАА

                                                                                         О.ОДНЯМАА