Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0001

 

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Са.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 656 дугаартай шийдвэртэй,

Д.З, П.Ц нарын нэхэмжлэлтэй, Б.Ц-д холбогдох, зээлийн гэрээний үүрэг 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч П.Ц-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                            П.Ц түүний

                                                                өмгөөлөгч С.Намжилмаа

Нарийн бичгийн дарга                           С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.З, П.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ц нь анх 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний дүү Ю-аар зуучлуулан байгууллагын эргэлтийн мөнгө зээлдэх шаардлагатай байна гэснээр 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр тодорхой хугацаа тогтоолгүй зээлийн гэрээ хийж зээлдсэн. Түүнээс хойш Б.Ц нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүг сар бүр зохих ёсоор төлж, үндсэн мөнгөнөөс хүссэн үед зохих ёсоор өгч байсан. Ингээд дахин мөнгө зээлдүүлэх боломж байна уу гэхээр нь зуучилж байсан дүү маань нөхөрт гарч 2018 онд хуримлах болсон тул бидэнд мөнгөний шаардлага байна хүүг нь тогтмол өгөөд байх юм гэж бид 2 ярилцаад 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д.З миний бие тэтгэврийн зээл авч 2 000 000 төгрөг, 5 дугаар сарын 18-ны өдөр  П.Ц би группын зээл авч 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээний 4.1.1-д “нэмж мөнгө зээлдүүлж болох ба хүүг хэвээр тооцно” гэсний дагуу зээлдүүлсэн.

Мөн 7 дугаар сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хүүг тухай бүр өгч байсан. 2018 оны 5 дугаар сард үндсэн мөнгө 6 000 000 төгрөгөө нэхэмжлэхэд үндсэн мөнгийг өгөх боломжгүй байна, хүүг нь өгье гээд хүүг өгсөн 6 дугаар сард дахин нэхэхэд бас л өгөх боломжгүй гээд хүүг нь өгсөн. 7 дугаар сард нэхэмжлэхэд би таньд 7 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагаас өмнө төлнө, үлдэгдлийг нь 8 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэсэн бичиг хийж гарын үсгээ зурж өгсөн боловч түүнээс хойш нэхэж очихоор маргааш өгнө, нөгөөдөр өгнө, үдээс хойш дансруу  чинь хийчихье гэх мэтээр хэлж буцааж байсан ч өнөөг хүртэл мөнгө төлөөгүй. Бид хоёрын амьдралын эх үүсвэр болсон тэтгэвэр, группын мөнгийг итгэл олж аваад өгөхгүй байгаад гомдолтой байна.

   Иймд үндсэн зээл 6 000 000 төгрөг, 7, 8 сарын зээлийн хүү 1 200 000 төгрөг нийт 7 200 000 гаргуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 9 дүгээр сард Б.Ц-г байгууллагын нэрээр зээл авдаг гэж дуулаад 2000 000 төгрөгийг хугацаагүй, мөнгөө шаардлагатай үедээ буцааж авах, мөнгө нэмж зээлдүүлж болохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш Б.Ц-д  нэмж 2015 оны 12 дугаар сарын 30-нд 3000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 2500 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 2000 000 төгрөгийг тус тус зээлдүүлж байсан. 2016 оны 7 дугаар сард анхны зээлсэн мөнгөний тооцоо дуусгавар болсон. Машин авахаар болоод мөнгөө Б.Ц-аас буцааж аваад охиндоо 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Охин Ц.Э 2000 000 төгрөг Б.Ц-д өгсөн гэсэн бөгөөд тэдний тооцоо дууссан байх. Дараа нь 2017 оны 2 дугаар сард ээж Д.З тэтгэврийн зээл авч 2000 000 төгрөгийг Б.Ц-д зээлдүүлсэн. Мөн 2017 оны 5 дугаар сард би өөрөө группын зээл авч 2000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард мал зараад 2000 000 төгрөг нийт 6000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй Б.Ц-д зээлдүүлсэн. Б.Ц нь хүүгээ төлж байсан бөгөөд 5 дугаар сараас мөнгө шаардлагатай байгаа талаараа хэлсэн. Гэтэл 6 дугаар сард 1000 000 төгрөг өгч үүнээс хойш хүүгээ төлөхгүй байсаар өдий хүрсэн. Иймд үндсэн төлбөр 6000 000 төгрөг, 7-8 дугаар сарын хүү 1200 000 төгрөг, бүгд 7200 000 төгрөгийг Б.Ц-гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 2 дугаар сард тэтгэврийн зээл авч 2000 000 төгрөгийг Б.Ц-д өгсөн. Мөн хүү П.Ц группын зээл авч 2000 000 төгрөг нэмж өгсөн. Мөн үхэр зарж 2000 000 төгрөгөө дахин зээлдүүлсэн. Б.Ц хүүгээ төлж байсан. 2018 оны 7 дугаар сард мөнгийг чинь аваачиж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд зээлдүүлсэн мөнгөө хүүгийн хамт авна” гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.З. П.Ц нар нь надаас 7 200 000 төгрөг нэхэмжилжээ. Би Д.З гэдэг хүнээс мөнгө зээлдэж аваагүй. Харин П.Ц-аас 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 сар хүртэл нийт 7 удаа 15 222 000 төгрөг зээлж аваад 23 718 000 төгрөг болгож буцааж төлсөн. Иймд 7200 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц нь 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл П.Ц-аас 15 500 000 төгрөгийг зээлсэн. Зээлсэн мөнгөө  дансаар хүүгийн хамт шилжүүлж байсан. 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1000 000 төгрөгийг зээлсэн. Энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй. Харин 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2000000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийн асуудал яригдаж байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 7900 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл, хүүгийн хамт хангалттай төлсөн гэж үзэхээр байна. Зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй, хүү тооцоогүй гэж үзэж байна.

Иймд 6 000 000 төгрөг бүрэн төлөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна .” гэжээ

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 656 дугаартай шийдвэрээр:

   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн  282.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт 7 200 000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэгч Д.З, П.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  130 150 /нэг зуун гучин мянга нэг зуун тавь/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Ц давж заалдах гомдолдоо: “...Шүүх талууд 6.000.000 төгрөгийг зээлдүүлсэн нь тогтоогдсон гэж үзсэн хэрнээ харицагчийн үндсэн зээл 6.000.000 төгрөг, 2 сарын хүү 1.200.000 төгрөгийг төлөөгүй байхад шүүх ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Үүнд: Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Б.Ц нарын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 10% хүүтэй, нэмж мөнгө зээлдүүлж болох нөхцөлтэйгээр байгуулснаар Б.Ц нь 2015 оны 02 дугаар сарын 10-наас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 4.500.000 төгрөгийн үндсэн зээл, хүү 6.800.000 төгрөгийн хамт төлж талууд гэрээ цуцлах болон өөрчлөх талаар тохиролцоогүй. 2015 оны 9-р сарын 10-ны өдрийн зээлийн нөхцлөөр 6.000.000 төгрөг, үндсэн зээл хүүгийн хамт төлөхөөр тохиролцсноор 7.900.000 төгрөгийн хүү төлж нэхэмжлэгч П.Ц-ы шаардснаар үндсэн зээл болох 6.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй байснаар Б.Ц "2.600.000 төгрөгийг 2018 оны 07-р сарын 18-ны өдрийн 22 цагаас өмнө, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2018 оны 8-р сарын 18-ны өдөр төлөхөөр илэрхийлсэн нь ИХ-н 282-р зүйлийн 282.1, 282.4, 283-р зүйлийн 283.1, 195-р зүйлийн 195.5-д, мөн хуулийн 196-р зүйлийн 196.1.5-т заасан заалтуудад хуульд нийцсэн байхад шүүх ийнхүү дүгнэлт хийснийг,

Мөн шүүх намайг хариуцагч Цолмонтуяад 15.600.000 төгрөгийг зээлдүүлж 22.630.000 төгрөгийг авсан гэжээ. Би 2015 оны 09-р сараас 2016 оны 1.20-ны хүртэл 4 удаа 4.500.000 төгрөг, 2017 оны 2-р сарын 08-наас 2017 оны 07-р сарын 04-ний хүртэл 2 саяаар 3 удаа нийт 7 удаа 10.500.000 төгрөг зээлдүүлж, 15 сая төгрөгийн зээлийн хүүг Ц-гаас авч 6.000.000 төгрөгийн үндсэн зээл, 2018 оны 7, 8 сарын зээлийн хүү 1.200.000 төгрөгийг төлөөгүй байхад шүүх ийнхүү шийдвэрлэснийг,

Мөн шүүх зээлийн гэрээгээр хүү тооцож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэжээ.

Б.Ц бидний хооронд хийгдсэн 2015 оны 09-р сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний "нэмж мөнгө зээлдэж болох нөхцлийг зээл авах болгондоо хэрэглэхээр тохиролцсон. Энэ гэрээний 2015 оны 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээний хүү 6.800.000, 6 сая төгрөгний хүү 7.900.000 хүүгийн тооцоо дууссан юм. Энэ зээлийн гэрээнд Ц бид 2 талын гарын үсгээ зурсан учраас уг гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр тохиролцсон юм. Хэрэв нөхцөл өөрчлөгдсөн бол өөр гэрээ байгуулах байсан. Ц нь 2015 оны 02-р сарын 10-ны гэрээний 4.500.000 төгрөг үндсэн зээл хүү 6.800.000 төгрөг, 2017 оны 6 сая төгрөгийг 7.900.000 төгрөг авснаар зээлийн гэрээ хуульд заасны дагуу гэрээ байгуулсанд тооцогдоно гэж үзэж байна. Мөн шүүх "нэмж мөнгө зээлж болно, гэж гэрээний бусад зүйлд заасан боловч нэмж олгосон гэх 6.000.000 төгрөгийг бичээгүй, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна гэжээ. Бид энэ гэрээгээр мөнгө зээлж нэмж өгнө гэсэн болохоос өөр гэрээ байгуулна гэж тохиролцоогүй. Ц-гийн "2018 оны 7-р сарын 18-ны өдрийн 22 цагаас өмнө, үлдэгдлийг 2018 оны 8-р сарын 18-ны өдөр төлөхөөр" бичсэн бичиг нь гэрээ биш. Харин 2015 оны 2-р сарын 10-ны өдрийн гэрээний үүргийг биелүүлэх гэсэн. Тохиролцооны илэрхийлснийг шүүх гэрээ мэтээр тайлбарласан нь дан ганц Ц-ийн гарын үсэг зурагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэрээ хэлцэл хийгдэж дууссан нь үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд хийгдсэн илэрхийлэл гэж үзэж байна. 2015 оны 2-р сарын 10-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байхад шүүх дүгнэлт хийснийг -

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох тул Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 650 дугаартай шийдвэрийг хянуулахаар гомдол гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.З, П.Ц нар нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээл, зээлийн хүү 7.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Ц 6.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Б.Ц-д 2017 оны 2 дугаар сарын 8-нд 2.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-нд 2.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 2.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг зээлдүүлсэн нь нотлогдсон зохигчид энэ талаар маргаагүй байна.

Харин дээрх хугацаанд гэрээний дагуу нийт 6.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 182.3-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч хуульд заасны дагуу хүү авах  хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч зээл, зээлийн хүү 7.200.000 төгрөг хариуцагчаас гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй “...15.500.000 төгрөг зээлдүүлж 22.630.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байна.” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна.

Хариуцагч Б.Ц нь 2017 оны 3 дугаар сарын 10-наас 2018 оны 6 дугаар сарын 29-н хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн 5286036182 тоот дансанд 20 удаагийн шилжүүлгээр нийт 7.200.000 төгрөг төлсөн нь нотлогдсон, анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулинд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зээл, зээлийн хүү гаргуулах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч П.Ц-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 656 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч П.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130150 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.            

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

 

                   ШҮҮГЧИД                                                                   Са.УРАНЧИМЭГ

                                                                                      

                                                                                                  М.ХҮРЭЛБААТАР