Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00656

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1938 онд төрсөн, 80 настай, эмэгтэй, бага боловсролтой, Б овогт Д.З  

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Б овогт П. Ц   нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Б овогт Б.Цо / д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00586/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З , П.Ц , хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч 1959 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Д овогт Да.О нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З , П.Ц  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Цо нь анх 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр миний дүү Юмжирдуламаар зуучлуулан байгууллагын эргэлтийн мөнгө зээлдэх шаардлагатай байна гэснээр 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр тодорхой хугацаа тогтоолгүй зээлийн гэрээ хийж зээлдсэн. Түүнээс хойш Б.Цо нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүг сар бүр зохих ёсоор төлж, үндсэн мөнгөнөөс хүссэн үед зохих ёсоор өгч байсан. Ингээд дахин мөнгө зээлдүүлэх боломж байна уу гэхээр нь зуучилж байсан дүү маань нөхөрт гарч 2018 онд хуримлах болсон тул бидэнд мөнгөний шаардлага байна хүүг нь тогтмол өгөөд байх юм гэж бид 2 ярилцаад 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д.З  миний бие тэтгэврийн зээл авч 2 000 000 төгрөг, 5 дугаар сарын 18-ны өдөр  П.Ц  би группын зээл авч 2 000 000 төгрөгийг зээлийн гэрээний 4.1.1-д “нэмж мөнгө зээлдүүлж болох ба хүүг хэвээр тооцно” гэсний дагуу зээлдүүлсэн.

Мөн 7 дугаар сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш хүүг тухай бүр өгч байсан. 2018 оны 5 дугаар сард үндсэн мөнгө 6 000 000 төгрөгөө нэхэмжлэхэд үндсэн мөнгийг өгөх боломжгүй байна, хүүг нь өгье гээд хүүг өгсөн 6 дугаар сард дахин нэхэхэд бас л өгөх боломжгүй гээд хүүг нь өгсөн. 7 дугаар сард нэхэмжлэхэд би таньд 7 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагаас өмнө төлнө, үлдэгдлийг нь 8 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэсэн бичиг хийж гарын үсгээ зурж өгсөн боловч түүнээс хойш нэхэж очихоор маргааш өгнө, нөгөөдөр өгнө, үдээс хойш дансруу  чинь хийчихье гэх мэтээр хэлж буцааж байсан ч өнөөг хүртэл мөнгө төлөөгүй. Бид хоёрын амьдралын эх үүсвэр болсон тэтгэвэр, группын мөнгийг итгэл олж аваад өгөхгүй байгаад гомдолтой байна.

   Иймд үндсэн зээл 6 000 000 төгрөг, 7, 8 сарын зээлийн хүү 1 200 000 төгрөг нийт 7 200 000 гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сард Б.Ц г байгууллагын нэрээр зээл авдаг гэж дуулаад 2000 000 төгрөгийг хугацаагүй, мөнгөө шаардлагатай үедээ буцааж авах, мөнгө нэмж зээлдүүлж болохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш Б.Ц д  нэмж 2015 оны 12 дугаар сарын 30-нд 3000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд 2500 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 2000 000 төгрөгийг тус тус зээлдүүлж байсан. 2016 оны 7 дугаар сард анхны зээлсэн мөнгөний тооцоо дуусгавар болсон. Машин авахаар болоод мөнгөө Б.Ц буцааж аваад охиндоо 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Охин Ц.Э 2000 000 төгрөг Б.Ц д өгсөн гэсэн бөгөөд тэдний тооцоо дууссан байх. Дараа нь 2017 оны 2 дугаар сард ээж Д.З  тэтгэврийн зээл авч 2000 000 төгрөгийг Б.Ц д зээлдүүлсэн. Мөн 2017 оны 5 дугаар сард би өөрөө группын зээл авч 2000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сард мал зараад 2000 000 төгрөг нийт 6000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй Б.Ц д зээлдүүлсэн. Б.Цо нь хүүгээ төлж байсан бөгөөд 5 дугаар сараас мөнгө шаардлагатай байгаа талаараа хэлсэн. Гэтэл 6 дугаар сард 1000 000 төгрөг өгч үүнээс хойш хүүгээ төлөхгүй байсаар өдий хүрсэн. Иймд үндсэн төлбөр 6000 000 төгрөг, 7-8 дугаар сарын хүү 1200 000 төгрөг, бүгд 7200 000 төгрөгийг Б.Ц гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сард тэтгэврийн зээл авч 2000 000 төгрөгийг Б.Ц д өгсөн. Мөн хүү П.Ц  группын зээл авч 2000 000 төгрөг нэмж өгсөн. Мөн үхэр зарж 2000 000 төгрөгөө дахин зээлдүүлсэн. Б.Цо хүүгээ төлж байсан. 2018 оны 7 дугаар сард мөнгийг чинь аваачиж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд зээлдүүлсэн мөнгөө хүүгийн хамт авна гэв.

Хариуцагч Б.Цо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.З . П.Ц  нар нь надаас 7 200 000 төгрөг нэхэмжилжээ. Би Д.З  гэдэг хүнээс мөнгө зээлдэж аваагүй. Харин П.Ц аас 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 сар хүртэл нийт 7 удаа 15 222 000 төгрөг зээлж аваад 23 718 000 төгрөг болгож буцааж төлсөн. Иймд 7200 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цо нь 2015 оны 11 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл П.Ц аас 15 500 000 төгрөгийг зээлсэн. Зээлсэн мөнгөө  дансаар хүүгийн хамт шилжүүлж байсан. 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 1000 000 төгрөгийг зээлсэн. Энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй. Харин 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2000000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийн асуудал яригдаж байгаа бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 7900 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл, хүүгийн хамт хангалттай төлсөн гэж үзэхээр байна. Зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй, хүү тооцоогүй гэж үзэж байна.

Иймд 6 000 000 төгрөг бүрэн төлөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З , П.Ц  нар нь хариуцагч Б.Ц зээл, зээлийн хүү 7200 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хооронд 6000 000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Харин хариуцагч 6000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн тул төлөхгүй гэж  маргажээ.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч П.Ц  нь хариуцагч Б.Ц тай 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэмж мөнгө зээлүүлж болох нөхцөлтэйгээр байгуулсан байна. Уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч П.Ц  нь хариуцагч Б.Ц д  2015 оны 9 дүгээр сараас хойш 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл 15 500 000 төгрөгийг тус тус зээлдүүлж Б.Цо нь  зээл, хүүгийн хамт нийт 22 630 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Ц ы ХААН банкан дахь 5286036182 дугаарын дансанд шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, П.Ц ы болон Б.Цо нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 108-137, 154-195/

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч П.Ц  нь 2015 оноос 2016 оны  7 дугаар сар хүртэл хугацаанд зээлийн гэрээгээр зээлдүүлсэн мөнгөний тооцоо дуусгавар болсон. 2015 оны 9 дүгээр сард байгуулсан гэрээний дагуу 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 2000000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь өмчлөлд байгаа мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Мөн зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог.  

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн нэр зөрүүтэй,  “нэмж мөнгө зээлүүлж болно” гэж гэрээний бусад зүйлд заасан боловч нэмж олгосон гэх 6000 000 төгрөгийг бичээгүй, зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй, “2600 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагаас өмнө төлнө, үлдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлөх”-өөр үүрэг хүлээсэн байгаа нь өрийн бичгийн агуулгатай, дан ганц Б.Ц гийн гарын үсэг зурагдсан байна. /хх-ийн4-5/

Уг хоёр баримт нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан гэрээг бичгээр байгуулсанд тооцох нөхцөлд нийцэхгүй байна. Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг бичгээр байгуулсанд тооцно.

Дээрх байдлаас дүгнэвэл талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд зээлдүүлэгч хүү авах эрхгүй байна. Харин хариуцагч Б.Цо нь  6000 000 төгрөгийг зээлдэн авч 2017 оны 2 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 7900 000 төгрөгийг Б.Ц д төлсөн байгаа нь баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.Ц 7200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ц , Д.З  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн  282.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц зээлийн гэрээний үүрэгт 7 200 000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэгч Д.З , П.Ц  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  130 150 /нэг зуун гучин мянга нэг зуун тавь/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МЯГМАРСҮРЭН