Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0002

 

     Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Са.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 655 дугаартай шийдвэртэй,

М.Э-ны нэхэмжлэлтэй, Х б-ны Булган салбарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасанжав, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ш.Ж нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                             М.Э түүний өмгөөлөгч                              

                                                                 О.Энхсаруул

Хариуцагч байгууллагын төлөөлөгч      Н.А /цахимаар/

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч      Н.Баасанжав /цахимаар/                                              

Нарийн бичгийн дарга                            С.Гончигбал нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Х” б-ны Булган салбар дахь Рашаант тооцооны төвд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс теллерээр, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс ахлах теллерээр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тус тооцооны төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай биелүүлж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдлыг гаргаж байгаагүй. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай байх хугацаанд дотоод Аудитаас шалгалт ирсэн бөгөөд намайг дуудаж надаас нүүрсний талаар асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухайгаа мэдэгдээгүй бөгөөд би ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж аваагүй, аудитын дүгнэлтийг танилцуулаагүй. Хугацаа хэтрэлттэй зээлийн асуудал гарсан тул зээлийг төлүүлэхээр машинтайгаа явж байгаад осолдсон. Би жирэмсэн байсан бөгөөд хүүхэд зулбаж ээлжийн амралтаа авсан байсан. Намайг нүүрс худалдан авахдаа татварын 10 хувийг хувь хүний дансаар шилжүүлэн авсан байна гэж ажлаас халсан гэж хэлсэн.  “Х” б-ны Булган салбарын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х б-ны Булган аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн М.Э-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах тайлбарыг хүргүүлж байна.  

Үүнд:

М.Э нь ажлын байрны давуу талыг ашиглан татварын байгууллагад шилжүүлэх мөнгийг   хувь   хүний   дансанд   шилжүүлсэн,    аудиторт   худал   мэдээлэл    өгсөн    үйлдлээр Хүн амын орлогын албан татварын тухай хууль,  Х Б-ны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.2.4, 5.4.1, 5.4.4, 5.4.5, 5.5.2, 5.5.3, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.28, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.8, 3.2.9 дэх заалтуудыг зөрчиж 5.7.1, 5.7.2, 5.7.3, 5.7.13-т заасан ноцтой зөрчлийг гаргасан.

М.Э-ы гаргасан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа бөгөөд зөрчил тогтоогдсон байна.

Иймд Х Б-ны Булган салбарын Рашаант тооцооны төвийн эрхлэгч М.Э-ы " Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан, хуульд нийцсэн тул М.Э-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.Э-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус салбарын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаалын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлая. М.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  үндэслэлээр цуцалсан. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дотоод аудитын дүгнэлтээр М.Э нь хувь хүнээс нүүрс, түлшний мод худалдан авахдаа Хүн амын орлогын албан татварын хуулийг зөрчиж татварын байгууллагад шилжүүлэх 10 хувь буюу 160 000 төгрөгийг хувь хүний данс руу шилжүүлэн авсан зөрчил гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3, 5.7.13-т заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл банкны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаж, ёс зүйн дүрмийн 5.5.2, 5.5.3-т заасныг зөрчиж  банкны ахлах теллерийн эрх мэдлээ ашиглаж татварын байгууллагад шилжүүлэх мөнгийг хувь хүний данс руу шилжүүлсэн, банкны бүртгэл, тооцоо, гүйлгээг будлиантуулж хуурамч баримт бүрдүүлсэн, энэ үйлдэлдээ теллерийг татан оролцуулсан ноцтой зөрчлийг гаргасан.  Нэхэмжлэгч М.Э үүнийг  мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь түүний банкинд гүйлгээ хийсэн баримтууд, болон эрхлэгч П.Х, иргэн Б.С нарын тайлбараар тогтоогдож байгаа юм. Мөн энэ зөрчлөө хүлээн зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 80000 төгрөгийг төлсөн нь авлагын баримтаар давхар нотлогдож байна.

М.Э нь ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй мэтээр тайлбарласан.  2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн Б-аас нүүрсний үнээс татвараа суутгаж шилжүүлээрэй гэсэн зөвлөмжийг М.Э-д цахимаар хүргүүлсэн байдаг. Энэ талаар М.Э нь мэдээгүй гэж хэлэх боломжгүй байна.  М.Э нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зөрчил гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр илрүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийг арилгасан. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зөрчил үргэлжилсээр байсан тул сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. М.Э-ыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 655 дугаартай шийдвэрээр:

              Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б овогт М-ын Э-ыг Х б-ны Булган салбарын Рашаант тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4361784 /дөрвөн сая гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун наян дөрөв/  төгрөгийг Х б-ны Булган салбараас гаргуулж, нэхэмжлэгч М.Э-д олгож,

              Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Х б-ны Булган салбарын нягтлан бодогчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 84834 /наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасанжав, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ш.Ж нар давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын эрх мэдлээ ашиглах татварын дансанд төлөх ёстой татварыг хувь хүний дансанд шилжүүлсэн, аудиторт худал мэдээлэл өгсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд энэхүү зөрчил нь М.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байна. Мөн зөрчил гаргаснаар Б-д хохирол учраагүй гэж тайлбарлаж байгаа нь гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. /шш хуудас4-5/

Харин анхан шатны шүүх М.Э-ны гаргасан Хүн амын орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн үйлдлийг 2017 оны 10 сарын 04-ний өдөр гарсан. Зөрчил гараад тухайн цаг үедээ дууссан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хүн амын орлогын албан татварын тухай хууль зөрчигдөж Б татвар төлөх үүргээ биелүүлэхгүй зөрчих нөхцлийг бүрдүүлж энэхүү зөрчил нь 2018 оны 09 сарын 06-ны өдөр зөрчлийг илрүүлэн 09 сарын 12-ны өдөр арилгаснаар зөрчилгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл МУ-ын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, татвар төлөх үүргээ хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн бүтэн суутган төлөх үүрэгтэй. Гэтэл ажилтны гаргасан энэхүү ноцтой зөрчилтэй холбоотойгоор Б ХХОАТ-ын тухай хуулийг зөрчсөн байна. Иймд Б энэхүү зөрчлийг илрүүлэн арилгах арга хэмжээ авсан нь ХХОАТ-ы тухай хуулийг зөрчсөн зөрчлөө арилгаж байгаа үйлдэл тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Ажилтныг ажил албан тушаал нь хадгалагдаж байхад буюу ээлжийн амралттай байх хугацаанд нь Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /шш 6 хуудас/. Учир нь М.Э-ны албан ёсны ээлжийн амралтын хугацаа нь 2018.08.16-2018.09.06 -ны өдрийн хооронд байсан. Энэхүү албан ёсны ээлжийн амралт эдлэх зөвшөөрлийг "Зөвшөөрлийн хуудас"-аар олгодог. Ажилтан ээлжийн амралтаа эдлэхдээ ийм зөвшөөрлийн хуудас бичиж албан ёсоор удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авсны дараа ээлжийн амралтаа эдэлдэг. Хэрэв ажилтан ээлжийн амралттай байх хугацаандаа ажилласан бол мөн адил энэхүү ажилласан хугацааны амралтаа эдлэхдээ "зөвшөөрлийн хуудас" бичиж удирдах албан тушаалтнаас түүнийг нь баталгаажуулсны дараа амралтаа нөхөж эдлэх эрх үүснэ. Гэтэл ийм зөвшөөрлийн хуудас байхгүй байхад байхгүй зүйлийг батлах ёстой мэтээр тайлбарласан дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр байна. Мөн 09 сарын 10-ны өдөр ажлаа хүлээлцсэн гэж мэдүүлж байгаа нь болон ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд бүрдүүлсэн баримтаас харахад ээлжийн амралтаа эдлээгүй ажиллаж тухайн үед тухайн өдөр ажлаа хийж байсныг нь нотолсоор байтал шүүх ээлжийн амралтаа эдэлж байсан гэж дүгнэсэн нь ямар нэгэн баримт нотолгоогүй дүгнэлт хийсэн байгааг харуулж байна. Шүүхээс нэхэмжлэгч тал нотлох баримтгүй тайлбар хэлэхэд буюу би ээлжийн амралтаа зөвшөөрөл аваад 4 өдрөө эдэлсэн гэж тайлбарлаж байгаа тайлбарыг ямар нэгэн нотлох баримтгүй байхад нь амарсан нь үнэн байна гэж дүгнэсэн атлаа Хариуцагч албан ёсоор аваагүй зөвшөөрлийн хуудас байхгүй байхад огт байхгүй зүйлийг нотолсонгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болсныг харуулж байна. Энэхүү дүгнэлтээс харахад ИХШХШтХ-ийн 23-р зүйлийн 23.1-д заасны дагуу талууд эрх тэгш оролцоход шүүгчийн зүгээс ялгамжтай хандсанд гомдолтой байна

Иймд Булган аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 655 тоот шийдвэрийг хүчингүй болгох, Нэхэмжлэгч М.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч М.Э-ы өмгөөлөгч Д.Булганчимэг, О.Энхсаруул нар хариу  тайлбартаа: “ ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь "... Хүн амын орлогын албан татварын тухай хууль зөрчигдөж Б татвар төлөх үүргээ биелүүлэхгүй зөрчих нөхцлийг бүрдүүлж энэхүү зөрчил нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийг илрүүлэн 9 дүгээр сарын 12-ны өдөр арилгаснаар зөрчилгүй болсон гэсэн үг. ... Банк энэхүү зөрчлийг илрүүлэн арилгах арга хэмжээ авсан нь ХХОАТ-ын тухай хууль зөрчсөн зөрчлийг арилгаж байгаа үйлдэл тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм." гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна." Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хөөн хэлэлцэх хугацаа гэж өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрхийн хугацааг хэлдэг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж үзэхгүй юм.

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэг хариуцагчид өөрт нь байгаа энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч болон шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч М.Э нь ээлжийн амралттай байх хугацаандаа 4 хоног ажиллаж байсан болох нь цагийн бүртгэл, ажил хүлээлцсэн баримт, тус тооцооны төвийн харилцааны менежер гэрч Б.Д-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч М.Э-ыг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажиллаад, дараа нь ажилласан хоногоо нөхөж амрахыг Булган аймаг дахь Х б-ны салбарын захирал нь утсаар ярихдаа хэлсэн байдаг.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Э нь Х б-ны Булган аймаг дахь салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х б-ны Булган салбарын төлөөлөгч “...М.Э нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил...” гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Э нь Х б-ны Булган салбарын Р тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа ажлын байрны давуу талаа ашиглан 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Татварын байгууллагад шилжүүлэх 160000 төгрөгийг хувь хүний дансанд шилжүүлсэн зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Ажил олгогч дээрх зөрчлийг үндэслэн Х б-ны Булган салбарын захиралын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний 269 дүгээр тушаалаар М.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 болон ХХОАТХууль, Х б-ны ёс зүйн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтуудыг удирдлага болгон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтанд нийцжээ.

Ажил олгогч давж заалдсан гомдолдоо: “...теллерээр ажиллаж байсан М.Э-ны гаргасан зөрчлийг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр илрүүлж, мөн сарын 12-ны өдөр арилгасан, учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх  боломжгүй, тухайн үед ээлжийн амралтыг нь нөхөн амраах талаар ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь амралтаа бүрэн эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.2-т “...сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зааснаас үзэхэд ажилтан 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тухайн зөрчлийг гаргасан байхад ажил олгогч 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу зөрчил гаргаснаас хойш “10 сар 37 хоног” өнгөрсөн байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2- т заасантай нийцээгүй, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.

Мөн ажилтан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс амралттай байх хугацаандаа ажилласан 4 хоногийн амралтаа нөхөн амарч байсан нь цагийн бүртгэл, ажил хүлээлцсэн тухай баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад ажил олгогч ажилтанг ээлжийн амралттай байхад нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын арга хэмжээ авсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч байгууллагын давж заалдсан гомдол үндэслэлгүй болно. /х.х-ийн 113-115,139-143,148-150/

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллагын  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84834 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

 

                   ШҮҮГЧИД                                                                   Са.УРАНЧИМЭГ

                                                                                      

                                                                                                  М.ХҮРЭЛБААТАР