Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00655

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1987 онд Булган аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бовогт  М.Э  -ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ХББС холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай 132/2018/00594/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э , түүний өмгөөлөгч Д.Булганчимэг, О.Энхсаруул,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1982 онд Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, ХААН банкны Булган салбарын зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Б овогт Ш. Ж

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1978 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Т овогт Н.А хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасажав /цахимаар/,  нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХААН” банкны Булган салбар дахь Рашаант тооцооны төвд 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс теллерээр, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс ахлах теллерээр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тус тооцооны төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай биелүүлж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдлыг гаргаж байгаагүй. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай байх хугацаанд дотоод Аудитаас шалгалт ирсэн бөгөөд намайг дуудаж надаас нүүрсний талаар асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухайгаа мэдэгдээгүй бөгөөд би ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж аваагүй, аудитын дүгнэлтийг танилцуулаагүй. Хугацаа хэтрэлттэй зээлийн асуудал гарсан тул зээлийг төлүүлэхээр машинтайгаа явж байгаад осолдсон. Би жирэмсэн байсан бөгөөд хүүхэд зулбаж ээлжийн амралтаа авсан байсан. Намайг нүүрс худалдан авахдаа татварын 10 хувийг хувь хүний дансаар шилжүүлэн авсан байна гэж ажлаас халсан гэж хэлсэн.  “ХААН” банкны Булган салбарын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХААН банкны Булган аймаг дахь салбарын захирал Б.Баярбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.Э ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

М.Э  нь ажлын байрны давуу талыг ашиглан татварын байгууллагад шилжүүлэх мөнгийг   хувь   хүний   дансанд   шилжүүлсэн,    аудиторт   худал   мэдээлэл    өгсөн    үйлдлээр Хүн амын орлогын албан татварын тухай хууль,  ХААН Банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.2.4, 5.4.1, 5.4.4, 5.4.5, 5.5.2, 5.5.3, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.28, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.8, 3.2.9 дэх заалтуудыг зөрчиж 5.7.1, 5.7.2, 5.7.3, 5.7.13-т заасан ноцтой зөрчлийг гаргасан.

М.Э ы гаргасан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа бөгөөд зөрчил тогтоогдсон байна.

Иймд ХААН Банкны Булган салбарын Рашаант тооцооны төвийн эрхлэгч М.Э ы " Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан, хуульд нийцсэн тул М.Э ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус салбарын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаалын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлая. М.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  үндэслэлээр цуцалсан. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дотоод аудитын дүгнэлтээр М.Э  нь хувь хүнээс нүүрс, түлшний мод худалдан авахдаа Хүн амын орлогын албан татварын хуулийг зөрчиж татварын байгууллагад шилжүүлэх 10 хувь буюу 160 000 төгрөгийг хувь хүний данс руу шилжүүлэн авсан зөрчил гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.1, 5.7.2, 5.7.3, 5.7.13-т заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл банкны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаж, ёс зүйн дүрмийн 5.5.2, 5.5.3-т заасныг зөрчиж  банкны ахлах теллерийн эрх мэдлээ ашиглаж татварын байгууллагад шилжүүлэх мөнгийг хувь хүний данс руу шилжүүлсэн, банкны бүртгэл, тооцоо, гүйлгээг будлиантуулж хуурамч баримт бүрдүүлсэн, энэ үйлдэлдээ теллерийг татан оролцуулсан ноцтой зөрчлийг гаргасан.  Нэхэмжлэгч М.Э  үүнийг  мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь түүний банкинд гүйлгээ хийсэн баримтууд, болон эрхлэгч П.Хишигмаа, иргэн Б.Сарантуяа нарын тайлбараар тогтоогдож байгаа юм. Мөн энэ зөрчлөө хүлээн зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 80000 төгрөгийг төлсөн нь авлагын баримтаар давхар нотлогдож байна.

М.Э  нь ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй мэтээр тайлбарласан.  2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн Батжаргалаас нүүрсний үнээс татвараа суутгаж шилжүүлээрэй гэсэн зөвлөмжийг М.Э д цахимаар хүргүүлсэн байдаг. Энэ талаар М.Э  нь мэдээгүй гэж хэлэх боломжгүй байна.  М.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зөрчил гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр илрүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийг арилгасан. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зөрчил үргэлжилсээр байсан тул сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. М.Э ыг ажлаас халсан тушаал үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э  нь ХААН банкны  Булган салбарт холбогдуулан Булган салбарын Рашаант тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “М.Э  нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан, сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааны дотор арга хэмжээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.Э , хариуцагч Хаан банкны Булган салбарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 23-29/

Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцно.

Нэхэмжлэгч М.Э   нь 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд теллерээр, 2013 оны 08 дугаар сарын 7-ны өдрөөс тус төвд ахлах теллерээр, 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс тус төвд эрхлэгчээр ажиллаж байсан ба Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 269 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 30-32/

Үүнээс үүдэн М.Э  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд гомдол гаргах эрх үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч М.Э ыг ажлаас чөлөөлөхдөө  ажлын байрны давуу талаа ашиглан татварын байгууллагад шилжүүлэх мөнгийг хувь хүний дансанд шилжүүлсэн, аудиторт худал мэдээлэл өгсөн гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгч М.Э  нь Хаан банкны Булган салбарын Рашаант тооцооны төвд  ахлах теллерээр ажиллаж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1/энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар, 12.2, 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан орлогын дүнд 23.2.4-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх/-д заасны дагуу улсын төсөвт төвлөрүүлэх татварын 10 хувь буюу 160 000 төгрөгийн албан татварыг хувь хүний дансаар шилжүүлсэн, энэ үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор аудиторт худал мэдээлэл өгсөн үйл баримт тогтоогдож байх ба түүний гаргасан дээрх зөрчил нь “Булган салбарын Рашаант тооцооны төвийн ахлах теллер М.Э   нь ажлын байрны давуу талаа ашиглан татварын байгууллагад шилжүүлэх 160 000 төгрөгийг хувь хүний данс руу шилжүүлж ашиг сонирхлын зөрчил гаргасан, Монгол улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн, гүйлгээг өрөө хийгээгүй гэх боловч гүйлгээний баримтанд дардас дарж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна” гэх Хаан банкны Булган салбарын Аудитын газрын дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч М.Э ы “нэгэнт гүйлгээ хийсэн байсан тул гарын үсэг зурж баталгаажуулсан” гэх тайлбар, М.Э ы гарын үсэг бүхий 160004 төгрөгийг шилжүүлсэн банк хоорондын гүйлгээний баримт, Б.Сарантуяа, П.Хишигмаа нарын тайлбар  /хх-ийн 94-100/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь би гүйлгээ хийгээгүй, аудиторт худал мэдээлэл өгөөгүй гэж маргаж байгаа боловч энэ нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч М.Э ы татварын байгууллагад шилжүүлэх мөнгийг хувь хүний дансанд шилжүүлсэн үйлдэл нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.28, Хаан банкны ёс зүйн дүрмийн 5.5.1, 5.2.1,5.2.4, 5.4.1, 5.4.4, 5.4.5, 5.5.2, 5.5.3, 5.10.1 дэх заалтуудыг  тус тус зөрчсөн байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ.

Хөдөлмөрийн гэрээний 5.7-д “...дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах...”, 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасан “...Хаан банкны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”,  5.7.2-т “...Хаан банкны ажилтны ёс зүйн дүрэм”-д “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан”,  5.7.3-д “...ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, ...аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргасан...”, 5.7.13-т “банкны аливаа бүртгэл тооцоо, мэдээ тайлан цэс хуулга, журналыг будлианиуулах, зориулалтын бус данснаас гүйлгээ хийж зардал гаргах, орлогыг нуун даргадуудах, өөрийнхөө буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бүрдүүлэх, харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусад ажилтныг татан оролцуулах, тэдгээртэй хуйвалдах” зөрчлийг ноцтойд тооцохоор заасан нь М.Э ы гаргасан  зөрчилд хамаарч байна.

Мөн нэхэмжлэгч нь энэ үйлдлийн улмаас банкинд ямар нэг хохирол учраагүй, гэж тайлбарлаж байгаа нь зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч зөрчилд сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл М.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зөрчил гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр илрүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зөрчлийг  арилгасан байгаагаас үзвэл 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зөрчил үргэлжилсээр байсан тул сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.

Дээрх хуулийн заалт нь зөрчил гарсан болон илрүүлснээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахгүй байхаар тогтоосон зохицуулалт байх бөгөөд зөрчил гаргаснаас зөрчлийг арилгах хүртэл хугацааг үргэлжлүүлэн тоолох ойлголт биш юм. Хугацаа нь эхлэх, үргэлжлэх, төгсөх гэсэн ойлголтуудыг агуулах бөгөөд зөрчил үргэлжлэх гэдгийг тодорхой үр дүнд хүрэхийн тулд эхлүүлсэн үйлдлээ зогсолтгүйгээр үргэлжлүүлж төгссөн байхыг ойлгоно.

Маргаж буй зөрчлийн хувьд Монгол улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн үйлдлийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хийсэн байх бөгөөд уг үйлдэл нь тухайн цаг үедээ дууссан байна. Харин ажил олгогчийн зүгээс уг зөрчлийг илрүүлж, арилгаж байгааг зөрчил үргэлжилсэн гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэж заасан байх бөгөөд эрх зүйн хэм хэмжээ буюу хуулиар тогтоосон хугацааг талууд дур мэдэн өөрчлөх эрхгүй юм.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь ноцтой зөрчилд хамаарч байгаа хэдий ч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нийт хугацаа  6 сар байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гаргасан зөрчилд 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын арга хэмжээг авсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсан гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар ажилтан жил бүр ээлжийн амралтаа биеэр эдлэх эрхтэй.

Нэхэмжлэгч М.Э  нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдлэх эрхээ хэрэгжүүлсэн хэдий ч энэ хугацаанд /2018 оны 8 дугаар сарын 27, 30-31, 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд/ 4 өдөр ажиллаж, 9 дүгээр сарын 10-ны өдрөөс үлдэх амралтын 4 хоногоо үргэлжлүүлэн эдлэхээр зөвшөөрөл авч тус тооцооны төвийн харилцааны менежер Б.Дашхутагт ажлаа хүлээлгэн өгсөн болох нь цагийн бүртгэл, ажил хүлээлцсэн тухай баримт, гэрч Б.Дашхутагийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-115, 139-143, 148-150/ зэргээр тогтоогдож байна. Хариуцагч тал ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэх зөвшөөрөл өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасны дагуу ажилтан ээлжийн амралттай байгаа тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгалах үүргээ ажил олгогч биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч М.Э ыг ХААН банкны Булган салбарын Рашаант тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасан.

Ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын буюу 2018 оны 6-8 сарын  цалингийн нийлбэрээс 5234143:3=1744714 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч  байх тул, ажилгүй байсан 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж нь 1744714:21.2=82298 төгрөг байх бөгөөд үүнийг ажилтны ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 9 дүгээр сард ажлын 13 хоног, 2018 оны 10 дугаар сард ажлын 23 хоног, 11 дүгээр сард ажлын 17 хоног бүгд 53 хоногт үржүүлж 82298х53=4361784 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тооцов.

Шүүх цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцохдоо М.Э ы №000292447 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 136-137/-т бичсэн хөдөлмөрийн хөлсний хэмжээ болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу  тооцсон болно.

Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор хэлэлцэх хэргийн маргаан бөгөөд нэхэмжлэгч М.Э  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж  84834 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.  

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримталсан боловч шүүх хуралдаанд хариуцагч тал ажилтанг ажлаас халах үндэслэлд хамааралгүй гэж тайлбарлаж байх тул шүүх хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

              1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б овогт М.Э ыг ХААН банкны Булган салбарын Рашаант тооцооны төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4361784 /дөрвөн сая гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун наян дөрөв/  төгрөгийг ХААН банкны Булган салбараас гаргуулж, нэхэмжлэгч М.Э д олгосугай.

              2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Э ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХААН банкны Булган салбарын нягтлан бодогчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 84834 /наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН