Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/02301

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02301                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э

 

Хариуцагч: З.Б

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э  нь AWP ХХК-ийн захирал Т.Б харилцан тохиролцож, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд хөрс хучилтын ажилд өөрийн эзэмшлийн 25 тн даацтай Хово загварын 5 ширхэг ачааны автомашиныг 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд түрээслүүлсэн. Т.Б түрээсийн зарим төлбөрийг төлсөн боловч сүүлийн сарын түрээсийн төлбөр болох 45 000 000 төгрөгийг төлөөгүй,уг төлбөрийг шаардахад тэрээр “...Гэгээн орд ХХК-ийн захирал З.Б т 25 000 000 төгрөгийн өртэй, өөрийн компанийн эзэмшлийн трейллер загварын 0555 ТГ улсын дугаартай чиргүүлийг түүнд барьцаалуулсан байгаа. Чи З.Б тай холбогдож түүнд миний төлөх ёстой өглөгөөс 20 000 000 төгрөгийг төлж барагдуулан чиргүүлийг худалдаж авах уу” гэсэн саналыг тавьсан. Ингээд Б.Э  2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр З.Б тай уулзахад З.Б  нь Т.Б өөрийн нэр дээр шилжүүлэн  авсан хэмээх ойлголтыг өгсөн тул 0555 ГЧ улсын дугаартай, шар өнгийн LКВ9400TDР маркийн, .................арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн Трайлер зориулалтай том оврын автомашины чиргүүлийг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаа төлбөр болох 10 000 000 төгрөгийг З.Б ын Хаан банкны төгрөгийн 0000000000тоот дансанд шилжүүлсэн. Ингээд үлдэх 10 000 000 төгрөгийг төлөөд чиргүүлээ авах гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч AWP ХХК-ийн захирал Т.Б эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан байсан ба уг чиргүүл З.Б ын өмчлөлийнх биш гэдгийг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, худалдан авч буй чиргүүл нь AWP ХХК-ийн захирал Т.Б өмчлөлийнх байсан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн чиргүүлийг захиран зарцуулах эрхэд хориг тавигдсан байхад З.Б  эд хөрөнгө мэтээр түүнийг хууран мэхэлж, худалдсан байсан тул 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст З.Б ыг хууран мэхлэх, залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгуулахаар өргөдөл гаргасан боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаар прокурорын тогтоолоор Н.Э  нь чиргүүлийн төлбөрт урьдчилгаа 10 000 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түүний эзэмшлийн Хаан банкны 0000000000тоот дугаар дансанд шилжүүлсэн болохыг шалган тогтоон, дээрх харилцааг иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх тул иргэний шүүхэд хандах нь зүйтэй байна гэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч З.Б аас “Автомашины чиргүүл Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцааж гаргуулан Б.Э д олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч З.Б  шүүхэдэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь Г ХХК-ийг төлөөлж AWP ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр машин механизм түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт нүүрсний орд газрын хөрс хуулалтын ажилд манай компаниас экскаватор 1 ширхэг, Норд Хово маркийн автомашин 8 ширхэг, нийт 9 ширхэг машин механизмыг AWP ХХК нь түрээслэн авч ажиллуулж байгаад түрээсийн тооцоогоо дутуу хийж манай компанид 2018 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 20 913 121 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй. Энэхүү үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг  AWP ХХК -иас удаа дараа шаардсан боловч барагдуулаагүй тул би арга буюу Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Хангийн боомтын зам дээр байсан AWP ХХК-ийн трайллерын чиргүүлийг өөрийн зардлаар Улаанбаатар хотод авчирч компанийн хашаанд тавьсан. Гэтэл Б.Э  гэдэг хүн AWP ХХК-иас авлагадаа чиргүүлийг авахаар захирал Т.Б тохирсон, би авна гэж надтай утсаар ярьсан тул Т.Б асуухад “Бид 2 өр авлагадаа тохироо хийсэн, Б.Э  чамд 20 000 000 төгрөгийг өгнө” гэж хэлсэн. Ингээд Б.Э  2, 3 хоногийн дараа ирээд 10 000 000 төгрөгийг одоо өгчхөөд, удахгүй үлдэгдэл 10 000 000 төгрөгийг өгөөд чиргүүлийг аваад явна гэж хэлээд алга болсон. Нилээд хэдэн сарын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас уг чиргүүлийг өрийн барьцаанд хураан авч явсан болно. Чиргүүлийг хурааж авахаар Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын эрх бүхий хүмүүс ирэхэд Б.Э д мэдэгдсэн боловч өөрөө ирээгүй, AWP ХХК ийн захирал Т.Б өөрөө ирж Б.Э тай ярьж байгаад аваад явсан. Чиргүүлийг авч явахад Т.Б Б.Э ын надад өгсөн 10 000 000 төгрөгийг би өөрөө хариуцна, бид хоёр тооцоотой гэж хэлээд чиргүүлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгөөд явуулсан. Иймд Б.Э ын гаргаж буй нэхэмжлэлд би буруугүй, харин ч уг чиргүүлийг өөрөөсөө 4 100 000 төгрөг гаргаж 1000 гаруй км-ийн цаанаас Улаанбаатар хотод авчраад авлагаа авч чадалгүй дээр нь тээврийн зардлаараа хохирсон болно. Энэхүү өр төлбөрийн асуудлыг AWP ХХК-ийн захирал Т.Б хариуцах болно” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э  нь З.Б т холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Б.Э  нь өөрийн эзэмшдэг Хаан банк дахь 5046334784 тоот данснаас 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагч З.Б ын Хаан банк дахь 0000000000тоотод дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд талууд уг мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан эсэхэд маргаагүй. 

 

Харин нэхэмжлэгч нь “...З.Б  худалдаж буй чиргүүл эрхийн зөрчилтэй болохыг мэдсэн боловч худалдахаар Б.Э ыг хууран мэхэлж 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан тул буцаан гаргуулна” гэж,

хариуцагч нь “...Т.Б манай компанийн машин механизмыг түрээсэлж ажиллуулсан бөгөөд манай компанид 20 913 121 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Уг төлбөрт чиргүүлийг өгсөн байснаа “...Б.Э  чамд 20 000 000 төгрөгийг төлнө” гэсэн тул би Б.Э ыг надад Т.Б төлөх ёстой өрийг төлж байна гэж ойлгосон” гэж маргасан.  

 

Талуудын тайлбараар, AWP ХХК-ийн захирал Т.Б нь нэхэмжлэгч Б.Э д түрээсийн гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөртөө өөрийн өмчлөлийн, Гэгээн орд ХХК-ийн захирал З.Б т 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Трейллер загварын 0555 ТГ улсын дугаартай чиргүүлийг 20 000 000 төгрөгөөр худалдахаар санал болгож, улмаар Б.Э  нь Т.Б төлөх төлбөрөөс 20 000 000 төгрөгийг З.Б т төлөхөөр тохиролцож, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг З.Б т шилжүүлсэн үйл баримт тогтоогддог.

 

Шүүх Т.Б болон Б.Э  нарын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэхээр зохицуулсан харилцаа гэж дүгнэх үндэслэлтэй.  е

 

Дээрх тохиолдолд талууд өрийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж зааснаар шилжүүлэх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Т.Б нь өөрийн З.Б т төлөх өрийг Б.Э д шилжүүлсэн бол энэ талаар З.Б , Б.Э  нарт мэдэгдэж, улмаар Т.Б, З.Б  нарын хооронд өр авлагын тооцоо үүсгэсэн гэрээ хэлцэл байгуулагдсан хэлбэрээр Б.Э , З.Б  хэлцэл нар байгуулсан байх шаардлага тавигдаж байгаа юм.

 

Гэтэл хэргийн зохигч талууд буюу нэхэмжлэгч Б.Э , хариуцагч З.Б  нарын хооронд ямар нэг хэлцэл байгуулагдаагүй, Т.Б нь Б.Э д өрийг гэрээгээр шилжүүлээгүй байх тул Б.Э  10 000 000 төгрөгийг З.Б т шилжүүлснээр хариуцагч З.Б  үндэслэлгүй хөрөнгөжжээ.   

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан хариуцагч З.Б аас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Энэхүү шийдвэр нь хариуцагч З.Б  Т.Б өр төлбөрөө шаардахад саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Б аас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ