Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00191

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00191

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02301 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Б-т холбогдох,

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч З.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Б.Э- нь ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б-той харилцан тохиролцож Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд хөрс хучилтын ажилд өөрийн эзэмшлийн 25 тонн даацтай Хово загварын 5 ширхэг ачааны автомашиныг 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд түрээслүүлэн хамтран ажилласан.

ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б- түрээсийн зарим төлбөрийг төлсөн ба сүүлийн 3 сарын түрээсийн төлбөр болох 45,000,000 төгрөг төлөөгүй. Удаа дараа төлбөр төлөхийг шаардсаны дагуу Т.Б- нь Гэгээн орд ХХК-ийн захирал З.Б-т 25,000,000 төгрөгийн өртэй талаараа хэлж, өөрийн компанийн эзэмшлийн трейллер загварын 0555 ТГ улсын дугаартай чиргүүлийг түүнд барьцаалуулсан тул түүнд миний төлөх ёстой өглөгөөс 20,000,000 төгрөг төлж, барагдуулан чиргүүл худалдаж ав гэж Б.Э-д санал тавьсан. Үүний дагуу Б.Э- 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр З.Б-тай уулзахад ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б-оос өөрийн нэр дээр шилжүүлэн /өмчлөх эрх/ авсан хэмээх ойлголтыг өгч, талуудын хооронд 0555 ГЧ улсын дугаартай, шар өнгийн LKB9400TDР маркын, LА996RW32G0LKB783 арлын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн трайлер зориулалттай том оврын автомашины чиргүүлийг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан амаар тохиролцсон. Аман тохиролцооны дагуу тухайн өдөр чиргүүлийн урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг З.Б-ын ХБ ХХК-ийн 5122002822 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Үүний дараа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гэгээн орд ХХК-ийн хашаанд /чиргүүл байгаа газар/ очин чиргүүлийн үлдэгдэл үнэ 10,000,000 төгрөг төлөөд чиргүүлээ авах гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 онд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б-ын эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан байсан ба уг чиргүүл З.Б-ын өмч биш, ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б-ын өмчлөлийн чиргүүл байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн чиргүүлийг захиран зарцуулах эрхэд хориг тавьсан байхад З.Б- нь өөрийн эд хөрөнгө мэт хууран мэхэлж, худалдахыг оролдсон. Худалдагч З.Б-ын тухайн хөрөнгө эрхийн зөрчилтэй болохыг мэдсээр байж 0555 ТГ улсын дугаартай чиргүүлийг худалдахаар Б.Э-ыг хууран мэхлэх замаар урьдчилгаа 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан хууль бус үйлдэл гаргасан. Худалдагч З.Б- эрх бүхий байгууллагаас явуулсан ажиллагааны дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгийг худалдахаар завдсан. Иймд З.Б-аас автомашины чиргүүл худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: З.Б- нь Г ХХК-ийг төлөөлж ЭБП ХХК /А/--тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр машин механизм түрээслэх гэрээ хийсэн. Гэрээний дагуу Дорнод аймгийн Даланжаргалан сумын нутагт нүүрсний орд газрын хөрс хуулалтын ажилд манай компаниас эксковатор 1 ширхэг, Норд Хово маркийн 8 ширхэг автомашин, нийт 9 ширхэг машин механизмыг ЭБП ХХК /А/- нь түрээслэн авч ажиллуулж байгаад түрээсийн тооцоогоо дутуу хийж манай компанид 2018 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 20,913,121 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Энэхүү үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг ЭБП ХХК /А/--аас удаа дараа шаардсан боловч барагдуулаагүй тул Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Хангийн боомтын зам дээр байсан ЭБП ХХК /А/--ийн трайллерын чиргүүлийг 4,100,000 төгрөгийн тээврийн зардал гаргаж Улаанбаатар хот дахь компанийн хашаанд тавьсан. Гэтэл Б.Э- чиргүүлийг авлагадаа авна гэж утсаар ярьсан. Т.Б-оос асуухад ...бид 2 өр авлагадаа тохироо хийсэн, Б.Э- чамд 20,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Б.Э- 2-3 хоногийн дараа ирээд 10,000,000 төгрөг одоо өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг өгөөд чиргүүлийг авна гэж хэлээд алга болсон. Хэдэн сарын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг чиргүүлийг өрийн барьцаанд хураасан. Чиргүүлийг хурааж авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ирэхэд Б.Э-д мэдэгдсэн боловч ирээгүй. Энэхүү өр төлбөрийг ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б- хариуцна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Б-аас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Энэхүү төлбөрийг ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б- хариуцах учраас түүнийг хэргийн оролцогчоор татан оролцуулж зохих журмын дагуу хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

4.б. Гэгээн Орд ХХК нь ЭБП ХХК /А/--нд 8-9 ширхэг машинаа түрээслүүлсэн. Манай компанид Т.Б- захирал нь төлбөрийн оронд микро автобус барьцаанд тавьсан. Гэтэл хэсэг хугацааны дараа микро автобусаа буцаан авья хэрэг болоод байна, оронд нь трайллерын чиргүүлийг барьцаанд тавья, үнэ нь ч тохирох юм байна гээд барьцаалахаар тохиртол уг чиргүүл нь Дорноговь аймгийн Хангийн боомтод байсан бөгөөд өөрийн зардлаар авчирсан. Гэтэл уг чиргүүлийг Б.Э- гэх хүн ЭБП ХХК /А/--аас авлагадаа авахаар Т.Б-той тохирсон гэж хэлсэн. Тэгээд Т.Б- Б.Э- хоёр ирж бид 3 уулзаад чиргүүлийг өгч авалцахаар болсон. Уулзсанаас хойш Б.Э- 10 гаруй хоногийн дараа ирээд 10,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд удахгүй үлдэгдэл 10,000,000 төгрөг өгөөд чиргүүлээ авна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг чиргүүлийг өрийн барьцаанд хураан авсан. Б.Э-, Т.Б- хоёр хоорондоо тохиролцоод надад мөнгө өгсөн. Уг мөнгийг Б.Э- Т.Б-оос авах эрхтэй. Надад огт хамааралгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч З.Б-т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б- хариуцах ёстой гэж маргажээ. /хх1-2, 20/

 

Хэргийн баримтаас үзэхэд Б.Э- нь хариуцагч З.Б-т 10,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх5/

 

Уг 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэлээ ... ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б-оос худалдан авах трейллерын чиргүүлийн үнэ гэж нэхэмжлэгч тодорхойлжээ.

 

Гэвч хэргийн баримтаар нэхэмжлэгчийн авах трейллер загварын 0555 ТГ улсын дугаартай чиргүүлийг ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б-ын төлбөрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураан авсан үйл баримт талуудын тайлбараар маргаангүй тогтоогджээ.

 

Зохигч 10,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан трейллер загварын 0555 ТГ улсын дугаартай чиргүүл нь хариуцагч З.Б-ын өмч биш бөгөөд нэгэнт өмчлөгч биш тул уг чиргүүлийг худалдах, захиран зарцуулах, үнийг хүлээн авах эрхгүй этгээд юм. Мөн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хууль болон гэрээнд заасан үндэслэлээр ямар нэгэн үүрэг үүссэн гэж дүгнэх боломжгүй, энэ талаар нотлох баримтгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж З.Б-аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогч биш, гуравдагч этгээд болох Т.Б-д холбогдуулан Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэх харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу юм. Гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй юм.

 

Хариуцагч З.Б- нь Б.Э-аас шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн энэхүү төлбөрийг ЭБП ХХК /А/--ийн захирал Т.Б- хариуцна гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/02301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД