Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02244

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр

     Дугаар 183/ШШ2021/02244

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З СӨХ

 

Хариуцагч: Б.Б

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 816 832,90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .........шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус СӨХ нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул таун хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн. З СӨХ нь дундын өмчлөлийн дундын эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 39 000 төгрөгөөр тогтоож, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 49 000 төгрөг болгон шийдвэрлэсэн. Могул таун хотхон нь төвийн шугамд холбогдоогүй, гүний худгаас хэрэглээний ус хангагдаг, уурын зуухаар халаалтаа шийдсэн, хэрэглээний халуун усыг байрны доод давхарт байрлуулсан бойлераар халаадаг. Тухайн үед хотхонтой холбоотой асуудлыг хариуцан ажиллах ямар ч аж ахуйн нэгж, байгууллага байгаагүй учраас З СӨХ нь үндсэн үйл ажиллагаа, дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээг  хариуцахаас гадна Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-тай байгуулсан дулаан эрчим хүч, худалдах, худалдан авах гэрээ, Ус сувгийн удирдах газартай байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ , Эм Эс Пи Ди ХХК, Эй Жи Зэт ХХК, Одод групп ХХК-тай байгуулсан ЦТП-д 30 гкалийн хүчин чадалтай дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болох горим тохируулга, ашиглалт, өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ зэргийг тус тус байгуулж, холбогдон гарах зардлыг төвлөрүүлэн гэрээний дагуу төлөх үүргийг хүлээж, үүргээ биелүүлсээр ирсэн. З СӨХ-ноос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ц.Б д холбогдуулан 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 3 950 118,90 төгрөг, 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр болох 866 714 төгрөг, нийт 4 816 832,9 төгрөг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зааснаар Ц.Б гаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө цаг хугацаанд төлөх үүрэгтэй хэдий ч дараах шалтгааны улмаас төлөөгүй байна. Тус СӨХ нь байрны цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, байрны тохижилт үйлчилгээ, цас мөсөө ердөөсөө арилгадаггүй, үүнээс болоод гэр бүлийн хүн нь 2018 оны 10 дугаар сард байрны шатнаас бууж байгаад халтирч унаж 2 хавиргаа хугалсан, энэ талаар баримт хэрэгт авагдсан. Мөн байрны фасад нь ёроолоосоо хагарч унаснаас болж гэрт хулгана гүйдэг, дээврээс удаа дараа ус гоожиж коридор болон өрөөний тааз хөгцөрсөн, СӨХ-ны ажилчид нь орцны таазыг цөмлөж борооны ус гоожиж байгааг шалгаж үзээд тэр чигээр нь орхисон. Фейсбүүк групп дээр тус хотхоны цэвэрлэгээ үйлчилгээ, халаалт, бойлер, тохижилт, СӨХ-ны төлбөр тооцооны талаар шаардлага тавьсан хүн болгоныг тус группээс хасан дарамталж оршин суугчдын шаардлага зөвлөгөөг хүлээн авдаггүй хэрэлдэж муйхарладаг, шаардлага тавих эрхгүй болгодог. 2016 оноос хойш оршин суугчдын хурал нэг ч удаа хийгээгүй. СӨХ-ны удирдах зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан атал гишүүд нь  оршин суугч нартайгаа уулзаагүй. 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл СӨХ-ны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аваагүй атал оршин суугчдаас төлбөр авч байсан нь хуульд харшилж байсан. 2016 он буюу үйл ажиллагаа явуулснаасаа хойш СӨХ-ны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа оршин суугчдын нийт гишүүдийн хурлаар танилцуулж, хэлэлцүүлж байгаагүй. СӨХ-оос хотхоны халаалтыг Тэргүүн чансаа ХХК-д шилжүүлсэн боловч дулааны тоног төхөөрөмжөө хүлээлгэж өгөөгүйгээс болж Тэргүүн чансаа ХХК-д халаалтын талаар гомдол гаргахад тус СӨХ нь насосоо солих ёстой гээд булзааруулж насосоо сольж өгөөгүйгээс болж 97 дугаар байр 2017 онд хэвийн халаалттай байсан боловч үүнээс хойш эрс муудаж, өвлийн улиралд гэртээ цахилгаан халаалт тавьж дулаантай болсон. Үүнтэй холбоотой цахилгааны төлбөр нь харьцангуй өндөр гардаг болсон. Ц.Б  болон түүний нөхрийн хувьд ямар нэгэн машин техник хэрэгсэлгүй учраас гараашийн үйлчилгээг аваагүй учраас авто зогсоолын төлбөрийг төлөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлага гаргасантай холбогдуулан 2021 оны 9 сарын хүртэлх зардлыг СӨХ-ны зардлыг 49 000 төгрөгөөр тооцож төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл нийт 34 сарын төлбөр 3 950 118 төгрөгийг шаардсантай холбоотой 2 090 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө”, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд “...цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авна”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Иймд хариуцагч талаас сар сард төлөх ёстой 39 000, 49 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө, бусад давхардуулан шаардсан буюу баримтад авагдсан байсанд цэвэрлэгээ 20 000 төгрөг, тог 5000 төгрөг, харуул 15 000 төгрөг, давхардуулан шаардаж байгаа бойлер, цэвэр бохир ус, ЦТП-ын зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч З СӨХ нь анх хариуцагч Ц.Б д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 3 950 118,90 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 866 714 төгрөгөөр ихэсгэж, нийт 4 816 832,90 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргаас З СӨХ-ийг Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 02-ны 1 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар З.Бат-Эрдэнийг томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан, З СӨХ-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эрхийн актад, СӨХ-ны төлбөр 39 000 төгрөг, хог тээвэр 5000 төгрөг, харуул хамгаалалт 15 000 төгрөг, лифт 5000 төгрөг, цэвэрлэгээ 20 000 төгрөг эдгээр үйлчилгээний төлбөр тогтмол юм гэжээ.

 

Нэхэмжлэгч З СӨХ нь дээрх баримтад үндэслэж, хариуцагч Ц.Б гаас 2017 оны 12 дугаар сард 219 661 төгрөг, үүнээс урд үлдэгдэл 1 985 479.4 төгрөг, нийт 2 505 140.4 төгрөг гээд, 2018 оны 1 дүгээр сараас эхлэн шаардсан нэхэмжлэлд урд үлдэгдэл 115 140.4 төгрөг, 1 дүгээр сар 221 597 төгрөг гэж шаардсан үнийн дүнд цэвэр, бохир ус, халаалт, цахилгаан, СӨХ 39 000 төгрөг гэсэн тогтмол зардлаас гадна цэвэрлэгээ 20 000 төгрөг, хог 5000 төгрөг, харуул 17 000 төгрөг, лифт засвар сэлбэг 5000 төгрөг, ЦТП зардал 49 995 төгрөг гэсэн зардлууд багтаж, дээрх байдлаар 2018 оны 5 дугаар сарыг дуустал, 2018 оны 6 дугаар сараас ЦТП зардал хасагдаж цэвэрлэгээ 20 000 төгрөг, хог 5000 төгрөг, харуул 17 000 төгрөг, лифт засвар сэлбэг 5000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сараас хогны үнийг 2000 төгрөг болгож бусад зардлыг хэвээр 2019 оны 5 дугаар сарыг дуустал шаардсан.

 

Улмаар 2019 оны 6 дугаар сараас хог 2000 төгрөг, лифт засвар сэлбэг 5000 төгрөгийн зардлыг хэвээр үлдээж, харуул 12 700 төгрөг, цэвэрлэгээний 20 000 төгрөгийг СӨХ-ийн зардалд багтааж СӨХ 49 000 төгрөг болгон энэ байдлаар 2021 оны 1 дүгээр сарыг дуустал, 2021 оны 2 дугаар сараас хогны үнэ 2000 төгрөгийг хасаж, бусад зардлыг дээрх хэвээр 2021 оны 9 дүгээр сарыг дуустал нэхэмжилсэн бол хариуцагч “...сард төлөх ёстой 39 000, 49 000 төгрөгийн тогтмол төлбөрийг хүлээн зөвшөөрнө, харин бусад давхардуулан шаардсан цэвэрлэгээ 20 000 төгрөг, хог 5000 төгрөг, харуул 17 000 төгрөг, бойлер, цэвэр бохир ус, ЦТП-ын зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: 7.2.2.холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах; 7.2.7.байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал; 7.2.8.дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, Зайсан дулаан СӨХ-ийн сууц өмчлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “...ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар, нийтийн эзэмшлийн урсгал зардал, засвар үйлчилгээ, холбогдох бусад зардлыг санхүүжүүлэхэд 39 000 төгрөг...” гэж тусган, “...ЦТП-ийн зардлыг ... айл бүрт шударгаар хуваарилж барагдуулахыг ...СӨХ-д даатгав”, “...СӨХ-ны зайлшгүй зардал 39 000 төгрөгийг ... хэвээр мөрдөхөөр болов” гэж шийдвэрлэсэн байна. 

 

Мөн хэрэгт авагдсан, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн сууц өмчлөгчдийн хурлын тэмдэглэлд “...харуул хамгаалалтын зардлыг бууруулах боломж бүрдсэн. Харуулын мөнгө давхцаагүй болно. “...Цэвэрлэгээ 15-20 000 төгрөгийг СӨХ-ны ашиглалтын зардалд өгдөг” гэж тусган, “...СӨХ-ны төлбөрт дараах өөрчлөлтийг оруулав. Цэвэрлэгээ 20 000 төгрөг байсныг нэгтгэж, нийт 49 000 төгрөгийн хураамжтай байхаар тогтов” гэжээ.     

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул хариуцагч нь хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар тогтоосон төлбөрийг төлөх юм.

 

Гэтэл нэхэмжлэгчийн шаардаж буй харуул хамгаалалт 17 000 төгрөг, лифт 5000 төгрөг, цэвэрлэгээ 20 000 төгрөг зэрэг төлбөр авахаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй, тус СӨХ-ийн захирал дангаар шийдвэрлэсэн баримтад үндэслэж дээрх зардлуудыг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуустал харуул хамгаалалт 17 000 төгрөг, лифт 5000 төгрөг, цэвэрлэгээ 20 000 төгрөг нийт 42 000 төгрөгийг 18 сараар тооцож 756 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын дуустал харуул хамгаалалт 12 700 төгрөг, лифт 5000 төгрөг, нийт 17 700 төгрөгийг 28 сараар тооцож 495 600 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь ЦТП-ын зардал 5 сарын хугацаанд 49 995 төгрөг, 1 сард 24 997,5 төгрөг нийт 6 сарын хугацаанд 274 972,5 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд дээрх зардлыг төлөхөөр сууц өмчлөгчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн боловч нэг айлаас авах төлбөрийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй.

 

Хэрэгт авагдсан Эй Жи Зэт ХХК, Одод групп ХХК, Эм Эи Пи Ди ХХК, З СӨХ-ийн хооронд байгуулагдсан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах хувийн өмчлөлийн ЦТП-д 30 гкал-ийн хүчин чадалтай дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болон горим тохируулга, ашиглалт үйлчилгээг хариуцах гэрээ”, Эй Жи Зэт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8 010 900 төгрөгийн нэхэмжлэх болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралд 315 айл оролцсон зэргээс үзвэл тухайн нэхэмжлэхийн хувьд 1 айлд оногдох төлбөр тухайн сард 25 431 төгрөг байхаар байна.

 

Шүүх нэгэнт хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд тухайн өмчлөгчийн сар болгоны хэрэглээнээс шалтгаалан ЦТП-ийн төлбөрт төлөх үнийн дүн өөр өөр гарах учиртай атал айл болгоноос 49 995 төгрөг гэсэн адил үнийн дүн нэхэмжилсэн нь эргэлзээтэй байхаас гадна нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан Эй Жи Зэт ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 07, 5 дугаар сарын 25, 02 дугаар сарын 04-ний баримтуудаар шаардах дүн болон 2017 оны 12 сар, 2018 оны 01 дүгээр сарын нэхэмжилсэн урд үлдэгдэл гэх 115 140 төгрөгийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагаас 361 681 төгрөгт холбогдох хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.    

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч З СӨХ нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГазартай байгуулсан Хог хаягдлыг ачиж тээвэрлэх гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ус сувгийн удирдах газартай байгуулсан Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүч, худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн өмнөөс дээрх зардлыг холбогдох байгууллагад төлсөн болох нь тогтоогдох тул хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д зааснаар тус төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр, хариуцагчаас 3 200 551,9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 616 281 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 243 дугаар зүйлийн 243.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Б гаас 3 200 551,9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 616 281 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66 159 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНГӨНТУУЛ