Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00138

 

З  СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02244 дугаар шийдвэртэй,

З  СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,816,832.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагч Ц.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Тус СӨХ нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул таун хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө, ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн. З  СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг 39,000 төгрөгөөр тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 49,000 төгрөг болгон шийдвэрлэсэн.

Могул таун хотхон нь төвийн шугамд холбогдоогүй, гүний худгаас хэрэглээний ус хангагдаг, уурын зуухаар халаалтаа шийдсэн, хэрэглээний халуун усыг байрны доод давхарт байрлуулсан бойлераар халаадаг. Тухайн үед хотхонтой холбоотой асуудлыг хариуцан ажиллах ямар ч аж ахуйн нэгж, байгууллага байгаагүй учраас З  СӨХ нь үндсэн үйл ажиллагаа, дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаас гадна Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-тай байгуулсан дулаан эрчим хүч, худалдах, худалдан авах гэрээ, Ус сувгийн удирдах газартай байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Эм Эс Пи Ди ХХК, Эй Жи Зэт ХХК, Одод групп ХХК-тай байгуулсан ЦТП-д 30 гккалийн хүчин чадалтай дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болох горим тохируулга, ашиглалт, өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ зэргийг тус тус байгуулж, холбогдон гарах зардлыг төвлөрүүлэн гэрээний дагуу төлөх үүргийг хүлээж, үүргээ биелүүлсээр ирсэн.

З  СӨХ-оос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ц.Б-гаас 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 3,950,118.90 төгрөг, 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр 866,714 төгрөг, нийт 4,816,832.9 төгрөгийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлөх үүрэгтэй хэдий ч дараахь шалтгааны улмаас төлөөгүй. Тус СӨХ нь байрны цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, байрны тохижилт үйлчилгээ, цас мөсөө арилгадаггүй, үүнээс болоод гэр бүлийн хүн нь 2018 оны 10 дугаар сард шатнаас бууж байгаад хальтирч унан 2 хавиргаа хугалсан. Мөн байрны фасад нь ёроолоосоо хагарч унаснаас болж гэрт хулгана гүйдэг, дээврээс удаа дараа ус гоожиж коридор болон өрөөний тааз хөгцөрсөн, СӨХ-ны ажилчид нь орцны таазыг цөмлөж борооны ус гоожиж байгааг шалгаж үзээд тэр чигээр нь орхисон. Фейсбүүк групп дээр тус хотхоны цэвэрлэгээ үйлчилгээ, халаалт, бойлер, тохижилт, СӨХ-ны төлбөр тооцооны талаар шаардлага тавьсан хүн болгоныг тус группээс хасан дарамталж оршин суугчдын шаардлага зөвлөгөөг хүлээн авдаггүй хэрэлдэж муйхарладаг, шаардлага тавих эрхгүй болгодог.

2016 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл СӨХ-ны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аваагүй атал оршин суугчдаас төлбөр авч байсан нь хуульд харшилж байсан. 2016 он буюу үйл ажиллагаа явуулснаасаа хойш СӨХ-ны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа оршин суугчдын нийт гишүүдийн хурлаар танилцуулан хэлэлцүүлж байгаагүй. СӨХ-оос хотхоны халаалтыг Тэргүүн чансаа ХХК-д шилжүүлсэн боловч дулааны тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөөгүйн улмаас Тэргүүн чансаа ХХК-д халаалтын талаар гомдол гаргахад тус СӨХ нь насосоо солих ёстой гээд булзааруулж насосоо сольж өгөөгүй тул 97 дугаар байр 2017 онд хэвийн халаалттай байсан нь үүнээс хойш эрс муудаж, өвлийн улиралд гэртээ цахилгаан халаалт тавьж дулаантай болсон. Үүнтэй холбоотой цахилгааны төлбөр нь харьцангуй өндөр гардаг болсон.

Гараашийн үйлчилгээг аваагүй учраас авто зогсоолын төлбөрийг төлөхгүй.

2021 оны 9 сарын хүртэлх СӨХ-ны зардлыг 49,000 төгрөгөөр тооцож төлөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэл нийт 34 сарын төлбөр 3,950,118 төгрөгийг шаардсантай холбоотой 2,090,000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч талаас сар сард төлөх ёстой 39,000 төгрөг болон 49,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө, бусад давхардуулан шаардсан буюу баримтад авагдсан цэвэрлэгээ 20,000 төгрөг, тог 5,000 төгрөг, харуул 15,000 төгрөг, бойлер, цэвэр бохир ус, ЦТП-ын зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 243 дугаар зүйлийн 243.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Б-гаас 3,200,551.9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З  СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,616,281 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь цэвэрлэгээ 20,000 төгрөг, хог 5,000 төгрөг, харуул 17,000 төгрөг, гарааш 5,000 төгрөгөөр тус тус тооцож шаардсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар дээрх төлбөрүүдийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрөөс тусад нь тооцохоор бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

2017 оны 12 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хүртэл нийт 34 сарын хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны хурлаар тогтоосон үндсэн зардал буюу 39,000 төгрөг, сүүлд нэмэгдүүлэн гаргасан шаардлага 49,000 төгрөгөөр тогтоосон зардлыг төлөхийг зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх ЦТП-ын зардлыг нэг айлаас авах төлбөрийн хэмжээг нарийвчлан тооцоогүй гэж дүгнэсэн атлаа 1 айлд ногдох төлбөр тухайн сард 25.431 төгрөг байхаар байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх өөрийн санаачилгаар тооцсон.

Учир нь Эй Жи Зэт ХХК болон Одод групп ХХК, Эм Эс Пи Ди ХХК-ууд З  СӨХ-ын хооронд байгуулагдсангэрээгээр СӨХ нь ЦТП-ын ашиглалт үйлчилгээг хариуцаж, ЦТП-г ашигласны төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон.

 

Гэрээнээс үзвэл СӨХ нь оршин суугчдаас ЦТП-г ашигласны төлбөрийг хураах талаар зохицуулаагүй, хуульд заасан зөвшөөрөл аваагүй, уг төлбөрийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь сууц өмчлөгч нараас уг төлбөрийг ямар үндэслэлээр, хэрхэн хуваан ногдуулж байгаа нь тодорхойгүй буюу хэрэглээний хэмжээгээр тооцсон эсэх, байрны м.кв-ыг харгалзан гаргасан эсэх, бүх айлуудад тэнцүү хуваан нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй байна.

Харин 2,025,000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч, илүү шаардсан шаардлагуудыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Оршин суугчид нэг өдөр тус орон сууцанд ороогүй бөгөөд орон сууц нь төвийн дулааны шугамд холбогдоогүй учраас ЦТП-ын зардал зайлшгүй гарч байсан. Иймд байгаа айлуудад төлбөрийг хувааж зардлыг гаргасан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг тооцоолж үзвэл зардал тодорхой хэмжээнд өссөний дараа буурч байгаа. Энэ нь гэрээний дагуу дулаан, усыг хангасан зардлуудыг төлөөд улсад шилжсэнээс хойш тухайн зардлууд нэмэгдэж гараагүй. Харин ЦТП-ын зардлуудыг бүх айлуудад тэнцүү хуваах боломжгүй. Нэхэмжлэгч талаас гэрээний төлбөрүүдийг төлсөн болон гэрээ байгуулсан бүх баримтууд хэрэгт авагдсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

СӨХ нь ашгийн төлөө байгууллага биш бөгөөд оршин суугчдаас тодорхой хэмжээний төлбөр хурааж үйл ажиллагаагаа явуулдаг. СӨХ-ны зардал нь тухайн үедээ гарсан бөгөөд тухайн барилга төвийн шугамд холбогдоогүй тул гүний цэвэр усаар хангахдаагүний цэвэр усыг бойлераар халаадаг. Иймд үүний цахилгааны төлбөр, ЦТП-ын төлбөр гэдгийг мэргэжлийн хүн ойлгох ёстой бөгөөд үүнээс гарах зардлыг оршин суугчид төлөх нь тодорхой үйл баримт юм. Мөн хариуцагч нь хогны төлбөр, гараашийн төлбөр зэргийг зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ хогоо ачуулахгүй байх ёстой байжээ. Гэтэл өөрийн үйлдлээрээ зөвшөөрч хогоо ачуулж, халуун ус хэрэглэж байсан атлаа төлбөрийг төлөхгүй гэж маргах үндэслэлгүй бөгөөд тухайн үедээ зөвшөөрөхгүй талаар тайлбарыг СӨХ-д гаргаж байгаагүй. Иргэн хүн хэрэглэсэн үйлчилгээнийхээ зардлыг төлөх ёстой гэв.

 

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч З  СӨХ нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэнтэй холбоотой зардалд нийт 4,816,832.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,025,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1, 136, 21/

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байх бөгөөд энэ талаар тодруулах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь 4,816,832 төгрөгийг хариуцагчаас шаардахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, мөн хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардал гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тус бүр нь ямар хугацаанд хэдий хэмжээний төлбөр шаардаж буй нь тодорхой байх учиртай. Ялангуяа нэхэмжлэгч бусдын үүрэг буюу ямар хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар байгууллагад төлсөн, уг зардлыг хариуцвал зохих этгээд хэд байгаагаас хариуцагчид хэд ногдох зэргийг нотлох учиртай.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Могул таун хотхоны байрны төлбөр /97-903/ гэх баримтаас үзвэл бойлер, ЦТП гэж тодорхойлсон зардал тогтмол биш байгаа ба нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарт оршин суугчдын тооноос шалтгаалж зардал өөр өөр байгаа гэсэнтэй харьцуулбал нэхэмжлэгч ямар цаг хугацаанд хэдэн оршин суугчид хуваарилж тооцоо гаргасан нь тодорхойгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй болжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02244 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,159 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА