Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/02229

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02229                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Ц

 

Хариуцагч: Б ХХК

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 551 126 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ....шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2016 оны 2 дугаар сард Алтай констракшны байранд нүүж орсон бөгөөд тэр үед Б ХХК гэсэн хувийн орон сууцны контор орон сууцны ус, дулааны төлбөрөөс гадна СӨХ болон цахилгааны төлбөрийг авч байсан. Уг асуудалтай холбогдолтой хууль тогтоомжийг судлаад үзэхэд тухайн орон сууцны сууц өмчлөгчид нь өөрсдөө сайн дурын үндсэн дээр СӨХ байгуулан гэрчилгээ авч, төлбөр хураамжаа тогтоосны үндсэн дээр хураах байтал сайн дураараа хувийн орон сууцны контор энэ төлбөрийг авч байсан. 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл Төрийн банк ХХК-иар дамжуулан хариуцагч байгууллагын дансанд 15 удаагийн төлөлт хийсэн. Барилгын компаниуд барилгыг улсын комисс хүлээж авсны дараа оршин суугчдадаа СӨХ-оо байгуул хэмээн хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл хариуцагч тал  шунахайн сэдэлтээр хандсан бөгөөд ямар ч гэрчилгээ байхгүй байхад хүмүүсээс мөнгө авах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй. Хуулиараа СӨХ байгуултал барилга барьсан компани ашиглалтын үйл ажиллагааг хариуцна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тиймээс зүгээр л оршин суугчдад нь даатгаад орхих ажлыг өөрсдөө сайн дураараа хийсэн хууль бусаар хийсэн учраас 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуустал хууль бусаар иргэн надаас сар бүр авч байсан 551 126 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Алтай констракшны барьсан барилгуудыг манай компани ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Тухайн үед СӨХ байгуулагдаагүй байсан учраас манайх давхар СӨХ-ийн үйл ажиллагааг нь хариуцаж байсан. Тэр үед оршин суугчдын зөвшөөрлөөр гарын үсгийг цуглуулсны үндсэн дээр СӨХ-ийн үйл ажиллагааг явуулж төлбөрийг холбогдох зардлуудад нь зарцуулж байсан. Манай байгууллага барилгуудын ус, дулааныг хариуцахынхаа хажуугаар давхар барилгын үйл явц жигдэртэл СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцах тухай оршин суугчдын зөвшөөрлийг авсан байсан бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр мөнгийг нь хурааж авсан зүйл байхгүй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ц  нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 551 126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт, 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгч А.Ц гоос Бадамлах өргөө СӨХ гэсэн утгатай нийт 551 126 төгрөгийн төлөлт хийсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх төлбөрийг Б ХХК-ийн дансанд орсон эсэхэд маргасан боловч энэхүү татгалзлаа нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч дээрх төлбөрийг хариуцагчаас буцаан шаардаж буй үндэслэлээ “...орон сууцны сууц өмчлөгчид нь өөрсдөө сайн дурын үндсэн дээр СӨХ байгуулан гэрчилгээ авч, төлбөр хураамжаа тогтоосны үндсэн дээр хураах байтал хувийн орон сууцны контор дээрх төлбөрийг авсан. Хуулиар СӨХ байгуултал барилга барьсан компани ашиглалтын үйл ажиллагааг хариуцна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй атал ажлыг өөрсдөө сайн дураараа, хууль бусаар хийсэн учир төлсөн 551 126 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...Алтай констракшны барьсан барилгуудыг манай компани ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Тухайн үед СӨХ байгуулагдаагүй байсан учраас манайх давхар СӨХ-ийн үйл ажиллагааг нь хариуцаж байсан. Манай байгууллага тус барилгуудын ус, дулааныг хариуцахынхаа хажуугаар давхар барилгын үйл явц жигдэртэл СӨХ-ийн үйл ажиллагааг явуулахаар оршин суугчдын зөвшөөрлийг авсан байсан бөгөөд СӨХ-ийн төлбөрийг холбогдох зардлуудад нь зарцуулж байсан. Ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр мөнгийг нь хурааж авсан зүйл байхгүй” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо биш байх боловч оршин суугчдын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж, СӨХ-ийн өмнөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа явуулжээ. 

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр, түүний ашиг сонирхлын төлөө зайлшгүй шаардлагын үүднээс, бусдын эд хөрөнгө болон эрх ашигт бодитоор учирч болзошгүй гэм хорыг урьдчилан зайлуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд хариуцагчийн уг үйлдэл нь нэхэмжлэгч А.Ц гийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй, мөн тухайн сонирхогч этгээд өөрөө хийх байсан хэмжээ, хэлбэрээр хийгдсэн, нэхэмжлэгч нь тус компанийг СӨХ-ийн өмнөөс ажил үйлчилгээг үзүүлж байсан талаар маргаагүй юм.  

 

            Дээрхээс дүгнэхэд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн харилцаа үүссэн байх тул мөн хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж зааснаар СӨХ-ийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, СӨХ-ийн төлбөрийг шаардаж авсан Б ХХК-ийг буруутгах боломжгүй байна. 

 

Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 183,78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус хариуцагч Б ХХК-иас 551 126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 183,78  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ