Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01465

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01465

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:* дүүрэг, *дугаар хороо, *-р хороолол, **** гудамж, *-р барилгын * давхарт байрлах, Б И Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *-р байр, * тоотод оршин суух, Ш овогт Ц.О /ФБ *****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 116 666,67 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББ И Д ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 2015 оны 1 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 1 сарын 30-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ-ийн зээлийн гэрээг 2016 оны 7 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Уг зээлийн барьцаанд Баянгол дүүргийн *-р хороо, *-р хороолол, * чөлөө гудамжны *-р байр * тоотод байрлах 34 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Иймд зээлдэгч Ц.Огаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүүнд 12 345 066,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 271 600 төгрөг, нийт 34 616 666,67 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анхны гаргасан нэхэмжлэлдээ өмгөөлөгчийн зардал 3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Ц.О нь дээрх төлбөрийг биелүүлэхгүй бол уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Бид шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа шүүхийн шийдвэр гарах үеийн байдлаар буюу 2017 оны 6 сарын 6-ны өдрийг хүртэл тооцсон дүнгээр нэхэмжилсэн байгаа энэ нь хуулийн дагуу байгаа тул хангаж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББ И Д /БИД/ ББСБ ХХК нь хариуцагч Ц.Од холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 34 616 666,67 төгрөгийг, өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг, нийт 38116 666,67 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б нь шүүх хуралдааны явцад өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2015 оны 01 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр БИД ББСБ ХХК нь 20 000 000 төгрөгийг, нэг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар хариуцагч Ц.Од зээлдүүлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн * дугаар хороо, * хороолол * чөлөө * дугаар байр * тоотод байрлах 34 м.кв, нэг өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 3-7/

Талууд 2016 оны 01 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээний 2016 оны 7 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сараар сунгаж, хүүг сарын 4,5 хувиар тооцохоор тохиролцсон байна./хх-ийн 9/

 

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргээ гүйцэтгэх талаар хариуцагчид 2016 оны 09 сарын 08-ны өдөр 9/8, 2016 онй 12 сарын 21-ний өдөр 12/21 тоот албан шаардлагыг хүргүүлж байсан байна./хх-ийн10/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Од 2015 оны 01 сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг БИД ББСБ ХХК нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч Ц.О нь 2015 оны 03 сарын 06-ны өдрөөс 2016 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 12 321 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд нийт 1 568 400 төгрөгийг төлсөн байх ба үүнээс хойш уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна./хх-ийн 8/

 

Харин хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан бөгөөд тус хэрэг хянан шийддвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Тийг оролцуулахаар итгэмжлэл олгож, мөн өмгөөлөгчөөр оролцуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхэд дээрх нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг хэн аль нь ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 07 дугаар сарын 30-ний өдөр дууссан байх ба хариуцагч Ц.О нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Ц.Огаас үндсэн зээлийн 20 000 000 төгрөг, үндсэн хүү 12 345 066,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 271 600 төгрөг, нийт 34 616 666,67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.О болон өмгөөлөгч Ц.Т нарт 2017 оны 06 сарын 13-ны өдөр шуудангаар болон утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Огаас зээлийн гэрээний үүрэгт 34 616 666,67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББ И Д /БИД/ ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 87/3 дугаар байр 42 тоотод байрлах 34 м.кв, нэг өрөө нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч ББ И Д ББСБ ХХК нь хариуцагч Ц.Огаас өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 348 533,34 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Огаас улсын тэмдэгтийн хураамжинд 331 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББ И Д ББСБ ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ