Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1928

 

“Бизнес-Инвест девелопмент” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-ын, Ц.Отгонзаяад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 34 616 666.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-ын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Отгонзаяа нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд Ц.Отгонзаяагийн хүсэлтээр зээлийн гэрээг 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Уг зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 87/3 дугаар байрны 42 тоотод байрлах 34 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Өмгөөлөгчийн зардалд 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд зээлдэгч Ц.Отгонзаяагаас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тооцсон дүнгээр үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүү 12 345 066.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 271 600 төгрөг, нийт 34 616 666.67 төгрөгийг гаргуулж, дээрх төлбөрийг биелүүлэхгүй бол уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Отгонзаяагаас зээлийн гэрээний үүрэгт 34 616 666.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ц.Отгонзаяа шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 87/3 дугаар байр, 42 тоотод байрлах 34 м.кв талбай бүхий 1 өрөө, 1 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ нь хариуцагч Ц.Отгонзаяагаас өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 533.34 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Отгонзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 331 033 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Отгонзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр надад итгэмжлэл олгосон. Үүнээс хойш би хэргийн материалтай танилцах гэж 2 удаа ирсэн боловч шүүгчийн туслах чөлөөтэй байсан. 3 удаа ирж байж хэргийн материалтайгаа танилцсан.

Хариу тайлбараа гаргаж өгөх хугацаа байсан боловч миний нөхөр Л.Эрдэнэбаатарын биеийн байдал муу байсны улмаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нас барсан.

Энэ талаар би шүүгчийн туслах н.Хишигсүрэнд хэлж, шүүх хуралдаанаас өмнө хариу тайлбараа гаргаж өгнө, хурал товлогдсон уу гэж асуухад удахгүй товлогдох байх гэж хэлсэн. Гэтэл шүүгчийн туслах 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын үед залгаад та хуралдаа ирж байна уу гэсэн, би хэзээ, хэдэн цагаас хуралтай вэ гэхэд одоо эхлэх гэж байна, амжиж ирэхгүй бол хурал нэгэнт товлогдсон учраас хурлаа оруулна гэхэд хэд хоногийн өмнө яагаад хурлын тов мэдэгдээгүй вэ гэж асуухад танд хэлсэн гээд утсаа салгасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шүүх хурлын тов надад мэдэгдээгүй. Мэдэгдэх хуудсыг зохигчийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ гэж заасан бөгөөд шаардлагатай тохиолдолд утас, факсаар мэдэгдэж болно гэдгийг хурал болохоос 5-10 минутын өмнө гэж ойлгож болохгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн төлсөн мөнгөн дүн, нэхэмжлэлд нийт хэдэн сарын мөнгө төлөөгүй, алдангийг яаж тооцсон талаар дурдаагүй, тодорхой бус байна.

Хариуцагч нь өнөөдрийн байдлаар нийт 15 546 700 төгрөг төлсөн. Талуудын хооронд зээлийн гэрээ 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан байхад нэхэмжлэлдээ 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, мөн шүүхийн шийдвэр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэж бичигдсэн байна. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.4-т хуваарийн дагуу төлөх өдөр төлбөрөө төлсөн бол гэрээнд заасан хүүгээс 1 хувийн хөнгөлөлт эдэлнэ гэж заасан.

Хариуцагч Ц.Отгонзаяа хэдэн сард нь хуваарийн дагуу зээлийн хүүг төлсөн, хэдэн сарыг нь хэтрүүлж төлсөн талаар нэхэмжлэлдээ тодорхой зааж өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой.

Шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор хандаж, хянах ёстой. Нэхэмжилж буй үндсэн зээлийн хүүг яаж 12 345 066 төгрөг болсныг шийдвэртээ тодорхой тусгаж зааж өгөх ёстой.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ, хариуцагч Ц.Отгонзаяагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 116 666.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлсөнд 3 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар мөн сарын 20-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхийг үүрэг болгосон байна.

Хариуцагч Ц.Отгонзаяа, дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ньл мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан нөгөө талын тайлбарыг няцаагаагүй гэж үзэх үндэслэл бий болжээ.  

Хариуцагч Ц.Отгонзаяагийн “өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэр бүлийн хүн нас барсан” гэсэн хүсэлт, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралдаан давхцсан” гэх хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны зарыг хариуцагч Ц.Отгонзаяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мөн сарын 13-ны өдөр утсаар мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцүүлэн ажиллагаа явуулжээ. Шүүгчийн туслах дээрх ажиллагаатай холбоотой баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гомдолд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хх-24, 28, 33 дугаар тал/

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагддаг бөгөөд шүүх уг зарчмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент” ББСБ нь хариуцагч Ц.Отгонзаяаг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ010350072 тоот зээлийн гэрээний дагуу авсан 20 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр түүнээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 12 345 066.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 271 600 төгрөг, нийт 34 616 666.67 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Ц.Отгонзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан атлаа шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүйн гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоо зэрэг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн зөв байна. /хх-8-18, 20-21, 39 дүгээр тал/

Нэхэмжлэгч тал, хариуцагчийн зээлийн төлөх дүнг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцон үндсэн зээлд 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 12 345 066.67 төгрөг /24 666 666.67 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 12 321 660 төгрөгийг хасч/, нэмэгдүүлсэн хүүд 2 271 600 төгрөг /3 840 000 төгрөгөөс 1 568 400 төгрөгийг хасч тооцсон/, нийт 34 616 666.67 төгрөг төлөх тооцооны баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд хариуцагч нь энэ баримтыг үгүйсгэж, няцаах баримт гаргаж өгөөгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 331 033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                          Ч.ЦЭНД