Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мягмардоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00771 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух, Бүдцогтын Мягмардоржийн нэхэмжлэлтэй, Зэвсэг хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мягмардорж/онлайнаар/ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 24.778.950 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний том хүү М.Батмөнх 2017 оны 8 дугаар сард Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байгаад усанд унаж нас барсан. Манай гэр бүл түүнээс хойш маш их сэтгэл санаагаар унаж байгаа. Эхнэр минь хүүгээ нас барснаас хойш бие нь муудаад гэрээсээ гарахгүй асаргаанд байгаа. Зүрх нь муу байна гэсэн оноштой өнгөрсөн жил Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Зэвсэгт хүчний 123 дугаар анги өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаад нь би маш их гомдож байна. Хүүд минь их зүйл зааж сургаад явуулна гэж бодсон болохоос алуурын талбай гэж бодсонгүй.Миний хүү чинь Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч байсан. Миний сэтгэл санаа асар их гүн хямралтай байна. Хүү минь сэтгэлээс гарахгүй байна. Өдий сайхан том болгочихоод танай хүүхдүүд энэ ус руу орчихлоо гэж хэлвэл яах уу, мэдрэл муутай, хараагүй хүн байсан бол бас ойлгоно. Учир мэдэхгүй жоохон хүүхэд байсан бол бас яах вэ. Гэтэл их сургуульд сурч байсан сэргэлэн цовоо хүүхэд байсан. Энэ бол Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хариуцлагын алдаа. Гэтэл энэ анги дээр 3 хүн алуулчихаад байхад зүгээр байна гэдэг хүний сэтгэлд багтмааргүй юм. Оршуулгын зардал 13,278,950 төгрөг, сэтгэл санааны зардал 10,000,000, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,950,000 төгрөг нэхэмжилж байна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлъя. Иргэний хуулийг судалж байхад гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд анги байгууллага хариуцана гэсэн заалт байдаг. Энэ хэргийн гэм буруутай байдал нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00771 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мягмардоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох, оршуулгын зардал 11,943,000 төгрөг, сургалтын төлбөрт төлсөн 1,335,950 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 24,778,950 /хорин дөрвөн сая долоон зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мягмардоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,045 төгрөгнөөс 281,845 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 154,200 /нэг зуун тавин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Мягмардоржид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

Мөн иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдуулан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй байтал нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Мягмардорж нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан гэм хорын хохирол 13.278.950 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нийт 11.500.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 24.778.950 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

            Хариуцагч зэвсэгт хүчний 123 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “манай анги байгууллагаас 3 талийгаач байлдагчийн оршуулгын зардлыг гаргаж өгсөн, сэтгэл санааны хохирлыг тэтгэмжийн 24.500.000 төгрөг 3 байлдагчийн ар гэрт шилжүүлсэн, мөн оршуулгын зардалд 3.000.000 төгрөг гаргасан. Энэ хэрэгт манай ажилтны гэм буруу тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч М.Батмөнх нь тус ангийн захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/289 дугаар “Ангийн 2017-2018 оны хэрэгцээт хадлан бэлтгэх ажилд томилох тухай” тушаалын дагуу Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Оросын тохой” гэх нэртэй газарт ажиллаж байх үедээ 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд голын усанд живж нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

            Дээрх үйл явдалд тухайн цэргийн албан хаагчдыг удирдаж байсан офицер, ахлагч нар албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэм буруутай, эс үйлдэхүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Тухайлбал цэргийн албан хаагч нарт усанд орох зөвшөөрөл өгсөн ахлагчийн болгоомжгүй үйлдэлтэй, байлдагч М.Батмөнх усанд живж нас барсан үйл баримт шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрээ баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.850 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР