Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03049

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2020/03049 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхим-д хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, эрэгтэй, регистр ..., Б... овогт П...ийн Б...ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод байрлах, регистр .., Л... ХХК-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б..., түүний өмгөөлөгч Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 онд Л... ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, Орон сууц захиалгаар бариулах 75 тоот гэрээг бичгээр байгуулсан. Би тус байрны урьдчилгаа төлбөр болох 34 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлж төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд Л... ХХК-ийн захирал А.Л...тэй тооцоо нийлж, төлбөр 100 хувь барагдуулсан тухай албан тоот үйлдэж өгсөн. Дээрх байдлаар би уг барилгыг барьж байхад нь захиалсан байрны үнийг 100 хувь төлж дуусгасан. Иймд би өөрийн захиалсан Д... аймаг, Д... сумын ... тоот 59,84 м.кв талбайтай, 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.Б... нь 2020 оны 02 сард Л... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. П.Б... нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Л... ХХК-тай орон сууц захиалан бариулах ... тоот гэрээг байгуулсан.Д... аймгийн 13 дугаар хороололд баригдаж байгаа Л... нэртэй 144 айлын орон сууцны Б блокын 1 дүгээр орцны 7 давхрын ... тоот 54,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулсан, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 34 000 000 төгрөгийг Л... ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны Баянзүрх дүүргийн салбарт өөрсдийнх нь хэлсний дагуу тушаасан, 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр барилгыг дуусах үе шатандаа орсон байхад нь Л... ХХК-ийн дансанд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг хийсэн. Төлбөрийг бүрэн төлж тухайн үедээ тус орон сууцдаа орсон, тухайн үед завсар бүрэн хийгдэж дуусаагүй байсан. П.Б... өөрийн зардлаар үлдэгдэл засварыг хийж дуусгасан. Гэхдээ уг мөнгийг нэхэмжлээгүй. Гэрээний үндсэн дээр, хуульд заасны дагуу орон сууцыг шударгаар эзэмшиж, оршин суугаад 4 жил болж байна. Л... ХХК-ийн одоогийн захирал Т.Ч... нь тухайн үед тус байгууллагын нягтлан байсан бөгөөд Л... ХХК-ийн захирал нь А.Л... гэх хүн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр хүмүүсээс байрны гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гуравдагч этгээд Д.Б...гийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаа гэдгийг мэдсэн. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу захиалагч сонгон захиалсан байрны төлбөрийг 100 хувь төлсөн. Энэ талаар Л... ХХК-ийн захирал баримт үйлдэж өгсөн байдаг. Гэрээний 2.4-д тус байгууллагын данс руу мөнгийг шилжүүлнэ гэж заасны дагуу төлбөрийг 100 хувь шилжүүлж дуусгасан. Гэрээг хүлээсэн үүргээ захиалагч П.Б... биелүүлсэн. Нэхэмжлэгч П.Б... нь тус орон сууцыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр, хуулийн дагуу эзэмшиж 4 жил болсон. Л... ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулагч Д.Б... гэх хүнтэй барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ байгуулсны дараа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу нэг сарын дараа орон сууц захиалан бариулах гэрээг П.Б...тай хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Л... ХХК-ийн өмнөх захирал А.Л... гэх хүн бүгдийг мэднэ, дансанд байгаа мөнгийг авч явсан гэж ярьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гуравдагч этгээд Д.Б... нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх баримтыг гаргуулъя гэх хүсэлтийг гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Д.Б... нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан талаарх баримт байхгүй байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь эргэлзэж байна. Бүх шатны шүүхэд өмнөх захирал болох А.Л... гэх хүн мөнгийг авч явсан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл хавтаст хэрэгт А.Л...д холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн баримт огт байхгүй. Иймд нэхэмжлэгч П.Б...ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ байрыг Л... ХХК-ийн өмч биш, Д.Б... өмчлөгч нь гэж байна. Тэгвэл 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний ерөнхий үндэслэлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т гүйцэтгэгч нь 144 айлын орон сууцны барилгын хууль ёсны өмчлөгч мөн болно гэж тодорхой заасан. П.Б... нь гэрчилгээг хөөцөлдөж явсан, П.Б... нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд А.Л... болон Т.Ч... нараас шаардаж байсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан байна. Үүнийг нэхэмжлэгч мэдэх ямар ч боломжгүй байсан. Л... ХХК-ийн дансанд мөнгийг хийгээрэй гэсний дагуу мөнгийг шилжүүлсэн, гэрээнд дээрээ дансыг зааж өгсөн байна. Гэрээнд дээр байгаа дансанд нэхэмжлэгч П.Б... мөнгийг шилжүүлсэн. П.Б...ы захиалсан орон сууцыг анх 59 800 000 төгрөгөөр үнэлж гэрээ хийсэн. Тухайн үед Л... ХХК нь хөрөнгөгүй болж, дотор заслаа хийж чадахгүй үйл ажиллагаа нь зогссон. Тиймээс анх орон сууц захиалсан хүмүүстээ үнийг нь бууруулсан. Ингээд П.Б...ы орон сууцны үнээс 5 000 000 төгрөг хасаж, 54 800 000 төгрөг болгосон. Энэ нь тухайн үед компанийн эрх хэмжээний асуудал байсан. П.Б... нь 59 800 000 байрыг 54 800 000 авсан гэж асуудал үүсэхгүй байгаа, төлбөрийг 100 хувь төлсөн тодорхойлолтыг өгсөн байдаг. Бүх айлууд л бүрэн бус байранд орсон, шинэ орон сууцад түлхүүрийг нь авч орсон зүйл байхгүй. Л... ХХК-тай холбоотой маргаан олон газрын шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа, тэд бүгд л дутуу байранд орж, засвараа өөрсдөө хийсэн гэж ярьдаг, шүүхийн шийдвэрт ч энэ талаар байдаг. Улсын комисс хүлээгээд авсан байранд иргэд түлхүүрээ авч орсон, иймд П.Б...ыг Д... аймаг, ...хороолол Л... нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 Б байрны 1 дүгээр орцны 7 давхрын ... тоот 59,84 м.кв талбайтай, 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л... ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:П.Б... 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц бариулах 75 тоот гэрээгээр Л... ХХК-тай байгуулсан байна. Л... ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Тус компани нь Д... 144 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан байсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймд өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Л...тэй уулзаж Л... ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Л...д шилжүүлсэн. Гэтэл А.Л... нь Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй 2018 оны 03 салд Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Л... нь нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй болно. Д...д баригдсан 144 айлын орон сууц эд хөрөнгийг шүүхийн захирамжаар битүүмжилсэн байгаа. Тус компани нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй, өр төлбөр, хөрөнгийн маргааны асуудлаар шүүхийн шатанд шалгагдаж байгаа, төлбөрийн чадваргүй, санхүүгийн бичиг баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. Дансны хуулга, компанийн тамга, гэрчилгээнээс өөр компанитай холбоотой бичиг баримт одоогоор байхгүй. Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. П.Б... тус компанитай хийсэн гэрээнүүдийг Улсын бүртгэлийн албанд бүртгүүлээгүй байдаг. П.Б...ы 2016 оны 04 сарын 25-ний өдөр Л... ХХК-тай байгуулсан орон сууц бариулах 75 тоот гэрээ манай компанид байхгүй байгаа. Д... аймгийн Д... сумын ...ны Б блокны ... тоот 2 өрөө орон сууц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Б...гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. Д... аймаг Д... сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Л... 144 айлын орон сууцнаас Б-... тоот, 59,84 м,кв талбайтай 2 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй. П.Б... нь Б-... тоот 59,84 м,кв төлбөрийг 2016 оны 04 сарын 25-ний өдөр 34,000,000 төгрөгийг ХХБ-ны ... тоот 2016 оны 09 сарын 09-ний өдөр 20.000. 000 нийт 54.000.000 Л... ХХБ-ны ... тоот дансанд нийт 54.000.000 төгрөг тушаасан нь нэхэмжлэгчийн шүүхэд авагдсан материалаас харагдаж байна.2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөс хойш П.Б... бидэнтэй уулзаагүй. Д.Б...г гуравдагчаар татан оролцуулж, шүүх хуралдаанаар нэхэмжлэгч П.Б...ы нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагч Л... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Тус орон сууц нь Л... ХХК-ийн өмч биш бөгөөд хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.Б... юм. Л... ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн П.Б...тай гэрээ байгуулсан, 2016 оны 09 дүгээр сар хүртэл П.Б... байрны төлбөрийг төлсөн гэдэг.Энэ талаар Л... ХХК-д ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч П.Б... нь 2016 оны 09 дүгээр сард байрандаа орсон гэдэг гэтэл яагаад өнгөрсөн 4 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардахгүй байсан юм. П.Б... өөрөө засвар хийж орсон гэж байна. Орон сууц захиалан бариулах гэрээнд дутуу орон сууцад оруулахгүй гэж заасан. Нягтлан Т.Ч... байсан гэж байна. Одоогийн захирал Т.Ч... нь тухайн үед нягтлангаар ажиллаж байгаагүй.2017 оны 12 дугаар сараас эхэлж хууль ёсоор захирал болсон. Тухайн үед Оюунчимэг гэх нягтлан байсан. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Б...тай Л... ХХК-д барьцааны гэрээ байгуулсан байхад энэ талаар нэхэмжлэгч тал яагаад нягталж, шалгахгүй гэрээ хийсэн юм. Нэхэмжлэгч өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ийм байдалд хүрсэн. Байгууллагын дансанд мөнгө ороогүй, орсон талаарх баримт байхгүй. Л... ХХК-ийн захирал А.Л...тэй тооцоо нийлж, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тухай албан тоот үйлдэж өгсөн гэж байна.Тэгэхээр тухайн мөнгө тэр хүний хувийн данс руу орсон байгаа юм. 2016 оноос хойш П.Б... гэх хүн уг орон сууцад амьдарсан гэж байна. Энэ хүн уг орон сууцад амьдраагүй, би үүнийг баттай хэлж байна. Өөр хүн амьдарч байгаа, түрээслүүлдэг юм уу, яадаг юм мэдэхгүй байна, ямар ч байсан П.Б... гэх хүн амьдардаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед Т.Ч... гэх нягтлан байгаагүй, манай захирал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилогдсон.Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилогдсон. Гэрээ байгуулж, орон сууцад орсон бол яагаад гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм, энэ нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй байдал байсан. Гэрээндээ дутуу барьсан орон сууцад ор гэж заагаагүй.Бүх айл ингэж орсон гэж тайлбарлаж байна. Энэ нь худлаа, 1 дүгээр орцны 37 айлыг 100 хувийн гүйцэтгэлтэй улсын комисст хүлээлгэж өгсөн. Одоо ... тоотод А... гэх айл амьдарч байгаа. Харин П.Б... нь бусдын өмчлөлийн орон сууцыг бусдад давхар түрээслүүлсэн байх магадлал өндөр байна. Т.Ч... захирал бид хоёр 2017 оны 12 дугаар сард томилогдож ажиллахаас өмнөх зүйлийг мэдэхгүй, хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б...гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Тус маргаан бүхий орон сууц нь хуульд заасан журмын дагуу Д.Б...гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа, энэ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлээр тодорхойлдог. Тиймээс бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч Л... ХХК болон Д.Б... нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх гэрээнүүдтэй холбогдуулан барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний хавсралт барьцааны зүйлийг тодорхой тусгаж өгсөн. Л... ХХК болон Д.Б... нарын хооронд 2014 оноос 3 дугаар сараас эхэлж хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулагдсан байдаг. Үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээнүүдийг хийсэн, гэрээнд нэг тал нь орон сууцыг борлуулах, худалдах бусадтай гэрээ байгуулахдаа гэрээний нөгөө талаас заавал зөвшөөрөл авахаар тохиролцсон. Иргэний хуулийн 478 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээний талууд өөр этгээдтэй гэрээ байгуулахаар бол гэрээний нөгөө талаас зөвшөөрөл авна гэж хуулийн шаардлагад нийцэж хийгдсэн гэрээ юм. Уг хуулийн шаардлагыг гэрээний нөгөө тал биелүүлээгүй, иргэн П.Б... Л... ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г зөрчсөн. Хуульд заасны дагуу бусдын зөвшөөрлийн дагуу хийх ёстой байсан хэлцлийг бусдын зөвшөөрөлгүй хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой шаардлага гаргасан. Эд хөрөнгө түүнд хамаарах бүртгэлийн тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь барьцааны зүйлийг бусдад худалдах гэж байгаа тохиолдолд барьцаалагчид мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой хуулийн зохицуулалттай. Энэ нь 2019 онд өөрчлөгдөж, зөвхөн мэдэгдэх гэж зохицуулсан байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ийм учраас хуульд нийцэхгүй байна. Өнөөдөр маргаан бүхий орон сууцад өөр хүмүүс амьдарч байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Энэ хүмүүстэй орон сууцны асуудлыг яаж шийдэх талаар харилцаж байгаа. Тиймээс бид бие даасан шаардлагаа жич шийдвэрлэх ёстой гэж үзэж шаардлагаа татан авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б... нь Л... ХХК-д холбогдуулан Д... аймгийн Д... сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын орон сууцны 10Б байрны ... тоотод байршилтай, 59,84 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд П.Б...ыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Д.Б... нь Д... сумын ... дугаар хороолол, Л... хотхоны ...Б байрны .. тоотын 2 өрөө орон сууцыг П.Б...ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг гаргасан боловч шүүх хуралдаан дээр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж, зөвхөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн болно.

П.Б... нь Л... И... ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Д... аймгийн Д... сумын 11 дүгээр баг, Л... 144 айлын орон сууцны Б блокны 1 дүгээр орцны 7давхрын ... тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалж, 59 800 000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хх-5, 6, 7/

Талуудын хүсэл зориг, гэрээний агуулга зэргээс үзэхэд П.Б...ы Л... И... ХХК-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлд нийцэж байх тул тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг үүргийг тус тус хүлээдэг байна.

П.Б... нь дээрх гэрээгээр тохирсон 59 800 000 төгрөгөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 34 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус Л... И... ХХК-д төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын баримтуудаар нотлогдож байна./хх-8/

 

Л... И... ХХК-ийн ерөнхий захирал А.Л...гийн гарын үсэг бүхий иргэн П.Б...д гэсэн баримтад:Д... аймгийн Д... сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах Л... И... ХХК-ийн барьж буй Л... 144 айлын орон сууцны хотхонд П.Б...ы захиалсан Б блокны 1 дүгээр орцны 7 давхрын ... тоот 59,8 м.кв, 2 өрөө орон сууцны төлбөр тооцоог 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 100 хувь төлж барагдуулсан болно гэжээ. /хх 9/

 

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Байрыг хүлээлгэн өгөх товыг гүйцэтгэгч нэг долоо хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч тал 100 хувь төлбөрөө хийсэн тохиолдолд гүйцэтгэгчийн төлөөлөгч байрыг хүлээлгэн өгөх ба авах тухай актад гарын үсэг зурснаар байрыг захиалагчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгсөнд тооцно гэж тохирсон байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих юм.

 

Хариуцагч Л... И... ХХК нь Д... аймгийн Д... сумын 11 дүгээр баг, Л... 144 айлын орон сууцны Б блокны 10 Б байрны 1 дүгээр орцны 7 давхрын ... тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг барьж, ашиглалтад оруулж, П.Б...д уг орон сууцыг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч П.Б...д гэрээний дагуу орон сууц, түүний өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр бүртгүүлж, шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4-т Иргэний эрхийг дараах аргаар хамгаална, 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж тус тус заасны дагуу П.Б... нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж өгөхийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 3.6-д зааснаар...өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүргээ Л... ХХК биелүүлээгүй байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн регистрийн дугаар, овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар өөрчлөгдсөн бол эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан байна.

 

Иймд Д... аймгийн Д... сумын 11 дүгээр баг, Л... 144 айлын орон сууцны Б блокны 10 Б байрны 1 дүгээр орцны 7 давхарын ... тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг П.Б... өмчлөх эрхтэй болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд П.Б...ыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.Б... нь шүүхэд гаргасан 2 шаардлага бүхий нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 140 400 төгрөг төлөх байтал 4... 950 төгрөг төлж, 287 550 төгрөгийг илүү төлсөн байгааг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг баримтлан Д... аймгийн Д... сумын 11 дүгээр баг, Л... 144 айлын орон сууцны Б блокны ..Б байрны 1 дүгээр орцны .. давхрын ... тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг П.Б... өмчлөх эрхтэй болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд П.Б...ыг бүртгүүлэхийг Д... аймаг дахь Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар П.Б...ы төлсөн 4... 950 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 287 550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Л... И... ХХК-аас 140 400 төгрөгийг тус тус гаргуулан П.Б...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН