Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00228

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00228

 

 

П.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03049 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч ЛИ ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б- нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ЛИ ХХК-тай орон сууц захиалан бариулах 75 тоот гэрээг байгуулсан.Дархан-Уул аймгийн 13 дугаар хороололд баригдаж байгаа Ласти Таун нэртэй 144 айлын орон сууцны Б блокын 1 дүгээр орцны 7 давхрын 27 тоот 54,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулсан, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 34 000 000 төгрөгийг ЛИ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны Баянзүрх дүүргийн салбарт өөрсдийнх нь хэлсний дагуу тушаасан, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр барилгыг дуусах үе шатандаа орсон байхад нь ЛИ ХХК-ийн дансанд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг хийсэн. Төлбөрийг бүрэн төлж тухайн үедээ тус орон сууцдаа орсон, тухайн үед завсар бүрэн хийгдэж дуусаагүй байсан. П.Б- өөрийн зардлаар үлдэгдэл засварыг хийж дуусгасан. ЛИ ХХК-ийн одоогийн захирал Т.Чимэддулам нь тухайн үед тус байгууллагын нягтлан байсан бөгөөд ЛИ ХХК-ийн захирал нь А.Лхагвасүрэн гэх хүн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр хүмүүсээс байрны гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гуравдагч этгээд Д.Б-гийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаа гэдгийг мэдсэн. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу захиалагч сонгон захиалсан байрны төлбөрийг 100 хувь төлсөн. Энэ талаар ЛИ ХХК-ийн захирал баримт үйлдэж өгсөн байдаг. Гэрээний 2.4-д тус байгууллагын данс руу мөнгийг шилжүүлнэ гэж заасны дагуу төлбөрийг 100 хувь шилжүүлж дуусгасан. Гэрээг хүлээсэн үүргээ захиалагч П.Б- биелүүлсэн. Нэхэмжлэгч П.Б- нь тус орон сууцыг талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр, хуулийн дагуу эзэмшиж 4 жил болсон. ЛИ ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулагч Д.Б- гэх хүнтэй барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ байгуулсны дараа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу нэг сарын дараа орон сууц захиалан бариулах гэрээг П.Б-тай хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ЛИ ХХК-ийн өмнөх захирал А.Лхагвасүрэн гэх хүн бүгдийг мэднэ, дансанд байгаа мөнгийг авч явсан гэж ярьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Д.Б- нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан талаарх баримт байхгүй байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нь эргэлзэж байна. Бүх шатны шүүхэд өмнөх захирал болох А.Лхагвасүрэн гэх хүн мөнгийг авч явсан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл хавтаст хэрэгт А.Лхагвасүрэнд холбогдуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн баримт огт байхгүй. Иймд нэхэмжлэгч П.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэ байрыг ЛИ ХХК-ийн өмч биш, Д.Б- өмчлөгч нь гэж байна. Тэгвэл 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний ерөнхий үндэслэлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т гүйцэтгэгч нь 144 айлын орон сууцны барилгын хууль ёсны өмчлөгч мөн болно гэж тодорхой заасан. П.Б- нь гэрчилгээг хөөцөлдөж явсан, П.Б- нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд А.Лхагвасүрэн болон Т.Чимэддулам нараас шаардаж байсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан байна. Үүнийг нэхэмжлэгч мэдэх ямар ч боломжгүй байсан. ЛИ ХХК-ийн дансанд мөнгийг хийгээрэй гэсний дагуу мөнгийг шилжүүлсэн, гэрээнд дээрээ дансыг зааж өгсөн байна. Гэрээнд дээр байгаа дансанд нэхэмжлэгч П.Б- мөнгийг шилжүүлсэн. П.Б-ы захиалсан орон сууцыг анх 59 800 000 төгрөгөөр үнэлж гэрээ хийсэн. Тухайн үед ЛИ ХХК нь хөрөнгөгүй болж, дотор заслаа хийж чадахгүй үйл ажиллагаа нь зогссон. Тиймээс анх орон сууц захиалсан хүмүүстээ үнийг нь бууруулсан. Ингээд П.Б-ы орон сууцны үнээс 5 000 000 төгрөг хасаж, 54 800 000 төгрөг болгосон. Энэ нь тухайн үед компанийн эрх хэмжээний асуудал байсан. П.Б- нь 59 800 000 байрыг 54 800 000 авсан гэж асуудал үүсэхгүй байгаа, төлбөрийг 100 хувь төлсөн тодорхойлолтыг өгсөн байдаг. Бүх айлууд л бүрэн бус байранд орсон, шинэ орон сууцад түлхүүрийг нь авч орсон зүйл байхгүй. ЛИ ХХК-тай холбоотой маргаан олон газрын шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа, тэд бүгд л дутуу байранд орж, засвараа өөрсдөө хийсэн гэж ярьдаг, шүүхийн шийдвэрт ч энэ талаар байдаг. Улсын комисс хүлээгээд авсан байранд иргэд түлхүүрээ авч орсон, иймд П.Б-ыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Ласти Таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны 10 Б байрны 1 дүгээр орцны 7 давхрын 27 тоот 59,84 м.кв талбайтай, 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус орон сууц нь ЛИ ХХК-ийн өмч биш бөгөөд хууль ёсны өмчлөгч нь иргэн Д.Б- юм. ЛИ ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн П.Б-тай гэрээ байгуулсан, 2016 оны 9 дүгээр сар хүртэл П.Б- байрны төлбөрийг төлсөн гэдэг.Энэ талаар ЛИ ХХК-д ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч П.Б- нь 2016 оны 9 дүгээр сард байрандаа орсон гэдэг гэтэл яагаад өнгөрсөн 4 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардахгүй байсан юм. П.Б- өөрөө засвар хийж орсон гэж байна. Орон сууц захиалан бариулах гэрээнд дутуу орон сууцад оруулахгүй гэж заасан. Нягтлан Т.Чимэддулам байсан гэж байна. Одоогийн захирал Т.Чимэддулам нь тухайн үед нягтлангаар ажиллаж байгаагүй.2017 оны 12 дугаар сараас эхэлж хууль ёсоор захирал болсон. Тухайн үед н.Оюунчимэг гэх нягтлан байсан. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Б-тай ЛИ ХХК-д барьцааны гэрээ байгуулсан байхад энэ талаар нэхэмжлэгч тал яагаад нягталж, шалгахгүй гэрээ хийсэн юм. Байгууллагын дансанд мөнгө ороогүй, орсон талаарх баримт байхгүй. ЛИ ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй тооцоо нийлж, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тухай албан тоот үйлдэж өгсөн гэж байна.Тэгэхээр тухайн мөнгө тэр хүний хувийн данс руу орсон байгаа юм. 2016 оноос хойш П.Б- гэх хүн уг орон сууцад амьдарсан гэж байна. Тухайн үед Т.Чимэддулам гэх нягтлан байгаагүй, манай захирал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилогдсон. Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилогдсон. Гэрээ байгуулж, орон сууцад орсон бол яагаад гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй юм, энэ нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй байдал байсан. Гэрээндээ дутуу барьсан орон сууцад ор гэж заагаагүй.Бүх айл ингэж орсон гэж тайлбарлаж байна. Энэ нь худлаа, 1 дүгээр орцны 37 айлыг 100 хувийн гүйцэтгэлтэй улсын комисст хүлээлгэж өгсөн. Одоо 27 тоотод н.Азбаяр гэх айл амьдарч байгаа. Харин П.Б- нь бусдын өмчлөлийн орон сууцыг бусдад давхар түрээслүүлсэн байх магадлал өндөр байна. Т.Чимэддулам захирал бид хоёр 2017 оны 12 дугаар сард томилогдож ажиллахаас өмнөх зүйлийг мэдэхгүй, хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус маргаан бүхий орон сууц нь хуульд заасан журмын дагуу Д.Б-гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа, энэ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлээр тодорхойлдог. Тиймээс бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагч ЛИ ХХК болон Д.Б- нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх гэрээнүүдтэй холбогдуулан барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний хавсралт барьцааны зүйлийг тодорхой тусгаж өгсөн. ЛИ ХХК болон Д.Б- нарын хооронд 2014 оноос 3 дугаар сараас эхэлж хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулагдсан байдаг. Үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээнүүдийг хийсэн, гэрээнд нэг тал нь орон сууцыг борлуулах, худалдах бусадтай гэрээ байгуулахдаа гэрээний нөгөө талаас заавал зөвшөөрөл авахаар тохиролцсон. Иргэний хуулийн 478 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээний талууд өөр этгээдтэй гэрээ байгуулахаар бол гэрээний нөгөө талаас зөвшөөрөл авна гэж хуулийн шаардлагад нийцэж хийгдсэн гэрээ юм. Уг хуулийн шаардлагыг гэрээний нөгөө тал биелүүлээгүй, иргэн П.Б- ЛИ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г зөрчсөн. Хуульд заасны дагуу бусдын зөвшөөрлийн дагуу хийх ёстой байсан хэлцлийг бусдын зөвшөөрөлгүй хийсэн. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой шаардлага гаргасан. Эд хөрөнгө түүнд хамаарах бүртгэлийн тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь барьцааны зүйлийг бусдад худалдах гэж байгаа тохиолдолд барьцаалагчид мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой хуулийн зохицуулалттай. Энэ нь 2019 онд өөрчлөгдөж, зөвхөн мэдэгдэх гэж зохицуулсан байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ийм учраас хуульд нийцэхгүй байна. Өнөөдөр маргаан бүхий орон сууцад өөр хүмүүс амьдарч байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Энэ хүмүүстэй орон сууцны асуудлыг яаж шийдэх талаар харилцаж байгаа. Тиймээс бид бие даасан шаардлагаа жич шийдвэрлэх ёстой гэж үзэж шаардлагаа татан авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти Таун 144 айлын орон сууцны Б блокны 10 Б байрны 1 дүгээр орцны 7 давхрын 27 тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг П.Б- өмчлөх эрхтэй болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд П.Б-ыг бүртгүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар П.Б-ы төлсөн 427 950 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 287 550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ласти Интернешнл ХХК-аас 140 400 төгрөгийг тус тус гаргуулан П.Б-д олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулахаас өмнө маргаан бүхий орон сууцнуудын байршиж буй барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Уг барилга нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн ашиглалтанд орж, улсын комисс хүлээн авсан болох нь тогтоогдсон. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлд "Эд хөрөнгө өмч эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх" гэсэн хэсгийн 4.3.2, 4.3.3-т тус тус зааснаар "Ласти-Интсрнэшнл ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч П.Б-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан талаарх мэдээллийг гарган өгч байгаагүй болох нь Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй холбоотой баримтуудаар тогтоогдож байгаа.

Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, дээр дурдсан журмын дагуу эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3-т тус тус заасанд нийцээгүй. Бодит байдал дээр "Ласти-Интсрнэшнл" ХХК болон иргэн П.Б- нарын хооронд орон сууц
худалдах, худалдан авах хүсэл зоригтой байжээ гэж үзэхээр байгаа боловч тэд тухайн хүсэл зоригоо хуульд заасан журам, хэлбэрийн дагуу баталгаажуулаагүй болох нь баримтаар тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор зохицуулсан. Хэлбэрийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасны дагуу хэн нэгэн этгээдийн зүгээс Д.Б-гпнн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой нэгэн шаардлага гаргаагүй. Түүний өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Д.Б-гийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч П.Б-ыг өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй, Д.Б-гийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэр болсон. "Ласти-Интернэшнл" ХХК болон Д.Б- нар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн заалтад нийцүүлэн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний 6.1, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 02 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ хугацааг сунгасан гэрээний 4.1-т заалттай боловч 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч П.Б-тай 75 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь Иргэнин хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, тухайн гэрээний нэг тал болох Д.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн "Ласти-Интсрнэшнл" ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, маргаан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол. 10Б байрны 1 дүгээр орцны 7 давхрын 27 тоот 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б-гийн барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх "...Хариуцагч "Ласти-Интернэшнл" ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти Таун 144 айлын орон сууцны Б блокын 10Б байрны 1 дүгээр орцны давхрын 27 тоот 59.84 м.ка талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, П.Б-д уг орон сууцыг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч П.Б-д гэрээний дагуу орон сууц, түүний өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр бүртгүүлж, шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна..." гэх зэрэг хуульд нийцээгүй дүгнэлт хийж Д.Б-гийн эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн шийдвэр гаргасан.

Түүнчлэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд хийгдсэн шүүхийн шийдэр гүйцэтгэх ажиллагаагаар өмнөх өмчлөгч "Ласти-Интернэшнл" ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болж маргааны зүйл болсон орон сууцнууд Д.Б-гийн өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, П.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч ЛИ ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын орон сууцны 10Б байрны 27 тоотод байршилтай, 59.84 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд П.Б-ыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

П.Б- нь Ласти Интернешнл ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти Таун 144 айлын орон сууцны Б блокны 1 дүгээр орцны 7давхрын 27 тоот 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалж, 59 800 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд тэрээр 54 000 000 төгрөгийг төлж, 5 800 000 төгрөг хэрхэн төлөгдсөн нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна / хх-ийн 5-9/

Хариуцагч Ласти Интернешнл ХХК ...байгууллагын дансанд мөнгө ороогүй, орсон талаарх баримт байхгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч орон сууцны төлбөрийн үлдэгдлийг хэзээ, хэрхэн төлсөн болохыг тодруулах нь зүйтэй.

 

Мөн УБЕГ-ын улсын байцаагчийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 705 тоот улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай дүгнэлтээр ...эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс ... эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт салгаж бүртгэсэн байх ба бүртгэлүүдийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн байж болзошгүй... гэсэн үндэслэлээр ...уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснээс хойш улсын бүртгэлийн байгууллагаас ямар хяналт шалгалт хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул эдгээр улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байна. /2хх-ийн 83, 208/

 

Маргаж байгаа орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээд Д.Б- дээр бүртгэлтэй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар түүний бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа тохиолдолд дээрх байдлыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тогтоох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг 140 400 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ