Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02610

 


 

 

 

 

 

     2020            09             29                                                183/ШШ2020/02610                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогтой, П.Б-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Д Э Ж Э” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Б.Э, гэрч Д.А, Ч.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Д Э Ж Э” ХХК нь экскаваторын операторын ажлын байрны захилгатай танилцаж, экскаваторын операторын ажилд орох анкет, материалыг бүрдүүлж, тус газрын мэргэжилтэнд өгсөн. П.Б нь “Д Э Ж Э” ХХК-ийн хүний нөөцийн ажилтан н.А холбоо тогтоож, ажлын ярилцлагад орж, улмаар тус компанид сарын 2 сая төгрөгийн цалинтайгаар экскаваторын оператораар ажиллахаар болсон. Гэтэл “Д Э Ж Э” ХХК нь П.Б намайг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 9 хоног ажиллуулчхаад чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажиллуулахгүй гэж хэлээд ажиллуулаагүйд гомдолтой байна. Хэрэв “Д Э Ж Э” ХХК нь П.Б намайг экскаваторын оператораар тогтвортой ажиллуулна гэж амлаагүй бол, мөн орон нутгаас ажиллах хүч авна гэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт захиалга өгөөгүй бол миний бие өмнө нь ажиллаж байсан компаниасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагагүй байсан. “Д Э Ж Э” ХХК-иас экскаваторын оператораар ажилласан хугацааны цалин 576.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр П.Б миний Хаан банкин дахь харилцах дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэжээ. Гэтэл “Д Э Ж Э” ХХК нь П.Б надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 9 хоногийн хугацаанд экскаваторын оператораар ажиллуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Хэрэв “Д Э Ж Э” ХХК нь П.Б намайг экскаваторын оператороор ажиллуулахгүй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ёстой. Гэтэл “Д Э Ж Э” ХХК нь П.Б намайг экскаваторын операторын ажлаас чөлөөлсөн ямар нэг шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Иймд П.Б-ыг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс манай компанид экскаваторын оператораар ажилласан гэж шаардлагадаа дурджээ. Манай компанид П.Б гэдэг хүн хөдөлмөрийн гэрээгээр болон гэрээгүйгээр огт ажиллаж байгаагүй бөгөөд тухайн цаг үед бид ажилтан авахаар зар хүргүүлж байсан нь үнэн бөгөөд хүний нөөцийн албанд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан хүнийг ажиллуулж байсан. Харин экскаваторын оператораар ажилтныг цагийн ажилтнаар ажиллуулахаар төлөвлөсөн. П.Б нь Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөөртлөө хүний нөөцтэй ярьж тохирсон гээд манай ажлын талбайд явж байсныг бид болиулж явуулсан. Манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж урьд ажиллаж байсан компаниасаа гарсан асуудал нь бидэнд хамааралгүй юм. Тиймээс П.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Б-ын нэхэмжлэлтэй, “Д Э Ж Э” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б-ын “...хариуцагч байгууллага нь намайг ажилд авна гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 9 хоног ажиллуулаад үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд намайг ажлаас халахдаа тушаал гаргах ёстой. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Д Э Ж Э” ХХК-иас хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...П.Б-ыг манай байгууллага ажилд аваагүй бөгөөд түүнийг ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн зөвшөөрөлгүйгээр ажлын байранд явж байсныг хөөж гаргасан. П.Б-т манай байгууллага цалин олгоогүй” гэсэн хариу тайлбар гаргаж зохигчид мэтгэлцжээ.

Хавтаст хэрэгт авагдсан П.Б-ын Нийгмийн даатгалын дэвтэр, Хаан банкны Депозит дансны хуулга, гэрч Д.А, Ч.А нарын мэдүүлэгээр П.Б, “Д Э Ж Э” ХХК-ийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл “Д Э Ж Э” ХХК болон П.Б нар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд болох нь нотлогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан үйл баримт тогтоогдоогүй тул П.Б-ын нэхэмжлэлтэй, “Д Э Ж Э” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Б-ын нэхэмжлэлтэй, “Д Э Ж Э” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД