Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02424

 

МАГАДЛАЛ

2020.12.21 Дугаар

 

 

 

 

 

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02610 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д Э Ж Э ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат, Б.Элбэгзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д сЭ Ж Л ХХК нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт экскаваторын операторын ажлын байрны захилга өгсний дагуу тус компанид ажилд орох анкет, материалыг бүрдүүлж өгсөн. П.Б нь Даблью эс жи эл ХХК-ийн хүний нөөцийн ажилтантай уулзаж ажлын ярилцлагад орж, улмаар тус компанид сарын 2 000 000 төгрөгийн цалинтай экскаваторын оператораар ажиллахаар болсон. Гэтэл Д сЭ Ж Л ХХК нь П.Быг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 9 хоног ажиллуулсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажиллуулахгүй гэж мэдэгдсэн. Хэрэв Д сЭ Ж Л ХХК нь П.Быг экскаваторын оператораар тогтвортой ажиллуулна гэж амлаагүй бол өмнө нь ажиллаж байсан компаниасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагагүй байсан. Даблью эс жи эл ХХК-аас экскаваторын оператораар ажилласан хугацааны цалин 576 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкин дахь П.Б-ын эзэмшлийн дансанд шилжүүлсэн. Д сЭ Ж Л ХХК нь П.Быг экскаваторын операторын ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Иймд П.Быг экскаваторын операторын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид П.Б нь хөдөлмөрийн гэрээгээр болон гэрээгүйгээр огт ажиллаж байгаагүй. Тухайн үед бид ажилтан авахаар зар хүргүүлж байсан нь үнэн. Хүний нөөцийн алба хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүнийг ажиллуулж байсан. Харин экскаваторын оператораар ажилтныг цагийн ажилтнаар ажиллуулахаар төлөвлөсөн. П.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хүний нөөцийн мэргэжилтэй тохиролцсон гэж ажлын талбайд явж байсныг бид болиулсан. Өмнө нь ажиллаж байсан компаниасаа гарсан нь бидэнд хамааралгүй. Тиймээс П.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Б-ын нэхэмжлэлтэй Д Э Ж Э ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-ын нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл Д сЭ Ж Л ХХК нь экскаваторын оператороор П.Быг ажиллуулсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Энэ үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх Д сЭ Ж Л ХХК болон П.Б-ын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу. П.Быг экскаваторын оператороор ажиллуулж 576 000 төгрөгийн цалин олгосон баримт хэрэгт авагдсан байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. П.Быг экскаваторын операторын ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзаж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д Э Ж Э ХХК-д холбогдуулан тус компанийн экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д сЭ Ж Л ХХК нь экскаваторын операторын ажлын байранд 6 ажилтанг шалгаруулж авах зар гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

П.Б нь тус компанид экскаваторын операторын ажилд орохоор анкетаа өгч, улмаар хариуцагчийн ажлын байранд 9 хоног байсан гэснийг үндэслэн талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо бүхий хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан. Иймд ажил олгогч Д сЭ Ж Л ХХК нь П.Быг экскаваторын операторын ажилд авахаар хүсэл зоригоо илэрхийлж хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдгээрийн хооронд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

 

Мөн хэрэгт авагдсан Хаан банк ХХК дахь П.Б-ын эзэмшлийн 5315339553 тоот дансанд н. Ариунболдын эзэмшлийн 5414128710 тоот данснаас WSGL цалин гэх утгатай 576 000 төгрөгийг шилжүүлсэн болон ажлын байрны зар зэргийг үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй учир ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэр гаргаагүй гэх гомдол хангагдахгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт буруу үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА