Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02735

 

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02735

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *дүгээр хороо, * хороолол, * гудамж, * байр, * тоотод оршин суух Ц* овогт Ш.Т /РД:МК*****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * хотхон, * байр, * тоотод байрлах З ХХК-д холбогдох

 

Шаврын ажлын гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т, хариуцагчийн төлөөлөгч Ш овогт Б.Ш, орчуулагч Д.М, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 5 сарын 28-ны өдөр З ХХК-тай шаврын ажлын гэрээ байгуулж, Зайсан дахь 3 давхар хаусын шаврын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Бид ажлыг эхлэхээс өмнө ажлын талбайг харж байгаад ажил эхлэх санал тавихад 2 хоног хүлээлгээд ирээгүй бөгөөд хариуцагч компаниас Бүх материал бэлэн байгаа учир ажлаа эхэлж бай гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Гэрээнд заасны дагуу нийт ажлын хөлс 1 400 м.кв-ыг 7 500 төгрөгөөр тооцож, шавардахаар тохиролцож, урьдчилгаанд 1 000 000 төгрөг авч үлдэгдэл 9 500 000 төгрөг өгөхөөс 6 500 000 төгрөгийг өгсөн. 3 000 000 төгрөгийг яагаад хөлснөөс хассан талаар асуухад З ХХК болохоор давхар болгоноос сая төгрөг хаслаа гээд мөнгийг өгөөгүй. Гэрээгээр тохирсон ажилд шагри цацах /ямар ч үнэлгээ байхгүй, шавраа хананд тогтоох зорилгоор цацдаг ажил/ ажил байхгүй байсан бөгөөд уг ажлыг манай хүмүүс хийсэн тул уг мөнгийг хасаж тооцсон гэдэг. Гэтэл подволоос 1 давхар хүртэл тоосгон өрлөгтэй учир нэг ч шагри цацах шаардлага байхгүй бөгөөд тийм зүйл байгаагүй. 2-3 давхарт шагри баг сага цацсан байсан бөгөөд ДК ХХК-ийн ажилтан ирээд ийм овгор талбай дээр шавар тогтохгүй учир цохиж унагаа гэсний дагуу бид тус шагриг унагаж, шаврын ажлыг хийсэн. Гэтэл З ХХК-ийн захирал шагриг битүү цацсан гээд мөнгө өгөхгүй байгааг зөвшөөрөхгүй, энэ хүн өөрөө түүнийгээ сайн ойлгодоггүй. Иймд З ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, бид гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэв.

 

Хариуцагч З ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш овогт Б.Ш шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 5 сарын 29-ний өдөр ДК ХХК-тай шаврын ажил гүйцэтгэх ЗГГ/19-034 тоот гэрээ байгуулсан. Шаврын ажлыг хийхдээ барилгын норм, дүрэм технологийн дагуу эхлээд 0.5 мм-ээс элс, цементэн зуурмагаар ханад шагри цацаж, дараа нь шаврын ажлыг хийдэг. Манай З ХХК-ийн ажилчид нийт 1400 мкв талбайд шагри цацсан бөгөөд захиалагч талын талбай хариуцсан инженерт шалгуулсны дараа шаврын ажлыг хийдэг. Шагри цацах ажил нь нийт шаврын ажлын үнийн дүнгээр харьцуулахад 3/1-тэй тэнцэх ажил юм. Бид нийт 1400 мквын 1 мкв талбайг 7 500 төгрөгөөр тооцож, нийт 10 500 000 төгрөгөөр тооцож шагри цацсан. 2019 оны 5 сарын 31-ний өдөр Ж.Ттэй туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж, шаврын ажил хийлгэсэн. Бид ажил гүйцэтгэх гэрээнд нарийн ширийн зүйлийг зааж өгөөгүй байсан. Шаврын ажил хийхдээ шагри цацах ажлыг 3 удаа хийх ёстой байдаг бөгөөд манай компанийн ажилчид эхний шагри цацах ажлыг хийсэн боловч Ж.Т үүнийг ямар ч үнэлгээгүй гэж хэлсэн ба манай ажилчдын шагри цацсан 1400 мкв ажлыг дахин хийсэн гэж мөнгө нэхсэн. Зохих журмын дагуу шаврын ажил хийсэн Ж.Тгийн санхүүжилтээс 3 000 000 төгрөгийг хассан ба үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргээ биелүүлж, бүрэн өгч дуусгасан. Өөр төлбөр тооцоо байхгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т хариуцагч З ХХК-д холбогдуулан шаврын ажлын үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2019 оны 5 сарын 28-ны өдөр шаврын ажлын гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр 1 600 м.кв шаврын ажлыг м.кв-н үнэ 7 500 төгрөг, багана м.кв-ийн үнэ 8 500 төгрөгийн хөлстэйгээр хийж гүйцэтгэх, урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөгийг шилжүүлэх, ажлыг чанартай хийгээгүй тохиолдолд гэрээг цуцалж, 1 000 000 төгрөгийг буцаан авахаар, ...А тал байшинг хийж дуусгаснаас хойш хоёр өдрийн дотор тооцоог дуусгахаар харилцан тохиролцжээ./хх-ийн 6-7/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Т нь 1 400 м.кв-ыг шавардаж, ажлыг хүлээлгэж өгч, ажлын хөлсөнд нийт 7 500 000 төгрөг авсан гэх тайлбар гаргасныг хариуцагч З ХХК маргаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд болон тухайн ажлыг хүлээлгэж өгсөн эсэх, түүнчлэн ажлын чанарын талаар маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь бидний байгуулсан гэрээгээр шагри цацах ажлыг хийх талаар тохиролцоогүй бөгөөд бид зөвхөн шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан тул гэрээгээр тохирсон 10 500 000 төгрөгийн ажлаа хийсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө гаргуулна. гэснийг

Хариуцагч З ХХК нь шагри цацах ажлыг манай ажилчид хийсэн бөгөөд бид уг шагри цацах ажлын хөлсийг хасаж 3 000 000 төгрөгийг төлөхгүй гэж тайлбар гаргаж маргажээ.

Талуудын байгуулсан гэрээний 4.1-д ...эхлээд заавал зуурмагийг нэг удаа шүршинэ, дараа нь шаврыг хийнэ, шаврыг чанартай баталгаатай хийнэ. гэж, 4.3-т хэрвээ шаврын чанар шаардлага хангахгүй байвал мөнгө өгөхгүй Б тал бүх хариуцлагыг хүлээх болно. гэж тохиролцсон байх ба талууд гэрээгээр хариуцагчийн татгалзалд дурдсан шагри цацах ажлыг хийхээр тохирсон гэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, шаврын ажлын гэрээгээр шагри цацах ажлыг хийхээр тусгайлан тохироогүйн дээр хариуцагч З ХХК нь уг ажлыг өөрийн ажилчдаар хийлгэсэн гэх үндэслэлээр 3 000 000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч З ХХК нь татгалзлын үндэслэлээ хавтаст хэрэгт баримтаар нотлоогүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь: 

 

 1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Тгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ