Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 331

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02738 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Т-гийн хариуцагч “З” ХХК-д холбогдуулан гаргасан шаврын ажлын гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “З” ХХК-тай шаврын ажлын гэрээ байгуулж, Зайсан дахь 3 давхар хаусын шаврын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Бид ажлыг эхлэхээс өмнө ажлын талбайг харж, ажил эхлэх санал тавихад 2 хоног хүлээлгээд ирээгүй бөгөөд хариуцагч компаниас бүх материал бэлэн байгаа учир ажлаа эхэлж бай гэсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Гэрээнд заасны дагуу нийт ажлын хөлс 1 400 м.кв-ыг 7 500 төгрөгөөр тооцож, шавардахаар тохиролцож, урьдчилгаанд 1 000 000 төгрөг авч үлдэгдэл 9 500 000 төгрөг өгөхөөс 6 500 000 төгрөгийг өгсөн. 3 000 000 төгрөгийг яагаад хөлснөөс хассан талаар асуухад “З” ХХК нь давхар болгоноос 1 000 000 төгрөг хаслаа гээд мөнгийг өгөөгүй. Гэрээгээр тохирсон ажилд шагри цацах /ямар ч үнэлгээ байхгүй, шавраа хананд тогтоох зорилгоор цацдаг ажил/ ажил байхгүй байсан бөгөөд уг ажлыг манай хүмүүс хийсэн тул уг мөнгийг хасаж тооцсон гэдэг. Гэтэл подволоос 1 давхар хүртэл тоосгон өрлөгтэй учир нэг ч шагри цацах шаардлага байхгүй бөгөөд тийм зүйл байгаагүй. 2-3 давхарт шагри баг сага цацсан байсан бөгөөд “Дельта констракшн” ХХК-ийн ажилтан ирээд ийм овгор талбай дээр шавар тогтохгүй учир цохиж унагаа гэсний дагуу бид тус шагриг унагаж, шаврын ажлыг хийсэн. Гэтэл “З” ХХК-ийн захирал шагриг битүү цацсан гээд мөнгө өгөхгүй байгааг зөвшөөрөхгүй. Иймд “З” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, бид гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Д” ХХК-тай шаврын ажил гүйцэтгэх ЗГГ/19-034 тоот гэрээ байгуулсан. Шаврын ажлыг хийхдээ барилгын норм, дүрэм технологийн дагуу эхлээд 0.5 мм-ээс элс, цементэн зуурмагаар ханад шагри цацаж, дараа нь шаврын ажлыг хийдэг. Манай “З” ХХК-ийн ажилчид нийт 1 400 м.кв талбайд шагри цацсан бөгөөд захиалагч талын талбай хариуцсан инженерт шалгуулсны дараа шаврын ажлыг хийдэг. Шагри цацах ажил нь нийт шаврын ажлын үнийн дүнгээр харьцуулахад 3/1-тэй тэнцэх ажил юм. Бид нийт 1400 м.кв-ын 1 м.кв талбайг 7 500 төгрөгөөр тооцож, нийт 10 500 000 төгрөгөөр тооцож шагри цацсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Ш.Т-тэй туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж, шаврын ажил хийлгэсэн. Бид ажил гүйцэтгэх гэрээнд нарийн ширийн зүйлийг зааж өгөөгүй байсан. Шаврын ажил хийхдээ шагри цацах ажлыг 3 удаа хийх ёстой байдаг бөгөөд манай компанийн ажилчид эхний шагри цацах ажлыг хийсэн боловч Ш.Т- үүнийг ямар ч үнэлгээгүй гэж хэлсэн ба манай ажилчдын шагри цацсан 1 400 м.кв ажлыг дахин хийсэн гэж мөнгө нэхсэн. Зохих журмын дагуу шаврын ажил хийсэн Ш.Т-гийн санхүүжилтээс 3 000 000 төгрөгийг хассан ба үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргээ биелүүлж, бүрэн өгч дуусгасан. Өөр төлбөр тооцоо байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З” ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 62 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Шдавж заалдах гомдолдоо: ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Бид 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр туслан гүйцэтгэгчээр ажиллахаар Ш. Түмэн-Өлзийтэй гэрээ байгуулж , шаврын ажил хийлгэсэн энэ тал дээрээ маргаан байхгүй болно. Харин гэрээн хийгдэх ажлаа нарийвчлан тусгаж зааж өгөөгүй, шаврын ажлыг хийгдэх ёстой шагригийн ажлыг 3 удаа хийгдэх ёстой бөгөөд 1 400 м.кв талбайн шагри цацах ажлыг манай компанийн ажилчид хийж гүйцэтгэсэн атал Ш.Т- нь тус манай ажилчдын цацсан шагриг бид цацсан гэж 3 000 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Ш.Т- нь дээрх ажлыг хийсэн талаар баримт байхгүй атал шүүх хэргийг нэг талыг барьж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Т- нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан шаврын ажлын гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шаврын ажлын гэрээгээр ажил гүйцэтгэгч 1 600 м.кв шаврын ажлыг м.кв-ын үнэ 7 500 төгрөг, багана м.кв-ын үнэ 8 500 төгрөгийн хөлсөөр хийж гүйцэтгэх, захиалагч урьдчилгаа төлбөрт 1 000 000 төгрөгийг шилжүүлэх, ажлыг чанартай хийгээгүй тохиолдолд гэрээг цуцалж, 1 000 000 төгрөгийг буцаан авах, А тал ажлыг хийж дуусгаснаас хойш хоёр өдрийн дотор тооцоог дуусгахаар харилцан тохиролцжээ./хх 6-7/

 

Дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Ш.Т- нь 1 400 м.кв шаврын ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгч, ажлын хөлсөнд нийт 7 500 000 төгрөг авсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал болон ажлыг гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн талаар талууд маргаагүй, харин шагри цацах ажлыг захиалагч өөрөө гүйцэтгэсэн гэснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна. Гэрээний 4.1-д гүйцэтгэх ажлыг “эхлээд заавал зуурмагийг нэг удаа шүршинэ, дараа нь шаврыг хийнэ, шаврыг чанартай баталгаатай хийнэ” гэж, 4.3-т “хэрвээ шаврын ажил чанар шаардлага хангахгүй байвал мөнгө өгөхгүй” гэж тус тус заажээ. Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч төлбөр төлсөн байгаагаас үзвэл захиалагч нь ажлыг хүлээн авснаа үндэслэн төлбөрийг төлсөн гэж үзэхээр байх бөгөөд ажил гүйцэтгэгчийг гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч “З” ХХК нь шагри цацах ажлыг өөрийн ажилчдаар хийж гүйцэтгүүлсэн, түүний улмаас зардал гарсан гэх байдлыг баримтаар нотлоогүй тул 3 000 000 төгрөгийг хасаж тооцсоныг хөлс төлөх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг болон гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөгийг гаргуулж, Ш.Т-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

 

    А.ОТГОНЦЭЦЭГ