Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/шш2018/02766

 

 

 

 

 

 

 

 

 

       2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2018/02766

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Ю. овогт Л. Б. /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ....... байр, ..... тоотод оршин суух, Ш.... овогт Ж... Ч.../РД:..../-д холбогдох,  

 

2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Т... ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Ч...с Т...ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н., хариуцагч Ж.Чи., хариуцагчийн өмгөөлөгч Д.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т..., өмгөөлөгч Д.Н.. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Л... асан иргэн Ж.Ч... нар 2005 оны 5 сарын 06-ны өдөр “Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг байгуулсан байдаг. Тус “Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг Чингэлтэй дүүргийн ... дугаартай нотариатч Ц.С 2005 оны 05-р сарын 10-ны өдөр 196 дугаарт бүртгэн гэрчилсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/0... дугаар шийдвэрээр нотариатын дээрх үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн .... дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 190-р зүйлийн 190.2-т “...Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ...” гэж заасан. Нотариатын тухай 1997 оны хуулийн 23-р зүйлийн 23.3-т “...Нотариатын үйлдлийг эрхлэн хийх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...” гэж хуульчилсан болно. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 11-р сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар”-ын 4-р зүйлийн 4.1.1.4-т “...бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ /Иргэний хуулийн 190.2 дугаар зүйл/...”-г заавал нотариатаар гэрчлүүлэхээр заажээ. Иргэн Р.Л асан болон Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 05-р сарын 06-ны өдрийн “Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийн 7-д “...нотариатаар бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно...” гэж заасан бөгөөд хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон. Дээрх зүйлээс үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/0... дугаар шийдвэрээр 2005 оны 05-р сарын 06-ны өдрийн “Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй. Ийнхүү иргэн Ж.Ч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигч гэсэн нэрээр ногдол ашиг авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Миний бие иргэн Л.Б нь Р.Л асаны өв залгамжлагч болох нь 2007 оны 01-р сарын 09-ний өдрийн Бүртгэлийн 02 дугаартай “Т” (ХК)-ийн хувьцааг өв залгамжлан авсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдох тул энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 515-р зүйлийн 515.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иргэн Р.Л асан болон иргэн Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 05-р сарын 06-ны өдрийн “Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл” нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т “...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл...”, 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл..." байх тул хүчин төгөлдөр бусд бусд тооцож, Ж.Чгээс Т ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784,80 төгрөг, нийт 190 210 617,80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Ч болон түүний өмгөөлөгч Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1992 онд Оёдлын төв үйлдвэр хувьчлагдаж Т хувьцаат үүсэн байгуулагдахад анхны хувьцаа эзэмшигчдийн нэг болж улмаар 1996 онд Т ХК 687 680 ширхэг хувьцаа нэмж гаргахад нэр бүхий 7 хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж дээрхи хувьцааг хуваан эзэмшиж байсан билээ. Эдгээр хувьцаа эзэмшигч нарын 5 нь өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох хөрөнгөө тусгаарлан авч өөр компани үүсгэн байгуулсан. Хувьцаагаа зарсан зэрэг өөрчлөлтүүд орсны дараа миний бие хувьцаа эзэмшигч Р.Лтай харилцан тохиролцож өмнө байгуулж байсан гэрээ хэлэлцээрүүдийг тодотгох, нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2005 оны 5 сарын 06-ны өдөр Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл, Хамтран шийдвэрлэх, ажиллах бусад зүйлийн талаархи хэлцэлүүдийг байгуулсан. Тухайн үед Р.Л Т ХК-ийн нэмж гаргасан хувьцааны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүний нэр дээр бүртгэгдсэн хувьцааны шилжилт хөдөлгөөн, арилжааг зогсоосон учир өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж авах боломжгүй байсан бөгөөд 2006 оны 11 сард уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Тэгтэл Р.Л нас барьж хүү Л.Б нь өв залгамжлагч болж 2007 оноос хувьцаа эзэмшигч болж өв залгамжлагчийн хувьд Р.Лтай хийсэн дээрх 2 хэлцлийн үүргийг биелүүлэх байтал Л.Б нь “Энэ гэрээ хэлцлийг мэдэхгүй, надад байхгүй, манай аав ийм гэрээ хэлцэл хийгээгүй, гарын үсэг нь биш, хууль бус хэлцэл учир хүчингүй болгуулна гэх мэтээр асуудалд хандаж байсан юм. Ингээд миний бие Л.Бтай холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Р.Л асаны өв залгамжлагч Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас миний эзэмших эрхтэй хувьцааг, мөн түүний өөртөө хувиарлаж авсан ногдол ашгийн мөнгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан. Л.Б 2005 оны 5 сарын 06-ны өдөр байгуулсан Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус шүүх энэ асуудлыг 2 жил шалгаад 2012 оны 5 сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр дээрхи 2 хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл байна. Л.Б өв залгамжлагчийн хувьд хэлцлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гээд Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа Т ХК-ийн хувьцаанаас 314 114 ширхэг хувьцааг, мөн Л.Баас 66 906 282 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч надад олгохоор, мөн Л.Бын гаргасан 2005 оны 5 сарын 06-ны өдөр байгуулсан Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба талуудын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 751 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2013 оны 5 сард миний бие Р.Л асаны өв залгамжлагч Л.Баас 314 114 ширхэг хувьцаагаа шилжүүлэн авсан юм. Л.Бын шүүхэд гаргасан Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэлийг шат шатны шүүх хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн Ж.Ч би өөрийн эзэмшлийн хувьцаагаа эзэмшиж Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан тогтоол шийдвэрийг үндэслэн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс ногдол ашгаа авч байгаа билээ. Иймд Л.Бын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд буй Р.Л, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 сарын 06-ны өдрийн Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дугаартай шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэгч нь 2012 онд шийдвэрлэгдсэн дээрх иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлээр одоогийн нэмэгдүүлсэн шаардлагатай ижил агуулгатай буюу “...иргэн Ж.Ч нь хууль бусаар ногдол ашиг авч байгаа...” гэх үндэслэлээр ногдол ашиг шаардаж байсан. Өөрөөр хэлбэл миний бие хуульд харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр Т ХК-ийн тодорхой тооны хувьцааны эзэмшигч болж түүнд ногдох ногдол авч байгаа нь хууль ёсны үйлдэл. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  Ж.Ч би 1992 онд Оёдлын төв үйлдвэр хувьчлагдаж Т хувьцаат компани үүсэн байгуулагдахад анхны хувьцаа эзэмшигчдийн нэг болж, улмаар 1996 онд Т ХК 687,680 ширхэг хувьцаа нэмж гаргахад нэр бүхий 7 хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж дээрхи хувьцааг хуваан эзэмшиж байсан билээ. Эдгээр хувьцаа эзэмшигч нарын 5 нь өөрийн эзэмшлийн хувьцаанд ноогдох хөрөнгөө тусгаарлан авч өөр компани үүсгэн байгуулсан, хувьцаагаа зарсан зэрэг өөрчлөлтүүд орсны дараа миний бие хувьцаа эзэмшигч Р.Лтай харилцан тохиролцож өмнө байгуулж байсан гэрээ, хэлэлцээрүүдийг тодотгох, нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”, “Хамтран шийдвэрлэх, ажиллах бусад зүйлийн талаархи хэлцэл”-үүдийг байгуулсан байдаг. Тухайн үед Р.Лд Т ХК-ийн нэмж гаргасан хувьцааны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүний нэр дээр бүртгэгдсэн хувьцааны шилжилт хөдөлгөөн, арилжааг зогсоосон учир өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж авах боломжгүй байсан бөгөөд 2006 оны 11 сард уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Тэгтэл Р.Л нас барж хүү Л.Б нь өв залгамжлагч болж, 2007 оноос хувьцаа эзэмшигч болж, өв залгамжлагчийн хувьд Р.Лтай хийсэн дээрхи 2 хэлцлийн үүргийг биелүүлэх байтал Л.Б нь энэ гэрээ хэлцлийг мэдэхгүй, надад байхгүй, манай аав ийм гэрээ хэлцэл хийгээгүй, гарын үсэг нь биш, хууль бус хэлцэл учир хүчингүй болгуулна гэх мэтээр асуудалд хандаж байсан юм. Иймээс миний бие Л.Бтай холбогдуулан 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Р.Л асаны өв залгамжлагч Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас миний эзэмших эрхтэй хувьцааг, мөн түүний өөртөө хувиарлаж авсан ногдол ашгийн мөнгийг тус тус гаргуулж надад олгуулах нэхэмжлэл гаргасан билээ. Л.Б нь хэргийн явцад 2005 оны 05-р сарын 06-ны өдөр байгуулсан “Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус шүүх энэ асуудлыг 2 жил шалгаад 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр дээрхи 2 хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл байна, Л.Б өв залгамжлагчын хувьд хэлцлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гээд Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа “Т” ХК-ийн хувьцаанаас 314.114 ширхэг хувьцааг, мөн Л.Баас 66.906.282 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч миний биед олгохоор, мөн Л.Бын гаргасан 2005 оны 05-р сарын 06-ны өдөр байгуулсан “Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талуудын гаргасан гомдлыг шат шатны шүүх хянаад давж заалдах шатны шүүх 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 681 тоот магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 751 тоот тогтоол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ. Шүүхийн шийдвэр /999 тоот/ хүчин төгөлдөр болсны дараа 2013 оны 5 сард миний бие Р.Л асаны өв залгамжлагч Л.Баас 314 114 ширхэг хувьцаагаа шилжүүлэн авсан юм. Иргэн Л.Б 2015 онд Р.Лгийн нэр дээрх хувьцаа нь хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах учиртай гэж Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 4452 дугаартай шийдвэр,Архивын газрын нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 6 хуудас баримтуудыг үндэслэн шүүхийн 999 дүгээр шийдвэр, 681 дүгээр магадлал,751 дүгээр тогтоолыг шинээр үүссэн нөхцөл байдалын улмаас хянуулахаар хүсэлт гаргасан боловч 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэж байсан байдаг. Л.Бын шүүхэд гаргасан “Т (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг шат шатны хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож, шийдвэрлэсэн, Ж.Ч би өөрийн эзэмшлийн хувьцаагаа эзэмшиж, Т ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан тогтоол шийдвэрийг үндэслэн ногдол ашгаа авч байгаа билээ. Иймд Л.Бын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ж.Чд холбогдуулан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Чгээс Т ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

Талийгаач Р.Л, Ж.Ч нар нь  2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Т хувьцаат компанийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг байгуулж байжээ./хх-ийн 4-5/

Дээрх хэлцэлтэй холбоотой маргааныг Ж.Чгийн нэхэмжлэлээр Л.Бад холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүх иргэний хэрэг үүсгэж, 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 681 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 751 дүгээр тогтоолоор  Л.Бын нэр дээр бүртгэлтэй байгаа 314 114 ширхэг хувьцааг, хувьцааны ногдол ашиг 66 906 282 төгрөгийн хамт Л.Баас гаргуулж, Ж.Чд олгохоор, Т ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл, хамтран шийдвэрлэх, ажиллах бусад зүйлийн талаарх хэлцэл зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Уг шийдвэрүүдээр нэхэмжлэгч Ж.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, мөн хуулийн 43.1.1-т заасны дагуу хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, утга агуулгаараа хуультай зөрчилдөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл мөн” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрүүд хүчинтөгөлдөр болсон байна./хх-ийн 33-42/

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/0... дугаар шийдвэрээр 2005 оны 05-р сарын 06-ны өдрийн “Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т заасан хэлцлийг нотариатаар заавал гэрчлүүлэхээр заасан. Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварт ч мөн “...бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхээр заажээ. ... уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж байна” гэж тайлбарлан, шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрүүдийг холбогдох баримтуудын хамт ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр талаар 999 дүгээр шийдвэр, 681 дүгээр магадлал, 751 дүгээр тогтоол зэрэг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа бөгөөд энэ шийдвэрүүдэд нэхэмжлэгч талын яриад байгаа нотариаттай холбоотой бүх баримтууд орж шийдвэрлэгдсэн. Нөгөө талаас нотариатч үйлдэл хийхдээ журмаа зөрчсөн гэдгийг тогтоосон нь талуудын байгуулсан гэрээний хүчинтөгөлдөр эсэхд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж марган, хэрэгт холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын хууль зүйн үндэслэлээс өөр байх хэдий ч  нэхэмжлэлийн зүйл болох Т ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэх заалтад хамаарна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн маргаан бүхий хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон нь дээрх хүчинтөгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр, дээрх хэлцэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-д заасан “нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулахаар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ.” гэсэн гэрээнд хамаарахгүй байна.

 

Тодруулбал талуудын байгуулсан дээрх гэрээгээр Р.Л нь өөрийн эд хөрөнгийг Ж.Чд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба уг гэрээгээр талууд өөрсдийн эзэмшиж байгаа Т ХК-ийн хувьцааг цаашид хэрхэн эзэмших талаар харилцан тохиролцсон агуулгаар хийгдсэн гэрээ байна.      

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бын хариуцагч Ж.Чд холбогдуулан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Т” ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Чгээс Т ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 249 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ