Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 266

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Ч-д холбогдох

 

2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Ч-с Тахько ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,

Хариуцагч Ж.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Лутаа асан иргэн Ж.Ч нар 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг байгуулсан байдаг. Тус Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаяр 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 196 дугаарт бүртгэн гэрчилсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр нотариатын дээрх үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00805 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2-т ...Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ... гэж заасан. Нотариатын тухай 1997 оны хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т ...Нотариатын үйлдлийг эрхлэн хийх зааврыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална... гэж хуульчилсан болно. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1.4-т ...бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ /Иргэний хуулийн 190.2 дугаар зүйл/...-г заавал нотариатаар гэрчлүүлэхээр заажээ. Иргэн Р.Лутаа асан болон Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийн 7-д ...нотариатаар бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно... гэж заасан бөгөөд хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон. Дээрх зүйлээс үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн үндэслэлтэй. Ийнхүү иргэн Ж.Ч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигч гэсэн нэрээр ногдол ашиг авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Миний бие иргэн Л.Б нь Р.Лутаа асаны өв залгамжлагч болох нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Бүртгэлийн 02 дугаартай Тахько (ХК)-ийн хувьцааг өв залгамжлан авсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдох тул энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иргэн Р.Лутаа асан болон иргэн Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько (ХК)-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д байх тул хүчин төгөлдөр бусд бусд тооцож, Ж.Ч-с Тахько ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784,80 төгрөг, нийт 190 210 617,80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1992 онд Оёдлын төв үйлдвэр хувьчлагдаж Тахько хувьцаат үүсэн байгуулагдахад анхны хувьцаа эзэмшигчдийн нэг болж улмаар 1996 онд Тахько ХК 687 680 ширхэг хувьцаа нэмж гаргахад нэр бүхий 7 хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж дээрх хувьцааг хуваан эзэмшиж байсан. Эдгээр хувьцаа эзэмшигч нарын 5 нь өөрийн эзэмшлийн хувьцаанд ногдох хөрөнгөө тусгаарлан авч өөр компани үүсгэн байгуулсан. Хувьцаагаа зарсан зэрэг өөрчлөлтүүд орсны дараа миний бие хувьцаа эзэмшигч Р.Лутаатай харилцан тохиролцож өмнө байгуулж байсан гэрээ хэлэлцээрүүдийг тодотгох, нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл, хамтран шийдвэрлэх, ажиллах бусад зүйлийн талаарх хэлцлүүдийг байгуулсан. Тухайн үед Р.Лутаа Тахько ХК-ийн нэмж гаргасан хувьцааны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүний нэр дээр бүртгэгдсэн хувьцааны шилжилт хөдөлгөөн, арилжааг зогсоосон учир өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж авах боломжгүй байсан бөгөөд 2006 оны 11 сард уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгтэл Р.Лутаа нас барьж хүү Л.Б нь өв залгамжлагч болж 2007 оноос хувьцаа эзэмшигч болж өв залгамжлагчийн хувьд Р.Лутаатай хийсэн дээрх 2 хэлцлийн үүргийг биелүүлэх байтал Л.Б нь “Энэ гэрээ хэлцлийг мэдэхгүй, надад байхгүй, манай аав ийм гэрээ хэлцэл хийгээгүй, гарын үсэг нь биш, хууль бус хэлцэл учир хүчингүй болгуулна” гэх мэтээр асуудалд хандаж байсан. Ингээд миний бие Л.Б-тай холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Р.Лутаа асаны өв залгамжлагч Л.Б-ын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас миний эзэмших эрхтэй хувьцааг, мөн түүний өөртөө хувиарлаж авсан ногдол ашгийн мөнгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан. Л.Б 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ асуудлыг 2 жил шалгаад 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэрээр дээрх 2 хэлцэл нь хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл байна. Л.Б өв залгамжлагчийн хувьд хэлцлийн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гээд Л.Б-ын нэр дээр бүртгэлтэй байгаа Тахько ХК-ийн хувьцаанаас 314 114 ширхэг хувьцааг, мөн Л.Б-с 66 906 282 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч надад олгохоор, мөн Л.Б-ын гаргасан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба талуудын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2013 оны 5 сард миний бие Р.Лутаа асаны өв залгамжлагч Л.Б-с 314 114 ширхэг хувьцаагаа шилжүүлэн авсан. Л.Б-ын шүүхэд гаргасан Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг шат шатны шүүх хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн Ж.Ч би өөрийн эзэмшлийн хувьцаагаа эзэмшиж Тахько ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан тогтоол шийдвэрийг үндэслэн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс ногдол ашгаа авч байгаа билээ. Иймд Л.Б-ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд буй Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд байгуулагдсан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 999 дугаартай шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэгч нь 2012 онд шийдвэрлэгдсэн дээрх иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэлээр одоогийн нэмэгдүүлсэн шаардлагатай ижил агуулгатай буюу ...иргэн Ж.Ч нь хууль бусаар ногдол ашиг авч байгаа... гэх үндэслэлээр ногдол ашиг шаардаж байсан. Өөрөөр хэлбэл миний бие хуульд харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр Тахько ХК-ийн тодорхой тооны хувьцааны эзэмшигч болж түүнд ногдох ногдол авч байгаа нь хууль ёсны үйлдэл. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын хариуцагч Ж.Ч-д холбогдуулан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько ХКомпанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, Ж.Ч-с Тахько ХК-ийн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 249 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болох нь доорх үйл баримт болон нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоно. Шүүх "...Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өмнө нь гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын хууль зүйн үндэслэлээс өөр байх хэдий ч нэхэмжлэлийн зүйл болох "Тахько" ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан заалтад хамаарна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь дээрх дүгнэлтийг хийх нь тодорхой байсан гэдгийг дурдахаас аргагүй байна. Учир нь дээрх хэрэг маргааны талаар шүүгч нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32018/00543 дугаар захирамж гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг удирдлага болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан ба ингэхдээ мөн л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж дээрх үндэслэлийг заасан байдаг нь шүүгчийн дотоод итгэл үнэмшилтэй холбоотой юм. ...Маргаан бүхий 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Тахько" ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл"-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах эсхүл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль шаардлага нь байгааг огт ялгалгүйгээр шууд өмнө гаргаж байсан ...Мөн 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2 хэлцэл нь 9 дүгээр тогтоол 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болсоноос хойш буюу "биржийн бус замаар хувьцаат компанийн хувьцааг худалдахыг эрх зүйн хувьд зогсоосноос" хойш журам зөрчиж хийсэн байх туп маргаан бүхий 2 хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 1-д заасан хууль зөрчсөн хууль бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна..." гэсэнтэй хамаатуулан дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Хэдийгээр Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй Л.Б-д холбогдох иргэний хэргииг хянан хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бий боловч тухайн хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл огт өөр гэдгийг шүүхээс анхаараагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн "Тахько" ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл"-ийг анхнаасаа хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэнгүй. Хариуцагч нотариатаар бүртгүүлсэн гэх баримтуудыг шүүхэд гаргаж байсан боловч бодит нөхцөл байдал дээр огт бүртгүүлээгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт атал шүүх эдгээр 2 шүүхийн шийдвэрийн зөвхөн Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн үйл баримтыг дүгнэлтийнхээ үндэслэл болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэрээний үндсэн нөхцлийн 7-д "...Нотариатаар бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр бопно..." гэж тов тодорхой заасан бөгөөд нотариатын үйлдлийг 3 шатны шүүхийн шийдвэр магадлалаар хүчингүй болохыг нь тогтоосон атал энэхүү үйл баримтыг огт дүгнээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 8-д "...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ..." гэж шаардлагын үндэслэлийг огт анхааралгүй орхигдуулж, үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т "...Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэчлүүлнэ ...", мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т "...хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн..."-ээр хэлцэл хийсэн гэж үзэхээр хуульчилсан ба талууд байгуулсан гэрээ хэлцлээ Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлээгүй учраас гэрээг хүчин төгөлдөр бус тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь дээрх хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэл нь нотариатаар гэрчлэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор талууд гэрээндээ тодорхой тусгасан, хуулиар ч ийм шаардлага тавигдаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасаар байтал анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ энэ талаар ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй нь учир дутагдалтай байна. Хариуцагч нь хэдийгээр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг баримтлан маргаж байгаа боловч гэрээний нэг тал нас барахаас урьд байгуулсан гэх уг хэлцэл нь Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дах хэсгээр зохицуулагдах ёстойгоос гадна илэрхийлсэн хүсэл зориг нь хуульд заасан хэлбэрээр илэрхийлэгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр байхыг хууль шаардаж байгаа, энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 43 дугаар зүйлийн 43.2.3 -т заасантай шууд уялдаатай болохыг шүүх нягтлан шалгаж дүгнээгүй болно. Тиймээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт ийнхүү няцаагдаж байгааг давж заалдах шатны шүүх хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүх "...дээрх хэлцэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь заалт нь гэрээнд хамаарахгүй байна... Тодруулбал талуудын байгуулсан дээрх гэрээгээр Р.Лутаа нь өөрийн эд хөрөнгийг Ж.Ч-д шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба уг гэрээгээр талууд өөрсдийн эзэмшиж байгаа Тахько ХК-ийн хувьцааг цаашид хэрхэн эзэмших талаар харилцан тохиролцсон агуулгаар хийгдсэн гэрээ байна..." гэж хууль зөрчсөн дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэлцэлд дурдагдаад байгаа 288 374 ширхэг хувьцаа нь тухайн үеийн мөрдөгдөж байсан Үнэт цаасны тухай хууль болон 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийн 02 дугаар Өв залгамжлах эрхийн гэрчилгээнд "...Тахько ХК-ийн 858 766 ширхэг хувьцаа...” /1хх16-17/, хариуцагч Ж.Ч-ийн 2016 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргаж байсан тайлбартаа "...Р.Лутаад...нэмж гаргасан хувьцааны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, түүний нэр дээр бүртгэгдсэн хувьцааны шилжилт хөдөлгөөн арилжааг зогсоон байсан учир ...хувьцааг шилжүүлэн авах боломжгүй байсан...” гэсэн нь /1хх 31 хуудас 2 дахь догол мөр/ нотлох баримтуудаар Монгол Улсын иргэн Р.Лутаагийн эзэмшилд байсан, мөн түүний өмчид бүртгэгдсэн хувьцаа болон хувьцаанд ноогдох эд хөрөнгө байсныг бүрэн нотлож байх атал шүүх хэт нэг талыг баримтлан хийсвэр дүгнэлт хийсэн. Шүүх 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Тахько" ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх талаар байгуулсан хэлцэл биш гэсэн нь Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийн талаар ямар ч ойлголтгүй дүгнэлтийг хийсэн. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт хувьцааг тодорхойлсон нь хувьцааг эзэмшсэнээр түүнд ноогдох эд хөрөнгийн эрхийг бүрэн эдлэх эрх зүйн боломжийг олж авч байдгийг анхан шатны шүүх буруу тодорхойлсон. Ийнхүү анхан шатны шүүх Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дэх хэсгийг хууль тогтоогч болон Иргэний хуулийн дэлгэрэнгүй онолын тайлбарт "...өөрийн бэлэн байгаа хөрөнгөө эсхүл түүнийхээ хэсгийг бусдад шилжүүлэх үүрэг хүлээж байгаа гэрээ байгуулж байгаа этгээд бүр энэ гэрээг нотариатын оролцоотойгоор байгуулах үүрэгтэй", Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нотариатч эсхүл хуулиар заасан өөр этгээд тухайн хэлцлийг гэрчлэх ёстой. Хэрэв энэхүү заасан хэлбэрийн шаардлагыг хангагдаагүй бол Иргэний хуупийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болно..." гэж тайлбарласныг огт анхаарсангүй. Анхан шатны шүүхийн дүгнээд байгаа шиг талууд өөрсдийн эзэмшиж байгаа “Тахько” ХК-ийн хувьцааг цаашид хэрхэн эзэмших талаар харилцан тохиролцсон агуулгаар хийгдсэн гэрээ байна гэж үзэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн нь ойлгомжгүй,цаашид хэрхэн эзэмших эсэх асуудал нь өөрөө нэг тал нөгөө талдаа хөрөнгө шилжүүлэхтэй хамааралгүй мэтээр дүгнэж, хэрэгт авагдсан бүхий л шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хэлцэлд дурдагдсан хувьцаа нь талийгаач Р.Лутаагийн өмчлөл, эзэмшил болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны  төвд  түүний нэр дээр бүртгэлтэй байсан хувьцаа болох талаар үйл баримт тогтоогддог, хариуцагч Ж.Ч энэ талаар маргаагүй байхад илт хийсвэр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтууд дээр үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй болно. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн хариуцагч Ж.Ч-с түүний эзэмшилд байгаа Тахько (ХК) компанийн 314 114 ширхэг хувьцаа, мөн 2008-2016 оны хувьцааны ногдол ашиг 190 210 617.80 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ж.Ч-д холбогдуулан 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, уг хэлцлийн дагуу шилжүүлэгдсэн 314 114 ширхэг хувьцаа, 2008-2012 оны хувьцааны ногдол ашиг 85 547 833 төгрөг, 2013-2016 оны хувьцааны ногдол ашиг 104 662 784.80 төгрөг, нийт 190 210 617.80 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “Тахько” ХК-ийн хувьцааг хувааж авах хэлцэл байгуулсан, уг гэрээгээр 1996 онд нэмж гаргасан хувьцаанаас, 2002 оны Ш.Мөнх-Очироос худалдан авсан хувьцаанаас, 2004 онд нэмж гаргасан хувьцааг хамтын хөрөнгөөр худалдан авсныг оруулсан хөрөнгө оруулалт, худалдан авсан байдлаар Р.Лутаа 333 053 ширхэг хувьцаа, Ж.Ч 288 374 ширхэг хувьцааг гэж хувааж эзэмшихээр тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 4-5 дугаар талд авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 33-42 дахь талд авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоолоор Л.Б-ын нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцаанаас 314 114 ширхэг хувьцааг, хувьцааны ногдол ашиг 66 906 282 төгрөгийн хамт Л.Б-аас гаргуулж, Ж.Ч-д олгож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

    /хх-33-42 дахь тал/

 

Нэхэмжлэгч Л.Б дээрх Улсын Дээд шүүхийн 751 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор “уг хүсэлтэд хавсарган ирүүлсэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4452 дугаар шийдвэр, Архивын газрын нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар” гэсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна” гэж дүгнэж түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байна.   /хх-55-58 дахь тал/

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 6-15 дугаар талд авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2046 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 805 дугаар тогтоолоор Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-6-15 дахь тал/ Уг шүүхийн шийдвэрт нотариатын үйлдэл хийхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар үйлдэл хийсэн, бүртгэлд бүртгээгүй талаар дүгнэж, нотариатын үйлдлийг хүчингүй болгожээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг хуулиар тогтоосон нотариатаар гэрчлүүлэх шаардлага хангаагүй буюу хэлцлийн хэлбэрийг зөрчсөн гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсгийн хүрээнд тодорхойлж, 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших тухай хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлага зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн” гэж үзэхээр зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус гэж маргаж буй гэрээний зүйл нь Тахько ХК-ийн 314 114 ширхэг хувьцааг хуваан эзэмших, шилжүүлэх тохиролцоо байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээнд заагдаж буй хөрөнгө нь Тахько ХК-ийн 314 114 ширхэг хувьцаатай холбоотой байх бөгөөд эдгээр хувьцаа эзэмших эрх нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаар эдийн бус хөрөнгө болно. Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгийг хөдлөх эд хөрөнгөд хамаарах зохицуулалтууд үйлчилнэ.

 

Иргэний эрх зүйн харилцааны оролцогч нь өөрийн өмчлөл, эзэмшлийн тодорхой хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуулиар тусгайлан заагаагүй байна. Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт хамаарах хөрөнгө хэмээх ойлголт нь мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан тухайн этгээдийн мэдэлд буй эдийн, эдийн бус, эрх зэрэг бүхий л баялаг хамаарна. Маргаж буй гэрээний зөвхөн Тахько ХК-ийн хувьцааг хэн хэн, хэдэн ширхэгийг хувааж эзэмших талаар тохиролцсон болохоос тухайн этгээдүүдийн хөрөнгийг бүхэлд нь эсхүл тодорхой хэсэг, хувь хэмжээгээр тооцон шилжүүлсэн агуулга байхгүй байна. Өөрөөр хэлбэл, тодорхой эдийн бус хөрөнгөтэй холбоотой хэлцэл байна.

 

Тодруулбал, иргэн Р.Лутаа, Ж.Ч нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 1999 оны Компанийн тухай хуульд хувьцааг хувааж эзэмших тухай хэлцлийг заавал нотариатаар гэрчлүүлэх тухай хэлбэрийн шаардлага тавиагүй байна. Иймд дээрх хэлцлийг хууль зөрчсөн, нотариатаар гэрчлүүлэх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийг зохих хуулийг хэрэглээгүй гэх агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой шүүхийн шийдвэрт заагдсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 249 403 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ