Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ж.Ванчиндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын 6 дугаар багт оршин суух, Зантлаа овогт Жамъянгийн Ванчиндоржийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, Цагаан бичээч овогт Дамдинжавын Даваасамбууд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ванчиндорж түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 20,000 /хорин мянга/ юань гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 1990 оноос хойш наймаа хийж эхэлсэн бөгөөд Мөнхжаргал гэдэг хүнтэй хамтарч ажиллан хилээр бараа оруулж, гаргадаг байсан. Тухайн үед би Мөнхжаргалаас 30,000 юан авах ёстой байсан бөгөөд 1996 онд Мөнхжаргал нь Хятад руу буцахдаа миний мөнгийг өгөөгүй. Намайг Д.Даваасамбуу гэдэг хүнээс авлагатай учир түүнээс аваарай гэж хэлсэн. Энэ асуудлаар бид тохиролцож 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зуран бичиг үйлдсэн. Түүнээс хойш Д.Даваасамбуугаас мөнгөө нэхэж байна. Д.Даваасамбуу нь эхний ээлжинд 10,000 юань өгөхөөр болж түүнийхээ хагасыг өгсөн. Миний бие 2003 онд тархинд цус харваж, өрийн ухаан мэдрэлгүй, хэлгүй хэвтэрт орж хүний асаргаанд орсон. Миний бие энэ мөнгийг Д.Даваасамбуугаас аваад Энэтхэг улс руу эмчилгээнд явах шаардлагатай байна. Иймд Д.Даваасамбуугаас 20,000 юань буюу 7,399,000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Миний бие 1983 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст анх ажилд орсноос хойш улсад 30 гаруй жил ажиллаж байна. Н.Баянмөнх гэдэг хүний талаар дурдаад хаячихлаа. Н.Баянмөнх гэдэг хүн Ж.Ванчиндоржтой адилхан Хятадын Өвөрмонгол залуутай юаны гэрээ хийж аваад түүнийгээ манай банкаар дамжуулаад монгол мөнгө болгоод бизнес хийж байсан. Тэр үед би юань дээр нь нэмж зээл олгож байсан. 1996 онд банк хаагдахад Н.Баянмөнх надаар бичиг хийлгээд, өөрөө гарын үсэг зураад гадаадын иргэнтэй тооцоо дууслаа гэсэн утгатай. Ж.Ванчиндоржийн нотлох гээд байгаа бичиг нь тэр бичиг юм. Энэ нь бид нарын хувийн захиа бөгөөд энэ юань төлж дуусгахгүй бол банкнаас зээл олгохгүй. Эхний ээлжинд зээлээ төлнө. Түүний дараа мөнгө гарвал өгье гэдэг байдлаар эд нарын хооронд жуулчилж байсан буюу тооцоог нь хийж өгч байсан хүн бол би юм. Гэхдээ ямар бизнес хийж байгаагаа надад хэлээгүй. Тэр үеэр Ж.Ванчиндорж банкнаас зээл авах гэж ирж байсан. Тэгээд бид нар судалгаа хийгээд бас л харилцагч түнштэйгээ юм хийчихсэн юм байна. Тийм учраас зээл авах гэж юм хийх гэж байгаа юм байна гээд зээл олгоогүй. Ах нь тэр үеэр надтай ирээд уулзаж байсан. Тэр үеэр Баянмөнх, Ж.Ванчиндорж хоёрын хооронд яриа гарчихсан байсан. Нэг түнштэй юм байна. Хятадад төлж байхын оронд хоёулаа хоорондоо тохирчихье гэдэг зүйл ярьчихаад надаар баталгаа гаргуулж, бичиг хийлгэж, зээл авах гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Эхний ээлжинд зээлээ төлчих, дараа нь асуудлаа ярь гэж хэлсэн. Н.Баянмөнх болон миний гарын үсэгтэй тэр бичгүүд бол нэг ёсны захиа бөгөөд түүнийг түншдээ аваачиж үзүүлээд ямар нэгэн зүйлээ өгөөд, үлдэгдлээ тооцоод, зээлээ хаалгаад, үлдэгдэл мөнгө гарвал наймаа хийдэг. Энэ хоёр адилхан наймаа хийж байсан хүмүүс. 1998 онд банк татан буулгахад ахлах эдийн засагчийн хувьд 800 гаруй зээлтэй газруудыг өрийн албанд хүлээлгэж өгөхөд Баянмөнхийн зээл дууссан байсан. Ж.Ванчиндорж харин зээл аваагүй байсан. Надтай ямар ч тооцоо байхгүй бөгөөд Ж.Ванчиндорж надад юань ч өгөөгүй, би юань ч аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 дугаар зүйлийн 123.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ванчиндоржийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Даваасамбууд холбогдох 20,000 /хорин мянга/ юань буюу 7,399,000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ванчиндорж нь тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШЗ2017/02251 дугаартай Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 133,334 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д ‘Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна" мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ 43 2.1-д "талууд хүсэл зоригоо илэрхиилсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан.” гэж хуульчилсан.

            Хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуулийн дээрх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Хариуцагч Д.Даваасүрэн нь хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа “хоорондын тооцоогоор 20.000 юань дундаж ханшаар 80-р бодож Ж.Ванчиндоржид 1600.0 м/төг өгөхөөр болов.

            Одоо бензин шатахуун, замын зардалд 1000 м/төг өглөө” гэсэн агуулга бүхий бичгийн нотлох баримтад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг гэж хүлээн зөвшөөрдөг ба 9 дүгээр хуудсанд байгаа баримтанд зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог юм. Шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан иргэд хоорондын баталгаа гэх баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Д.Даваасамбуугийн БНХАУ-н иргэн Мөнхжаргал буюу Мөнхөөд өгөх ёстой байсан 30.000 юаниас 20.000 юаний өр нь Ж.Ванчиндоржид шилжсэн болох нь хэргийн 8, 9 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдсоор байхад шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Ванчиндорж нь Д.Даваасамбууд холбогдуулан 20,000 /хорин мянга/ юань гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Д.Даваасамбуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үндэслэлээ “би ямар нэг хүнд өр зээлгүй, намайг банкны эдийн засагч хийж байх үед эдийн засагчийн хувьд банкны зээл төлүүлэхээр хоорондоо ярилцаж байсан бичиг буюу хувийн захидлыг энэ хүн хаанаас, яаж олж авсныг мэдэхгүй” байна гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудаст авагдсан гар бичмэл баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

            Хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан иргэд хоорондын баталгаа гэсэн бичигт “Үрэмч аймгийн төвийн иргэн Мөнхөөд 1996 оны 2 сарын 20-нд (30000) гучин мянган юань буюу хоёр сая таван зуун мянган төгрөг өгч хоорондын тооцоог дуусгахаар болов. Хэрэв энэ хугацаанд тохиролцсон ёсоор өгч чадахгүй бол 130 машин өгөхөөр барьцаанд тавилаа. Энэ мөнгийг Мөнхөөгийн гарт нь өгөхөөр болов. Зөвшөөрсөн Н.Баянмөнх, Д.Даваасамбуу 1996-12-13-нд” гэжээ. Харин уг бичгийн 11 дэх мөрөнд “энэ 30000 юанийг Булган сумын иргэн Ж.Ванчиндоржид шилжүүлж өгч болно. Мөнхжаргал XII/24-нд” гэж өөр өнгийн балаар, өөр бичгийн хэвээр бичсэн хэсгийг хэн бичсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ванчиндоржоос тодруулахад Мөнхөө сүүлд нөхөн бичсэн гэж тайлбарлаж байна.

            Харин хэргийн 8 дугаар хуудаст “Даваасамбууд? Чи энэ 2-той тооцоо яаж хийх талаар яриад тохир. /гэх хэнийх болох нь тодорхойгүй гарын үсэгтэй/  Бидний тохиролцсон ёсоор Хятад талаас Төрбаяр, Монголын талаас Баянмөнх, Даваасамбуу нар хоорондын тооцоогоор 20,000 мянган юань дундаж ханшаар 80-р бодож Ванчиндоржид 1600,0 м/төг өгөхөөр болов. Одоо бензин шатахуун, замын зардалд 100,0 м/төг өглөө. Д.Даваасамуу гэх гарын үсэгтэй” баримт авагдсан байна. Энэ баримтыг хариуцагч Д.Даваасамбуу нь анхан шатны шүүх хурал дээр “Баянмөнхөд хийж өгч байсан бичиг гэж тайлбарласан байна.

            Хэрэгт авагдсан дээрх хоёр баримтаар “Хятад улсын иргэн Мөнхжаргал нь хариуцагч Д.Даваасамбуугаас 30,000 юань шаардах эрхээ нэхэмжлэгч Ж.Ванчиндоржид шилжүүлсэн,” эсхүл “уг баримтууд нь Н.Баянмөнхийн банкнаас авсан зээлийг төлүүлэх зорилгоор Д.Даваасамбуу болон Хятад талын түнштэй харилцаж байсан бичгийг Ж.Ванчиндорж замаас нь авчихсан эсэх” нь тодорхойгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудаст авагдсан баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “үнэн зөв, эргэлзээгүй” талаас нь үнэлэх боломжгүй байна.

Нөгөө талаар уг хэргийн үйл баримтад Н.Баянмөнх ямар оролцоотой, Н.Баянмөнх хэдэн юанийг хэнд төлөх ёстой гэдэг нь тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй байна.

Мөн хавтаст хэргийн 8, 9 дүгээр хуудаст авагдсан баримтуудыг Хятад улсын иргэн н.Мөнхжаргал буюу Мөнхөөгөөс нэхэмжлэгч Ж.Ванчиндоржид шаардах эрх шилжсэн  гэж үзэх боломжгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүхийн шийдвэрээр чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                 ШҮҮГЧИД                                      Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР