Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00720

 

Ж.В-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

Ж.В-ийн нэхэмжлэлтэй,

Д.Д-д холбогдох,

20.000 юань буюу 7.399.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.В- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1990 оноос хойш наймаа хийж эхэлсэн бөгөөд Мөнхжаргал гэдэг хүнтэй хамтарч ажиллан хилээр бараа оруулж, гаргадаг байсан. Тухайн үед би Мөнхжаргалаас 30,000 юан авах ёстой байсан бөгөөд 1996 онд Мөнхжаргал нь Хятад руу буцахдаа миний мөнгийг өгөөгүй. Намайг Д.Д- гэдэг хүнээс авлагатай учир түүнээс аваарай гэж хэлсэн. Энэ асуудлаар бид тохиролцож 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зуран бичиг үйлдсэн. Түүнээс хойш Д.Д-гаас мөнгөө нэхэж байна. Д.Д- нь эхний ээлжид 10,000 юань өгөхөөр болж түүнийхээ хагасыг өгсөн. Миний бие 2003 онд тархинд цус харваж, өрийн ухаан мэдрэлгүй, хэлгүй хэвтэрт орж хүний асаргаанд орсон. Энэ мөнгийг Д.Д-гаас аваад Энэтхэг улс руу эмчилгээнд явах шаардлагатай байна. Иймд Д.Д-гаас 20,000 юань буюу 7,399,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.      

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1983 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст анх ажилд орсноос хойш улсад 30 гаруй жил ажиллаж байна. Н.Баянмөнх гэдэг хүн Ж.В-той адилхан Хятадын Өвөрмонгол залуутай юаны гэрээ хийж аваад түүнийгээ манай банкаар дамжуулаад монгол мөнгө болгоод бизнес хийж байсан. Тэр үед би юань дээр нь нэмж зээл олгож байсан. 1996 онд банк хаагдахад Н.Баянмөнх надаар бичиг хийлгээд, өөрөө гарын үсэг зураад гадаадын иргэнтэй тооцоо дууслаа гэсэн утгатай. Ж.В-ийн нотлох гээд байгаа бичиг нь тэр бичиг юм. Энэ нь бид нарын хувийн захиа бөгөөд энэ юань төлж дуусгахгүй бол банкнаас зээл олгохгүй. Тэр үеэр Ж.В- банкнаас зээл авах гэж ирж байсан. Тэгээд бид нар судалгаа хийгээд бас л харилцагч түнштэйгээ юм хийчихсэн юм байна. Тийм учраас зээл авах гэж юм хийх гэж байгаа юм байна гээд зээл олгоогүй. Н.Баянмөнх болон миний гарын үсэгтэй тэр бичгүүд бол нэг ёсны захиа бөгөөд түүнийг түншдээ аваачиж үзүүлээд ямар нэгэн зүйлээ өгөөд, үлдэгдлээ тооцоод, зээлээ хаалгаад, үлдэгдэл мөнгө гарвал наймаа хийдэг. 1998 онд банк татан буулгахад ахлах эдийн засагчийн хувьд 800 гаруй зээлтэй газруудыг өрийн албанд хүлээлгэж өгөхөд Баянмөнхийн зээл дууссан байсан. Ж.В- харин зээл аваагүй байсан. Надтай ямар ч тооцоо байхгүй бөгөөд Ж.В- надад юань ч өгөөгүй, би юань ч аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 дугаар зүйлийн 123.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.В-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-д холбогдох 20,000 /хорин мянга/ юань буюу 7,399,000 /долоон сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.В- нь тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШЗ2017/02251 дугаартай Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 133,334 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ны өдрийн 153/ШШ2018/00675 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 09 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ” 43.2.1-д "талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан.” гэж хуульчилсан. Хариуцагч Д.Даваасүрэн нь хавтаст хэргийн 8 дугээр хуудсанд байгаа "... хоорондын тооцоогоор 20,000 юань дундаж ханшаар 80-р бодож Ванчиндоржид 1600,0 м/төг өгөхөөр болов. Одоо бензин шатахуун, замын зардалд 100,0 м/төг өглөө” гэсэн агуулга бүхий бичгийн нотлох баримтад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг гэж хүлээн зөвшөөрдөг ба уг бичгийн нотлох баримт нь хуулийн дээрх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм. Шүүх дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр дан ганц хавтаст хэргийн 9-р хуудсанд авагдсан “ Иргэд хоорондын баталгаа “ гэх баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гарган шүүхийн шийдвэрийг хянуулсан боловч хавтаст хэргийн 8-р хуудсанд авагдсан нотлох баримтыг Н.Баянмөнхийн банкнаас авсан зээлийг төлүүлэх зорилгоор Д.Д- болон Хятад талын түнштэй харилцаж байсан бичгийг Ж.В- замаас нь авсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ны өдрийн 153/ШШ2018/00675 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 09 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Ж.В-ийн “...20.000 юан буюу 7.399.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Д- эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Иргэд хоорондын баталгаа гэх баримтад “Үрэмч аймгийн төвийн иргэн Мөнхөөд 1996 оны 2 дугаар сарын 20-нд гучин мянган юан буюу 2.500.000 төгрөг өгч хоорондын тооцоог дуусгахаар болов. Хэрэв энэ хугацаанд тохиролцсон ёсоор өгч чадахгүй бол 130 машин өгөхөөр барьцаанд тавилаа. Энэ мөнгийг Мөнхөөгийн гарт өгөхөөр болов, зөвшөөрсөн Н.Баянмөнх, Д.Д- 1996-12-13” гэсэн байх ба уг баримтаар хариуцагч нь нэхэмжилж буй мөнгийг Ж.В-ид төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан  Хятад улсын иргэн Мөнхөөгөөс шаардах эрх нэхэмжлэгч Ж.В-ид шилжсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00675 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ