Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/шш2019/03343

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармааг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-т холбогдох,

...-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,583,251 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г...., түүний өмгөөлөгч Н...., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г...., өмгөөлөгч Н....ын хамт шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Г.... би өмнө нь намын харъяаллаар гадуурхагдан хууль бусаар ажлаасаа халагдаж, тухайн үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4850 дугаар шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож байсан. Хариуцагч талаас гомдол гаргасаар Улсын дээд шүүхийн 2017 оны 246 дугаар тогтоолын дагуу 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр албан тушаалдаа буцаж орсон. Гэвч ажилдаа орсноос хойш хариуцагч элдэв дарамт шахалт үзүүлж, өө сэв эрж байснаа 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тушаалаар албан тушаалаас хууль бусаар халлаа. Ажил шалгаж байгаа нэрийдлээр Хөвсгөл аймагт очсон ажилтан нь тус аймгийн ...ний газрын ажилтнуудаар албан тушаал, эрх мэдлээрээ далайлган Г....ын талаар үндэслэлгүй баримт, тодорхойлолт бичүүлэн, үүнийгээ халсан тушаалдаа үндэслэл болгон оруулжээ. Харин Г.... албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь 2018 оны болон 2019 оны 1 дүгээр сарын ажлын тайлан, үнэлгээнээс тодорхой харагдана. Ажлаас халсан тушаалыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан. Ажлын байран дээр архи уусан зүйл огт байхгүй. Ажлын байран дээр архидаж болохгүй гэдгийг төрийн үйлчилгээний албан хаагчид бид бүгд мэддэг. Би энэ байгууллагад 2014 онд ажилд орсон. Энэ хугацаанд хамт олны зүгээс матаас, дээд байгууллагын өгсөн хууль бус шаардлагын дагуу өнөөдрийг хүртэл хохирч байна. Нэхэмжлэгч ажил тасалсан гэдгийг гол зүйл болгож байна. Ноцтой зөрчил гаргаж ажил тасалсан гэж байна. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан тохиолдолд түүнийг ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Гэтэл энэ байдал харагдахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгтгэж бодоод 3 өдөр ажил тасалсан гэж үзэж байгаа ч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нөгөө талаас Г....ийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ажил тасалсан гэж байна. Тус өдөр Г.... нь Хөвсгөл аймгийн байгууллагуудын дарга нарын хуралд сууж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Ийм байдлаар хариуцагч тал холбогдох хууль, гэрээ, дүрэм журмыг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан нь харагдаж байна. Нэхэмжлэгчийг энэ байгууллага үзэл бодлоор ялгаварлан гадуурхасаар ирсэн. Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандан ажилдаа эргэн орж байсан ч дахин ийм асуудал гарч ажлаас чөлөөлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г....ыг ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,583,251 төгрөг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, ...-ын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож өгнө үү...гэв.

Хариуцагч ...-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт болон, уг тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч П.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.... нь удирдлагад мэдэгдэлгүй 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Цасны баяр тэмдэглэх нэрийдлээр хамт олныг зохион байгуулалттайгаар 1 өдрийн ажил тасалж архидан согтуурсан, ...-ын захирлын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр баталсан удирдамжийн дагуу шалгалт явуулахад 2 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 30 минутад ажилдаа ирэхгүй байж байгаад 09 цаг 30 минутад ирж хөдөлмөрийн дотоод журам зөрчиж 1 цаг ажил тасалсан. 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурч байгаад үлдсэн тал шил архи нь ширээн доороос нь гарч ирсэн, тус газрын албан хаагчидтай ёс зүйгүй дээрэнгүй харьцдаг, ажлын цаг ашиглалт хангалтгүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт муу тавьдаг, гэрээт ажилтан н....ыг ажлын цагаар өөрийн хувийн өмчлөлийн дэлгүүрт байнга хууль бусаар ажиллуулдаг болон албаны Ланд Круйзер-80 маркийн автомашиныг байнга хувийн хэрэгцээнд унаж ашигладаг /хамт олны мэдээллээр/зэрэг зөрчлийг тус тус гаргасан. Мөн Г.... нь албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналтгүй ажилласан асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус газрын захирлын Б/83 дугаар тушаалаар сахилгын Сануулах шиийтгэл авч байсан. ...-ын захирлын Г....т сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны ... дугаар тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хавтаст хэрэгт 2 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн засаг даргын тамгын газарт хуралд суусан гэдэг. Тухайн өдөр хурал болох нь болсон байна. Хурал нь 11 цагаас эхлэх байхад энэ хүн би ажил дээр 9 цагийн үед буцаж очсон гэж ярьж байна. Гэвч энэ хүнийг уг хуралд оролцсон гэдэг нь нотлогдохгүй байгаа. Г....ын цагийн бүртгэлийн нийлбэр дүн нь 3 өдрөөс илүү болсон учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил учраас ажлаас халсан. Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 хэсэгт заасан архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан. Тал архийг нь уугаад талыг хадгалсан гэж үзсэн. Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр халсан. Байгууллагад ямар ч удирдлага ирсэн үе үеийн дарга нарын үед сахилгын шийтгэл байж л байсан. Миний үед байгууллага муу байсан гэж тайлбарлаж байна. Та муу байсан гэдгийг мэдсэн бол сайжруулах ёстой шүү дээ. Гэнэтийн шалтгалтаар илэрсэн зөрчилд үндэслэж ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.... нь хариуцагч ...-т холбогдуулан, ажлаас үндэслэлгүй халагдсан учир тус газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тоот тушаалыг хүчингүй болгож, ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 9,583,251 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч ... нь нэхэмжлэгчийг байгууллагын даргын удирдамжаар зохиогдсон гэнэтийн шалгалтын үеэр ажлын байранд архи уусан буюу Засгийн газрын 2019 оны 258 дугаар тогтоол, байгууллагын дотоод журмын 8.1, 8.2 дахь хэсгийг тус тус зөрчиж албан өрөөнд архи согтууруулах зүйл хэрэглэсэн, ажлын цаг ашиглалт байхгүй, ажил тасалсан нийлбэр дүнгээр ажлын 3 өдрөөс илүү хугацаанд ажил тасалсан, ажлын цагаар удирдлагад мэдэгдэлгүй Цасны баяр зохион байгуулж, тухайн үедээ ажилтныг зодсон, байгууллагын автомашиныг хувийн хэрэгцээнд ашигласан... гэх зэрэг Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан нь тухайн байгууллагын ажилчдын тайлбараар болон шалгалтаар тогтоогдсон учир түүнийг ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч Г.... хариуцагч ...-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ хуулийн хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.... нь ...-ын харъяа, ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр анх 2014 оны 3 дугаар сраын 19-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад, ажил ологчийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 163 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдөн, уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар түүнийг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. /хх 10-23/

Улмаар ажил олгогчийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Г....ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 246 дугаар тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 05/8576 тоот албан бичиг, ...-ын дүрмийн 6.3.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, түүнтэй 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар дахин үүрэгт ажлаа хийж эхэлсэн байна. /хх-5, 147-153/

Харин 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ...-ын захирлын ... дугаар тушаалаар Г....ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Засгийн газрын Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 2018 оны 258 дугаар тогтоолын 1.1, 1.7, 1.10, 3 дугаар зүйл, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1, 3.1, ...-ын харъяа аймгуудын газрын үйл ажиллагааны журмын 6.1, 6.5, ...-ын захирлын зөвлөлийн 2019 оны 2 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн, ...Албан шалгалтаар очих үед албан өрөөндөө талыг нь хэрэглэсэн архи согтууруулах ундаа хадгалж байсан нь илэрсэн, удирдлагад мэдэгдэлгүйгээр ажлын өдөрт ажлын цагаар цасны баярын арга хэмжээг дур мэдэн зохион байгуулж, улмаар энэ үедээ архидан согтуурч, эмэгтэй албан хаагчтай ёс зүйгүй харьцаж зодсон нь тухайн албан хаагчийн өргөдөл гомдлоор нотлогдсон, албан хаагчдын цагийн бүртгэлийг хуурамчаар бүртгэдэг хэвшил тогтоосон, албаны автомашиныг хувийн хэрэгцээндээ байнга ашигладаг, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгууллагын галчаар өөрийн хувийн компанийн галлагааны ажлыг давхар гүйцэтгүүлдэг ... зэрэг үйлдлээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 70, 75.1, 75.2, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, удаа дараа зөрчил гаргасан... гэх үндэслэлээр Г....т ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ. /хх-6/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь ойлгомжгүй, зөвхөн өөрт нь зориулж гэнэтийн гэх шалгалт явуулсан бөгөөд, ажлын байранд архи согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй, тодорхой баримтгүйгээр гүтгэсэн гэж тайлбарласан.

Ажил олгогч нь ажилтныг хууль болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, удаа дараа зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд, маргаан бүхий ... дугаар тушаалын үндэслэлд дурдаагүй боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасан ...эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцно гэж заасны дагуу Г....ын ажил тасалсан нийт цаг нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон хэмээн тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах шаардлагатай.

Ажил олгогч ...-ын захирлын тушаалд хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлийг баримталсан болохоо тодорхойлон заагаагүй боловч, тушаалын үндэслэлд Г....ыг ...Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, удаа дараа зөрчил гаргасан... гэж зааснаар ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, хариуцагч байгууллага хуулийн дээрх зохицуулалтын ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тушаалд заагаагүй боловч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасан үндэслэл болох ...хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцно гэснийг зөрчсөн хэмээн тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан ба, чухам ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууд харилцан тохиролцож тогтоон, уг зөрчлийн тохиолдол бүрийг Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Талуудын байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлүүдийг зааснаас ажил олгогч 6.3.2-т Ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө авалгүй орхиж явсан, 6.3.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал, 6.3.4-т Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайрсан нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан... гэх зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлана.

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбараа нотлохоор ...-ын захирлын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Томилолтоор ажиллах ажлын удирдамж, уг удирдамжийн дагуу ...ний газарт хийсэн шалгалтын талаарх 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх хуудас, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай Г....т сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ажил олгогчид хандан гаргасан ажилтан Б.Эрдэнэцэцэг, Д.... нарын өргөдөл, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хийсэн шалгалтын дараах хурлын явцыг бэхжүүлсэн аудио бичлэг зэргийг нотлох баримтаар гаргаж, шүүхийн журмаар үзлэг хийх ажиллагаа явуулсан бөгөөд, шалгалтыг удирдан явуулсан ...-ын захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н....ийг гэрчээр асуулгаж шалгалтын талаар тодруулсан.

Гэвч дээрх баримтуудаар болон, гэрч Н....ийн мэдүүлгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тушаалд дурдсан зөрчлүүд нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал: эдгээр баримтуудаар Г....ыг ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа буюу архи уусан гэж шууд таамаглан тулгаж, бусад ажилтнуудын шалгалтын үеэр гаргасан өргөдлүүдийн талаар хэрхэн шалгаж, тэдгээр зөрчлүүдийг гаргасан эсэхийг баримтаар нотлоогүй байх бөгөөд, 1 сарын хугацаанд ажилтны тасалсан цаг ажлын 3 өдөртэй тэнцсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь уг тайлбарын үндэслэл болгож буй 2018 оны 1-12 сарын цалингийн зөрүү гэх шалгалтын тайлангийн хавсралт бүхий баримтаар нотлогдохгүй, тухайн баримтаар Г.... 1 сарын хугацаанд нийт хэдэн цаг тасалсан болох нь тодорхой бус байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлүүд илрээгүй байхад ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан байна.

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй тушаал гаргаж, үндэслэлгүйгээр ажилтныг ажлаас халахаар шийдвэрлэсэн гэж шүүх дүгнэн, нэхэмжлэгч Г....ыг ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ажил олгогчоос гаргасан шийдвэрээс хойш нийт 9 сарын турш ажиллаагүй бөгөөд, нэг сарын дундаж цалинг 1,064,805 төгрөгөөр тооцож, улмаар ажилгүй байсан 9 сарын хугацаагаар үржүүлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,583,251 төгрөг гаргуулахаар шаардсан болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох шаардлагатай.

Г....ын дундаж цалин хөлсийг дээрх журмын дагуу тодорхойлоход, нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 1,064,805 төгрөг болж байх тул (3,194,417 / 3сар) 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс ажилгүй байсан ажлын 193 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 9,341,200 (1,064,805 / 22 ажлын өдөр=48,400 нэг өдрийн дундаж цалин) төгрөгөөр тогтоон, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 242,051 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр ажил олгогчоор нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч ...-т даалгаж шийдвэрлэлээ.

Хэдийгээр ажил олгогчийн шийдвэрт ажилтныг хөдөлмөрийн гэрээг дуусгах ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан боловч, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж буй талаар тусгаагүй байх бөгөөд, энэ алдаа нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсэхгүй учир шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас ...-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г....ыг ...ний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,341,200 төгрөгийг хариуцагч ...-аас гаргуулан нэхэмжлэгч Г....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлстэй тэнцэх олговорт илүү шаардсан 242,051 төгрөгийг болон, ...Г-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г....ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ....-т үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба, хариуцагч ....-аас улсын тэмдэгтийн хураамжид 164,409 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА