Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00322

 

 

 

 

....-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03343 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ....-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .....-УТҮГ-т холбогдох,

.....-УТҮГ-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөвсгөл аймгийн радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 583 251 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Оюунсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4850 дугаар шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож байсан. Хариуцагч талаас гомдол гаргасаар Улсын дээд шүүхийн 2017 оны 246 дугаар тогтоолын дагуу 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр албан тушаалдаа буцаж орсон. Гэвч ажилдаа орсноос хойш хариуцагч элдэв дарамт шахалт үзүүлж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар албан тушаалаас хууль бусаар халлаа. Ажил шалгаж байгаа нэрийдлээр Хөвсгөл аймагт очсон ажилтан нь тус аймгийн Радио, телевизийн сүлжээний газрын ажилтнуудаар албан тушаал, эрх мэдлээрээ далайлган ....-ын талаар үндэслэлгүй баримт, тодорхойлолт бичүүлэн, үүнийгээ халсан тушаалдаа үндэслэл болгон оруулжээ. Харин ....- албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь 2018 оны болон 2019 оны 1 дүгээр сарын ажлын тайлан, үнэлгээнээс тодорхой харагдана. Ажлаас халсан тушаалыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан. Ажлын байран дээр архи уусан зүйл огт байхгүй. Ажлын байран дээр архидаж болохгүй гэдгийг төрийн үйлчилгээний албан хаагчид бид бүгд мэддэг. Би энэ байгууллагад 2014 онд ажилд орсон. Ноцтой зөрчил гаргаж ажил тасалсан гэж байна. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т 3 ба түүнээс дээш хоног ажлаа тасалсан тохиолдолд түүнийг ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Гэтэл энэ байдал харагдахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгтгэж бодоод 3 өдөр ажил тасалсан гэж үзэж байгаа ч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Нөгөө талаас ....-ийг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ажил тасалсан гэж байна. Тус өдөр ....- нь Хөвсгөл аймгийн байгууллагуудын дарга нарын хуралд сууж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ....-ыг Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 583 251 төгрөг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган, РТҮС УТҮГ-ын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч ....- нь удирдлагад мэдэгдэлгүй 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Цасны баяр тэмдэглэх нэрийдлээр хамт олныг зохион байгуулалттайгаар 1 өдрийн ажил тасалж архидан согтуурсан, РТҮС УТҮГ-ын захирлын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр баталсан удирдамжийн дагуу шалгалт явуулахад 2 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 30 минутад ажилдаа ирэхгүй байж байгаад 09 цаг 30 минутад ирж хөдөлмөрийн дотоод журам зөрчиж 1 цаг ажил тасалсан. 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурч байгаад үлдсэн тал шил архи нь ширээн доороос нь гарч ирсэн, тус газрын албан хаагчидтай ёс зүйгүй дээрэнгүй харьцдаг, ажлын цаг ашиглалт хангалтгүй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт муу тавьдаг, гэрээт ажилтан н.Энхбаярыг ажлын цагаар өөрийн хувийн өмчлөлийн дэлгүүрт байнга хууль бусаар ажиллуулдаг болон албаны Ланд Круйзер-80 маркийн автомашиныг байнга хувийн хэрэгцээнд унаж ашигладаг /хамт олны мэдээллээр/ зэрэг зөрчлийг тус тус гаргасан. Мөн ....- нь албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналтгүй ажилласан асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус газрын захирлын Б/83 дугаар тушаалаар сахилгын сануулах шиийтгэл авч байсан. РТҮС УТҮГ-ын захирлын ....-т сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны Б/30 дугаар тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт 2 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн засаг даргын тамгын газарт хуралд суусан гэдэг. Хурал нь 11 цагаас эхлэх байхад энэ хүн би ажил дээр 9 цагийн үед буцаж очсон гэж ярьж байна. Гэвч энэ хүнийг уг хуралд оролцсон гэдэг нь нотлогдохгүй байгаа. ....-ын цагийн бүртгэлийн нийлбэр дүн нь 3 өдрөөс илүү болсон учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил учраас ажлаас халсан. Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 хэсэгт заасан архи уусан гэх үндэслэлээр ажлаас халсан. Тал архийг нь уугаад талыг хадгалсан гэж үзсэн. Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр халсан. Гэнэтийн шалтгалтаар илэрсэн зөрчилд үндэслэж ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ....-ыг Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 341 200 төгрөгийг хариуцагч .....-УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч ....-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлстэй тэнцэх олговорт илүү шаардсан 242 051 төгрөгийг болон, .....-УТҮГ-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ....-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч .....-УТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба, хариуцагч .....-УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 164 409 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлтүүдийг хийсэн. Дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн дотоод журам болон нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой, удаа дараа гаргасан зөрчил мөн бөгөөд шүүгч ажлын цагийн бүртгэлийн дэвтэрээр нотлогдож байгаа тасалсан цагийг ажлын 3 өдөртэй тэнцэх тасалсан цаг нотлогдохгүй байна, мөн удаа дараа ажлын хариуцлага алдсан зөрчил нь өмнөх сахилгын шийтгэл авч байсан Захирлын 2018 оны Б/23 дугаар тушаалаар нотлогдож байхад үүнийг ноцтой зөрчил гэж мөн үзэхгүй гэжээ. Хэдийгээр архи уусныг нотлоогүй гэж үзэж болох ч ажлаас чөлөөлсөн тушаалын ундэслэл хэсэгт дурдсан Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолын 1.7 дахь заалт нь Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт олон хуйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох буюу ажлын байранд согтууруулах ундаа хадгалахыг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох тухай заалт юм. ....-ыг ажлаас чөлөөлсөн 2019 оны Б/30 дугаар тушаалыг хүчинтэй хэвээр үлдээсэн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шүүх буруу гэж үзээгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн хувьд ойлгомжгүй, эргэлзээтэй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03343 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ....-, хариуцагч .....-УТҮГ-т холбогдуулан .....-УТҮГ-ын захирлын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 583 251 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаатар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид шүүх хуралдааны шатанд эвлэрч, хариуцагч .....-Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу ....-ыг Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос татгалзахаар тус тус тохиролцож, нэхэмжлэгч ....- нь энэхүү гэрээгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 9 341 200 төгрөгийг .....-Улсын төсөвт үйлдвэрийн газраас цаашид авахгүй байхаар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх 172-174/

Зохигч дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч .....-Улсын төсөвт үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч ....-ыг Хөвсгөл аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос татгалзахаар, нэхэмжлэгч ....- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 9 341 200 төгрөгийг .....-Улсын төсөвт үйлдвэрийн газраас цаашид авахгүй байхаар тус тус харилцан тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 409 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Д.БАЙГАЛМАА