Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0125

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гомбожав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан, гуравдагч этгээд “Гранд повер” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 891 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Гранд повер” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, “ЧУЗХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 891 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 41.1.3-т заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А-222 дугаар тушаалын хавсралтаар “Гранд повер” ХХК-д 8.8 га газар ашиглуулсан талбайтай нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар 1.34 га талбайгаар давхацсан хэсгийг хүчингүй болгож, “ЧУЗХ” ХХК-д маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “Гранд повер” ХХК нь 2014 онд “Гранд Виллаж” нэртэй аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл боловсруулж уг төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохих журмын дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн БОНХАЖЯамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт” гаргасан. Уг хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Ташгайн ам хэмээх тусгай хамгаалалттай газар 8.8 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015.06.15-ны өдөр олгосон 2015/59 тоот “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ” дагуу ашиглаж байгаа бөгөөд аялал жуулчлалын цогцолборын барилгын суурийн цутгалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа билээ.

Гэтэл анхан шатны шүүхээс БОНХАЖЯамны Сайдын 2015.05.29-ний өдрийн А-222 дугаар тушаалын хавсралтаар “Гранд повер” ХХК-д ашиглах зөвшөөрөл олгосон 8.8 га газрын “ЧУЗХ” ХХК-ийн ашиглах зөвшөөрөл хүссэн гэх газрын давхацсан хэсэг болох 1.34 кв.м талбайгаар давхацсан хэсгийг хүчингүй болгож, “ЧУЗХ” ХХК-д маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар олгохыг даалгах шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь зохих журмын дагуу газар ашиглах эрх эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байгаа “Гранд повер” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байх бөгөөд, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь: 1. “Гранд повер” ХХК нь БОНХАЖЯамны Сайдын 2015.05.29-ний өдрийн А-222 дугаар тушаалын дагуу уг маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу ашиглах эрхтэй болсон бөгөөд боловсруулсан төслийнхөө дагуу аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг эхлүүлж, барилгуудын суурийн цутгалтын ажлыг хийж  дуусгаад байсан.    Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд “Гранд повер” ХХК нь их хэмжээний зээл авч төслийг эхлүүлсэн гэтэл одоо энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил газрын маргааны улмаас зогсонги байдалд ороод байгаа бөгөөд үүний улмаас их хэмжээний алдагдалд орох нөхцөл байдал үүсээд байна. Тухайн маргаан бүхий газрын давхацсан гэх хэсэгт барилгын суурийн ажил хийгдсэн байгаа болох нь шинжээчийн дүгнэлтийн хавсралт зураг болох сансараас авсан Google Earth зурагнаас харагддаг /хавтаст хэргийн 237 болон 238-р хуудас/.

Энэ нөхцөл байдлын талаар тодруулах ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй. Зүй нь анхан шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэж байж шийдвэрлэх ёстой байсан. Ингээгүй нь ЗХШХШТХуулийн...............-т заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй.

“Гранд повер” ХХК нь тус маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргахдаа тухайн газрын давхацсан хэсэг дээр өөр компани буюу нэхэмжлэгч “ЧУЗХ” ХХК нь хүсэлт гаргасан талаар мэдээгүй байсан. Хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаачлан БОНХЯам нь тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах зөвшөөрөл олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэдэг. Өөрөөр хэлвэл тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар сонголт хийх хуулиар олгогдсон эрх нь хариуцагчид олгогдсон байна. Гэтэл анхан шатны шүүхээс “ЧУЗХ” ХХК-д маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж шийдвэр гаргасан хэрнээ тухайн маргаан бүхий асуудалд ямар ч буруугүй гуравдагч этгээд болох “Гранд повер” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж байгаа нь Монгол улсын Үндсэн хууль болон шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт дурдсан “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтлана”, 4.1,3-т “газар.... ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсанчилан “Гранд повер” ХХК-ийн ашиглаж буй газрын “ЧУЗХ” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан гэх газартай давхацсан хэсгийг заавал хүчингүй болгох хуулийн шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэж буй газрыг “Гранд повер” ХХК-ийн ашиглаж буй газартай давхцуулахгүйгээр олгох боломжтой. Энэ тохиолдолд хэргийн зохигч талуудын аль алины эрх ашиг хөндөгдөхгүй байх боломжтой болохыг дурдах нь зүйтэй. Мөн түүнчлэн нэхэмжлэгч “ЧУЗХ” ХХК-д хариуцагчийн зүгээс 5 га газар ашиглах эрхтэйгээр олгосон болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

Хавтаст хэргийн 42-43 хуудсанд нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч “ЧУЗХ” ХХК-ийн БОНХСайд Н. Батцэрэгт хүргүүлсэн 2015.09.14-ний өдрийн №2015/029 тоот албан тоотоор гаргасан маргаан бүхий газартай холбоотой гомдлын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа ЗХШХШТХ-ийн 14  дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу 2015.11.14-ний  өдөр дуусгавар болсон байна. Гомдлын хариу өгөх хугацаа дуусаад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдож эхэлсэн талаар нэхэмжлэгч “ЧУЗХ” ХХК нь мэдэж байсан болох тус компанийн БОНХСайд Н.Батцэрэгт хүргүүлсэн 2015.10.27-ний өдрийн №2015/033 тоот албан бичгээр нотлогддог. Тус албан бичигт Гомдлын хариу бичгээр ирүүлэх хуульд заасан 30 хоног өнгөрсөн тухай мөн түүнчлэн захиргааны хэргийн шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрэх тухай тодорхой дурдсан байдаг. Үүнээс үзвэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа 2015.11.14-ний өдөр дуусгавар болсон байх тул ЗХШХШТХуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гарах байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бухэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх “маргаан бүхий актыг хүчингүй болгуулах” шаардлагыг үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа актын огноог буруу тэмдэглэсэн, мөн нэхэмжлэлийн “даалгах” шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй атлаа бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрч шийдвэрлэсэн байх тул зөвтгөн өөрчилж, гуравдагч этгээд “Гранд повер” ХХК-ийн давж заалдах гомдлыг хаггахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд “... “Гранд повер” ХХК нь барилгын ажлыг эхлүүлж их хэмжээний зээл авсан. Маргааны улмаас барилгын ажил зогсож их хэмжээний алдагдалд орох нөхцөл үүссэн. Маргаан бүхий газрын давхцсан хэсэгт барилгын суурийн ажил хийгдсэн байгаа, шүүх энэхүү нөхцөл байдлын талаар тодруулах ажиллагаа хийгээгүй, тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж шийдвэрлээгүй” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгч “ЧУЗХ” ХХК-ийн маргаж буй газрыг ашиглах хүсэлтийг хүлээн авч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй гэж, мөн яамны ерөнхий шинжээчийн 11 дүгээр сарын 14-ний өдрийн “... Ерөнхий үнэлгээний дүнгээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай ...” гэж тус тус мэдэгдэж, хүсэлтийг бүрэн шийдвэрлэж хариу өгөөгүй, хүсэлт гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар ашиглах зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчин хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харьцуулаагүй атлаа нэхэмжлэгчийг нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцад түүний хүсэлт гаргасан газрын 1,34 га-д давхцуулан гуравдагч этгээд “Гранд повер” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Нэгэнт хууль зөрчсөн шийдвэрээр гуравдагч этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгосон байх тул “... давхцсан газарт барилгын суурийн ажил хийгдсэн, зардал гаргасан ...” гэх үндэслэлээр хууль бус тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй тул энэ талаар гомдлыг хүлээн авч хангах боломжгүй.

Харин шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шийдвэрлэхдээ “газар ашиглах зөвшөөрөл шууд олгохыг хариуцагчид даалгасан нь үндэслэл муутай болжээ.

Учир нь уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн ашиглахыг хүссэн 3,3 га газрын зөвхөн 1,34 га газарт нь давхцуулан “Гранд повер” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосонтой холбоотой маргааны хүрээнд явагдсан, бусад газрыг ашиглах хүсэлтийг яагаад шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар нотлох баримт цуглаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах журмын дагуу уг ажиллагаа бүрэн явагдсан эсэх талаар хянан шалгаагүй, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Хариуцагч нь “Гранд повер” ХХК-д газар ашиглах шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 36 дугаар зүйлийн 3-д “Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ.”, 5-д “Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана” гэж заасныг зөрчсөн байна.

Уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох газар олгохыг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн маргаан бүхий актын огноог шийдвэрт буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтүүдийг шийдвэрт тус тус оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 891 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3, 5-д заасныг баримтлан “ЧУЗХ” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Гранд повер” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон хэсгийн нэхэмжлэгчийн 1,34 га газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “ЧУЗХ” ХХК-ийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Гранд повер” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                    ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ