Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 891

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Г, нарыг оролцуулан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин Аялал жуулчлалын сайдад холбогдох “ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар "Г" компанид Богдхан уулын Дархан цаазат газрын Т******* аманд 8,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын хавсралт дахь "Г" компанид Богдхан уулын Дархан цаазат газрын Т******* аманд 8,8 га газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, "Ч" ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Ташгай аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, "Ч" ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Ташгай аманд 3,9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Ч” ХХК /РД:/

Хаяг: Б дүүрэг, хороо,  4 хороолол, тоот.

Хариуцагч: Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэсний гудамж, Засгийн газрын 2 байр.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: “1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар "Г" компанид Богдхан уулын Дархан цаазат газрын Т******* аманд 8,8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын хавсралт дахь "Г" компанид Богдхан уулын Дархан цаазат газрын Т******* аманд 8,8 га газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. "Ч" ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Ташгай аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, "Ч" ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Ташгай аманд 3,9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах.

 Нэхэмжлэлийн утга: "Ч" ХХК-ийн захирал Б.Ч*******ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 тоот захирамжаар "Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар тогтсон байна.

Манай компанийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Т******* аманд 3.9 га газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, хууль тогтоомжийн дагуу төсөл, кадастрын зураг, баримт бичгийг бүрдүүлэн сайдын тушаал гарахад бэлэн болсон байсан.

Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр бидний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан газрын зүүн урд болон зүүн хойд координатын цэг тэмдэглэгээ байхгүй болсон байсан. Харин манай тэмдэглэсэн газартай давхцуулан нүүрсний хогоор тэмдэглэл тавьсан байсан. Энэ талаар 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт мэдэгдэж, бидний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан төсөл хэрэгжүүлэхээр  ажиллаж буй газарт өөр байгууллагад газар давхардуулан олгохгүй байхыг хүсэж албан хүсэлт өгсөн.

2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Ш*******, 07 дугаар сарын 24-ний өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б******* уулзаж, асуухад "Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн О.А уулз" гэсэн. Тэгээд О.А уулзаж тодруулахад "Г" компанид олгосон байсныг мэдсэн.

Энэ талаар 08 дугаар сарын 05, 17-ны өдөр Ч.Батсансар, Д.Ш*******той уулзаж, дахин уг асуудлыг шалгаж шийдвэрлэж өгөхийг хүссэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт албан бичгийн хариуг бичгээр ирүүлэхийг хүссэн албан тоотыг хүргүүлсэн. Мөн албан бичгийн хариуг ирүүлээгүй тул 09 дүгээр сарын 14-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б дээрх хууль бус үйлдлийн талаар захиргааны хэрэг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй.

Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Улсын Мөрдөн Байцаах газар, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст гомдол гаргасан. Уг хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2015 оны 10 сарын 07-ны өдрийн 1 албан бичгээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн. Үүнд Хан-Уул дүүргийн прокурорт гомдол гаргахад 2015 оны 10 дугаар сарын 20-ны 689 тоот тогтоолоор мөн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дээд шатны прокурорт гомдол гаргасан.

Улсын Ерөнхий прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус шийдвэр тул Захиргааны хэргийн шүүхэд хандах талаар хариу ирүүлсэн. Ингээд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм.

Манай компани аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө мөнгө зарцуулж, хамтрагч байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл бидний төсөл хэрэгжүүлэхээр баримт бичиг, материал бүгдийг бэлтгэн сайдын тушаал гарахад бэлэн болсон байхад холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй хууль зөрчин сайдын тушаал гаргасан хууль бус үйлдлийг тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, сайдын тушаал гаргуулах, "Г" ХХК-д газар ашиглах эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд “Ч” ХХК-ийн захирал Б.Ч******* нь Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд “Г” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд 8.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг тогтоож, уг компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон сайдын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өөрийн компанид Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд 3.9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна:

1. Тус яам нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэдэг. Тухайлбал:

36.2. Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ;

36.3. Аялал, жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдлыг нь харгалзан сонголт хийнэ гэж тус тус заасан байдаг.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-222 дугаар тушаалаар “Г” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд 8.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-321 дүгээр тушаалаар “Ч” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газрын Баруун дэлгэрийн аманд 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон байна.

 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон яамны уйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагддаг бөгөөд “Г” ХХК-нд газар ашиглах зөвшөөрөл олгохдоо хууль тогтоомж зөрчсөн, буруу хэрэглэсэн зэрэг зөрчил байхгүй юм. Иймд “Ч” ХХК-ийн захирал Б.Ч*******ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Г******* ХХК нь Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Т******* ам хэмээх тусгай хамгаалалттай газарт 8.8 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 2015/59 тоот “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-ний дагуу ашигладаг билээ.

Тус Компани нь 2014 онд “Г*******” төслийг аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар боловсруулсан бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр холбогдох журмын дагуу зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн БОНХАЖЯамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт” гаргасан.

Компанийн боловсруулсан “Г*******” төсөл нь хууль тогтоомжид заасан холбогдох шалгууруудыг хангаж, улмаар 2015 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал жуулчлалын сайдын А-27 тоот газар ашиглуулах тухай шийдвэрээр дээрх газрыг “Улсын тусгай хамгаалапттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний дагуу ашиглан, санхүүжиптийг гарган төслийг хэрэгжүүлж байна.

Иймд “Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

“Ч” ХХК-ийн захирал Б.Ч******* Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн А-222 дугаар тушаалын хавсралтаар “Г” ХХК-д 8.8 га газар ашиглуулсан талбайтай  1.34 квм талбайгаар давхацсан  хэсгийг хүчингүй болгох, “Ч” компанид маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч бидний төсөл хэрэгжүүлэхээр зохих зөвшөөрөл авч, кадастрын зураг хийлгэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх явцад маргаан бүхий газар дээр өөр компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК 2014 оны 11 дүгээр сард Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Богдхан Уулын дархан цаазат газрын Т******* аманд 3.9 га газарт амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар хүсэлт гаргасныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны /хуучин нэрээр/ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8/6376 дугаар албан бичгээр “..танай аялал жуулчлалын зориулалтаар хэрэгжүүлэх төсөл, ...эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартад нийцэж байгаа тул ,,,,”Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй болно.”,  мөн яамны ерөнхий шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай”  6/6504 дүгээр албан бичгээр “Танай боловсруулж ирүүлсэн...төслийн баримт бичигт...байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ. Ерөнхий үнэлгээний дүнгээр тус төсөлд нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэв.” гэж тус тус дэмжсэн хариу хүргүүлжээ.

Ийнхүү  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны /хуучин нэрээр/ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн хүсэлт гаргасан талбайд аялал жуулчлалын төсөл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах зэрэг газар ашиглах зөвшөөрөл олгоход шаардлагатай баримт цуглуулах ажиллагааг хийлгэх явцад маргаан бүхий газартай давхцуулан өөр компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон нь хууь бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн “Т******* ам” хэмээх газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тус компанид хариу мэдэгдээгүй атлаа маргаан бүхий газарт “Г” ХХК –д 8.8 га газар ашиглах зөвшөөрөл олгосон нь холбогдох хууль, журамтай нийцээгүй байна.

Түүнчлэн “Ч” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын “Баруун дэлгэрийн ам” гэх газарт 5.0 га газар олгосныг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбартай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй  бөгөөд нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргаагүй талбайд газар ашиглах зөвшөөрөл олгосон хариуцагчийн шийдвэр ойлгомжгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах харилцаанд Газрын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт нөхөн зохицуулах хууль зүйн боломжтой байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтлана;”, 4.1.3-т “газар...ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэж  хуульчилсан бөгөөд хариуцагч Байгаль, орчин аялал жуулчлалын яам дээрх үндсэн зарчимд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч “Ч” ХХК маргаан бүхий талбайд газар ашиглах   хүсэлтээ, цаг хугацааны хувьд “Г” ХХК-ийн хүсэлтээс өмнө гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тухайн талбайд нэхэмжлэгч компанид газар ашиглуулах боломжгүй талаар мэдэгдээгүй нь хариуцагч газар ашиглуулах зөвшөөрөл олгох үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ.” гэж зохицуулсныг баримтлан шийдвэр гаргах эрхтэй хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч “Ч” ХХК-д хүсэлт гаргасан талбайд газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа шалтгаанаа хангалттай нотлоогүй байхад түүний гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн гэж зөвтгөх үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 4657 дугаар захирамжаар томилогдсон 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр “Ч” ХХК-ийн хүсэлт гаргасан гэх “Хан-уул” дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд байрлах 3.9 га газар, Байгаль, орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар “Г” ХХК-д олгосон 8.8 га  газар хоорондоо 13359 квм буюу 1.34 га талбайгаар хэсэгчилсэн давхцалтай байна.” гэж дүгнэжээ.

Иймд Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн А-222 дугаар тушаалын хавсралтаар “Г” ХХК-д 8.8 га газар ашиглуулсан талбайтай  1.34 м.кв талбайгаар давхацсан  хэсгийг хүчингүй болгох, “Ч” компанид маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын хэмжээ гуравдагч этгээдэд олгосон талбайтай хэсэгчилсэн давхцалтай байгааг харгалзан шинжээчийн зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.4-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ  нь:

 

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-т заасныг баримтлан Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн А-222 дугаар тушаалын хавсралтаар “Г” ХХК-д 8.8 га газар ашиглуулсан талбайтай  нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар 1.34 м.кв талбайгаар давхацсан  хэсгийг хүчингүй болгож, “Ч” компанид маргаан бүхий газарт газар ашиглах зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар олгохыг даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 80.000 /наян мянган/ төгрөгийг “Ч” ХХК-иас, 80.000 /наян мянган/ төгрөгийг Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас тус тус гаргуулж, нийт 160.000/нэг зуун жаран мянган/ төгрөгийг газар зохион байгуулагч-инженер, шинжээч Ц.Х*******/ХААН банкны ******* тоот данс/-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР