Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар /ШШ2020/02948

 

 

 

2020        10          30                                         183/ШШ2020/02948

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: “И газар” ТӨААТҮГ-т холбогдох,

Гэрээний үүрэгт 179.844.000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, алдангид 17.986.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, Ж.Х, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SМАRТ АТМ программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож, ажлыг 179.868.000 төгрөгөөр гүйцэтгэх тухай саналаа 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн. Улмаар манай тендерийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрч, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01/2329 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон. Ийнхүү 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SМАRТ АТМ программ хангамж тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/б-02/16 тоот гэрээг байгуулсан. Гэрээт ажлыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийлүүлж, хүлээлгэн өгөх ёстой байсан ч биднээс үл хамаарах шалтгаанаас /Засгийн газрын шийдвэрийн дагуу/ гэрээт ажил түр зогссон ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээт ажлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн дуусгасан. Гэрээт ажлын нийт үнэ 179.868.000 төгрөг буюу компьютер тоног төхөөрөмжүүдийн үнэ 59.972.000 төгрөг, программ хангамжийн үнэ 109.296.000 төгрөг, программын сургалтын үнэ 10.600.000 төгрөгөөс бүрдэж байсан. Манай компани тоног төхөөрөмжийг суурилуулан, программ хангамжийг ашиглалтад бэлэн болгосон боловч зөвхөн тоног төхөөмжүүдийг хүлээн авч, төлбөрийг шилжүүлээд, программ хангамжийг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, төлбөр мөнгийг шилжүүлэхгүй хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, эдийн засгийн хувьд хохироож өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээт ажлын үлдэгдэл 119.896.000 төгрөг, алданги 54.948.000 төгрөг, нийт 179.844.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х Э И” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр И газартай Нислэгийн хөдөлгөөний удирдлагын Smart АТМ программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/Б- 02/16 дугаартай 179.868.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан. Гэтэл тус компани нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/172 тоот бичгээр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх хүсэлт ирүүлсэн. Гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/881 дүгээр тушаалаар “Ажил хүлээн авах  комисс томилогдсон. Ажлын хэсгийн гишүүд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 29 дугаартай тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт үйлдсэн. Уг актын 2.3-т нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Smart АТМ төслийн хүрээний нэг хэсэг болох программ хангамжийг хүлээн авах шийдвэр нь комиссын дараагийн актаар шийдвэрлэгдэнэ гэж заасан. “Смарт АТМ” төслийн ажлыг хүлээн авах комиссын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтийн 1.3 -т “Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу программ хангамжийн гүйцэтгэлийг 30 орчим хувийн биелэлттэй хангаж байгаа нь одоогийн байдлаар хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 59 тоот Гэрээт ажлын төлбөр тооцох хуудсыг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/4421 дугаартай албан тоотоор, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-д албан тоот хүргүүлсэн. ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаар гэрээг талууд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай гэрээ дүгнэх хуудсаар дүгнэж, гүйцэтгэгч байгууллагыг төлөөлж Б.Г гарын үсэг зурсан байна. Шүүхэд хэрэг хянагдаж байх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч нартай уулзалдаж хийсэн ажлаа хүлээлгээд өгчих, тэгээд эвлэрье гэхэд хүлээлгэж өгөх ажилгүй байсан болно. Иймд гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлаа гүйцээж хүлээлгэж өгөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай байгууллагаас гэрээнээс татгалзахгүй бөгөөд гол нь программыг гүйцэт хийж хүлээлгэж өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу компьютер тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлээгүй алданги 5.997.200 төгрөг, программ хангамж, суурилуулалтыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй алданги 11.989.600 төгрөг, нийт 17.986.800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 “Х Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “И газар” ТӨААТҮГ-т холбогдох, гэрээний үүрэгт 179.844.000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, алдангид 17.986.800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“И газар” ТӨААТҮГ, “Х Э И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ” болон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16-1 дүгээр “Нэмэлт гэрээ”-ээр нийлүүлэгч “Х Э И” ХХК нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг, мөн тоног төхөөрөмжийн хамт 2016 оын 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор захиалагч “И газар” ТӨААТҮГ-т нийлүүлэх, захиалагч нь бараа нийлүүлэлтийн санхүүжилтэд 179.868.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар холимог гэрээ буюу уг гэрээний тоног төхөөрөмж нийлүүлэх зохицуулалт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа, нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг гүйцэтгэн, нийлүүлэх зохицуулалт нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Уг гэрээний дагуу “Х Э И” ХХК-иас нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөхөөр 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/881 дүгээр тушаалаар “Ажил хүлээн авах комисс томилж”, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр “Тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт”-аар “...59.976.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, компьютер нь гэрээний дагуу техникийн тодорхойлолтын шаардлага хангасан гэж үзэн хүлээн авч, нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг хүлээн авах шийдвэр нь комиссын дараагийн актаар шийдвэрлэнэ” гэсэн, мөн “И газар” ТӨААТҮГ-аас тоног, төхөөрөмжийн үнэ болох 59.976.000 төгрөгийг “Х Э И” ХХК-д шилжүүлсэн /хавтаст хэргийн 119-123, 126-128 дугаар талд авагдсан/ талаар зохигчид маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

“И газар” ТӨААТҮГ-ын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Смарт АТМ төслийн ажлыг хүлээн авах комиссын дүгнэлтээр ”...гэрээний 1.1, 1.2-т заасны дагуу 119.896.000 төгрөгийн үнэ бүхий программ хангамжийн гүйцэтгэл 30 орчим хувийн биелэлттэй байх тул одоогийн байдлаар хүлээн авах боломжгүй” гэсэн байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 352 дүгээр зүйлийн 351.1.4-т “...захиалагч нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй”, 352 дүгээр зүйлийн 352.2.1-т “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах эрхтэй” гэж зааснаар ажил гүйцэтгэгч “Х Э И” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн программ хангамжийн ямар ажил нь доголдолтой болох талаар зааж дурдаагүй байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний 1-52 дугаар шинжээчийн дүгнэлт болон 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1-439 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “...Хяналтын программ хангамжийн ажиллагааны хувьд 90 хувийн гүйцэтгэлтэй, Ажилчдын бүртгэл модулийн хийх үйлдэл 100 хувийн гүйцэтгэлтэй, Хөнгөлөлт халамж модулийн хийх үйлдэл 95 хувийн гүйцэтгэлтэй, Үнэлгээ модулийн хийх үйлдэл 100 хувийн гүйцэтгэлтэй, Дотоод хүний нөөцийн удирдлага хийх үйлдэл 95 хувийн гүйцэтгэлтэй, Сэтгэгдэл хүлээн авах үйлдэл 100 хувийн гүйцэтгэлтэй, Программ хангамжид тавигдах шаардлага 100 хувийн гүйцэтгэлтэй, Системийн нэгдсэн үнэлгээ 95 хувийн гүйцэтгэлтэй...” гэсэн, гэрч Г.Х-ын “...захиалагчийг төлөөлж н.Э гэдэг хүний зааварчилгаа, түүний батлуулсан ажлыг бид хийж гүйцэтгэсэн. Тэгээд хийсэн ажлаа хүлээлгэж өгөх гэтэл бидний зааварчилгаанаас өөр байна, н.Э гэдэг хүн одоо хамаагүй гэж хэлээд программд өөрчлөлт оруул гэсэн, үүний дагуу өөрчлөлтийг хийгээд хүлээлгэн өгөх гэтэл дахиад үндэслэлгүйгээр программыг хүлээж аваагүй, яагаад хүлээж авахгүй байгаа юм гэж асуухад тодорхой шалтгаан хэлээгүй...” гэсэн мэдүүлгийг үндэслэн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 351.1.4-т зааснаар захиалагч “И газар” ТӨААТҮГ нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах, гэрээнд заасан хугацаанд буюу зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ тус тус биелүүлээгүй байна гэж дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй” гэж зааснаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ”-ний ажлын үр дүн болох нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг гэрээний дагуу хүлээж авахыг хариуцагч “И газар” ТӨААТҮГ-т даалгаж, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас гэрээний үүргийн гүйцэтгэл болох нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийн ажлын хөлс 119.896.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч тал “...ажил гүйцэтгэгч “Х Э И” ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн программ хангамжийн доголдлын талаар” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний “Тусгай нөхцөл”-ийн 28.2-т “алданги нь хоног тутамд 0.5 хувь байна...” гэж заасны дагуу хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 119.896.000 төгрөгийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон 59.948.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

2. Хариуцагчийн “...компьютер тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлээгүй алданги 5.997.200 төгрөг, программ хангамж, суурилуулалтыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй алданги 11.989.600 төгрөг, нийт 17.986.800 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Учир нь дээрх үйл баримт болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Х Э И” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. 232.6-д зааснаар хариуцагч “И газар” ТӨААТҮГ нь нэхэмжлэгч “Х Э И” ХХК-иас алданги шаардах эрхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ”-ний ажлын үр дүн болох нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг гэрээний дагуу хүлээж авахыг хариуцагч “И газар” ТӨААТҮГ-т даалгаж, хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд программ хангамжийн ажлын хөлс 119.896.000 төгрөг, алданги 59.948.000 төгрөг, нийт 179.844.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-д олгож, хариуцагч “И газар” ТӨААТҮГ-ын “...алдангид 17.986.800 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 817.380 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 457.690 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 247.884 төгрөг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.127.370 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/104 дүгээр албан бичгээр ирүүлсэн Нэхэмжлэхийн дагуу хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас шинжээчийн зардалд 5.000.000 төгрөг гаргуулан ШУТИС МХТС-ийн /шинжээч Т.Э / Улаанбаатар хотын банкин дахь 260946188 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, шүүхээс гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ”-ний ажлын үр дүн болох нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамжийг гэрээний дагуу хүлээж авахыг хариуцагч “И газар” ТӨААТҮГ-т даалгаж, хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 179.844.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-д олгож, хариуцагч “И газар” ТӨААТҮГ-ын “...алдангид 17.986.800 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х Э И” ХХК-аас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 817.380 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 457.690 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 247.884 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.127.370 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Э И” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1-104 дугаар албан бичгээр ирүүлсэн Нэхэмжлэхийн дагуу хариуцагч “И газар” ТӨААТҮГ-аас шинжээчийн зардалд 5.000.000 төгрөг гаргуулан ШУТИС МХТС-ийн /шинжээч Т.Э / Улаанбаатар хотын банкин дахь 260946188 тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД