Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1853

 

 

 “Хасу энержи интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01410 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 131 885 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Иргэний нисэхийн Ерөнхий газраас зарласан Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож ИНЕГ/УТ/ТББ/б-02/16 дугаар ажлыг 179 868 000 төгрөгөөр гүйцэтгэх тухай саналаа 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн. Улмаар манай тендерийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрч, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01/2329 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон. Ийнхүү 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM програм хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/б-02/16 тоот гэрээг байгуулсан. Гэрээт ажлыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийлүүлж, хүлээлгэн өгөх ёстой байсан ч биднээс үл хамаарах шалтгааны улмаас гэрээт ажил түр зогссон ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээт ажлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн дуусгасан. Гэрээт ажлын нийт үнэ 179 868 000 төгрөг буюу компьютер тоног төхөөрөмжүүдийн үнэ 59 972 000 төгрөг, програм хангамжийн үнэ 109 296 000 төгрөг, програмын сургалтын үнэ 10 600 000 төгрөгөөс бүрдэж байсан. Манай компани тоног төхөөрөмжийг суурилуулан програм хангамжийг ашиглалтад бэлэн болгосон боловч зөвхөн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, төлбөрийг шилжүүлээд, программ хангамжийг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, төлбөр мөнгиийг шилжүүлэхгүй хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, эдийн засгийн хувьд хохироосон. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээт ажлын үлдэгдэл 119 896 000 төгрөг, ГТН-ийн 28 дахь хэсэгт заасны дагуу алданги 11 989 600 төгрөг, нийт 131 885 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газраас 131 885 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 817 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 817 380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Хасу энержи интернэшнл" ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газартай нислэгийн хөдөлгөөний удирдлагын Smart ATM програм хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/Б-02/16 дугаартай 179 868 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан. Гэтэл тус компани нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусаад захиалагчийн томилсон ажил хүлээн авах комисс 59 тоот гэрээт ажлын төлбөр тооцох хуудсаар гэрээт ажлын гүйцэтгэлийг 33.3 хувь гэж үнэлээд үүнд ногдох төлбөр болох 59 972 000 төгрөгийг тус компанид олгосон. Ийнхүү олгосон мөнгө нь нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн үнэ байсан бөгөөд Smart ATM програм хангамжийг хийж гүйцэтгээгүй байсан тул уг ажлаа бүрэн хийж дуусгасны дараа үлдэгдэл санхүүжилтийг олгохоор талууд тохиролцсон боловч тус компани нь гэрээний үүргээ биелүүлж ажлыг бүрэн гүйцэд дуусгаагүй шүүхэд хандсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын шинжээч томилуулах тухай хүсэлтэд "хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг" гэснээр нотлогдоно. Мөн нэхэмжлэгч тал нь хийсэн ажлаа хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй тул мэргэжлийн шинжээч томилуулж "Smart ATM" програм хангамж хийж гүйцэтгэсэн болохоо тогтоолгох хүсэлт гаргаж байгаагаар тус тус нотлогдоно.

Анхан шатны шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэрэгт авагдсан хяналтын програм хангамжийн ажиллагаа баримтаар ашиглагч байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан К.Энхбаяр, Н.Идэр нар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлыг зөвшөөрч хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлагын баримтыг Н.Идэр хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа тул уг ажлыг хүлээн авсанд тооцож шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцээгүй, хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэлгүй тайлбарласан шийдвэр болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Н.Идэр, К.Энхбаяр нар нь байгууллагыг төлөөлж ажил хүлээн авах эрх бүхий албан тушаалтнууд биш бөгөөд цэвэр ашиг сонирхлын зөрчил орсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн гэрээг байгуулсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваагийн төрсөн хүү нь Н.Идэр юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцлийн 1.1 /б/ I төслийн удирдагч нь Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын Үйлдвэрлэл хариуцсан менежер Н.Доржсүрэн гэж бичсэн байгаа нь гэрээний ерөнхий нөхцлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий ажилтан байтал шүүх К.Энхбаяр, Н.Идэр нарыг байгууллагыг төлөөлөх эрх бүхий ажилтан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн гэрээний ерөнхий нөхцлийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "нийлүүлэгч нь холбогдох систем, дэд системүүд бараа хүргэлт, урьдчилсан туршилт, суурилуулалт, ашиглалтад хүлээн авах ажлуудын гүйцэтгэлийн тухай баримт бичгүүдийг нэхэмжлэхийн хамт ГЕН-ийн 22.5 дугаар зүйл болон гэрээнд заасан бусад үүрэг биелэгдсэний дараа төлбөр авах хүсэлт гаргана гэж заасан мөн гэрээний тусгай нөхцлийн 12 дугаар зүйл 12.1.6-д “програм хангамж, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулан, сургалт хийж дууссаны дараа гэрээний нийт үнийн жаран таван хувийг төлнө" гэж тус тус заасан байхад шүүх нэхэмжлэгч талыг сургалт хийж дууссан тухай баримт ч үгүй байхад "зарлагын баримтыг хүлээлгэн өгсөн" гэдэг үндэслэлээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт ...шүүх хуралдааны тэмдэглэлийг нотолгооны хэрэгсэл гэж үзсэн байтал шүүх хариуцагчийн эзгүйд хийсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг бичигдээгүй байхад шийдвэрээ гаргасан. Ингэснээр хариуцагч миний мэтгэлцэх боломж хангагдаагүйгээр барахгүй шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга зэргийг мэдэх боломжгүй болгож, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно" гэж заасан байхад шүүхийн шийдвэр гардаж авсан өдөр шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, талуудад мэтгэлцэх боломж олгоогүй, /шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 52 минутад мэдэгдсэн гэж тэмдэглэсэн боловч хариуцагч миний бие шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн орой нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуунаас утсаар мэдсэн болно/.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гэрээний үүрэгт 131 885 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагчид 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба хариуцагч нь хариу тайлбараа хуульд заасан хугацаанд гаргаагүй боловч хариуцагч нь шүүх хуралдаан биечлэн оролцож мэтгэлцэх талаар хүсэлт гаргаж байсан байна.

 

Хэргийн 62-63 дугаар талд авагдсан “Хяналтын програм хангамжийн ажиллагаа аюулгүй ажиллагааны бүртгэл” гэх баримтыг хариуцагчид танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг, шүүх баримтаар нотлогдоогүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн, гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн аваагүй байгаа тохиолдолд гэрээнд заасан ажлыг бодитой гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангасан эсэхтэй холбоотой нотлох баримт гаргуулах тухай хэргийн оролцогчийн хүсэлтүүдийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

           

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ