Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/01207

 

2022 оны 04 сарын 22 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/01207                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу 0, өөрийн байранд байрлах “Төрийн банк” ХХК РД:0000000-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Зайсан 47 дугаар байр,000 тоотод оршин суух, Боржгон овогт Дархижавын Пүрэвхүү /РД:000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 000 дүгээр хороо,00 дугаар хэсэг, Зайсан 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Ө овогт Б У /РД:0000000/ нарт холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 328.213.207,49 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б, Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нар нь Төрийн банкны баруун хүрээ тооцооны төвтэй 2019.06.24-ний өдөр 102400564637 тоот зээлийн гэрээ байгуулан 300.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 2019.06.24-ны өдөр дугаар 102400564637 тоот барьцааны гэрээ байгуулсан. Барьцаанд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж хд-47 байр, 36 тоот хаягт орших 149.94 м.кв талбайтай, Ү-2206019428 дугаартай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө. 2007 онд үйлдвэрлэгдсэн 1434УБ0 улсын дугаартай, МНU382048215 арлын дугаартай Тоёота Харриер маркийн суудлын автомашин 1 ширхэг, Хараа зүйн тоног төхөөрөмж 15 ширхэг, скайворт 65 инч 1 ширхэг зурагт, Бизнесийн бараа материал 35,161 ширхэг зэргийг барьцаалсан. Төрийн банк нь зээлдэгч Д.Пүрэвхүүгийн Төрийн банк дах 102400563053 тоог харилцах дансанд 2019.06.26-ны өдөр 300.000.000 төгрөгийг шилжүүлэн олгосон. 2020.06.29-ний өдрийн зээлийн нэмэлт 20/192 тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, үндсэн төлбөрөөс 6 сар чөлөөлж, хүүгийн төлбөрийг 3 сараар хойшлуулсан. Мөн 2020.12.31 -ны өдрийн 102400564637/02 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээлийн хугацааг 12 сараар сунгаж, үндсэн зээлийн төлбөрийг 12 сараар хойшлуулж, хуримтлагдсан 3 сарын хүүгийн төлбөрийн хугацааг өөрчилсөн. Зээлдэгч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нар 2020.03.20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд хариуцагч нараас зээл, зээлийн хүүгээ төлөх, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэл, шаардлагыг банкны зүгээс удаа дараа хүргүүлсэн байдаг. Шүүхэд өгөх өдрөөр буюу 2021.12.13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 271.327.161,71 төгрөг, хүү 56.886.045,78 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төрийн банк 102400587558 тоот зээлийн гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 328.213.207,49 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.799.016,04 төгрөг, барьцаа хөрөнгийн үүргийг хангуулах улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нотариатын төлбөр болох 27.000 төгрөгийг зээлдэгч Д.Пүрэвхүү, Б.Ундраа  нараас гаргуулж, Төрийн банк ХХК-д олгуулахаар нэхэмжилж байна. Д.Пүрэвхүү, Б. Ундраа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Төрийн банк 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага 13.852.869,67 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.  

 

2. Хариуцагч нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн баримт, 2019 оны 06 дугаар сарын 24-ний №102400564637 дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №20/192 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, түүний хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №102400564637 дугаар Барьцааны гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 50/04 дугаар Батлан даалтын гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102400564637 дугаар Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, мэдэгдэл, зээлдэгчээс гаргасан зээл хойшлуулах тухай хүсэлт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Төрийн банк ХХК зээлийн гэрээний үүрэгт 328.213.207,49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг Д.Пүрэвхүү, Б.Ундраа нар холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 13.852.869,67 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас нийт 342.066.077,16 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 300.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 342.066.077,16 төгрөгийг зээлдэгч Д.Пүрэвхүү, хамтран зээлдэгч Б.Ундраа нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нарт нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд гардуулсан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус тус шүүх гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч нар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсхүл зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа ирүүлээгүй, зөвхөн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтүүдийг шүүхэд өгч байжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нар Төрийн банк ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 300.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн хуулийн дагуу зээлдүүлэгч зээлийн төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт товлосон шүүх хуралдааныг хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нарт 2022.04.06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.   

 

8. Иймд хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нараас зээлийн гэрээний үүрэгт 342.066.077,16 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.096.430,39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нараас 2.096.430,39 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нараас 342.066.077,16 төгрөг гаргуулж, Төрийн банк ХХК-нд олгосугай. 

 

2. Хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ХД-47 байр 36 тоот орон сууц, 14-34 УБО улсын дугаартай, хар өнгийн Тоёота харрейр судлын автомашин зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Төрийн банк” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.096.430,39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пүрэвхүү, Б.Ундраа нараас 2.096.430,39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО