Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00233

 

 

 

 

 

 

             

    2024        01           29                                       210/МА2024/00233

 

ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчааг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03528 дугаар шийдвэртэй,

 

ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

А.Т,  Н.Ч, Н.А, Д.Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,184,963 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.3ээлдэгч А.Т, Н.Ч нар нь ТБ ХК -ийн  Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан, мөн  өдөр 17/50 тоот барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, ********************* тоот хаягт орших 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо ***************** талбайтай, улсын бүртгэлийн Г-22********дугаартай газар зэргийг барьцаалсан.

1.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.Тийн, ТБ ХК дахь 104000660794 тоот харилцах дансанд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлдэгч А.Т Н.Ч нар нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг хүргүүлж зээл төлөхийг гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж тайлбар авч байсан.

1.3. Зээлдэгч А.Т Н.Ч нар нь үндсэн зээлийн төлбөр 20,588,500 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 12,333,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,249,995 төгрөг, нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 12,894 төгрөг, нийт 34,184,963 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн ***************** талбайтай, улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай амины орон сууц, тус хаягт орших 354 к.кв талбайтай, улсын бүртгэлийн 22***************** дугаартай өмчлөх эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч А.Т, Д.Н, Н.А нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А.Т нь хувиараа оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор ТБ ХК-ийн Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийг 1 жилийн 28.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж 17/50 тоот зээлийн гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ***************************, улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэлтэй амины орон сууц, мөн  хаягт оршин байх 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-22********дугаарт бүртгэлтэй,  өмчлөх эрхтэй газрыг барьцаанд тавьж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дугаар 17/50 тоот барьцааны гэрээ байгуулсан.

Хариуцагч А.Т нь ТБ ХК-д хэдэн төгрөг төлсөн талаараа сайн мэдэхгүй, энэ талаарх баримт байхгүй. Хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгаас үзэхэд А.Т зээлийн төлбөрт 147,020,805 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Н.Чийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. ТБ ХК-иас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 40,000,000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй зээл авч зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг зээлдэгч А.Т нь бүхэлд нь захиран зарцуулсан бөгөөд тус зээлийг эргэн төлөлтийг мөн адил төлж байсан ба би зээлийн захиран зарцуулалт, эргэн төлөлтийг огт мэдэхгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл А.Т нь 147,020,805 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн байна”.

3.2. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1-д банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан байх ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоо баримтаар нотлоогүй.

Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг төлж дууссан байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Т, Н.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,172,069 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 12,890 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Т, Н.Ч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох хариуцагч А.Т, Д.Н, Н.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ********************* талбайтай, улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, *****************************354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-22********дугаартай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч ТБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т, Н.Ч, Д.Н, Н.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 328,810 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч ТБ ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаагийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар хариуцагч А.Т, Н.Ч нар нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Н, Н.А, А.Т нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж түүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хамтран хариуцагчаар татагдсан Д.Н, Н.А нараас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.Тт олгосон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлээр “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах...” гэх эрхүүдийг олгосон. Хариуцагч нараас үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх олгосон байхад шүүх үүргийн гүйцэтгэлийг хангасан нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.

Мөн барьцааны гэрээ 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусад этгээдэд шилжсэн эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэх талаар шүүх дүгнээгүй.

5.2. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар А.Т, Н.Ч нарыг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01755 дугаар магадлалаар “Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс төлөөлөгчид барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр олгосноос үл хамаарч маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өмчлөгч Д.Н, Н.А нарын өмчлөх эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар ... гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно...” гэж дүгнэсэн байтал Д.Н, Н.А нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулсан нь процессын алдаа болжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03528 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Албан ёсоор итгэмжлэлээ гарган өгч, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд өөрсдөө биечлэн оролцоогүй. Хариуцагч тал санаатайгаар хугацаа авах зорилготой байна.  

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч А.Т, Н.Ч, Н.А, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,184,963 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ТБ ХК нь А.Т, Н.Ч нартай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ТБ ХК нь 40,000,000 төгрөгийг, 40 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, А.Т, Н.Ч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. ТБ ХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 40,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй.

 

5. Зээлийн гэрээнд Н.Ч гарын үсэг зурсан, хүсэл зоригийг илэрхийлсэн учир Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр юм. Иймд Н.Ч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Зээлийн гэрээний 6.1.1-д “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүээгүй” тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлахаар талууд тохиролцсон, энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Т, Н.Ч нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 20,588,500 төгрөг, зээлийн хүүд 12,333,573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,249,995 төгрөг, нийт 34,172,069 төгрөгийн хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. 

 

7. ТБ ХК болон А.Т, Д.Н, Н.А, Н.Ч нар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, А.Т, Д.Н, Н.А нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, Хан-Уул дүүрэг, **************************** байршилтай, 142 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-22********дугаартай, мөн хаягт байршилтай, 354 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг тус тус барьцаалсан байна. Уг гэрээг байгуулахад А.Т нь барьцаалуулагч Д.Н, Н.А нарын өмнөөс гарын үсэг зурахдаа тэдгээрээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон итгэмжлэлийг үндэслэсэн.

Хариуцагч А.Тт 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэл хүчинтэй байх хугацаанд барьцааны гэрээг байгуулсан байх ба барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, уг зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т  заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7.1. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь барьцааны гэрээний талуудад хамааралтай. Иймд барьцаалуулагч болох Д.Н, Н.А нарыг нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасантай нийцсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2022/01755 дугаар магадлалд заасны дагуу гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар дурдсан нь тэдгээрийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй гэж дүгнэснээс нэхэмжлэгч талыг уг этгээдүүдийг хариуцагчаар тодорхойлоход саад болохгүй юм. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА