Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00933

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/00933

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, **** гудамж, * корпус, * тоотод байрлах ГИ ББСБ ХХК /РД:5753082/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, *-р байр, * тоот хаягт оршин суух Ц овогт Д.Ц /РД:УС74041516/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 263 057 960 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т, Ж.С, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГИ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь ГИ ББСБ ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-17/1/73 тоот зээлийн гэрээ, БГҮ-16/1/90 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 186 300 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр ЗГ-17/1/73 тоот зээлийн гэрээд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл болох 177 400 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээлийн хүүг 3.8 хувийн хүүтэй болгож бууруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин байгууллагын ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Д.Цээс үндсэн зээл 177 400 000 төгрөг, зээлийн хүү 85 657 960 төгрөг, нийт 263 057 960 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч төлбөрөө сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгчтэйгээ зөвшилцөж байж хариу тайлбараа гаргая гэж бодож байсан. Зээлийн гэрээ байгуулж, 186 300 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, барьцааны гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалсан асуудлаар маргахгүй. Компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд цаг хугацааны хувьд хүлээлтийн байдал үүсээд байгаа. Миний хувьд эвлэрэх асуудлаар ярилцах боломжтой. Барьцаа хөрөнгийн хувьд миний өөрийн амьдардаг гэр учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэхгүй байгаа тул эвийн журмаар уг асуудлаа шийдвэрлүүлмээр байна.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГИ ББСБ ХХК нь хариуцагч Д.Цэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 263 057 960 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ-17/1/73 дугаар зээлийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Барьцааны гэрээ тус тус байгуулагдаж ГИ ББСБ ХХК нь 186 300 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 5 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй Д.Цэд зээлдүүлж, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-17/1/173а тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн үлдэгдэл 177 400 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээлийн хүүг 3.8 хувь болгон бууруулж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 7-12/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Махатма ганди гудамж 65-р байр 701 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц, 21.6 м.кв талбайтай гражийн хамт барьцаалсан байх ба уг үл хөдлөх Гэрэгэ констракшн ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Ц болох нь барьцааны гэрээ болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаангүй байна. /хх-ийн 11-12, 16/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч ...Зээлийн гэрээ байгуулж, 186 300 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, барьцааны гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалсан асуудлаар маргахгүй. Компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд цаг хугацааны хувьд хүлээлтийн байдал үүсээд байгаа. Миний хувьд эвлэрэх асуудлаар ярилцах боломжтой гэх тайлбарыг гаргасан байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 186 300 000 төгрөгийг хүлээн авсан болон уг зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 8 900 000 төгрөг, хүү 38 061 680 төгрөг, нийт 46 961 680 төгрөгийг төлсөн байх ба 2018 оны 5 сарын 22-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол болон хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 40-41/

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Ц нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэгч ГИ ББСБ ХХК нь 2018 оны 8 сар, 11 саруудад мэдэгдэл хүргүүлж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч Д.Цээс үндсэн зээлийн 177 400 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 85 657 960 төгрөг, нийт 263 057 960 төгрөг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хангаж, зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээнд заасан /барьцаалбарт бүртгүүлсэн/ үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах нь үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс 263 057 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГИ ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ц нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Махатма ганди гудамж 65-р байр 701 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц болон 21,6 м.кв талбайтай граж зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 543 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 1 543 440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГИ ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ